Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Г.Отгонцэцэг: Хөдөлмөрөө үнэн зөвөөр үнэлүүлж чадахгүй байгаа учраас л мэргэжлийн урлагийн салбарынхан хомстож байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
34 минут 48 секунд

Нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй нэг салбар бол яах аргагүй соёл урлагийн салбар. Гэвч соёл урлагийн салбарынхан хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй, сард ердөө 700 мянган төгрөгийн цалингаар амьдарч байгаа юм. Тийм ч учраас соёл урлагийн тэр дундаа мэргэжлийн урлагийн салбарын ажилчид уг асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлж буй бөгөөд үүнтэй холбогдуулан УДЭТ-ийн жүжигчин МУСТА Г.Отгонцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

-Сүүлийн үед соёл урлагийн салбарынхан тэр дундаа мэргэжлийн урлагийн уран бүтээлчдийн цалин хөлсний асуудал их яригдаж байна. Үнэхээр цалин хөлсний асуудал бол яах аргагүй аль ч салбарын боловсон хүчинд тулгардаг асуудлуудын нэг. Ер нь соёл урлагийн салбар уналтад орж байгаагийн гол шалтгаан цалин хөлсний асуудал гэхэд хилсдэхгүй байх?

-Алтан үеийн төлөөлөл болсон агуу уран бүтээлчид маань мэргэжлийн урлагийн төлөөлөл болж соёл урлагаар ард түмнээ соён гэгээрүүлэх ажил хийж явсан цагт хөдөлмөрийн хөлсний үнэлэмж өндөр, сайхан цаг байсан юм гэнэ лээ. Өнгөрсөн цаг үеийн нийгэм эдийн засгийн хямрал, шилжилтийн үеэс эхлээд соёл урлаг уналтад орж, Яам тамгын газар нь татан буугдаж, эзэнгүй өнчирч хаягдсан салбар л даа. Үүний улмаас соёл урлагийн салбарт хэсэг хугацаанд цалин мөнгөний доголдолд орж, хүний нөөцийн хомсдол, уран бүтээлийн хоцрогдол, урын сангийн гачигдалд орж, үзэгч бараг үгүй болсон. Учир нь жүжиг үзэх мөнгөтэй хүн ч тухайн үед ховордсон байх. Театрт ажиллаж байсан уран бүтээлчид нь зах зээлийн хүндхэн шуургатай нүүр тулж, ажлаа хаяж, амьдралын эрхээр эрээн Монголын хооронд гахай зөөж, наймаа эрхлэх, вагон зам дагаж нүүрс түүж, зах дээр наймаа хийх зэргээр хоолоо залгуулж, эцэстээ өөр өөрийнхөөрөө амьдрах замыг сонгосноор мэргэжлийн урлагийн байгууллагууд асар их хүний нөөцийн хомсдолд орж, соёл урлагийн салбар бараг л бүхэлдээ хэсэг хугацаанд уналтад орж байсан бодит түүх бидэнд бий.

Тухайн цаг үеийн нөхцөл байдалд амьдрах аргаа олж хувиараа уран бүтээл хийх болсон хэсэг хүмүүс ч бий. Энэ бол шуурган дундаас сөрж гарч ирж чадсан манай хошин урлагийнхан. Эдийн засгийн хямралд өртсөн ард түмэн худлаа ч болтугай инээж, сэтгэлээ баясгах нь тухайн үеийн хошин урлагийн сэргэн мандалтын үе байсан гэхэд хилсдэхгүй байх. Театрын ихэнх дунд болон залуу үеийн уран бүтээлчид амьдрахын тулд маш олноороо хошин урлаг хэмээх урсгал руу шуурч эхэлсэн. Цагтаа одоогийн хошин урлагийн авьяаслаг ахмад үеийн уран бүтээлчид маань бараг ихэнх нь одоогийн манай мэргэжлийн урлагийн театрт ажиллаж байсан түүхтэй шүү дээ. Тухайн үедээ залуу уран бүтээлчид байсан улс, амьдралын эрхээр театраас гарч, хошин урлаг руу орох нь орж, зарим нь өөр өөрийнхөөрөө өөр ажил мэргэжил рүү хөрвөх нь хөрвөсөн байдаг. Амьдралаа бодож, замаа хөөх нь хувь хүний эрх, тэдний зөв шүү дээ. Энэ үед мэргэжлийн урлагийн салбарт ажиллах хүчний хомстолд орж, маш хүнд байдалд орж үлдсэн байдаг. Хаа очиж өлссөн ч, цангасан ч, мөнгөтэй ч, мөнгөгүй ч мэргэжлийн урлагийн алтан тайзандаа хайртай, мэргэжилдээ эзэн болсон цөөхөн хэдхэн уран бүтээлчид энэ мэргэжлийн урлагийнхаа төлөө амьдралаа золиослон мөнгөний төлөө ажил мэргэжлээ орхиогүй үнэнчээр үлдсэн байдаг юм. Тэд театрт хайртай шинэ залуу уран бүтээлчдийг боломжоороо элсүүлэн авч, сургаж хүмүүжүүлж, энэ театр урлагаа унагаахгүйн төлөө нэгэн сэтгэлээр хичээж, хөдөлмөрлөж, залуу үеэ уйгагүй бэлтгэж сургаж хүмүүжүүлсээр өнөөдрийг хүрсэн юм. Өөрөөр хэлбэл мэргэжлийн театр урлаг өнөөдрийн дайтай оршин тогтнож байгаа нь алтан үеийн болоод өнөөгийн манай ахмад уран бүтээлчдийн маань ач гавьяа юм. Хүнд хэцүү үеийг үл ойшоон зүрх сэтгэлээрээ, амьдралаа энэ театрт чадлынхаа хэрээр театртаа ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа өнөө цагийн уран бүтээлчдийн ч гавьяа.

