Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Хувийн сургууль ажиллуулж буй бизнесийнхэн ардын хүүхдүүд Англи хэл төлбөргүй сурахыг эсэргүүцэж байгаа нь АЖИГЛАГДАЖ байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
13 минут 31 секунд

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж гишүүдийн саналаар тав хоногийн завсарлага авсан билээ. Хуулийн төсөл болон олон нийтийн дунд маргаан дагуулсан сэдвүүдийн хүрээнд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Дамдиннямтай ярилцлаа.

"Дэлхийд өрсөлдөх Монгол хүний хөгжлийг боловсролын суурь хуулиар зохицуулах цаг нь болсон"

-Боловсролын салбар суурь хуультай болох нь. Суурь хуулийг үндэслэж дагалдах хуулиуд чамбайрах нь гэж ойлгож байгаа. Боловсролын багц хууль батлагдсанаар салбарт гарах бодит өөрчлөлт, давуу талууд нь юу байх вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Монгол Улс сүүлийн 33 жил Ардчиллын замаар явж байна. Энэ хооронд боловсролынхоо системийг янз бүрийн хуулиар зохицуулж ирсэн. Харамсалтай нь, хуулиуд өөр өөр цаг үед гарч, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадалгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Хоёрдугаарт, хуулиуд нь хоорондоо уялддаггүй. Шууд хэлэхэд боловсролыг боловсролын бус хуулиар зохицуулж, энэ хүртэл ирсэн байна.

Тиймээс бид анх удаа боловсролтой холбоотой бүхий л хуулийг нэг дор цогцоор нь өөрчилж, цаг үетэй нь уялдуулж, ирээдүй рүү харсан өөрчлөлтүүдийг хийх гэж байна гэж ойлгож болно. Боловсролын багц хууль батлагдсаны дараа ямар өөрчлөлтүүдийг бид хүлээх ёстой вэ гэхээр нэгдүгээрт, Монгол Улс Олон улсад өрсөлдөх боловсролын тогтолцоотой болох юм.

Энэ утгаараа хамгийн том өөрчлөлт нь боловсролд хөндлөнгийн хяналт ордог болно. Бид одоо Монголын боловсролыг сайн эсвэл муу байна гэж хоёр талаас нь талцаж ярьдаг. Гэтэл үнэндээ энийг хэн үнэлээд тогтоочихсон юм. Цөөн тохиолдлыг эс тооцвол олон улстай хэн харьцуулчихсан нь тодорхойгүй явж ирсэн гэсэн үг. Тиймээс энэ хуулиар Монголын боловсрол түвшин бүртээ гурван жил тутамд Олон улсын үнэлгээнд орох юм.

Өөрөөр хэлбэл, СӨБ, ЕБ, Дээд боловсрол гээд түвшин бүрд хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийгдэнэ. Эндээс бид дэлхийн бусад улс орнуудын хаана яваагаа олж мэднэ. Болж байгаа болон болохгүй байгаа зүйлсээ хурдан засаад явах боломжтой болно.

Хоёрдугаарт, хууль батлагдсанаар боловсролын салбарт санхүүжилтийн реформ хийгдэнэ. Хуучин жишээ нь, Ерөнхий боловсролын салбарт гэхэд зөвхөн байгууллага руу санхүүжилт хийдэг байсан бол одоо хүүхдээ дагаад санхүүжилт явдаг болно. Сургуулиудын хувьсах болон тогтмол зардлуудын аргачлал болон итгэлцүүрийг нь өөрчилнө. Ингэснээр хөрөнгө оруулалт нь суралцагчаа дагаж хийгдэнэ л гэсэн үг. Үүний тулд ямар тооцооллууд хийгдэж байгаа гэхээр тусгай хэрэгцээт хүүхдүүдэд онцгой анхаарна. Мөн алслагдсан аймаг орон нутгийн хүүхдүүд, төвийн бүсийн хүүхдүүдийн боловсролын түвшний ялгаа их гардаг учраас түүнийг нь арилгах зохицуулалтыг хуульд тусгасан.

Гуравдугаарт, багшийн хөгжил, нийгмийн баталгааг сайжруулж өгөхийг хуульд тусгасан байгаа. Мөн сургуулиудын менежментийн хувьд өөрчлөлтүүд хийгдэнэ. Боловсролын салбар өөрөө мэргэжлийнх учраас үүнд зөвхөн мэргэжлийн хүмүүс л удирдан чиглүүлнэ гэсэн үг. Эдгээр өөрчлөлтүүд гарах хүлээлттэй байгаа.

