Эмэгтэйчүүдийн квотын асуудал сонгуулийн хуулийн хамгийн “галтай” хэсэг боллоо. Ажлын хэсэг, байнгын хороо дээр эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 30 хувь байхаар тохируулан оруулж ирсэн. Гэвч чуулган дээр Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар микрофоноор “лоббидож” байгаад квотын хэмжээг 40 болгож орхив.
Асуудал үүнээс үүдэж өндрийг авч, эцэсгүй маргаан эхлэх нь тэр. МАН-ынхан УИХ-ын даргаа хүртэл намын бодлого сөрлөө хэмээн буруутгаж эхлэв. Одоо квотыг 30 хувь болгож бууруулна гэвэл байнгын хороо дээр дахин санал гаргаж 3/2-оор босгож ирэх явдал юм. Үүнийгээ чуулганд оруулан олонхоороо “туушиндах” даалгавартай болно.
Тэгвэл яагаад эмэгтэйчүүдийн квотод ач холбогдол ийнхүү өгч байгаа. Квотын цаана ямар улс төр өрнөж буй талаар хэдэн зүйл хамтдаа эргэцүүлцгээе. Ер нь явж, явж эмэгтэйчүүдийн квотыг өсгөх явдал нөгөө муу шүншигтэй бурхад шиг хэдэн муу бор ах нарт маань л унацтай зүйл болох нь дээ...
Нэг, 40 хувийн квотоор явбал жагсаалтыг 3:1 болгох эрсдэлтэй
126 гишүүнд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байна гэвэл нэг намаас 38 эмэгтэй, 40 хувь гэвэл 50 эмэгтэй нэр дэвших эрхтэй болно. Намын жагсаалтад эрэгтэй, эмэгтэй гэсэн байдлаар сөөлжлүүлэн байршуулбал жагсаалтад 24 эмэгтэй багтана. Харин тойрогт 14 юм уу, 26 нэр дэвшигч ноогдох юм. Сонгууль гэдэг бол нэр дэвшихээсээ эхлээд тойрог, санал хүртлээ бүхэлдээ тоо, тооцооны асуудал. Тиймээс яг энэ тоонууд дунд гол улс төр нь яваад байгаа хэрэг. Эмэгтэйчүүдийн хувьд квотын хувь нэмэгдэж байгаа нь сайн хэрэг ч, нөгөө талаараа тойрогт олон эмэгтэйчүүд очиж дэвших хэрээр эрсдэл дагуулна. Яг амьдрал дээр улс төрд танигдсан буюу хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй кандидатын тоо хэд вэ гэдэг асуултад анхаарч, бас хүлээн зөвшөөрөх учиртай. Тойргоо олон жил усалчихсан, дархлагдахаас наагуур болчихсон “амьтадтай” цоо шинэ эмэгтэй дэвшигч үзэлцэнэ гэсэн үг. Товчхондоо 40 квот өгснөөр 126 гишүүний 40 хувь автоматаар эмэгтэйчүүд сонгогдоно гэсэн баталгаагүй юм.
Жагсаалтаас ч гэсэн 24 эмэгтэй сонгогдох боломжгүй. Судлаачдын тооцоогоор жагсаалтаар 20-21 эмэгтэй хамгийн олондоо сонгогдоно. 30 хувийн квотоор тойргоос хамгийн олондоо 5-8, 40 хувийн квотоор 8-10 гишүүн сонгогдох магадлалтай гэгдээд буй.
Гэвч өөр нэг эрсдэл байгаа нь 40 хувийн квотыг эрчүүд чуулган дээр буулгаж чадахгүй бол жагсаалтыг 3:1 буюу гурван эрэгтэй, нэг эмэгтэй гэсэн байдлаар жагсаана гэх яриа саарал ордонд гарах болов. Ингэвэл жагсаалтад 12 эмэгтэй бичигдэж, тойрогт 38 эмэгтэй нэр дэвшинэ. Ингэвэл эмэгтэйчүүдийн сонгогдох магадлал улам бүр буурна гэсэн үг. Хүний нөөц талаасаа ч, улс төрийн нөхцөл байдал талаасаа ч үүнийг шударгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Магадгүй МАН, АН-ын хөгшин бурхинууд одоо байгаа танигдсан, сонгууль үзээд “дарийн утаа” үнэрлэчихсэн хэдэн эмэгтэйчүүдээ бүгдийг нь шахуу жагсаалтад бичиж байгаад 38 шинэ цэрэг илгээж ч мэднэ.