Ерөнхийдөө соёл урлагийн салбар 30 гаруй жил соёлын яамгүй, хариуцах эзэнгүй байж байгаад саяхан Соёлын яамтай болоход соёл урлагийн салбарынхан маань ихэд баяр хөөр болж, бид бүхнийг харж хандах, түшиж тулах, тусалж дэмжих үндсэн яам тамын газартай боллоо гэж бөөн баяр хөөр болж хүлээн авсан. Харамсалтай нь яам нь мэргэжлийн урлагийн байгууллагуудаа дэмжиж ажиллаж байгаа зүйл огт байхгүй байна. Эсрэгээрээ нэг л их үүрэг даалгавар, тушаал өгдөг, үйл ажиллагаанд нь гаднаас байнга нөлөөлдөг, өөрчилдөг, цуцалдаг, таслуулдаг газар л болсон.

Мэргэжлийн урлагийнхан тартагтаа тултлаа хямарч, уналтад ороод бараг л витамины дутагдалд ороод өвдчихсөн хүүхдүүд мэт байдалтай байхад түүнийг нь олж харж чадахгүй, өвчтэй хүүхдээ зөнд нь орхичхоод, өөр хувийн чанартай үйл ажиллагаанд илүү анхаарал тавиад байх шиг санагддаг.

Ерөнхийдөө манай улсын төр засаг, яамд, нэгж агентлагууд бүгд л арын хаалганы сүлжээний системд орсон. Тэгээд хүн бүр л дор дороо тус тусдаа нэг нэг том ажил хийж, бүтээсэн болж харагдах гэсэн гадаад өнгөн талын хандлага газар авсан байна. Ямар нэг барилга бариад, олон түмэнд тууз хайчилж байгаагаа харуулах гэж хичээж байгаа нь өрөвдөлтэй байна. Саяхан Чингисийн музей ашиглалтад орж, Монгол түмэн бүгд л баярлаж, бахархаж, омогшин хүлээн авсан. Хичнээн ч хүн музей барьсан нэр зүүв. Гэтэл цаана нь драм, дуурь, түүгээр ч зогсохгүй төв номын сан гэх мэт хот хөдөөгүй бүхий л мэргэжлийн урлагийн ууган байгууллагууд чинь дотор нь ороход байр сав нь ч, ажилчдынх нь амьдрал ахуй нь ч авахын аргагүй, үнэхээр ичмээр, өрөвдөлтэй байдалтай байна. Бүх мэргэжлийн урлагийн салбарын өнгө төрх нь хуучирч гандаж гундаж муудаж нурах шахсан, үйл ажиллагааны хувьд бодлого төлөвлөлт, хүний нөөц, урын сангийн бодлого, технологийн хоцрогдол, системийн архаг доголдолд орж хаягдсан байдалтай байна.

Байгаа зүйлээ шинэчлээд, сайжруулаад, засаад, өөд нь татаад явах ухамсарт бодлого манай улсад байхгүй байгаа учраас л мэргэжлийн салбарууд бүгд хаягдаад байгаа юм. Тиймээс дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ажиллаж, амьдрах аргагүй болж, үр хүүхдүүдээ бодоод харийн улсыг зорьж, хар бор ажил ч хамаагүй хийж амьдрах өөр сонголтоор эх орноосоо дайжин зугтаж байна шүү дээ.

