Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Отгонбаатар: Сэтгүүлчид бидний халуун “гал тогоондоо“ суугаад ярилцах асуудлуудын нэгдүгээрт ЁС ЗҮЙН асуудал байна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
10 минут 34 секунд

No description available.Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр /2023.05.03/ тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатартай ярилцлаа.

-Таны хувьд МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр томилогдоод багагүй хугацааг өнгөрүүллээ. Томилогдсоноосоо хойш салбарынхаа нөхцөл байдлыг хэрхэн дүгнэв. Мөн нэн түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд юу байна?

-МСНЭ-ийн 18 дугаар их хурал хагас жил гаруйн өмнө хуралдаж байв. Тухайн үед эвлэлийн Ерөнхийлөгчид гурван хүн нэр дэвшсэн. Түүнээс өмнө би МСНЭ-ийн телевиз хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хэдий ч коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан хийнэ гэж бодож төлөвлөж байсан ажлаа хийж амжаагүй. Тиймээс ахин нэр дэвшиж ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Би сэтгүүлзүйн зүйн салбарт 25 жил тасралтгүй ажилласан. Гал тогоонд нь ажиллдааг хүний хувьд сэтгүүлчдэд тулгамдаж буй шийдэх ёстой асуудлуудаар мөрийн хөтөлбөр боловсруулж сонгогдсон. Энэ дагуу хийх ёстой ажлуудаа хийж хэрэгжүүлээд явж байна.

МСНЭ хэмээх 72 жилийн түүхтэй байгууллагын нэр хүнд өнөөдөр төдийлөн сайн биш байна. Тийм учраас энэ байгууллагынхаа нэр хүндийг өсгөх ажлыг хийж байна. Уг нь гишүүддээ үйлчилдэг, мэргэжлийн эрх ашгийг хамгаалдаг ТББ шүү дээ. Гэтэл яг сэтгүүлчдийнхээ дунд тодорхойлолт өгдөг, татвар авдаг байгууллага л гэж ойлгодог. Эрх ашиг нь зөрчигдсөн сэтгүүлчид маань ирээд зөвлөгөө мэдээлэл авах боломжтой гэсэн ойлголтгүй, гишүүнчлэл нь тодорхой бус байгуулалга хүлээж авсан. Бид гишүүнчлэлийн асуудлаа эхний ээлжинд шийдсэн. 500 орчим хэвлэлийн байгууллагын 4000 орчим гишүүдээ бүртгэж эхэлсэн. Ингэснээр ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээх вэ гэдгээ ойлгож байна гэж хэлж болно. Сард гурван удаа сургалтад хамрагдах ёстойгоос гадна гаднын томилолтод үнэгүй хамрагдах зэрэг боломжуудаар хангаж байна.

Мөн сурвалжилгад яаран явж буй сэтгүүлчид маань хоол цайгаа ч идэж ууж амжихгүй тохиолдол байна. Тиймээс зарим ААН-үүдээс сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүд маань хөнгөлөлт эдэлдэг болох шийдлийг ч хайж байна. Жишээ нь, үнэмлэхээ үзүүлээд CU-гээс 5 хувь хөнгөлөлт эдлэх, такси дуудлагын компаниудтай ч гэсэн гэрээ хэлэлцээ түвшинд ярьж байна. Мөн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх сургалт хамгийн чухал байна. Төгсөөд гарч ирсэн сэтгүүлчид маань шууд мэдээний албанд очиж байна. Нэгнээсээ түрүүлж мэдээлэхийн тулд мэргэжлийн алдаа гаргаж байна. Иймээс энэ асуудалд анхаарал хандуулж, өглөөний уулзалтууд болон редакциуд дээр очиж уулзалт хийж байгаа.

-Хэвлэл мэдээллийн байгууллагын тоо нэмэгдэх хандлагатай байна. Бүртгэлжүүлэх тал дээр асуумаар. Мэргэжлийн редакциудаа яаж ялгах юм бэ. Тоо нэмэгдэхийн хэрээр мэргэжлийн редакциуддаа тавих анхаарал сулардаг. Үүн дээр хэрхэн анхаарах вэ?

