Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Технологийн нарийн мэргэжилтний ТҮ-7 шатлалын цалинг 3.8 сая төгрөг болгох боломж бүрдсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 22 секунд

Засгийн газраас авлигын эсрэг хэрэгжүүлж буй 5ш ажиллагааны нэг "Шилэн" ажиллагааны хүрээнд ЦХХХЯ, Үндэсний дата төвтэй хамтран Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг нийтэд ил тод болгосон асуудлаар УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралтай ярилцлаа.

"Shilen.gov.mn сайт 2.7 сая хандалт авсан байна"

-Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын хүрээнд ЦХХХЯ Засгийн газрын харьяа тусгай сангуудын мэдээллийг нээлттэй болгох ажлыг хийж гүйцэтгэсэн. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар ажлаа танилцуулсан байх. Shilen.gov.mn сайтад мэдээлэл байршуулснаас хойш хэчнээн иргэн, ААН нэвтэрч мэдээлэл авсан байна вэ?

-Ерөнхий сайдын өгсөн албан даалгавар, мөн шил ажиллагааны хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Өнгөрсөн гуравдугаар сарын 17-ны өдрөөс хойш 700 гаруй мянган мэдээлэл бүхий мөр өгөгдөл shilen.gov.mn сайтад тавигдсан. Үүнээс гадна 2 сая 70 гаруй мянган хандалт авсан байна. Энэ нь мэдээллийн сайтуудын хэмжээнд авдаг хандалттай дүйцэхүйц юм.

Иргэд мэдээлэл авах эрхээр хангагдах эрмэлзэл маш их байгаа. Энэ ч утгаараа иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд shilen.gov.mn рүү хандаж багагүй мэдээллүүдийг авсан байна. Тухайн дата мэдээллүүдийг үндэслэж, инфографик болоод дүн шинжилгээ хийх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд сайн гүйцэтгэснийг энд онцлон хэлэх нь зүйтэй байх.

"Тусгай сангуудын мэдээллийг ил болгох ажил 88 хувийн гүйцэтгэлтэй байна"

-Тусгай сангуудыг нийтэд ил тод, нээлттэй болгох ажил хэдэн хувийн биелэлттэй хангагдсан гэж Засгийн газраас дүгнэсэн бэ. Үүнээс цааш сангуудын үйл ажиллагаа шилэн байдлаар явагдана гэж ойлгож болох уу?

-Шил ажиллагааны хүрээнд буюу Ерөнхий сайдаас өгсөн албан даалгаврын хүрээнд бидний тусгай сангийн мэдээллийг ил болгох ажлын гүйцэтгэл 88 хувийн биелэлттэй буюу хангалттай гэж дүгнэгдсэн. Харин Нийтийн мэдээллийн ил тод байдлын хүрээнд 68 мэдээлэл цааш зогсолтгүй үргэлжилнэ.

Цаашид мэдээлэл хариуцагч 5000 гаруй байгууллагууд мэдээллүүдээ нэгтгэх ёстой. Тиймээс shilen.gov.mn бол үндсэн систем юм. Үүн дээр мэдээлэл хариуцагч байгууллагууд өөрсдийнхөө эрхээр нэвтэрч мэдээллүүдээ дор бүр нь оруулдаг болно. Үүнд Хууль зүйн сайдын ахалдаг Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн үнэлгээний орон тооны бус зөвлөл үнэлгээгээ хийж, шилэн индексээ гаргах ажил хийгдэх юм.

Засгийн газрын тусгай сангуудыг зургаадугаар сарын 1-нээс өмнө нээх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд дөрөвдүгээр сард өгсөн байдаг. Бид өнгөрсөн хоёр сарын хугацаанд Засгийн газрын хуулиар нээх боломжтой үйл ажиллагаа явуулж байгаа бүх сангуудыг нээж дууссан. Үүнд үнэлэлт дүгнэлтээ хийх нь хүн бүрийн эрх. Өнгөрсөн долоо хоногт бид мэдээллийг нь ил байршуулах хоёр сан дутуу байгааг мэдээлж байсан. Нэг нь Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан. Нөгөө нь Эрүүл мэндийг дэмжих сан юм. Тухайн сангуудыг лхагва гарагийн өглөө shilen.gov.mn сайт руу хийсэн. Ингэснээр бүх тусгай сан ил тод байршсан гэсэн үг.

-Тусгай сангуудын мэдээллийг нэгтгэж ил байршуулах ажлын хүрээнд өнгөрсөн хоёр сарын хугацаанд хэчнээн баг хүрэлдэхүүнтэй ажилласан бэ. ЦХХХ-ны салбар мэргэжлийн боловсон хүчний нөөцийг хэрхэн бүрдүүлэхэд анхаарах вэ?

- ЦХХХЯ, Үндэсний дата төв хамтраад шил штаб байгуулж ажиллалаа. Цаашид ч энэ штаб ажиллана. Бүрэлдэхүүнд 15 инженер техникийн ажилтнууд амжилттай ажилласан байгаа. Мэдээллүүдийг тухайн мэдээлэл хариуцагч нар илгээхдээ бидний шаардсан хүртээмжтэй байдал, бүрэн бүтэн байдлыг хангуулах, заасан форматаар, машинд унших байдлаар илгээх зэрэг шаардлагуудыг биелүүлж байгаа төрийн байгууллага ховор.

Тэгэхээр тухайн мэдээллүүдийг бидний тавьж байгаа шаардлагын дагуу илгээвэл цаашлаад бүх мэдээллийг машинд унших байдлаар гаргах, түүнийг нь иргэн, ААН-үүд хэрэглэх, төр шийдвэр гаргалтдаа ашиглах сайн нөхцөл бололцоо бүрдэнэ. Тиймээс бид цаашид мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангуулахад гол анхаарлаа хандуулах ёстой.

Үүний тулд мэдээлэл технологийн нарийн мэргэжилтнүүд хэрэгтэй. Нэгэнт цугласан мэдээлэл дээр өгөгдлийн шинжээч нар, дата аналистууд зайлшгүй шаардлагатай болж эхэлж байна. Дээрээс нь маш их мэдээлэл дунд хэрхэн анализ хийх, том дата дээр хэрхэн дүн шинжилгээ хийх, өгөгдөл дээр хэрхэн шинжилгээ хийх вэ гэсэн нарийн мэргэжлийн ойлголтуудыг өгөх шаардлага байгаа учраас цаашид сэтгүүлч нарт, иргэний нийгмийн байгууллагуудад, эрдэмтэн судлаачдын дэмжлэгтэйгээр бид шаталсан сургалтуудыг явуулахаар зорьж байна.

Төр ч гэсэн яваандаа том дата дээр мэдээллээ гаргаж сурах юм бол төрөөс гарч байгаа шийдвэрүүд нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцнэ гэж үзэж байгаа. Мэдээж төрийн албанд мэдээлэл технологийн нарийн мэргэжилтнүүдийг ажилд авахад маш их бэрхшээлтэй байгаа.

Учир нь энэ салбарын мэргэжилтнүүдийн цалин хувийн хэвшилд маш өндөр. Дээр нь өөрсдөө код бичдэг. Программ бичдэг. Онлайнаар дэлхийн олон технологийн компаниудад орон зайнаас үл хамаараад ажилладаг. Тэр хэрээр орлого нь өндөр байдаг. Мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнүүдийн чадвар, чадамжаас болоод бид гадаадын олон төсөл хөтөлбөрүүд дээр хана мөргөлөө. Цаашид бодлого боловсруулж байгаа талууд нарийн мэргэжлийн ур чадвар өндөртэй байх ёстой.

Энэ утгаар авч үзвэл 2021 оны 12 дугаар сард батлагдсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын хуулийг дагалдуулаад Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулсан байсан. Энэ хуульд мэдээллийн технологийн салбарт нарийн мэргэжилтэнгүүдийн цалингийн итгэлцүүрийг тогтоох бололцоог нээж өгсөн.

"ТҮ-7 шатлалын технологийн нарийн мэргэжилнүүдийн цалинг 3.8 сая болгож нэмэгдүүлнэ"

-Тухайлбал дээр дурдагдсан мэргэжилтнүүдийн тогтмол цалинг хэд байхаар тооцоолж тусгаад байгаа вэ?

-Үүнд хиймэл оюун ухааны чиглэлийн мэргэжилтнүүд, дата аналистууд, өгөгдлийн шинжээчид, код бичигч нар, программ хангамжийн инженерүүд гээд эдгээр мэргэжлийн хүмүүсийг төр хэрвээ ажилд авбал тухайн хүмүүсийн цалингийн итгэлцүүрийг ТҮ-7-оос даруй 8 дахин нэмэгдүүлэх нөхцөлийг хуулиар нээсэнтэй холбогдуулаад өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагуудаас саналыг нь авч, ХНХЯ-ны цалингийн итгэлцүүрийн тогтоолыг Засгийн газрын энэ лхагва гарагийн хуралдаанаар оруулж батлуулсан байгаа.

Засгийн газраас оруулсан энэхүү тогтоолын үндсэн дээр бид төрийн байгууллагууд, яам, агентлагуудад гүйцэтгэх, туслах гэсэн хоёр албан тушаалын ангилалд ТҮ-7 дээрээс цалинг нь нэмэгдүүлж, гүйцэтгэх ангилалд ойролцоогоор 3.8 сая төгрөгийн цалин авах, туслах ажилтны тухайд 2.8 сая төгрөгийн цалин авах бололцоог бүрдүүлсэн гэсэн үг.

Тэгэхээр яам, агентлаг бүрт байгаа ТҮ-гийн шатлал дээр бусдаасаа арай илүү цалин авах бололцоо бүрдэж байна. Тиймээс яам болгон ядаж мэргэжлийн ур чадвартай. Мэдээлэл технологийн салбарын ажилтнуудаас дутагдаж буй хэрэгцээндээ суурилж 1-3 хүнийг ажилд ав итгэлцүүрийн дагуу өөрсдийнхөө батлагдсан төсвийнхөө хүрээнд цалинг нь өндөр тогтоох боломж нээгдлээ.

Тэгэхээр худалдан авалт хийх, shilen.gov.mn дээр форматуудаа нэгтгээд мэдээллээ хийх боломжтой болно. Тэр хэрээр бидний хийж байгаа ажлууд үр дүнтэй болно. Энэ зөвхөн манай яамны ажилчдын цалин нэмэгдэх асуудал биш. Энэ бол бүх төрийн байгууллагуудад 1-3 хүнийг ТҮ-гийн ангиллын нарийн мэргэжилтнүүдийг цалинжуулах боломж бүрдэж байгаагаараа маш том дэвшил гэж эцэст нь хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа

Хотын дарга дүүргээс хөрөнгө гаргаж, Дугуй цагаан орчимд явган хүний зам нэмж тавих, гэрэлтүүлгийг сайжруулах үүрэг өгөв
Хотын дарга дүүргээс хөрөнгө гаргаж, Дугуй цагаан орчимд явган хүний зам нэмж тавих, гэрэлтүүлгийг сайжруулах үүрэг өгөв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.