Ерөнхийлөгч өчигдөр Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг ёсчилсноор Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоотой болж, УИХ-ын гишүүдийн тоо 126 болох эрх зүйн орчин баталгаажсан юм. Тэгвэл үүний араас энэ долоо хоногт Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлахаар болоод буй. Бид уг хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай ярилцсаныг хүргэж байна.
"Тогтолцооны өөрчлөлт хийх нь Ардчилсан намын гол зорилго байсан"
-ҮХӨ баталгаажсанаар гишүүдийн тоо болон тогтолцооны өөрчлөлтийг хийх нь тодорхой болсон тул одоо намууд үйлдэл хийж, парламентын чадавхыг сайжруулах том хариуцлагын өмнө ирлээ. Сөрөг хүчин болох АН юун түрүүнд ҮХӨ-ийг юу гэж харж, дэмжсэн бэ?
-ҮХӨ-ийн нэг гол үзэл санаа бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгааны асуудал юм. Энэ утгаараа Ардчилсан нам дэмжсэн. Улстөрчид ямар нэг реформыг хийхийн төлөө гал атгадаг. Энэ утгаараа улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж, парламентын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө нэгдмэл байр суурьтай байсан.
Хоёрдугаарт, сонгуулийн холимог тогтолцоог манай нам дэмжсээр ирсэн. Энэ бол Ардчилсан намын өнгөрсөн 30 жилийн хугацааны үр дүнд хийхийг хүссэн реформ гэж хэлж болно. Манай намын ҮБХ хуралдаж холимог системийг батлуулахын төлөө Ардчилсан нам дэмжих ёстой гэсэн байр суурьтай байсан. Тиймээс ҮХӨ-ийн хамгийн гол түлхүүр нь тоондоо гэхээс илүү холимог систем оруулж байгаагаараа чухал гэж хэлж болно.
Миний хувьд 2012-2016 онд холимог системээр явсан парламентад ажиллаж байсан хүн. Өнөөгийнхөөс хамаагүй дээр байсан. Ядаж л бид хэрүүлээ дотроо хийдэг, асуудлаа дотроо ярилцдаг байсан. Мэтгэлцээнээ дотроо хийж асуудлаа шийддэг байсан нь давуу тал болсон. Тэр ч бүү хэл жижиг намын асуудлыг хүртэл ярьж дотроо шийддэг байсан. Одоо бол бид нэг намын хэт олонхын зовлонг хоёр удаагийн парламентаар амссан шүү дээ.
Гуравдугаарт эмэгтэйчүүд Монголын хүн амын 51 хувийг эзэлж байна. Гэтэл тухайн эмэгтэйчүүд төлөөллийн ардчиллаараа дамжуулж парламентад олонх байх ёстой. Өнөөдөр нийгмийн тулгамдсан асуудал эмэгтэйчүүдэд бий. Өөрөөр хэлбэл асуудлаа сайн мэддэг хүмүүс нь улс төрд орж байж нийгмийн болоод улс оронд тулгамдаж буй асуудлууд шийдэгдэх юм.
"Мажоритар систем авлигач, хулгайчдыг л төрд үүрлүүлсэн"
-Таны хувьд холимог системээр явагдсан 2012 оны сонгуульд ялалт байгуулж парламентын гишүүнээр сонгогдож байсны хувьд холимог системийн давуу болон сул талыг илүү сайн мэдэж туршлагажсан гэж хэлж болох байх. Гэтэл ихэнх хүмүүс тухайн үеийг шүүмжилдэг. Ядаж л үүдээр гаргасан хүн тооноор ороод ирсэн гэж жагсаалтаар нэр дэвшүүлэх процессыг их шүүмжилдэг. Энэ удаад намууд хэрхэн чамбайрч хариуцлагажна гэж харж байгаа вэ?
