"Та бидний итгэлийг алдаагүй тамирчны ялалт хямдхан олдоогүй" хэмээн спортын сүлд дуунд өгүүлсэн байдаг. Яг л үүний адилаар бүхий л спортын төрөл өөр, өөрийн гэсэн онцлогтойгоос гадна хүнд, бэрх зүйл ч ихтэй. Бас ямар ч амжилт үнэгүй олдоогүй. Тэгвэл хамгийн сүүлд Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж, Эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн, ОУХМ Б.Чинзоригийг ярилцлагынхаа булангийн удаах зочноор урьж, боксын спортын сайн сайхныг бас хэцүү бэрхийн талаар хэсэг хором ярилцлаа.
-Юун түрүүнд саяхан болж өнгөрсөн ДАШТ-ий талаар яриагаа эхлүүлье. Таны хувьд мөнгөн медаль зүүж эх орондоо авч ирсэн шүү дээ. Яг алтан медалийн төлөө тулалдаж байх мөчид ямар мэдрэмж төрж байв?
-Миний хувьд бүхий л тулаанд орохдоо сэтгэлзүйгээ тайван байлгаж, ачаалал багатай оролцохыг хичээдэг. Хэт их хичээхээс илүүтэй тактик болон хамгийн сайн чаддаг үйлдэл дээрээ илүүтэй төвлөрдөг. Тэгвэл сэтгэлзүй илүү тогтвортой байж өгдөг. Ялж болно гэхдээ яаж гэдэг бол хийсвэр шүү дээ. Хамгийн чухал нь яаж ялах тэр үйлдэл дээрээ илүүтэй төвлөрдөг гэсэн үг.
Би алтан медалийн төлөө эзэн орны буюу Узбейкстан улсын тамирчинтай тулалдсан. Тус улсад боксын спорт маш сайн хөгжсөн. ДАШТ-ний 12 жингээс тав, зургаан алт авсан. Тэр ч утгаараа өрсөлдөгч тамирчин маань чадварлаг тамирчин байсан. Тиймээс тэрхүү тулаан дээр би илүү оновчтой цохилт хийх тактикийг ашигласан. Учир нь би илүү урт мөчтэй. Харин эзэн орны тамирчны хувьд маш их дайрч, идэвх авахыг хичээсэн. Мөн финалын тоглолт дээр сул талыг нь харахыг хичээсэн.
Удахгүй Азийн АШТ болно. Тус тэмцээнээр олимпын эрх олгоно. Магадгүй энэ тэмцээн дээр таарч болох юм эсхүл олимп дээр ч таарч болох юм. Хэрэв таарвал эргүүлж хариугаа авахыг хичээнэ дээ.
-Манай улс 107 орноос долоодугаар байрт эрэмбэлэгдсэн байсан шүү дээ. Энэ бол маш том шагнал. Түүнээс гадна ямар ч медаль хүртсэн бай эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргаж байгаа нь өөрөө бахархууштай. Тамирчин хүний хөлс хүч, хөдөлмөрийн үр шим шүү дээ?
-Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс эхлээд мөнгөн шагнал олгодог болсон. Энэ удаагийн ДАШТ-ний хувьд шагналын сан өндөртэй байснаараа онцлогтой. Мөн олимпын өмнөх жил гэдэг утгаараа маш өргөн цар хүрээтэй тэмцээн болсон. Миний жинд л гэхэд 60 гаруй тамирчин оролцсон. Гэхдээ түүнээс дөрөвхөн тамирчин л медаль зүүнэ шүү дээ.
Миний хувьд мөнгөн медаль хүртсэндээ сэтгэл өндөр байгаа. Хэдий алтан медаль авч чадаагүй ч гэсэн улам илүү хөгжих болно, илүү хичээх болно, чадах бүхнээ хийх болно. Яагаад үнэ цэнтэй байгаа вэ гэхээр өмнө нь би гурван удаа ДАШТ-д оролцож байсан. Энэ бол дөрөв дэх ДАШТ. Гурван удаа медалийн төлөө өрсөлдсөн. Хоёр удаа олимпод оролцож байсан.
