“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 20 дахь өдрөө үргэлжилж байна. Олон өдөр ийнхүү үргэлжилсэн шүүх хурал хоёр хоногийн өмнөөс эхлэн хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудыг шинжлэн судалж эхэлсэн юм. Энэ үеэр зарим гэрчүүдийн мэдүүлэг ч олон нийтэд ил болж буй. Өчигдрийн хуралдаанаар Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр Мон Роуд компанид давуу байдал бий болгосон гэх хэрэг болон Кью Эс Си ХХК-д холбогдох хэргийн нотлох баримтыг судаллаа.
-Сайд асан Н.Батбаяр Засгийн газрын шийдвэртэй тогтоолыг зассан уу-
“Фракцын гишүүдийн картыг сугалж байж сайд болсныхоо дараагаар Хөгжлийн банкыг мэдэлдээ авч дураараа дургисан” гэх хатуухан шүүмж Эдийн засаг хөгжлийн сайд асан “Фортуна”-д хаяглагддаг. Энэ утгаараа Хөгжлийн банкны захирлаар өөрийн хүн гэгдэх Н.Мөнхбатыг томилгоогоор удирдаж байсан гэх нь бий. Тэгвэл түүнийг өчигдрийн шүүх хуралдаанаар Халзанбүргэдэй Солонготын даваа чиглэлийн автозамыг шинээр баригдах автозамын жагсаалтад оруулж, Мон Роуд ХХК-д давуу байдал бий болгосон уу гэх асуудлыг улсын яллагч хөндөж, зарим нотлох баримтуудыг гаргав. Зарим гэрчийн мэдүүлэг ч үнэнхүү анхаарал татлаа.
Чухамдаа асуудал ийн эхэлж. Халзанбүргэдэй Солонготын даваа чиглэлийн автозамын ажил нь он дамжин баригдаж байгаа замын жагсаалтын 15 дугаарт бичигдсэн байсан боловч Засгийн газрын тогтоол гарсаны дараа засагдаж шинээр барих замын жагсаалтад оруулсан аж. Үүнийг улсын яллагчийн зүгээс хууль бус хэмээн тодотгоод энэхүү засвар орсны дараагаар тус замын төсөвт өртөг нэмэгдэж, Мон Роуд ХХК-д давуу байдал үүсгэсэн хэмээн Н.Батбаярыг буруутгаж буй юм.
Анх тус замыг улсын төсвөөр хийх гэж байсан боловч 2012 онд улсын төсөвт тодотгол хийх замаар санхүүжилтийн эх үүсвэрийг өөрчилж, Хөгжлийн банкны эх үүсвэрээр гүйцэтгэхээр болсон аж. Түүнчлэн шинжээч гэрээ байгуулах үеийн зах зээлийн ханш, мөрдөгдөж байсан норм стандартын дагуу Мон Роуд ХХК-ийн ажлын тоо хэмжээнд хяналт шинжилгээ хийсэн байдаг. Ингэхдээ шинжээчийн дүгнэлтдээ тухайн замыг 44.3 тэрбум төгрөгт хийн гүйцэтгэх боломжтой байсан ч төсөвт өртгийг 2 тэрбум 35 сая төгрөгөөр нэмэгдүүлж гэрээ байгуулсан тул Сангийн яамнаас тухайн зөрүү мөнгөн дүн нэхэмжилж буй талаараа мэдүүлэгтээ дурдсан байна.
Зам тээврийн яамны холбогдох гэрчүүдийн зүгээс Мон Роуд ХХК-ийн гүйцэтгэж буй Халзанбүргэдэй Солонготын даваа чиглэлийн автозамын төсвийг ЯАРАЛТАЙ ШИЙД гэх чиглэл ирж байжээ.