-Одоогийн Сонгуулийн хууль Улс төрийн намын хуультайгаа хамт орж ирж байгаа гэдгээрээ давуу тал. Нөгөө талаараа бид тухайн түүхэн цаг хугацааг даван туулж байж л түүнийхээ алдаа дутагдлыг олж хардаг юм байна. Мажоритр систем дээр хамгийн гол асуудал нь сонгогчийн санал гээгддэг. Тэгэхээр ард түмний төлөөлөл 100 хувь сонголтоор гарч ирж чадахгүй байна гэсэн үг. Үүнээс гадна нэг нам хэт олонх болохын зовлонг нийгмээрээ амссан гэдгийг давтан хэлэхийг хүсэж байна.
Эхэндээ иргэд улс төрийн бүх эрх мэдэл нэг намд төвлөрөхөөр хоорондоо зөвшилцөж улс орны асуудлууд маш хурдан шийдэгдэнэ гэж итгэж сонгосон байх. Гэтэл эсрэгээрээ эргэсэн. Улсын төсвөөс хэмнэсэн мөнгөнөөс хэд дахин ихийг хулгай, авлигад алдчихсан шүү дээ. Энэ нь өөрөөр тогтолцооны гажуудал гэдгийг харуулж байгаа юм.
Нэг хүн хилийн дээс давахад яаж шалгагддаг билээ. Гэтэл нүүрс хулгайгаар тээвэрлэж гарсан машинууд 200-300 удаа зүгээр л гарчихсан байж байна. Энэ юуг харуулж байна вэ гэхээр нүүрсний "мафижсан сүлжээ" байгааг л харуулж байна гэсэн үг.
-Мажоритар системээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн хариуцлага муудаж, парламентын чадавхыг сулруулж байна гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Зүгээр л намирсан, сул, ганхсан гишүүд их олон болдог юм байна. Өө манай удирдах зөвлөл шийдчихсэн үү. Манай намын бүлэг шийдчихсэн үү гэж хэнэггүй хэлээд явдаг "хоосон кнопчдын" тоо л нэмэгддэг юм байна. Гэтэл 2012 оны системээр бүрэлдсэн парламентын үед би УИХ дахь АН-ын бүлгийг дэд дарга байсан. Тэр үед гурван бие даагчийнхаа хүртэл саналыг очиж авдаг байсан. Тухайн үед МАХН эвсэл байсан. Тэр эвслийнхэнтэй очиж уулзаад байнга ярьдаг. МАН-ынхантай хүртэл байнга ярьж уулздаг байсан. Парламент дотроо бид асуудлаа шийдчихдэг байсан нь илүү амар байсан. Гэтэл өнөөдөр нэг нам олонх болчихоор Ардчилсан нам хүчгүйдээд зарим нь гудамжинд улс төр хийдэг болсон байна.
"Ардчилсан нам эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувь байхаар тогтсон"
-Та одоогийн парламентад байгаа 13 эмэгтэй гишүүний нэг. Ирэх оны сонгуульд парламентад сонгогдох эмэгтэйчүүдийн квотод хэрхэн анхаарч байгаа вэ. Тухайлбал, Ардчилсан нам нэр дэвшигчдийн хэдэн хувьд нь эмэгтэйчүүд байхаар төлөвлөсөн бэ?
-Мэдээж жагсаалтаар нэр дэвшүүлэх хүмүүсийн нэр ил байх ёстой. Ардчилсан нам иргэдийн сонгох эрхийг хүндэтгэх нь нэн чухал. Эмэгтэй нэр дэвшигчдийн асуудлыг чухалчилж авч үзэж байгаа. Манай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэг удаа хэлэхдээ "Эмэгтэй хүн бол зөн совингоороо л мэдэрдэг. Хүүхдээ өлсөж байна уу, өвдөж байна уу, баярлаж байна уу гэдгийг. Тиймээс эмэгтэйчүүд ар гэрийнхээ амьдралын төлөө өөрийгөө золиосолсон ч хамаагүй тээж авч явж чаддаг учраас төрд эмэгтэйчүүдийн манлайлал чухал" гэж хэлсэн байдаг.