Үндсэндээ мэргэжлийн урлагийнхныг хүүхэд гэж төсөөлөхөд, бүгд л витхмины дутагдалд орж, өлсөж цангаж, ядарч сульдсан хүүхдүүд шиг л байна. Тэдэнд эцэг, эхийн асаргаа тордлогоо витамин шиг хэрэгтэй байхад, эмчлээд өөд нь татаад, улам хөгжүүлээд аваад явахын оронд тэр чигт нь хаяж оронд нь шинэ хүүхдүүд төрүүлээд л байх санаатай. Урдах хүүхдүүдээ тэжээж витаминжуулж чадахгүй байж, хүүхэд нэмж төрүүлээд л идээд хэвтэж байдаг ажилгүй тээгч эх шиг л төр засагтай болчхоод байна бид. Үнэндээ шинэ бүхэнд илүү их анхаарал, халамж, арчилгаа тордлогоо шаардлагатай байдаг. Гэтэл хуучнаа ч хөгжүүлээд, хуучирч гандсаныг нь тордож сайжруулаад, шинийг нь ч давхар хөгжүүлээд л явмаар байх юм. Эцэг эх болсон хүн хүүхдүүдээ өвчтэй, эрүүл ч бай хөгшин залуу гэлтгүй аль алийг гомдоолгүй, бүх л боломжоороо зэрэг бүх чиглэлд нь эрх тэгш, ижил тэнцүү анхаарал халамж тавьж хүмүүжүүлж, өсгөдөг байх. Гэтэл манай улсын эцэг, эх болж төр барьж тоглогчдоос улсынхаа бас нэг үндэс суурь болсон энэ салбарт анхаарал тавьж, авч хэрэгжүүлж байгаа ямар ч бодитой, зөв бодлого, шударга систем алга. Учир нь манай улсад мэргэжлийн гэдэг үгний утга учир алдагдаж, үнэ цэнээ алдсан байна. Учир нь мэргэжлийн бус, чадахгүй байсан ч хамаагүй орж байгаад сурчихна гэсэн бодолтой бүгд л дээр дооргүй танил тал, ах дүү, амраг садан гээд ар өврийн хаалгаар ажилд дарга цэрэг болох болж. Мэргэжлийн бус удирдлага нь боловсон хүчнээ мэдлэг боловсролтой хүний нөөцөөр бүрдүүлэх бус, мэргэжлийн бус баг бүрдүүлж ажилладаг тогтолцоо газар авсантай холбоотой бүх салбар доройтолд ороод, хөгжихөө байлаа. Жишээ нь театр урлагийн талаар ямар ч мэдлэг боловсролгүй, мэргэжлийн бус хүн бүхэл бүтэн театрын удирдлагаар томилогдож байх жишээний. Тэгэхээр яаж энэ салбар, энэ театр хөгжих вэ. Мэргэжлийн бус хүнээр удирдуулж буй уран бүтээлчид, тэр байгууллага яаж хөгжих вэ ямар урын сангийн бодлого баримталж, ямар шинэчлэлт хийж хөгжих вэ. Мэргэжлийн бус хүн байгууллагын дотоод үйл ажиллагаа, ажилчдын мэргэжлийн онцлог, ажлын ачаалал, амьдрал ахуйн, байгууллагын хөгжлийн талаар огтхон ч мэдэхгүй. Гарын үсэг зураад, даргын ширээн дээр сууж, даргын дүр үзүүлэхээс өөр юу ч чадахгүй шүү дээ. Жүжигчин хүн мэс заслын эмчийн дүрд тоглохдоо жинхэнээсээ мэс засал хийдэггүй юм. Зүгээр л эмчийн халат өмсөж, эмчийн тухай хийсэн судалгаа дээрээ үндэслэн өнгөн талаасаа авсан ойлголтоороо л эмчийн дүрд тоглодогтой л адил. Жүжигчид эмчийн дүрд кинонд тоглохдоо жинхэнээсээ мэс засал хийвэл, юун кино цаашаа жинхэнэ алуурчин болж хувирна биз дээ. Түүнтэй адил мэргэжлийн бус хүмүүсээр биднийг удирдуулж, мэргэжлийн урлаг, мэргэжлийн уран бүтээлчдээ, бидний амьдралыг алуулж наадахаа болимоор байна аа, тоглоомчдоо. Үндсэндээ эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт гээд манай бүхий л салбарт энэ өнгө төрх ижил харагдаж байна. Ихэнх салбар алуурчин хийж байгаа хүмүүсээр удирдуулаад байгаа нь манай улсын өнөөгийн нийгмийн эмгэнэл, хөгжихгүй байгаагийн гол шалтгаан болоод байна. Энэ янзаараа үргэлжилбэл эрх мэдлээ буруу ашиглаад байгаа хэсэг бүлэг хүмүүс өөрсдөө эх орныхоо ирээдүй, хөгжил цэцэглэлт, өчүүхэн байгаа хүний нөөцөө, мэргэжлийн хүмүүсээ цаашлаад ард иргэдийнхээ амьдралыг үрэн таран хийж, алаад байна. Хэсэг бүлэг гэр бүл, амраг садны сүлжээний эрх ашгаас болж бүхэл бүтэн улс сүйрч болохгүй шүү дээ. Одоо үүнийгээ болих хэрэгтэй.

