Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Эрэгтэй сэтгүүлч гэж сорчилж хайвал бараг л “ТАНСАГЛАЛ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
18 минут 20 секунд

No description available.

Нийгмийн түүчээ, дөрөв дэх засаглал зэрэг гоё гойд үгс сэтгүүлзүйн салбарын өмнөтгөл болон бичигдэх нь бий. Гэтэл сэтгүүлзүйн салбар гаднаа "асуудалгүй" мэт харагдавч дотооддоо хүний нөөц, боловсон хүчин, жендер зэрэг олон асуудлуудтай нүүр тулж байна. Тэгвэл бид дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлчид болон боловсон хүчний жендерийн харьцаа гэх асуудлыг хөндөж байна.

-ИНФОГРАФИК: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАЖ БУЙ СЭТГҮҮЛЧДИЙН ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДЖЭЭ-

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдийг харахад, дийлэнхдээ эмэгтэйчүүд байх нь бий. Тэгвэл редакциуд тэр дундаа сэтгүүлчид дунд хүйсийн харьцааг ямар байгааг судлахаар хэд хэдэн редакцийг сонгон мэдээлэл бэлтгэлээ. Үүний дүнд, сэтгүүлчдийн дунд хүйсийн тэнцвэртэй харьцаа алдагдсан болохыг доорх инфографикаас харж болохоор байлаа.

Хаа нэг "Эрэгтэй сэтгүүлч ажилд авна" гэх зар харж байсан байх. Үүнийг бид хүний эрхийн мэдрэмжгүй, хүйсийн ялгавартай байдал гаргалаа хэмээн шүүмжлэлтэй хандах нь бий. Гэхдээ нөгөө талдаа сэтгүүлзүйд эрэгтэй сэтгүүлч, боловсон хүчнийх нь "эрэлт" байгаа нь ч харагдаж байгаа юм. Тэгвэл хэвлэлийн редакциуд аль ч салбарт жендерийн тэгш байдал хангагдах ёстой гэх асуудалд ямар бодлогоор хандаж байгаад байр суурийг нь тодруулж ярилцсан юм.

-Эрэгтэй сэтгүүлч гэж сорчилж хайвал "тансаглал" болох байх-

Eagle телевизийн ерөнхий продьюсер Н.Баасандамба дараах байр суурийг илэрхийлсэн юм.

-Салбар бүрт жендерийн харилцаа хангагдах ёстой гэх ойлголт түгээмэл бий. Редакц ахлан ажиллаж буйгийн хувьд таны хувьд энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд нь ихэсчихсэн. Энэ байдалд боловсон хүчнээ булаацалдах шахуу л байна. Сэтгүүлчдийг харвал дийлэнх нь эмэгтэй оюутнууд. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж байгаа юм. Эрэгтэй гэж сорчилж хайвал "тансаглал" болох юм байна гэж дүгнэлтэд хүрсэн. Жендерийн тэнцвэртэй байдлыг хангах гэж байна гээд ур чадварын шалгуурыг орхичихож болохгүй. Иймд бидний зүгээс телевизүүдийн зүгээс тавьдаг ерөнхий шаардлагыг тавина, эрэгтэй ирвэл сайн. Гэхдээ ур чадварын хувьд тэнцэхгүй бол авахгүй шүү дээ. Эрэгтэй юм чинь авчихья гэсэн ойлголт байхгүй. Нийтлэг шалгуураа тавьдагаараа тавина, ирвэл сайн шалгаад үзье, тэнцвэл бүр сайн гэдэг л бодлого барьж байна.

-Нөгөөтээгүүр сэтгүүлзүйн чиглэлээр суралцах эрэгтэй элсэгчийн тоо мөн цөөн байна?