Би энэ үгтэй санал нэг байдаг. Парламентад заавал олны танил, нэр цуутай хүмүүс орж ирэхээс илүү зүгээр л сэтгэлтэй эмэгтэйчүүд орж ирэхэд энэ улс орныг өөрчилнө. Эмэгтэйчүүдийн өөр нэг чухал чанар бол эрсдлийг урьдчилж мэдрэх чадвар. Ниргэсэн хойно нь хашхирах биш.
Хамгийн наад зах нь байгаль, экологийн сүйрлээс сэргийлэх, усны хомсдолоос сэргийлэх, энх тайвны төлөө тэмцэх ухаан, хүний хөгжил, нийгмийн эрүүл мэндийн асуудал гээд олон зүйлд нарийн мэдрэмжээрээ ухаан зарж чаддаг. Мэдээж олон эмэгтэйчүүд парламентад сонгогдохоор нэг хэсэг нь шоолох л байх л даа. Хаанахын хэн нь гараад ирэв гэж хатуурхахыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэдгээр хүмүүс Монголын нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх сэтгэлтэй, чадвартай хүмүүс байна гэдэгт би огт эргэлздэггүй.
-Ардчилсан нам ирэх оны сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ хэдэн хувийг эмэгтэйчүүд байхаар тохироод байгаа вэ?
-ҮХӨ батлагдчихсан учраас одоо бид сонгуулийн хуулийн дагуу ярилцана. Эмэгтэйчүүдийн квотыг МАН 30 хувь, Ардчилсан нам 40 хувь гээд оруулчихсан байгаа. Тиймээс эндээс яг хэдэн хувиар сонгуулийн хууль батлагдах вэ гэдэг нь гарч ирнэ.
Ардчилсан намын хувьд 33 нас хүрчихсэн. Аль болох зоригтой, алдаж онож, ялж, ялагдаж явсан маш олон мянган эмэгтэйчүүд бий. 200 мянган гишүүнтэй гэхэд түүний талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ 100 гаруй мянган эмэгтэйчүүд дотор сум, аймаг, дүүрэг, УИХ-д дэвших хангалттай тэмцэгч боловсон хүчнүүд бий.
"Шүүхээр гэм буруутай нь эцэслэгдээгүй хэнийг ч хохироож болохгүй. Нэр дэвшүүлэх талаар ярих цаг нь биш"
-Намын жагсаалтаар сонгогдох 48 гишүүн нэр цэвэр байх ёстой гэсэн шаардлагыг улс төрийн намууд бие биедээ тавьж эхэлсэн. Тэгэхээр танай намаас өнгөрсөн хугацаанд авлига, хулгайн хэрэгт холбогдсон хүмүүс нэр дэвшихгүй гэж ойлгож болох уу. Парламентад нэг суудлаа хүртэл алдаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн гишүүн хүртэл бий шүү дээ. Эдгээр хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байж чадах уу?
-Одоо үүнийг ярих цаг нь хараахан биш гэж бодож байна. Ер нь бидний дунд нэг буруу хандлага үүсчихсэн байна. Шүүх эцсийн байдлаар хүний гэм бурууг тогтоогоогүй байхад нь цахим сүлжээгээр яллачихдаг. Энэ дунд гүтгүүлсэн олон хүмүүс хэлмэгдээд л хоцорсон.
Хоёрдугаарт, үнэхээр тухайн хүний гэм буруутай нь тогтоогдоод шүүх ялласан хүмүүсийг бид мэдээж нэр дэвшүүлэхгүй. Мэдээж бид сонгуульд ялахыг л хүсэж байгаа учраас ард түмний саналыг авч чадахааргүй хүмүүсийг оруулах боломжгүй гэдгийг хэлье.
Ярилцсанд баярлалаа