-УДЭТ бол яах аргагүй мэргэжлийн урлагийн байгууллага. Гэтэл энд ажиллаж байгаа хүмүүс сард 700 мянган төгрөгийн цалин авдаг гэх мэдээлэл олон хүнийг гайхширууллаа. Ер нь иргэдийн зүгээс энэ асуудалд өөр өөрийн өнцөг, байр сууринаас хандаж байна. Үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Үнэндээ бол 766 мянга л даа. Гэхдээ үүнээсээ бүх татвараа аваад, гарт олгох цалин нь шүлс шиг гээд хэлсэн нь үнэхээр оновчтой хэлсэн байна лээ. Тэгээд тэр шүлс шиг цалингаасаа нэмээд НӨАТ бас авна шүү дээ. Ичиж амьдрах хэрэгтэй шүү дээ энэ мөлжлөгөөсөө. Мэргэжлийн урлагийнхны хувьд бусад чөлөөт уран бүтээлчид, дуучид, хошин урлагийнхантай адил ямар нэг баяр ёслолоор халтуур хийгээд, нэмэгдэл орлого хийгээд явах цаг зав, боломж бололцоо асар бага. Чөлөөт уран бүтээлчидтэй бидний ажлыг адилтгаж болохгүй. Тэд ажлаа өөрсдийнхөөрөө зохицуулдаг. Харин бид төрд ажилладаг учир, өөрсдийнхөөрөө зохицуулах боломжгүй, асар их ачаалалтай ажилладаг. Заримдаа үр хүүхдүүддээ ч цаг гаргаж чадахгүй, мах болтлоо ажиллах үе ч бидэнд бий. Ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олохоор ганц нэг юманд явах гэж бөөн юм болно оо. Жишээ нь ган кино уран бүтээлд орох гэж, байгууллагынхаа үйл ажиллагаа, үндсэн хөтөлбөрт цагийн хувиар, ажлын ачаалал, ар гэр, үр хүүхдүүдээ зохицуулах гээд аргаа барах үе олонтой. Бидний мэргэжлийн онцлог бол тайзан дээрээ, бусад жүжигчидтэйгээ, гэрэл, шуум, тайзны ажилчид, найруулагч, хамтран тоглогчидтойгоо уялдаа холбоотой хамтран ажиллаж байж л нэгэн цул болж, чанартай уран бүтээл гардаг. Ямар жүжиг тавигдана түүнд зориулагдсан хувцас, хэрэглэл, нүүр будагч, үс гэзэг, хэлэх үг, үйлдэл гээд бүгд л хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг. Амьд урлаг учир уран бүтээлчдээс асар өндөр үүрэг хариуцлага, нарийн мэдрэмж шаарддаг онцлогтой мэргэжил. Нэг л хүн хоцорвол, эсвэл өчүүхэн төдий алдаа гаргавал хэн нэгэн гэмтэж бэртэх, жүжгийн нуруу хугарах, тоглолт зогсох зэргээр жүжиг бүхэлдээ угтаа алдах магадлал өндөр. Өөрөөр хэлбэл мэргэжлийн урлаг гэдэг бол баг хамт олны хүч хөдөлмөр зүтгэлээр л нэгэн цогц бүтээл гаргадаг, үнэ цэнтэй, амбицтай мэргэжил. Гэтэл нэг жүжигчин нь хурим найр хөтлөөд, нэг нь энд тэнд очиж дуу дуулаад, эсвэл ганцаараа жүжиглээд халтуур хийгээд яваад байх боломжгүй. Тэгвэл яаж энэ цогц бүтээл гарах билээ. Мэргэжлийн урлагийн гол онцлог нь үргэлж нэг нэгнээрээ дутагдаж байдаг юм. Барилгын гол ханыг нураавал бүхэлдээ нурдагтай адил. Тиймээс халтуур хийгээд явах цаг зав ч үнэндээ гардаггүй, гарсан ч ховорхон доо манай театрынханд. Ингээд ярихаар тэгээд гараач, чадалтай юм бол хувиараа юм хийгээд мөнгө олооч, эсвэл театраа хувьчилаач гэх мэтээр олон зүйл ярьдаг.

Хувьчлал хэн нэгний гэдсийг цатгадаг. Харин тухайн салбар тэр чигтээ арчигддаг. Мах Комбинат, Өгөөж, Талх чихэр, Хийд-1, Хийд-2 гэх мэт улсын өчнөөн өмч хувчлагдсан. Соёлын салбарт л гэхэд Циркээ хувьчлаад яалаа, Хүүхэд Залуучуудын театраа хувьчлаад яав, кино театруудаа хувьчлаад яав. Эхнээсээ аваад нурах нь нураад эсвэл өөр үйл ажиллагаа хийгдээд явж байна. Хүүхдүүддээ ганц цирк үзүүлэх гэж бид юу болж байгаа билээ. Араас нь Театр, Дуурь, Музей, Номын сан гээд хамаг гол гол мэргэжлийн урлаг соёлын байгууллагуудаа хувьчлаад, Монгол улсаа эдгээр салбаруудгүйгээр төсөөлөөд үзээрэй.

