“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хорооноос энэ сарын 15-17-ны хооронд зохион байгуулсан нээлттэй сонсголын үр дүнгийн талаар мэдээлэл өгөв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Салбарын бодлогыг зохицуулах ёстой яам нь өөрөө компанийн эрх ашиг, нэгдмэл сонирхлын төвлөрөл болчихсон, цөөхөн компани эм хангах нийлүүлэх чиглэлд монополь тогтоочихсон, энэ аалзны тор бэхжих тал руугаа явж байхад Түр хорооны сонсголоор үүнийг задлах баримт нотолгоог гаргаж тавилаа. Цаашид ямар үр дүн гарах вэ гэдэг иргэн бүрийн хүлээлт байна. Эхнээсээ үр дүн гарч байгаа. Тухайлбал,
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслөө яаралтай батлуулах ёстой байсан. Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ. Нөгөө талаар эмийн чанар шалгадаг, шинжилдэг лабораторийн санхүүжилт шийдэгдэж, тоног төхөөрөмж засварлах ажил эхэлж байгааг Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ.
Одоо эмийн үнийн өсөлт, чанартай холбоотой асуудалд мэргэжлийн байгууллагууд, Эмийн агентлаг анхаарал хандуулж, ажиллах хэрэгтэй. Монгол хүний эрүүл мэндээр бохир бизнес хийдэг энэ үйлдэлд хууль хяналтын байгууллагууд анхаарал хандуулж, таслан зогсооно гэдэгт итгэлтэй байна. Иргэдээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд бид ч байнга анхаарал тавьж, явна. Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо үүргээ гүйцэтгэсэн" гэв.