Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Хэзээ нэг өдөр “Нүүрсний сонсгол“ хийнэ дээ БИД

Ангилал
Улс төр
Огноо
Унших
11 минут 33 секунд

"Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" Хянан шалгах түр хороо сар хүрэхгүй хугацааны дараа татан буугдах гэж буй. Тэгвэл хугацаанаасаа өмнө олон нийтийн өндөр хүлээлтийг үүсгэсэн "НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ"-ыг тэд хийж чадах эсэх асуудлаар тодрууллаа. Ингэхдээ Нүүрс, тээврийн асуудлаарх нээлттэй сонсголыг хийж амжих эсэх, хэрэв хийж чадахгүйгээр татан буугдах болбол хариуцлагыг хэн, хэрхэн хүлээх агуулгын хүрээнд Түр хорооны дараах гишүүдээс авсан байр суурийг хүргэж байна.

"Бид сонсголоо хийе гэсэн. Хуулийнхан л гацаагаад байгаа"

УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн С.Одонтуяа: Бид нүүрс, тээврийн асуудлаарх нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулна гэж тов гаргаад явж байсан. Намайг 04-р сарын 4-6-ны хооронд гадаад томилолттой явж байх хойгуур Түр хорооны дарга Г.Ганболд надад нээлттэй сонсголыг хойшлууллаа гэж мэдэгдсэн. Сонсгол хойшилсон шалтгаан нь хууль, хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа маш олон асуудлууд бий. Тэгэхээр мэдээлэл задарна гэж үзэн тодорхой хугацаагаар хойшлуулах шаардлагатай гэж мэдэгдсэн гэсэн. Учир нь энэ ажлын агуулга нь өөрөө нүүрсний хулгайтай холбоотой маш олон зүйлүүд яригдахаар байгаа учраас хуулийнхны үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй нөхцөл байдал үүсдэг юм байна.

Ажлын явцад шинжээчид маань зарим материал дээр нарийн тоог нэгтгэж ажиллах шаардлагатай байгаа учраас одоо хэр нь ажиллаж байгаа. Энэ өөрөө амаргүй ажил. Гэхдээ бид сонсголоо зарлаад хуралдууллаа гэхэд шинжээчдийн зүгээс саатах зүйл байхгүй. УИХ-ын гишүүдийн зүгээс мөн эсэргүүцээд байгаа зүйл байхгүй. Хамгийн гол нь хуулийнхны хандсан асуудал л гацааж байгаа.

Ойрын үед Хянан шалгах түр хороо хуралдах байх. Хурлаар сонсгол хийх болон тайлангаа нэгтгэх, цаашлаад хариуцлагын асуудлуудыг ярина. Тиймээс бид нэн тэргүүнд үлдсэн хугацаандаа юуг амжуулах вэ гэдэгт төвлөрч ажиллах нь чухал.

"Түр хороо сонсгол хийж амжилгүй татан буугдсан ч ирэх намар заавал сонсголыг хийнэ"

УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн Т.Доржханд: Нээлттэй сонсголыг хийхээр төлөвлөж байсан боловч АТГ-аас албан хүсэлт ирсэн байдаг. Энэ бол шинэ хэрэг учраас гэрчээр дуудагдсан хүмүүсийг дуудвал хэрэг хянан шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулах учраас түр хойшлуулж өгөөч гэсэн үндэслэлийн дагуу л хойшлуулсан шүү дээ.

Миний байр суурь бол маш тодорхой. Энэ сонсголыг заавал хийх ёстой. Тиймээс сонсголыг хийнэ. Гагцхүү цаг хугацааны хувьд бодит нөхцөл байдлуудыг харахад тохиромжтой үе нь биш байгаа байх. Тухайлбал одоо ҮХНӨ-ийн асуудлууд УИХ-ын чуулганаар болон байнгын хороодоор хэлэлцэгдэж байгаа учраас бусад асуудлыг дундуур нь хэлэлцэх боломжгүй байгаа. Дэгийн хуулиараа бусад хууль, тогтоолын төсөл, сонсголын асуудлууд хойшилж байна гэсэн үг. Тиймээс ҮХНӨ-ийн хуулийг баталсны араас сонсголыг зайлшгүй хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Харин тайлангаа яаж, хэзээ тавих талаар Түр хороон дээр яригдсан зүйл бол байхгүй. Түр хорооны хурал ч мөн зарлагдаагүй байна. Би УИХ-ын гишүүний хувьд болон манай ХҮН намын байр суурь бол энэ асуудал нийтэд ил байх ёстой. Авлига болон хулгайтай нийтээрээ тэмцэх ёстой. Нийгэмд хүлээлт үүсгэсэн 40 их наяд төгрөгийн орлогоо бид гадагшаа алдсан гэдэг тооцоо судалгааг хийж явсан байдаг. Энэ асуудалд би байр суурь дээрээ хатуу зогссон. Хуулийн байгууллагууд яаралтай мэдээлжүүлээд явах нь зүйтэй.