Гэтэл зарим хүмүүс мэргэжлийн урлагийнхны нарийн ширийнийг мэдэхгүй байж “Өөрсдийнхөө тоглолтыг хий. Тэгээд өдөр болгон 7 сая төгрөг ч олж болно шүү дээ” гэсэн утгатай пост дуурийн дуучдад хандаж бичсэн байна лээ. Цаад санаа нь бол биднийг ч гэсэн ялгаагүй халтуураа хийгээч гэсэнтэй адил утга. Энэ бол муйхар ойлголт. Мэргэжлийн уран бүтээлчдийг соёл урлагийн бусад бүх салбарынхантай харьцуулж болохгүй. Жишээлбэл, Дуурийн урлаг гэхэд дуучид, бүжигчид, хөгжимчид гээд олон уран бүтээлчид хамтарч байж л дуурийн театрын цогц бүтээл гарна. Дуурийн дуучин тоглолтоо хийлээ гэхэд бүхэл бүтэн оркестр хөгжимчид нь, тайз засалчид, найруулагч, бүжигчид бүгд байж л цогц урлагийн тоглолт хийгдэнэ. Ганцаараа мянга тайзаа янзлаад, гэрлээ өгөөд, хувцсаа оёод, нүүрээ будаад нэмэргүй шүү дээ. Драм ч яг үүнтэй адил. Нэг жүжигчин л дутахад тухайн жүжиг утгаа алдана. Нэг хүний жүжиг байсан ч тэдгээр тайз гэрэл, шуум, хувцас, жижиг хэрэглэл, нүүр будаг гээд бүх бүрэлдэхүүн ажиллаж байж л жүжиг болдог. Заавал бие биеэсээ хамааралтай, бие биегүйгээрээ байж болдоггүйгээрээ манай мэргэжлийн урлаг бусдаасаа ялгаатай. Тэгээд ч дуурийн урлагийг, дуучдыг зохиолын дуучид эсвэл хип хоп урсгалтай адилтгаж болохгүй. Тэд бол хаана ч дуулж болно. Учир нь тэр төрөл жанр нь өөр, хүлээн авах үзэгчид нь ч өөр, нас хүйсээсээ аваад. Тэр урлагаа хүлээн зөвшөөрдөг тайз нь хүртэл өөрөө өөрийн гэсэн онцгой шаардлагатай байдаг юм. Хошин урлаг, драмын урлаг хоёр ч ялгаагүй өөрийн гэсэн тусдаа онцлогтой, тусдаа үзэгчидтэй. Жүжиг үзэх дуртай ойлгож дурладаг нь байхад, огт ойлгодоггүй, хошин шогоо үзээд инээгээд явах дуртай үзэгчид байдгийн адил. Соёл урлагийн салбар гэдгээрээ бүгд хамт хэлэгддэг ч төрөл бүрээсээ хамаараад өөр өөрийн гэсэн онцлогтой олон салбар чиглэл байдаг юм шүү дээ. Тиймээс бүгдийг нь хооронд нь хольж, хутгаад байх шаардлагагүй.

-Үнэхээр л хамаг боловсон хүчин нь эх орондоо сайхан амьдарч чадахгүй гадаад руу зугтаж байна. Таны хувьд ч мөн энэ асуудлын талаар хөндсөн байсан шүү дээ?

-Хүний нөөцийн асуудал бол манайд улсад маш эмзэг, чухал сэдэв бодчихоод байгаа учраас үүнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь манай улсын ихэнх салбар байгууллагуудад мэргэжлийн удирдлага байхгүй байгаа нь ихээхэн эмзэг, том асуудал болоод байна. Угтаа бол бүхий л салбарт мэргэжлийн удирдагч, чиглүүлэгч, мэргэжлийн зөвлөгч байх ёстой. Хувийн байгууллагууд тэр эрсдэлээс урьтаж мэргэжлийн хүмүүсийг ажилд авж, байгууллага хамт олноо, бизнэсээ удирдуулж байж, амжилтад хүрч байна шүү дээ. Гэтэл манай төрийн алба танил тал, ар өвөр, амраг садны сүлжээгээр арын хаалганы мэргэжлийн бус хүмүүсээр дүүрээд байна. Үүнээс улбаалаад Монгол Улсын бүх салбар хөгжихгүй, уналтад орох зам руугаа орчхоод байна. Энэ доголдлоос болоод хүний нөөцийн хомсдолд орж байна. Мэргэжлийн хүн биш учраас тухайн салбарын онцлог, хэрэгцээ шаардлагыг мэдэхгүй, өсөн дэвжих боломж бололцоог олж харж хэрэгжүүлж чадахгүй, шинэ боломж бололцоог ажилчдадаа олгож чадахгүй, цаг үетэйгээ нийцсэн маркетинг менежментийг хийж чадахгүй, шинэчлэлт хийгдэхгүй, бодлого төлөвлөлт, системийн хувьд хоцрогдолтой яваад байна. Хамгийн гомдмоор нь арын хаалгаар ажилд орсон хүмүүс яаж ажилчдынхаа төлөө, хамт олон байгууллагынхаа төлөө, салбарынхаа төлөө ам нээж, үг дуугарч, шинийг эрэлхийлж чадах вэ дээ.