Гэхдээ энэ бүх бүтэлгүйтлийн дараа, энэ бүх туршлагын дараа маш их үнэ цэнээр олдсон. Мөн 18 жил боксын спортоор хичээллэсний үр шим өнөөдөр гарч байгаа гэж бодож байгаа. Ерөнхийдөө амжилтаа бататгаж энэ медалийг авсан. Тиймээс маш их баяртай байгаа.
-18 жил боксын спортоор хичээллэж байгаа гэлээ. Анх хэдэн настайдаа энэхүү спортод хөл тавив?
-2005 онд 14 настайдаа "Алдар" спорт хороон дээр очиж байсан юм. н.Гантулга багшийнхаа удирдлага дор багын найз н.Гансүхтэйгээ хамт секцэнд явж байлаа. Гэхдээ би анх сагсан бөмбөгөөр хичээллэж байсан юм л даа. Гэтэл найз маань боксоор хичээллээд, жингээ хасаад, маш их бэлтгэл хийж байгааг нь хараад надад сонирхолтой санагдсан. Тэгээд л өөрийгөө сорьж үзье гэж шийдээд боксоор хичээллэж эхэлсэн. Түүнээс хойш "Алдар" спорт хороон дээр 18 жил зүтгэж байна.
-Анх сагсан бөмбөгөөр хичээллэж байгаад боксын спорт руу ороход ар гэр нь хэрхэн хүлээж авч байв. Одоо ч мөн яаж хүлээж авдаг вэ?
-Хүүхэд байхдаа би эмээ, өвөө дээрээ өссөн. Манай ээж, аав хоёр бол намайг юу ч хийсэн дэмжиж байдаг, ямар ч сонголт хийсэн хүлээж авдаг. Ер нь их эрх чөлөөтэй сонголт хийлгэдэг. Мэдээж би өөрөө сонголт хийсэн урчаас өөрөө хариуцлагаа үүрнэ. Тэр нь ч надад их амар санагддаг юм.
Харин анх боксоор хичээллэнэ гэхэд эгч нар маань их дургүйцэж байсан юм. Хүнд зодуулна, цохиулна, гэмтэнэ, бэртэнэ гээд анх эсэргүүцэж байсан л даа. Тэгээд хамгийн анхныхаа тэмцээн дээр амжилт гаргасан. Түүнээс хойш бүгд дэмжиж ирсэн. Мэдээж тамирчин хүнд гэр бүлийн дэмжлэг, туслалцаа маш хэрэгтэй. Одоо ч бүгд хамгийн сайн дэмжигч байдаг.
-Эгч нар дургүйцэж байсан гэхээр та айлын бага хүүхэд юм уу?
-Үгүй ээ. Би айлын том. Доороо нэг эрэгтэй дүүтэй. Тэр эгч нар маань манай ээжийн дүү нар. Миний нагац эгч нар л даа. Би дөрвөн нагац эгчтэй. Бүгд намайг өсгөлцсөн гэхэд хилсдэхгүй. Бараг миний оролцсон бүх тэмцээн дээр эгч нар маань ирээд л хэдэн талаас дайрч үнсээд л, түүнийг нь хүүхдүүд шоолоод л багын дурсамж их бий.
-Боксын спортоор хичээллэж эхэлснээс хойш шантрах тохиолдол байв уу. Мэдээж хүнд спорт шүү дээ?
-Амархан спорт гэж хаана ч байхгүй шүү дээ. Бүгд л хэцүү, ямар нэг зүйл золиослох тохиолдол бишгүй гарна. Миний хувьд энэ спортоор хичээллэсэн 18 жилийн хугацаанд маш их золиос гарсан.
Түүнээс гадна олимп, ДАШТ-ээс мултрахад шантралгүй яахав. Бүх босгосон зүйл маань нураад унаж байгаа мэт л санагдддаг. Гэхдээ ард нь гарц, гаргалгаа үргэлж байдаг. Тийм ч учраас би өмнө нь ямар алдаа гаргаж байсан, цаашид юун дээр илүү анхаарах ёстой вэ гэдгээ хардаг. Ерөнхийдөө гарц, гаргалгааг хайдаг. Учир нь энэ миний чаддаггүй зүйл биш. Би чаддаг бас өөрийгөө сайн гэдгээ мэддэг. Зарим ажиллах ёстой зүйлээ засаад цаашаа явахыг л илүү хичээдэг.