Миний баримталж байгаа зүйл бол нотлох баримтыг судлах нээлттэй сонсголыг зайлшгүй явуулах шаардлагатай. Ингэхдээ МҮОНТ-ийн цагаар шууд эфирээр явуулах ёстой. Боломжтой бол бүх хэвлэлүүдийг оруулж байгаад ярих хэрэгтэй. бүх гэрчүүдийг дуудах ёстой. Тухайн үеийн шийдвэр гаргасан, гэрээ байгуулсан нөлөө бүхий бизнесменүүдийг бүгдийг нь байлцуулж байж л сонсгол явна. Энэ л нөхцөлийг хангах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Хэрэв Түр хороо үлдсэн хугацаандаа амжиж нотлох баримтын сонсгол явуулах боломжгүй болоод хууль хяналтын байгууллагаас процесс нь удаашрах юм бол дахиад би үүнийг санаачилж явуулна. Үнэхээр энэ хаврын чуулганы хугацаанд амжихгүй бол ирэх намрын чуулганы хугацаанд ч хамаагүй сонсголыг заавал шахаж хийлгэнэ.

"Бид сонсголоо хийж амжихгүй татан буугдвал хариуцлагыг АТГ хүлээх ёстой"

УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн С.Ганбаатар: Би бол Хянан шалгах түр хорооны ажлын хэсгийг идэвхтэй ажиллаж байгаа гишүүдийн нэг. Дашрамд хэлэхэд Г.Ганболд гишүүн бид хэд өөрсдийнхөө бараг гурван сарыг энэ ажилд зориулсан. Бид олон тооны материалуудыг үзсэн. Г.Ганболд гишүүн санаачилга гаргаад БНХАУ болон АНУ-ын олон сайтууд дээр байгаа нүүрсний худалдааны мэдээллүүдийг авч үзэж нарийвчилж судалсан. Бид асуудлын гүн рүү орчихсон байж байсан. Татвар, Гаалийн байгууллагын олон гомдлоор тухайн үеийн УЕП, ЦЕГ, мөн нэр бүхий хууль хүчний байгууллагууд "хам хэрэгтэн" мэтээр дарж байсан. Ийм олон асуудлууд биднийг судлах хугацаанд гарч ирсэн. Бид энэ асуудлуудыг ард түмэнд ил болгоно гэж нэлээд шаргуу явсан.

Гэтэл АТГ-аас "яг наад асуудалтай чинь холбогдуулан бид зарим хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ асуудлын гүнд орчихсон явж байна. Тиймээс бидний Мөрдөн байцаах ажиллагааны нууцын ажиллагаанд битгий саад учруулаач ээ" гэсэн утгатай бичиг ирсэн. Бид их дургүй хүлээж авсан. Нэгэнт сонсгол хийнэ гээд зарлачихсан учраас ажлаа гүйцээж хиймээр байсан. Ямар ч байсан хуулийн лавлагаа асууя гэж ярилцсан. УИХ хууль хүчний байгууллагын командаар дуугарах, дуугарахгүй байх үйлдлийг хийж болохгүй гэдэгт бид санал нэгтэйгээр асуудалд хандаж байсан. Олон газруудаас хуулийн лавлагаа авахаар судалж байна. Тиймээс бид татан буугдахаасаа өмнө "нээлттэй сонсгол" заавал хийнэ гэж бодож байгаа.

Хэрэв нүүрсний сонсголыг явуулж амжихгүйгээр татан буугдахад хүрвэл АТГ УИХ-д тайлангаа тавьж хариуцлагаа үүрэх ёстой. Хоёрдугаарт, Эрх баригчид өнөөдөр нүүрсний том хулгайчид, мафиудын гарт орчихсон юм байна гэдэг дүгнэлт хийнэ. Ингээд ч үр дүнд хүрэхгүй бол бид асуудлыг босгож ирэхээс өөр аргагүй байдалд орно.

"Нүүрсний сонсгол хийхгүй байх эс үйлдэхүйд улс төрийн нөлөө орсон"

УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн Н.Ганибал: Нүүрсний сонсголыг зайлшгүй хийх ёстой. Хуулиараа, дэгээрээ сонсгол хийнэ гээд заачихсан байгаа шүү дээ. Гэтэл ямар асуудал дээр сонсгол хийж болоод мар дээр нь хийж болохгүй гэсэн байдлаар асуудалд хандаж болохгүй. Сонсголыг хойшлуулахыг миний хувьд дэмжээгүй. Харамсалтай нь олонхын саналаар хойшлогдсон байдаг. Түр хорооны даргад энэ асуудлаар тодорхой санал өнөөдөр тавьсан байгаа. Ирэх долоо хоногт Түр хороо ЭЗБХ-нд ажлынхаа явцын тайланг танилцуулна. Эндээс өнгөрсөн хугацаанд түр хорооны хийсэн ажлууд тодорхой дүгнэгдэх байх.

Сонсголыг хийхгүй байх өөр нэг шалтгаан нь улс төрийн нөлөөлөл гэж харж байгаа. Эрх баригчдын зарим нь асуудалд хамгийн ихээр холбогдсон байгаа учраас Эрх баригч намаас сонсголыг хойшлуулсан асуудалд улс төрийн нөлөөллөө оруулсан байх магадлалтай.

Сонсголыг хойшлуулдаг өдөр манай хороо сонголд гэрчээр дуудах хүмүүсийн нэрсээ зарлах байсан. Гэтэл АТГ-аас санал ирсэн гээд гэнэтхэн хойшлуулчихсан. Үүний цаана улс төрийн шалтгаан байна гэж харж болохоор.

"Заавал сонсгол хийнэ гэсэн ойлголт байхгүй. Би хариуцлагаас айхгүй байна"

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Г.Ганболд: Бид нээлттэй сонсгол хийх товоо зарлачихсан байсан. Гэтэл АТГ-аас мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа учраас саад урчуулах гээд байна. Нууц задрах гээд байна. Та нар түрүүлж зарим хүмүүсийг нийгмээр яллуулах гээд байна гэсэн учраас түүнийг үндэслэлтэй юм байна гэж үзээд Түр хорооны 13 гишүүн хүлээж авах нь зүйтэй гэж дэмжсэн. Манай сонсголд дуудагдах хүмүүс бүгдээрээ эрүүгийн хэрэгт татагдаж байна. Зарим нь цагдан хоригдчихсон байна. Зарим нь бүр гадагшаа гараад явчихсан байна. АТГ-ын саналаар Түр хорооны сонсголыг явуулахгүй байх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Хуулийнхан бол ядаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад ядаж прокурор руу холбогдох хэргийг явуулсны дараа сонсголоо хийгээч гэсэн.

Бид эхлээд тайлангаа тавина. Хуулийнхныг шахаж ажиллана. Дахиад ч Түр хороо байгуулаад ажиллаад явах боломж байгаа. Зургаан сарын нэгэн болоод Түр хороо татан буугдсанаар асуудал замхарах нь гэж ойлгож болохгүй. Цаашид УИХ шахаж шаардаад явна. Манай шинжээчид энэ таван сард Түр хороон дээр тайлангаа тавина. Тэр үед хэвлэлийнхэн оролцож болно. Хянан шалгах түр хороо заавал сонсгол явуулах ёстой гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ бид сонсгол хийнэ гээд зарлачихсан учраас хийх гээд судалж байна. Хариуцлагын асуудал яригдвал би түүнээс айх зүйл алга.

С.Одонтуяа: Төрийн ордонд өдөр бүр нэг чуулган болдог. Ямар их өртөгтэй гэж бодож байна
С.Одонтуяа: Төрийн ордонд өдөр бүр нэг чуулган болдог. Ямар их өртөгтэй гэж бодож байна
 
2026 онд ашиглалтад оруулах Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүллээ
2026 онд ашиглалтад оруулах Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.