Манай уран бүтээлчид хангалтгүй цалин авч байгаа учир боломжоороо л гадуур давхар уран бүтээлд орж, өдөр шөнөгүй ажилладаг, нэмэлт орлогын төлөө шүү дээ. Энэ нь мэргэжлийн салбартаа бус арай дээр амьдрах боломж олгож байгаа газар руугаа илүү анхаарал хандуулахаас өөр аргагүй болдог. Ядарч туйлдаад ирэхээрээ мэдээж ажилдаа дуртай ч амьдралын шаардлагаар цалин мөнгөтэй холбоотой ажлын байрны сэтгэл ханамж буурч, аргагүйн эрхэнд илүү орлого олж, арай дээр амьдрах боломж олгож байгаа газраа л сонгоход хүрдэг. Үр хүүхдээ өлсгөхгүйн тулд харийн нутагт ч хамаагүй хар бор ажил хийхээр явж байна шүү дээ. Гадаад дотоодод хараар ч хамаагүй ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг буруутгахын аргагүй. Нэг талаасаа нэг ч гэсэн хүүхэд өлсгөхгүй нь, ашгүй дээ гэж баярладаг ч, нөгөө талаас эх орныхоо байгаа байдлыг мөн салбарынхаа хүний нөөцийн дутагдлыг хараад, хэн нэгний тэр сайхан авьяас, мэдлэг боловсролоор дутаж байгааг хараад харамсдаг.

-Үнэхээр мэргэжилдээ үнэнч, салбартаа хайртай учраас л цалинтайгаа эвлэрээд ч хамаагүй хаяж явж чаддаггүй байх нь?

-Мэдээж тийм. Яах аргагүй театртаа, алтан тайзандаа хайртайдаа, хоргодоод л салж чадахгүй байгаа учраас л сэтгэлээрээ тэсээд үлдсэн олон сайхан уран бүтээлчид байна. Гэтэл сайхан сэтгэл гаргаад, сэтгэлээрээ ажиллаад амьдраад байдаг тэр цаг хэдийнээ ард хоцорсон. Өнөө цагт хэн ч сард 700 мянган төгрөгөөр цалинжиж, амьдрах аргагүй, хэцүү. Захын байрны орцны жижүүр ч ийм цалин авдаггүй гэдгийг бид бүгд мэднэ. Тэгээд энэ 700 мянган төгрөгөөсөө бүх татвараа авна шүү дээ, манай төр барьж байгаа улс. Өөрсдөө хэдэн тэрбумаар нь идэж ууж, тэрбум тэрбумаар нь завшиж гэр орондоо хадгалдаг, эсвэл оффшор дансандаа сая сая доллароор нь хийчхээд мартчихдаг улстөрчид, гишүүдтэй, бас болоогүй 2,3 өрөө байраа хүртэл зугаа цэнгэлийн газар болоод явж байгааг нь ч мэдэхгүй ор тас мартчихдаг хурандаа нартай, эсвэл оймс, гутал хувцсандаа боодол боодлоор нь мөнгөө нууж хадгалдаг дарга нартай төр барьж байгаа нэртэй аалзны торны сүлжээнд ах дүү амраг садангуудаараа орсон тоглоомчин улс төрчидтэй, энэ улс дампуурлаа. Одоо энэ хөдөлмөрийн мөлжлөг улаан цайм идэж уудаг байдлаа болих хэрэгтэй. Ичмээр юм.

