ТББХ хуралдаж байна. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Жендэрийн асуудал гэхээр л эмэгтэй гишүүд, тоо хөндөөд байгаа юм шиг л бодоод байна. Энэ нь тийм биш. Жендэрт суурилсан тогтвортой хөгжлийн асуудал нь өөрөө дэлхийн улс орнуудын хувьд хамгийн чухал болж байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ амжилттай хэрэгжүүлж яваа улсуудыг харахад жендэрийн адил тэгш байдал нь шийдвэр гаргах түвшинд бүрэн хангагдаж чадсан байдаг. Манай улсын хувьд жендэрийн тэгш байдал алдагдаад байгаагийн сөрөг үр дагавар нь өнгөрсөн 30 жилийн агаар хөрсний бохирдол, түгжрэл, газрын наймаа, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал юм.
2012 онд 11, 2016 онд 13, 2020 онд 13 эмэгтэй УИХ-д орж ирсний үр дүнд хүүхэд хамгаалалд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг бид анх удаа хийж чадаж байсан. Үүний үр дүнд гурван ээлжээр хичээллэдэг байдлыг бид халж, ясли, цэцэрлэгт орохын тулд үүрийн хэдэн цаг хүртэл дугаарладаг байсныг халсан. Энэ нь жендэрийн тэгш байдал, баланс хангахыг ямар их ач холбогдолтойн жишээ. Хүүхэд хамгааллын төсөв тэрбум төгрөг хүрдэггүй байсныг бид арай гэж олон улсын жишигт дөхүүлж, 11-13 тэрбум төгрөгт авч ирсэн. Үүгээрээ хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дорвитой арга хэмжээнүүдийг авч чадсан. Хүүхдийн байцаагч ажиллуулахад үр дүн өгсөн. Одоо яригдаад байгаа 30, 40 хувь нь УИХ-д хэдэн эмэгтэйчүүд нэр дэвших гээд байгаадаа биш, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт санхүүжилт юм" гэлээ.