"ЕБС-ийн гуравдугаар ангиас эхэлж, Англи хэл заах саналыг мэргэжилтнүүд гаргасан"

-Хуульд тусгасан нэг чухал өөрчлөлт нь гадаад хэлний сургалтын үндсэн хэл нь Англи хэл байна гэж заасан байсан. Энэ агуулгаар хүмүүс сургалтын хөтөлбөрт нэгдүгээр ангиас эсвэл гуравдугаар ангиас нь эхэлж заах хэрэгтэй хэмээн маргаж эхлээд буй. Ер нь боломжтой хэсэг нь хүүхдээ хувийн сургуульд төлбөрийг нь төлөөд нэгдүгээр ангиас нь Англи хэл сургаж байна. Магадгүй тухайн хүүхдийг тавдугаар ангиас нь төрийн өмчийн сургууль руу шилжүүлэн суралцууллаа гэхэд ангийн хүүхдүүд нь дөнгөж Англи цагаан толгойн үсгээ үзэж байх ялгавартай систем өнөөдөр үйлчилж байна шүү дээ. Тиймээс хэлний боловсролын энэ мэт ялгаатай байдлыг яаж арилгах юм бэ?

-Бидний хууль боловсруулах болсон бодит шаардлага ерөөсөө л энэ. Бүх хүүхэд ижил гараанаас эхлэх ёстой. Бид өнөөдөр хил хязгааргүй дижитал орчинд ажиллаж, амьдарч байна. Энэ үед Монгол хүүхдүүд дэлхийн мэдээлэлтэй шууд холбогдож чаддаг байх нь өнөөгийн нийгмийн зүй ёсны шаардлага болчихоод байна шүү дээ.

Нэгдүгээр ангиасаа ч юм уу, гуравдугаар ангиасаа Англи хэл заалгасан хүүхдийг одоогийн төрийн өмчийн сургуулийн тавдугаар ангиасаа дөнгөж заалгаж эхэлж байгаа хүүхдүүд гүйцэхгүй байхгүй юу. Энэ бол бодит эмгэнэл. Тиймээс бид үндэсний суурь боловсролын хэмжээнд үндсэн гадаад хэлийг Англи хэл болгоё гэж заасан. Нөгөө талаас дунд ангиас биш, бага ангиас нь эхэлж заах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Хуульд суралцах ангийг зааж өгөхгүй. Багц хууль батлагдахад сургалтын хөтөлбөрийн хүрээнд өөрчлөлтүүд орно гэсэн үг.

Дэлхийн бүх бизнесийн болон шинжлэх ухааны бүх төрлийн мэдээлэл Англи хэлээр байна. Дэлхийн хүн амын түгээмэл хэрэглэгдэхүүн нь Англи хэл байгаа учраас гадаад хэлний сургалтын суурь хэлийг Англи хэл гэж зааж өгч байгаа юм. Мэдээж сонголтоор ямар ч хэлийг сурч болох нь нээлттэй.

Цахим эрин үед олон төрлийн орчуулгын программууд гарчихсан байгаа шүү дээ. Тэдгээр платформуудын суурь хэл нь хүртэл Англи хэл дээр байна шүү дээ. Орчуулгын программууд Англи хэлээр биччихээд бусад хэл рүү төвөггүй хөрвүүлчихдэг. Тиймээс бид дэлхийд өрсөлдөх чадвартай ирээдүйгээр бэлтгэе л гэж байгаа бол дэлхий нийтийн хэлийг заахаас өөр гарцгүй.

Хуульд заавал гадаад хэлийг заах агуулгыг тусгасан юм бэ гэхээр боловсрол бол тоглоом биш. Сүүлийн 33 жилийн хугацаанд олон өөрчлөлтүүд гарч ирсэн. Нэг сайд гарч ирээд л сургалтын хөтөлбөрийг өөрчлөөд хаячихдаг. Энэ цаг үед Англи хэлийг чухалчилж байтал дараа нь магадгүй өөр нэг гадаад хэлийг заах ёстой гээд хүчлэх нь өөрөө боловсролын системд маш хортой. Тиймээс хөтөлбөрийн хөдөлшгүй байдлыг баталгаажуулах үүднээс л хэлний асуудлыг хуульд зайлшгүй тусгаад байгаа юм.

Нийгэмд өрнөөд байгаа шүүмж дээр тайлбар хийхэд нэгдүгээр ангиас эхлэн Англи хэл заана гэж огт хэлээгүй. Хөтөлбөрт тусгах ч боломжгүй. Эхлээд бид суурь хуулиа шинэчилсний дараа ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт судалгаатай хандаж өөрчлөлтүүдийг хийх ёстой. Үндэсний боловсролын тогтолцоонд гадаад хэлийг нэгдүгээр ангиас оруулдаг улс гэж юу байх вэ дээ. Одоогийн байдлаар гуравдугаар ангиас эхэлж Англи хэлийг заах нь зөв юм гэсэн саналуудыг БШУ-ны хөтөлбөрийн мэргэжилтнүүдээс гаргаж байгаа.

"Ардын хүүхдүүд Англи хэлийг төлбөргүй сурахад эсэргүүцдэг бизнесийнхнийг ойлгодоггүй"

-Боловсрол олгох сургалт нэг талдаа бизнесийн нэг хэлбэр болж буй. Хувийн сургууль ажиллуулж байгаа хүмүүсийн хувьд зах зээлээ алдахгүй байхын тулд улсын сургуулиудад гадаад хэлийг бага ангиас эхэлж заах агуулгыг дэмжихгүй байна л даа?