Тиймээс эмэгтэйчүүдийн хувьд хамгийн чухал хөзөр бол тойрогт арай олон эмэгтэй нэр дэвших квотоос илүүтэй жагсаалтын зиг, заг хэлбэр буюу 1:1 гэдэг бичилт маш чухал гэдгийг тунгаацгаая.
Тойрогт 1-2 эмэгтэй нэр дэвших нь улс төрөө 80 оны залуучуудад алдахгүй гэж буй ах нарт ашигтай
МАН-ын дарга нар сонгуулийн тойргуудаа өнгөрсөн 2020 сонгуулийнх шиг 29 тойрог байхаар зохион байгуулах хүсэлтэй байгаа. Хэрвээ томсгосон мажоритар хэлбэрээр тойргоо тогтвол 40 хувийн квотын дагуу нэг намаас 26 нэр дэвшигч тойрог бүрт очно. Өөрөөр хэлбэл, ердөө 3 тойрогт л эрчүүдийн тулаан болно гэсэн үг. Дээр өгүүлсэн шиг жагсаалтыг 3:1 болгочихвол 20 тойрогт нь тус бүр 1 эмэгтэй, 9 тойрогт нь тус бүр 2 эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн үг. Тэгвэл энэ нь сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж байгаа залуу үед хамгийн хортой нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилд биеэ бэлдсэн залуу үеийн сайд, төрийн нарийн, аймаг дүүргийн засаг дарга нар, дэд сайдууд, аятайхан карьер бүтээж тодорсон 80-аад оны залууст хортой тусна.
Гурван мандаттай тойргийн нэг, хоёр нь эмэгтэй дэвшигч байна гэхээр үлдэж буй 1-2 эрэгтэй квот дээр дарга нар, УИХ-ын гишүүдэд л оногдоно. Өөрөөр хэлбэл, залуу үе гэж өөрсдийгөө нэрлэсэн 80 оныхон жинхэнээсээ “гэдсэндээ өтөлнө” гэсэн үг.
Тиймээс эмэгтэйчүүдээ дэмжих бодлого нь алс хэтдээ сайн хэдий ч, яг үүнийг нь ах нар дэмжиж буй нь цаанаа давхар улс төр тээж байхаас гарцаагүй. Уг нь ҮХӨ-ийг хийж, залуу үедээ боломж олгоно гэж зүтгэсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын “шинэ баг”-ийн багагүй хэсэг нь тойргийн гадна үлдэж мэдэхээр болоод буй 80 оны залуус дунд л байгаа юмсан. Санал хураалтад орж ирэхгүй зугтаж, санал хураалтад орсон хэд нь 40 хувийг дэмжсэн явдал нь ах нарын өөрсдөдөө амархан эмэгтэй нэр дэвшигч олж авах, цаашлаад шинэ үедээ байр сууриа алдахгүй гэсэн төлөвлөгөө ч байж мэднэ.
Дахиад хэлэхэд, залуучуудаа түлхүү оруулж ирэх бодлого баримталж л байгаа бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар квотыг 30 болгож бууруулах байх. Үгүй бол 40 хувийн квот нь хөгшчүүдэд маш ашигтай хувилбар. Ах нар уурласан дүр үзүүлээд жагсаалтаа 3:1 болгох. Тойрог бүрт шинэ эмэгтэйчүүд ирэх тул өрсөлдөгч нь харьцангуй сулрах. Хамгийн гол нь залуучуудынхаа замыг “хаах” учир байнгын хороо дээр санаачилгаараа лав квотыг 30 болгож бууруулах арга хэмжээг авахгүй. Нийгмийн “гал”-аас айж байна гээд шал худлаагаасаа опок руугаа шургана.
Үнэхээр тийм прогрессив болох гэж байгаа бол 2-3 тойргийг дан эмэгтэйчүүдийн тойрог болгож зурцгаа...
Г.Лхагвадорж