-Сэтгүүлчид бидний халуун "гал тогоондоо" суугаад ярилцах асуудлуудын нэг нь ёс зүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон болсноор редакциудтай сайтуудаа яаж ялгах вэ гэдэг асуудлыг ярьж байна. Сайтуудад л гэхэд, хоёр том холбоо байна. Сайтын холбооныхонтой ярьж байгаа олон асуудал байна. Жишээ нь, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байгууллагыг редакци гэж үзэх вэ, өөрийн гэсэн байртай юу, 8-10 хүнийг цалинжуулж байна уу, нийгмийн даатгал төлж байна уу гэдэг дээр шаардлага тавина гэж ярьж байна. Нэг хүн нэг камер барьчхаад төрийн байгууллагуудаар орж шантааж хийх нь зөв үү гэх мэтчилэн асуудлаа ярих хэрэгтэй. Энэ бол сэтгүүлчдийн нэр хүндийг хамгийн их унагааж байгаа асуудлын нэг.

Мэргэжлийн байх ёстой гэдэг асуудлыг анхааралтай авч үзэх хэрэгтэй. Болохгүй бол одоо байгаа хуулиа өөрчлөх үү, шинэ хууль боловсруулах уу гэдэг дээр ч анхаарлаа хандуулж л байна. Бидний нэр хүндийг унагааж буй зүйлийн нэг нь хэн дуртай нь л сэтгүүлч хийх гээд байгаад оршиж байна шүү дээ. Хэн дуртай нь камер бариад лайв хийгээд байна. Гэхдээ мэргэжлийн хэрнээ ёс зүйн алдаа гаргаж буй хүмүүс ч байна. Тэр хүмүүсээ л ялгаж салгах нь чухал. Халуун гал тогоондоо бүх үеийнхнийг хамруулсан 1000 сэтгүүлчдийн чуулга уулзалт ч хийх байх. Уулзалтаараа ямар дүрэм журам мөрдөхөө сэтгүүлчид бүгдээрээ сууж байгаад батлах хэрэгтэй. Түүний дараагаар дүрмээ зөрчсөн бол ямар хариуцлага хүлээхийг ч нарийн заана.

Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүлчдийн бичсэн материал дээр нь алдаа гарсан эсэхийг хэлэлцэж байгаа. Гэтэл тухайн сэтгүүлчтэй холбоотой ёс зүйн асуудал ихээхэн гарч байна. Үүнийг шийдэх боломж алга. БНСУ-ын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл л гэхэд ёс зүйн алдаа гаргасан сэтгүүлчдийнхээ үнэмлэхийг хураагаад авчихдаг юм байна. Гэх мэтчилэн улс орнуудын туршлагыг судалж байна.

-Өнгөрсөн хугацаанд сэтгүүлчдийн эрх зөрчигдсөн тохиолдлууд нэлээдгүй олон гарсан. Гэтэл энэ мэт асуудал гарахад МСНЭ араас мэдэгдэл гаргадаг гэсэн шүүмжлэл бий. МСНЭ ер нь сэтгүүлчдийнхээ эрхийг хамгаалж чадаж байна уу?

-Байгууллагын нэр хүнд маань үүнтэй л холбоотой. Сэтгүүлчийн эрх зөрчигдлөө гэхэд МСНЭ хаана байна вэ гээд л нэхдэг. Тухайн асуудал дээр манай байгууллага эхлээд судалгаа хийж, хууль зүйн зөвлөгөө өгнө үү гэсэн хүсэлтээ гаргана. Үүний дагуу гишүүн байгууллагадаа үйлчилнэ. Хамгийн түрүүнд л манай байгууллага очиж судалдаг. Анхаарлаа ч хандуулна. Монголын хуульчдын холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Дэргэдээ хууль зүйн компанитай болсон. Эхлээд чадавхжих, мэдээлэлжих хэрэгтэй байна.