-Тийм зүйл ажиглагдаж байгаа. Би тэднээс ганц л асуулт асуумаар санагддаг. Ардын хүүхэд яагаад Англи хэл төлбөргүй үзэж болохгүй юм бэ гэж. Өнөөдрийн энэ тогтолцоо өөрөө ялгаварлалыг үүсгээд байхад цөөнхийн ашиг сонирхлыг хамгаалж бусдыг хохирооно гэсэн ойлголт байж болохгүй шүү дээ.

-Багшлах боловсон хүчний хүрэлцээг хэрхэн хангах вэ. Багшийн мэргэжлийн ур чадварыг хэрхэн сайжруулах вэ?

-Үе шаттайгаар бэлдээд явна. Бид бэлэн болсны дараа багшаа бэлдэнэ гэвэл хэзээ ч үр дүнд хүрч чадахгүй. Тиймээс чадварлаг багшаар хичээл заалгахын тулд багшийн сургуулийн босго оноог нэмэгдүүлэх, суралцах идэвхийг сайжруулахаас авахуулаад чамбайруулах зүйлс олон бий.

"15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг Төрийн өмчийн их сургуульд үнэгүй сургана"

-Бодит байдлаас харахад СӨБ-оос авхуулаад сургуулиуд багшлах боловсон хүчний хомстолд орсон харагддаг. Энэ нь цалин хөлс, нийгмийн хангамж хүрэлцээ муутайгаас шалтгаалж байгааг салбарын мэргэжилтнүүд өөрсдөө ч хэлдэг шүү дээ. Хуульд багшийг дэмжих, урамшуулахтай холбогдсон эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан ямар заалтууд байгаа вэ?

-Энэ хууль өөрөө Засгийн газраас өргөн баригдсан хууль. Уг хуульд багшийн хөгжлийг анхаарсан хэд хэдэн заалт бий. Тухайлбал, Финлянд улсад багш хамгийн сайн цалинтай, нийгмийн баталгаатай нь байдаг. Энэ хуулийн төсөл ч мөн ийм тогтолцоо руу ороход бэлтгэгдсэн. Бидний өмнөх буюу социализмын үеийн түүх хүртэл үүний нэг баталгаа шүү дээ. Тэр үед багш хамгийн өндөр цалинтай нь байсан. Багш мэргэжил бүхний дээд нь байсан. Хүссэн хүн бүр энэ мэргэжлээр боловсрол эзэмшдэггүй тийм л үнэ цэнэтэй мэргэжил байлаа. Тиймээс энэ тогтолцоогоо л буцаагаад сэргээе гэж байгаа юм.

Цаашид энэ салбар хүний нөөцийн дутагдалд орохгүйн тулд нийгмийн баталгаа, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Хуульд орон байраар хангах боломжийг хүртэл тусгаж өгсөн. Орон нутагт ажиллах юм бол урамшуулал олгодог болно. Тэгж байж бид хөдөөгийн хөгжлийг сэргээнэ. Багшийг дэмжихгүйгээр бид боловсролыг сайжруулж чадахгүй гэдгийг сануулж хэлмээр байна.

Нэгдүгээрт, Төрийн болон орон нутгийн өмчийн сургуульд ажиллаж байгаа багш, ажилтан албан хаагчдад 15-аас дээш жил тогтвортой ажилласан тохиолдолд төрөөс нэг хүүхдийг нь үнэ төлбөргүй сургах зохицуулалтыг төсөлд оруулсан байгаа. Мөн алслагдсан аймаг, суманд очиж багшилсан тохиолдолд эхний таван жилд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно. Түүний дараа гурван жил тутамд олгож байхаар зохицуулалт туссан. Эцэст нь багшлах боловсон хүчинд орон байрны дэмжлэг үзүүлнэ гэж зааж өгсөн байгаа.

-Зардлыг тооцоолж үсэн үү, төсөвт дарамт болохгүй юу?

-Тийм. Анхны хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд, сайд нар ч мөн асууж байсан. Энэ бол БШУЯ-ны тооцоо судалгаанд тулгуурлаж хийсэн хууль учраас эргэлзэх хэрэггүй гэж хэлмээр байна. Тэгээд ч Засгийн газраас болох учраас боловсруулж өргөн барьсан хууль гэдгийг хэлмээр байна.

-Гадаадын их дээд сургуульд үнэ төлбөргүй сургах юм уу эсвэл дотоодын их, дээд сургуульд нэг удаа үнэ төлбөргүй сургах юм уу гэдгийг тодруулбал?

-Хуулийн төслийн 13.3.8-д Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг болон ЕБС, Мэргэжлийн боловсролын сургууль болон Политехникийн коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүйгээр суралцуулах бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална хэмээн заасан байдаг.

Ярилцсанд баярлалаа

ТББХ: ҮХНӨ-ийг ард иргэдээр хэлэлцүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг хэлэлцэж байна
ТББХ: ҮХНӨ-ийг ард иргэдээр хэлэлцүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг хэлэлцэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.