-ГЭРЧ: Н.Батбаяр сайд Халзанбүргэдэй Солонготын даваа чиглэлийн автозамыг шинээр баригдах автозамын жагсаалтын мөрөнд оруул гэж сум зааж бичиглэл үйлдсэн-
Тухайн үед Н.Батбаярын нөлөөллийг нотолж болохуйц өөр нэгэн гэрчийн мэдүүлэг байгаа нь ЗГХЭГ-т референтээр ажиллаж байсан н.Өлзийбаярын мэдүүлэг юм. Тэрбээр "Засгийн газрын 2013 оны 124 дугаартай тогтоолыг албажуулах явцад тогтоолыг Н.Батбаяр сайдад танилцуулахад Халзанбүргэдэй Солонготын даваа чиглэлийн автозамыг шинээр баригдах автозамын жагсаалтнын мөрөнд оруул гэж сум зааж бичиглэл үйлдсэн. Хэрэв Н.Батбаяр сайд хэлсэн өөрчлөлтийг нь оруулахгүй бол ЗГ-ын тогтоолд гарын үсэг зурахгүй, тогтоол бүхэлдээ гарахгүй нөхцөл байдал үүсчихсэн байсан" гэжээ.
-ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖЛЭВ: Кью Эс Си ХХК Эрдэнэт үйлдвэрт худалдсан гэх белаз маркийн өөрөө буулгагч машиныг ХБ-ны зээлийн барьцаанд тавьжээ-
Үргэлжлүүлэн Б.Шинэбаатар нь Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2014 онд Эрдэнэт үйлдвэрт Кью Эс Си ХХК-иас хоёр белаз маркийн машин худалдан авч давуу байдал бий болгосон хэргийн нотлох баримтыг шинжлэн судалсан юм. Гэтэл Кью Эс Си ХХК нь Хөгжлийн банкнаас уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах болон 33.4 км төмөр зам барих төслийн хүрээнд 71.3 сая ам.долларын зээл авсан байдаг. Харин тухайн зээлийн барьцаа болгож тодорхой үл хөдлөх хөрөнгөнөөс гадна Эрдэнэт үйлдвэрт худалдсан гэх хүн даацын белаз маркийн машиныг 4 тэрбум 12 сая төгрөгөөр барьцаалжээ.
Хар ухаанаар бодоход, худалдах гэж буй бол тухайн машинуудыг зээлийн барьцаанаас гаргах шаардлага үүснэ. Гэвч гэрчийн өгч буй мэдүүлгээр тухайн белаз маркийн өөрөө буулгагч автомашинуудыг бусдад худалдах болсон буюу барьцаанаас гаргах талаар ямар нэгэнт хүсэл ирүүлээгүй гэжээ. Хөгжлийн банкнаас барьцаанд байгаа белазуудыг худалдан борлуул гэж зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй хэмээн мэдүүлжээ.
-Эрдэнэт үйлдвэр сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Кью Эс Си ХХК-иас тухайн машинуудыг авсан нь шалгалтаар илэрсэн-
Улмаар ТӨБЗГ-аас Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтаар тухайн хоёр белаз машин худалдан авах нь 2016 оны хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдаагүй байсан бөгөөд сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Кью Эс Си ХХК-иас шууд гэрээ байгуулан авсан зэрэг зөрчил илэрчээ.
Худалдан авах ажиллагааны явцад тухайн белазуудыг үйлдвэрийн хашаанд авч ирэх тээврийн зардалд 78 сая орчим сая төгрөгийг зарцуулсан талаар гэрч мэдүүлжээ. Үүнийг нарийвчлан задалбал, задалсан газраас төмөр зам хүртэл тэндээс үйлдвэрийн хашаа хүртэл зардалд 33 сая, төмөртэй ордод ажилласан ажилчдын томилолтод 20 сая, Улаанбаатар төмөр зам компанид төлсөн тээвэрлэлтийн зардалд 7 сая, Монголын төмөр зам болон бусад компанид тээвэрлэлтийн зардалд болгож 6.5 сая төгрөг зарцуулсан гэжээ.
Өнөөдөр шүүх хурал 20 дахь өдрөө үргэлжилнэ...