-Та өмнө яриандаа хууль эрх зүйн орчныг сайжруулах дээр анхаарлаа хандуулж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулна уу?

-Хуульч өмгөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг гаргаж байгаа. Бид өөрсдөө хууль боловсруулах ёстой юм байна гэж үзээд төсөл боловсруулах асуудал яригдаж эхэлсэн. ЗГ-аас барьсан хуулийн төслүүд зарим талаараа бидний эрх ашгийг боогдуулсан байдаг. Тэгэхээр төр засгаас биш бид өөрсдөө хуулиа боловсруулдаг байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Үүний тулд хуульчтай хамт санал хэлэлцэж байна.

No description available.

-Одоо байгаа хууль эрх зүйн орчноор сэтгүүчдийн эрх ашиг бүрэн хангагдаж, хамгаалагдаж чадаж байна уу гэдэгт та хувь сэтгүүлчийн үүднээс болон МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд байр сууриа илэрхийлбэл?

-Хангагдахгүй л байна. Тавдугаар сарын 3 бол дэлхийн эрх чөлөөний өдөр. Тунхагласнаас хойш 30 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр хэвлэл мэдээллийн байгууллагууд маань тус тусдаа арга хэмжээ зохион байгуулаад л өнгөрдөг. Тэгвэл энэ жил МСНЭ, хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагууд маань нэгдэж хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэнэ. Сүхбаатарын талбайд тодорхой акц хийнэ. Форум зохион байгуулна. Эрхийнхээ төлөө тэмцэнэ. Яг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийг уриалж байна.

-Манай салбарт яг одоогийн нөхцөлд тулгамдаж буй асуудал бол боловсон хүчний асуудал байна. Энэ асуудалд хэрхэн анхаарах хэрэгтэй гэж харж байна вэ?

-Бид энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байгаа их, дээд сургуулийнхантай уулзсан. Сургалтын хөтөлбөрт нь өөрчлөлт оруулах асуудалд саналаа хүргүүлсэн. МУБИС-ийн захирлаар яг салбарын хүн маань ажиллах гэж байна. Мөн БШУ-ны сайдтай уулзах хүсэлтээ ч хүргүүлсэн. Өмнөх сургалтын хөтөлбөрүүд хоцрогдсон байна гэж үзэж байгаа. Ялангуяа дадлага, практик тал дээр оюутнуудыг илүү сургах бэлтгэх хэрэгтэй талаар их, дээд сургуулийнхантай уулзаж санал хүргүүлсэн. Мөн одоо төгсөх гэж байгаа оюутнуудтай уулзаж мэдээ мэдээллээр хангаж байгаа.

Хамгийн гол нь төгссөн оюутнууд маань шууд ажилд ороод мэдээ мэдээлэл муутайгаар үйл явдал дээр очоод алдаа гаргах тохиолдол байна. Тиймээс сэтчгүүлч мэргэжлээр төгссөн ч шаталсан сургалтын хэлбэртэй байвал яах вэ гэсэн санал гарч байна. 10 жил сурч байж эмч болдог. Сэтгүүлч хүн ч мэс барьснаас ялгаагүй гэсэн үг. Үгээр хүнийг алж ч болдог, амилуулж ч болдог гэдэг. Тийм учраас дөрвөн жил сураад төгссөн ч хоёр жил сурвалжлагч хийж байж төрийн ордонд ордог болвол яасан юм бэ гэсэн шалгууруудыг тавих уу гэсэн саналуудыг ч ярилцаж байна. Гишүүдээ бүртгүүлээд чадавхжуулсны дараа олон олон ажил төлөвлөж байна.

-Ярилцсанд баярлалаа.

ХӨНДӨХ СЭДЭВ: Эрэгтэй сэтгүүлч гэж сорчилж хайвал бараг л “ТАНСАГЛАЛ“
ХӨНДӨХ СЭДЭВ: Эрэгтэй сэтгүүлч гэж сорчилж хайвал бараг л “ТАНСАГЛАЛ“
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.