Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Гэвч Англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалтыг байнгын хорооны гишүүдийн гуравны хоёр нь дэмжээгүй тул унаад буй юм. Үүнтэй холбоотойгоор нийгэмд шүүмжлэлтэй байр сууриуд хөвөрч эхлээд байна. Ингэхдээ хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын зүгээс боловсролын тэгш бус байдлыг арилгах зорилгоор Засгийн газраас өргөн барьсан хуулийн гол багана болсон заалтуудын нэг "нуран уналаа" хэмээсэн юм. Хоёр жил гаруйн хугацаанд "гацсан" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-аар хийж чадсан ч ийнхүү байнгын хорооны хуралдаанаар БШУ-ны сайд, Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга тэргүүтэй сайд, дарга нар хуулийн чухал заалтуудын нэгийг унагасан нь Ерөнхий сайдынхаа БОДЛОГЫГ унагасан явдал боллоо. Учир нь өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ англи хэлийг хоёрдогч хэл болгож, дэлхийн иргэнийг бэлтгэх асуудлыг анхаарч ажиллах шаардлагатай хэмээн илэрхийлсээр ирсэн.
Эргэн сануулахад, 2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн мэндчилгээндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгож, дэлхийн иргэд бэлтгэх, багшийн ур чадвар гүйцэтгэлд суурилсан санхүүгийн урамшууллын тогтолцоог шинээр нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлээд байна" хэмээж байсан бол 2023 оны нэгдүгээр сарын 21-нд "Англи хэлийг хоёрдогч хэл болгож, дэлхийн иргэн бэлтгэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Монгол Улсад зайлшгүй шаардлагатай шинэ үеийг бэлдэхэд анхаарал хандуулан ажиллах болно. Засгийн газраас боловсролын шинэчлэлийн багц хуулийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаас өмнө өргөн барина" хэмээн чуулганы индэр дээрээс хэлж байсан удаатай.