-Тэгвэл сэтгэл санаагаар унасан үедээ юу хийдэг вэ?
-Мэдээж бэлтгэлээ хийнэ. Формоо барина. Илүү сайжирна. Гэхдээ сэтгэлээр унасан үедээ нэг их гутраад, гуиглаад байдаггүй л дээ. Магадгүй өөрийгөө механик болгочихсон байх. Өөртэйгөө ярилцаад, арга замаа хайж олоод, тэмдэглэл хөтөлдөг. Харин стрессээ тайлахдаа сагсан бөмбөг тоглодог. Мөн цуврал үзнэ.
Дээр нь өнгөрсөн жилийн зун би амьдралдаа анх удаа майхантай аялал хийж, Хөвсгөл нуурыг үзсэн байдаг юм. Түүнээс хойш аялалд маш их дурласан. Энэ жил чадвал долоо хоног, чадахгүй бол гурав хоног майхантай аялалд явахыг хүсэж байна.
-Тамирчин хүнээс тэр дундаа боксын тамирчнаас нэг асуултыг асуух нь зүйн хэрэг байх. Ер нь ринг дээр гарахад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Ринг дээр гарахад хүн болгонд хамгийн түрүүнд догдлол, сандрал, түгшүүр гэх мэт мэдрэмж төрдөг юм. Харин тулаан эхлэхэд бүх мэдрэмж, анхаарал өрсөлдөгч дээр төвлөрнө. Гэхдээ миний хувьд тулааны өмнө эсхүл өмнөх орой нь тулааны талаар хэт их бодохгүй байхыг хичээдэг. Үүнийг баримталдаг. Мөн тулаан эхлэхийн өмнө дасгалжуулагч нартайгаа тактикаа ярилцана. Түүнийгээ боловсруулна. Өөрийнхөө юу хамгийн сайн мэддэг, чаддаг вэ, бэлтгэл дээр юуг анхаардаг вэ гэдгээ л сайн боддог доо.
-Танай удамд спортын хүн бий юу. Эсхүл таны хамаатан садны дүү нарт спортоор хичээллэж байгаа хүүхдүүд байгаа юу?
-Спортын замналтай хүн хамаатан, саданд маань байдаггүй, би ганцаараа. Гэхдээ одоо манай нагацын хоёр хүүхэд, дүү нар маань миний анхны багшийн шавь болоод боксын спортоор хичээллэж байгаа. Спорт гэдэг бол мэдээж хүүхдэд маш их тэсвэр тэвчээр олгохоос гадна, зөв төлөвшил олгоно, бие бялдарын хөгжилтэй болгоно. Тэгэхээр спортоор хичээллээд үзсэн нь зөв гэж боддог.
-Магадгүй хүмүүс сонирхож байж болох юм. Гэр бүлтэй юу?
-Миний хувьд эхнэр, хүүхэдгүй, ганц бие. Яг гэр бүл гэвэл ээж, аав, дүүтэйгээ хамт амьдардаг.
-Таны хувьд одоо бодоход хамгийн үнэ цэнтэй медаль нь ямар медаль вэ?
-Хамгийн өндөр амжилт гэж байдаг шүү дээ. Тэр нь миний хувьд саяны ДАШТ-ий мөнгөн медаль болж байна. Мөн Армийн ДАШТ-ий алтан медаль, ААШТ-ий алтан медаль гээд бүгдэд нь маш их баярлаж байсан.
Гэхдээ авсан медалиас илүүтэй би спортоор хичээллэж эхэлснээс хойш суусан төлөвшил, ур чадвар маань хамгийн үнэ цэнтэй юм болов уу гэж боддог. Амжилт заавал сахилга баттай байж ирнэ, заавал тууштай байж амжилт гарна. Мөн маш их оролдож байж амжилтыг бүтээнэ. Тиймээс энэ бүх зүйлийг бий болгож, өөртөө суулгаж чадсанаараа амжилттай яваа юм болов уу, энэ сурсан зүйл маань миний үнэ цэн юм болов уу гэж боддог юм.