Манай соёл урлагийнхны мэргэжлийн онцлог бол хийсэн бүтээсэн бүхэн нь олны нүдэнд ил байдаг. Тэр ч утгаараа хүмүүсийн хараанд их өртөж, элдвээр хэлүүлэх нь их. Зайлуул, тэр ч утгаараа тэр бүр цалин мөнгөний тал дээр нэр нүүрээ бодоод ер нь л дуугүй л зохицсоор ирсэн. Гэвч эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэнэ, хийсэн бүтээсэн, ажил хөдөлмөрөө үнэн зөвөөр, шударгаар үнэлүүлж чадахгүй байгаа нь манай салбарынхны ундуйцлыг хүргэж, шударга бус байдлыг үнэнээр нь илэрхийлж байна. Зөвхөн манай байгууллагад л гэхэд амьдралаа бодъё, ажлаасаа гаръя гэсэн бодолтой шинэ залуу уран бүтээлчид маш олон байна. Энэ зураглал дан манай театрт бус бүхий л мэргэжлийн урлагийн салбарт байгаа гэдэг нь бүүр ч эмгэнэлтэй. Үндсэндээ өнгөрсөн түүх давтах хэмжээнд хүрчхээд байна. Бүр цаашлаад энд хамгийн эмгэнэлтэй гол асуудал юу вэ гэхээр хоёр, гурав, дөрвөн хүүхдээ, эхнэртэйгээ хамт түрээсийн байранд амьдардаг залуус олон байна. Уран бүтээлчид хэрхэн 700 мянган төгрөгийн цалингаар түрээсээ төлж, гэр бүл, үр хүүхдүүдээ тэжээх вэ гэдэг асуудал. Үүнээс үүдээд гэр бүл салалт ч үүсэж байна. Нүдэн дээр залуучууд авч буй шударга бус шүлс шиг цалингаасаа болж ар гэрийнхээ асуудлаа шийдэж чадахгүйгээс болж, залуу гэр бүлүүд маш их салж сарниж байгааг харах үнэхээр харамсалтай, гунигтай байна. Авьяаслаг залуус маань цаг наргүй ажилчхаад, аргагүйн эрхэнд сэтгэл нь хоргодсон ч, амьдралаа бодоод ажлаасаа гараад явж байгааг харахад сэтгэл шимшрэм байна. Авч байгаа цалинд нь ар гэрийнхэн нь ч итгэхгүй байгаа юм чинь асуудал үүсэх нь аргагүй шүү дээ.

Хүн бүхний ард гэр бүл нь хэдэн хүүхдийнх амь амьдрал ирээдүй нь байдаг гэдгийг манай энэ төр барьж яваа нөхдүүд ойлгох хэрэгтэй байна. Захын жишээ, 2013-2023 оны хооронд буюу бүтэн 10 жилийн хугацаанд соёл урлагийн салбарын ажилчдын цалин ердөө 300-хан мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Надад баримт нотолгоо нь ч байна. Энэ бол бодит доромжлол, бодит хөдөлмөрийн мөлжлөг гэж би хэлнэ. Инфляц ийм өндөр түвшинд өөрчлөгдсөн байхад, бараа бүтээгдэхүүн, хоол хүнс, өргөн хэрэглээний үнэ хэт өндөр түвшинд очсон байхад яаж 700хан мянган төгрөгөөр цалинжуулж чадаж байна аа. Үнэндээ бол сая саяар нь, тэрбум тэрбумаар нь оффшор дахь дансандаа мөнгөө мартдаг манай төр баригчдын өөрсдийнх нь зиндаархан уудаг ганц лонх архины ч үнэ хүрэхгүй шүү дээ энэ мөнгө. Тэгсэн хэр нь та нар төрийн албан хаагч, тиймээс ийм ч юм хий, тийм ч юм хий, тэр ч ажлаа боль, энэ ч байгууллагын ажлыг дэмж, тэдэнд тайзаа өг, энэ ч яамны ажлыг дэмж гэх мэтээр байгууллагын үйл ажиллагаанд байнга оролцдог, уран бүтээлчдийг үргэлж өөрсдийнхөө эрх ашгийн ажилд төрийн албан хаагч нэрийн дор зарж, ашиглаж байдаг. Тэрнээс нь болж тухайн байгууллагын төлөвлөгөөт ажлууд бүгд нурна, Хөтөлбөрөө төлөвлөгөөний дагуу явуулж чадахгүй, байнга өөрчлөгдөж байна. Тэр болгонд нь хэдэн уран бүтээлч, ажилтан албан хаагчдын ажил, амьдрал, ахуйн төлөвлөгөө, ар гэрийн ажил, үр хүүхдэдээ зарцуулах цаг нь түргэлж өөрчлөгдөж, хувьсаж байдаг. Өөр ямар нэг ашиг орлого олох давхар ажил, сургалт, амралт зугаалга юу ч төлөвлөж чаддаггүй, хүнд байдалд ордог гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Үнэндээ хүүхдийнхээ хуралд очиж чадах уу, үгүй юу гэдгийгээ хэлж мэдэхгүй, эмнэлэгт очиж үзүүлэх цагаа тодорхой өдөр цагт төлөвлөж ч болохгүй, үсчинд хүүхдийнхээ үсийг засуулах цагаа ч төлөвлөж чадахгүй хэмжээнд байна шүү дээ. Бага цалинтай, нэмэлт орлогогүй хүн яах вэ. Яаж амьдрах вэ. Хүүхдийнхээ уранхай гутлыг нь сольж чадахгүй хэмжээнд л энэ мэргэжлийн урлагийнхнаа цалинжуулж байгаа энэ хүмүүс ичих хэрэгтэй. Орчин цагт бүх зүйл асар өндөр түвшинд, сайн боловсруулсан стратеги төлөвлөгөөний дагуу бүх ажил явагддаг гэдгийг энэ төр засаг, яамдууд маань ойлгох хэрэгтэй байна. Үнэндээ энэ замбараагүй, шударга бус байдлаас болоод л бүх салбарын мэргэжлийн хүмүүс ажлаасаа гарч, хувиараа өөр ажил хийцгээж байна.

