Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг журмын тухай хуулиар тусгайлан тогтоосон байдаг.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд зааснаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа заавал гурван хэлэлцүүлэг явуулах бөгөөд нэг болон хоёр дахь хэлэлцүүлгээр төслийг эцэслэн батлахыг хориглодог. Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран 7-гоос доошгүй ажлын өдөр байх ба энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх ажлыг заавал хийнэ.
Тиймээс өнөөдрөөс эхлэн Улсын Их Хурлын гишүүд тойрог тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулахын зэрэгцээ тэдний идэвх, оролцоог энэхүү чухал асуудалд хандуулах юм.
Мөн иргэдийн үзэл бодол, байр суурийг судалж, тэдний саналыг нэгтгэн, тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх бөгөөд тус байнгын хороо саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлнэ.