Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Лувсанжав: Хүрээлэнг УИХ-ын дэргэд ажиллуулснаар хууль тогтоох үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах боломж нэмэгдэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 47 секунд

Хууль тогтоомжийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнг Улсын Их Хурлын дэргэдэх Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнтэй нэгтгэх болсонтой холбоотойгоор Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжаваас байр суурийг нь тодрууллаа.

Хууль зүйн үндэсний хүрээлэн бол Монгол Улсын хууль тогтоомжийн байдал, хууль зүйн төлөв байдлын харьцуулсан эрх зүйг судалдаг, хуулийн сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг чухал институт л дээ. 2000-аад оны дунд үеэр би УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Миний өмнө Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Батбаатар Хууль зүйн яамтай тохирч, энэ хүрээлэнгийн барилгыг барих газрыг хамтран эзэмшин, барилгын нэг давхрыг бүхэлд нь парламентын номын сангийн зориулалтаар ашиглах гэрээ хэлцэл хийсэн байсан. Намайг Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед барилгын ажил дуусаж Хууль зүйн үндэсний хүрээлэн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Ж.Амарсанаа академич тэр үед хүрээлэнгийн захирал байсан санагдана. Ц.Нямдорж Хууль зүйн сайд байх үед Дэлхийн банкны төсөл хэрэгжиж, ажил хэрэг болж эхэлсэн. Монгол Улсад хууль судлалын чиглэлээр бие даасан чадавхтай хүрээлэнг байгуулна гэдэг тухайн үедээ маш чухал бодлогын шийдвэр байсан. Ийм учраас энэ барилгад хүрээлэнг бүхэлд нь оруулъя гэдэг санал Хууль зүйн яамнаас ирж тухайн үед нь би дэмжиж Улсын Их Хурлын Тамгын газрын мэдэлд байсан эзэмшлийн газрыг шилжүүлэх шийдвэрийг гаргасан юм. Хүрээлэн байгуулагдсанаас хойших хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль судлал, хуулийн төсөл боловсруулах, хууль сурталчлах, олон түмэнд тайлбарлан таниулах үйл ажиллагаа нэлээн өргөн хүрээнд хөгжиж ирсэн. Нэлээд хугацаанд бэхэжсэн ийм байгууллага л даа.

Саяхан УИХ-ын тогтоол гараад УИХ-ын дэргэд энэ байгууллагыг шилжүүлж авахаар шийдвэр нэгэнт гарчихлаа. Би эерэг талаас нь харж байгаа. Учир нь Монгол Улсад хууль судлалын бие даасан нэлээн чадавхтай байгууллага зайлшгүй хэрэгтэй гэдгийг үе үеийн Их Хурлын дарга холбогдох хүмүүс ярьж байсан. Энэ чадавх, чиг үүргээ хэвээр хадгалж, УИХ-ын дэргэд бие даасан ийм институт ажиллана гэдэг нь цаашдаа үйл ажиллагаа нь улам шинэ түвшинд гарч үр өгөөж нь ахина гэж ойлгож байгаа. Хууль зүйн судлал ялангуяа харьцуулсан эрх зүйн судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны үндэслэлтэй санал дүгнэлтүүд, зөвлөмжүүд гарна гэдэг нь хууль тогтоох үйл ажиллагаанд судалгааны үр дүн илүү ойртож, үр өгөөж нь нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Тийм учраас хүрээлэнг цаашид УИХ-ын дэргэд ажиллуулахдаа энэ чиг үүргийг нь хэвээр хадгалж, хүмүүсийнх нь ажиллах нөхцөл шаардлага, орчин, нийгмийн хамгааллыг зохих түвшинд нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь цаашид улам өргөжүүлж,чанарын шинэ түвшинд гаргах юм байна гэж ойлгож байгаа. Ингэснээр хууль тогтоох үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, шинжлэх ухааны үндэслэл судалгааны үр дүн тусах боломж улам нэмэгдэнэ. Энэ хүрээлэн одоо УИХ-ын дэргэд шилжсэнээр өмнөх, одоогийн үйл ажиллагаанууд үгүйсгэгдэхгүй. Харин ч өргөжиж явна гэж ойлгож байна. Хууль тогтоомжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн хэрэгжилтийн үр нөлөөнд дүн шинжилгээ хийх ажилд их ач холбогдол өгч байгаа. Тэгэхээр энэ ажил ч гэсэн зохих чадавхтай эрдэм шинжилгээний үндэслэлтэй хүчирхэг байгууллагаар хийгдэж, цаашдаа хөгжинө гэж ойлгож байгаа. Энэ нь хууль тогтоох ажлын чанарыг дээшлүүлэхэд чухал ач ач холбогдолтой гэж бодож байна хэмээн Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав хэлсэн.

НАРТАЙ ӨДӨР: Улаанбаатарт +12 хэм дулаан
НАРТАЙ ӨДӨР: Улаанбаатарт +12 хэм дулаан
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.