-Тэгэхээр таны амьдралынхаа туршид баримталж явдаг зүйл бол тууштай байх, сахилга баттай байх юм байна тийм үү?
-Тийм шүү. Яг одоогоос 10 жил бүр 5 жилийн өмнөх би огт өөр. Яахав амьдралынхаа туршид сурч мэдээд, хөгжөөд л явж байгаа юм л даа. Тэр дундаас би "Өнөөдөр өөрийнхөө хамгийн сайн хувилбар байя. Төлөвлөсөн ажлаа, бэлтгэлээ хамгийн сайнаараа хийе. Цаг хугацаа алдаж болохгүй шүү" гэдэг зүйлийг л хамгийн сайн баримталж явдаг.
-Дараагийн хамгийн том зорилго бол мэдээж 2024 оны олимп байх. Олимпын эрхээ аваад бүх хүчээ дайчилна гэж бодож байна уу?
-Тэгэлгүй яахав. Олимп гэдэг бол дөрвөн жилд нэг удаа болно. Нэг орноос нэг л шилдэг тамирчин ирнэ. 100 гаруй орноос хамгийн шилгүүд орж, шилдгүүд өрсөлдөнө. Миний хувьд ч мөн олимпод оролцохыг зорьж байгаа. Зорилго бол медаль авах, төрийнхөө далбааг олимпын тэнгэрт мандуулна. Энэ бол бүх тамирчны мөрөөдөл зорилго.
Тиймээс миний хамгийн сайн хийж чадах зүйл бол одооноос бэлтгэлээ тултал хийх, ринг дээр гараад хамгийн сайнаараа тулалдах, хамгийн сайнаараа хөдөлмөрлөх. Бас сахилга баттай байх. Миний хамгийн сайн хийж чадах зүйл бол энэ л байна даа.
-Танд боксоор хичээллэхээс өөр нууц авъяас бий юу?
-Нууц авъяас гэхээсээ илүүтэй сагсан бөмбөг тоглох маш их дуртай. Яахав сурагч байхдаа урлагийн үзлэгт орно. Хөтлөнө, жүжиглэнэ, дуулна гээд л бүх төрөлд л оролцоод явж байдаг байлаа. Нийгмийн идэвхтэй л хүүхэд байсан.
-Хүн бүр тэтгэвэрт гардаг шиг боксын спортын хувьд тамирчны замнал дуусах үе гэж байдаг уу?
-Байлгүй яахав. 19-40насны хооронд энэ спортоор хичээллэж болно. Мэдээж ахмадын боксын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана гэж байхгүй шүү дээ. Маш хүнд спорт учраас маш олон хүн эмнэлэг явах шаардлага гарна. Ер нь дээд хязгаар нь 40 нас.
Өнгөрсөн жилийн УАШТ-ээр МУГТ У.Мөнх-Эрдэнэ ах маань надтай финалд өрсөлдсөн байдаг юм. Олон сайн тамирчдыг ялаад. Энэ бол гайхамшигтай хөдөлмөр шүү дээ.
Түүнээс гадна манай улсад нэг түүх дахин давтагдашгүйгээр бичигдсэн байдаг юм. Тэр ююу вэ гэхээр боксын спортод 17 настайдаа МУГТ Н.Төгсцогт ДАШТ-ээс мөнгөн медаль аваад МУГТ цол хүртэж байсан юм. Одоо бол дүрэм өөрчлөгдсөн. Учир нь насанд хүрээгүй хүн ДАШТ-ээс медаль авч чадахгүй. Яагаад гэвэл насанд хүрэгчдийн ДАШТ-д насанд хүрсэн хүн л оролцоно гэсэн дүрэмтэй.
Миний олимпын замнал бол ирэх жилийн олимпоор дуусгавар болно. Яг түүний дараа мэргэжлийн бокс руу орох эсэхээ шийднэ эсхүл нарийн мэргэжлээр суралцаад спортдоо шинэ боловсон хүчин болж үлдэх эсэхээ шийднэ гэж бодож байгаа.
-Ярилцсанд баярлалаа.