Үнэндээ хэн ч хаана ямар ч ажил хийж болно, тэр тусмаа хар ажлыг. Гэхдээ хэн бүхэн тайзан дээр гараад дуурийн дуу дуулаад, эсвэл дүр бүтээгээд явж чаддаггүй юм. Тэдгээр уран бүтээлчид тайзаа орхиод явахад тайз өөрөө тэднээрээ дутдаг юм. Харин хар ажлыг хэн ч хийж чадна. Тиймээс гол хэлэх гээд байгаа санаа бол ар өврийн хаалгаар миний чиний гэдгээ болиод аль ч салбарт байх ёстой хүмүүсээ байх ёстой мест дээр нь ажиллуулмаар байна. Бөх нь бөхөө хий, дуучин нь дуучнаа хий, эмч нь эмчээ хийх гэх мэт. Эс бөгөөс эсрэгээрээ бүхий л салбар маань мэргэжлийн бус хүмүүс буюу тайз, дэлгэцийн жүжигчдээс илүү амьдрал дээрээс жүжиглэж амьдардаг ардын жүжигчдээр дүүрэх нь холгүй байна. Энэ л энэ улс эх орон хөгжихгүй байгаагийн гол шалтгаан гэж бодож байна. Учир нь энэ бүхнээс болоод гадаадад сурч боловсорч байгаа оюутан залуус ч эх орондоо ирэхгүй, тэндээ үлдэж байна. Ирсэн нь буцаад явж байна. Шинээр сурахаар явж байгаа нь тэндээ үлдэхийг л илүүд үзэж байна. Эх орондоо ирээд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэггүй учраас шүү дээ. Гэтэл хөгжингүй орнуудын оюутан залуус мэргэжлээрээ сурч төгсөөд эх нутагтаа эргэлзээгүй зорьж чадаж байна. Учир нь улс эх орон нь гадаадад төгссөн төгсөгчдөө зориулсан тусгай веб сайт хүртэл нээж, тэндээ бодлогын чанартайгаар өндөр цалин амлаж чадвартай залуусаар эргүүлэн татаж хүний нөөцөө бэлтгэж, ирсэн төгсөгчдийн сурсан мэдсэнийг нь сорьж, илүү дэмждэг өгч илүү их боломж олгож байна. Гэтэл манай улс гадаадад төгссөн залуусаа өлгийдөж авах нь битгий хэл, ямар ч дэмжлэг байхгүй. Торны сүлжээнээсээ гарч чадахгүй байна. Тиймээс эх орондоо ирсэн өлгийдөөд авах төрийн тусгай зорилтот бодлого байхгүй, дээр нь хөдөлмөрөө, ур чадвараа, мэдлэг боловсролоо хангалттай үнэлүүлэх шударга систем байхгүй болохоор хэн ч эргэж ирэх талаар бодхов.

-Таны хувьд дээд шатны байгууллагууд магадгүй Соёлын яаманд хандаж хэлэх хүсэлт бий юу?

-Мэргэжлийн байгууллагад ажиллаж үзээгүй, төрийн алба хааж үзээгүй, нийгмээсээ хол тасарсан, зовлон жаргалыг нь мэддэггүй хүмүүс ажилладаг байж болох юм. Гэхдээ энэ мэргэжлийн урлагийн байгууллагуудаа судалж, уран бүтээлчдийнх нь бодит байдал, амьдрал ахуйтай нь танилцаж судалгаа хийж, тэдний дуу хоолойг сонсож, бодитой үр дүнтэй, шударга шийдвэр гаргах шаардлагатай байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.Даваасүрэн: Төрийн гурван өндөрлөгийг айлчлуулахын төлөө ажилладаг ГХЯ байж болохгүй
Ц.Даваасүрэн: Төрийн гурван өндөрлөгийг айлчлуулахын төлөө ажилладаг ГХЯ байж болохгүй
 
Энэ сарыг дуустал  Чингэлтэй дүүргийн спорт хорооны Мөсөн гулгуурын талбай бүтэн өдрийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Энэ сарыг дуустал Чингэлтэй дүүргийн спорт хорооны Мөсөн гулгуурын талбай бүтэн өдрийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.