-Сэтгүүлзүйн хөтөлбөртэй их, дээд сургуулиудад элсэгчдийн тоог арван жилийн өмнөхтэй харьцуулбал эрс цөөрсөн. Өөрт хамгийн ойр зүйлээр жишээ авч ярья л даа. Сэтгүүлч Батдорж сан гэж бий. Арван жил дараалан сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд бүтээлийн уралдаан зарладаг. Эхний дөрвөн жил манай уралдаанд ирж байгаа бүтээлийн тоо их, шүүгчид өндөр ачаалалтай ажилладаг байв. Гэтэл тав дахь жилээс нь уралдаанд оролцогчдийн тоо эрс буураад ирсэн. Бид үүний шалтгааныг эхлээд дотоодоосоо хайж эхэлсэн. Гэтэл дотоод гэхээсээ илүүтэй дотоод шалтгаан нь давамгайлсан. Нэгдүгээрт, сэтгүүлзүйн хөтөлбөртэй их, дээд сургуулийн тоо багассан. Элсэлт авалгүй жил алгассан сургуулиуд ч байгаа харагдсан. Элсэгч цөөрч байгаа нь магадгүй сайн байх талтай. Тооноос чанар руу шилжиж байгаа байх гэж горьдож л байна.

Харин элсэгчдийн хүйсийг харахад, эмэгтэйчүүд давамгайлж байна. Зөвхөн сэтгүүлзүйн хөтөлбөр гэлтгүй бүх л мэргэжлийн хөтөлбөрт энэ байдал ажиглагдаж байна л даа. Жишээлбэл, манай сангийн уралдаанд ирж буй бүтээлийн эздийн 95 хувь нь эмэгтэйчүүд байдаг. 5 хүрэхгүй хувь нь эрэгтэйчүүдээс бүтээл ирдэг. Тэгэхээр үүнээс сэтгүүлзүйн хөтөлбөрөөр элсэн суралцагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд болохыг харж болно.

-Сэтгүүлч мэргэжил дээр авч үзэхэд, аль ч хэвлэл мэдээллийн байгууллагад очсон эрэгтэй сэтгүүлчийн эрэлт их байгаа нь ажиглагддаг. Гэхдээ элсэгч нь бага. Тэгвэл яагаад энэ мэргэжлээр элсэх нь бага байна вэ гэдгийг залуус өөр өөрөөр тайлбарлах нь бий. Хамгийн наад зах нь цалин хөлс бага, ажлын ачаалал их гэж харах нь түгээмэл. Тэгвэл таны хувьд эрэгтэй сэтгүүлчдийн төлөөлөл басхүү редакц ахалж буй хүний хувьд сэтгүүлзүйн тогтвортой ажиллах, магадгүй салбартаа "үлдэх" шалтгаан нь юу вэ?

-Яг одоо сэтгүүлзүйн гал тогоонд ажиллаад явж буй эрэгтэй сэтгүүлчид нэлээн их. Харин тэднийг залгамжлаад авч явах залуу үе дунд эрэгтэйчүүд нь цөөхөн байгаа болов уу. Миний хувьд сэтгүүлч мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь миний хүсэл мөрөөдөл байсан. Одооны залуучууд би сэтгүүлчээр ажиллаа гэхэд хэдэн төгрөгийн цалинтай ажиллах вэ зэргээр нарийвчилж харж байна шүү дээ. Би бол мэргэжлээ сонгох үедээ цалин хөлсний талаар ч бодоогүй. Магадгүй дутуу харж байсныг үгүйсгэхгүй. Сэтгүүлч гэх мэргэжилд "дурлачихсан" байсан учраас л сонгосон. Ер нь энэ мэргэжил өөрөө дурлаж хийдэг ажил. Тэр үеийг бодвол нэг сайн тал гарч ирж байна. Хэрэв чи мэргэжилдээ дуртай, бүтээлч, хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн байж чадвал чи амьдралаа авч явж чадна гэдгийг харуулж байгаа сэтгүүлчид их байна. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй. Сэтгүүлчийн цалин хөлс бага юм байна, нэр хүнд нь базаахгүй шүү дээ гэх бодлоор энэ мэргэжлээр суралцах гэж байгаа бол анхнаасаа сонгоогүй нь дээр.

-МУБИС: 2016 онд сэтгүүлч мэргэжлээр элссэн оюутнууд төгсөхдөө 59-өөс 39 болж цөөрч, эрэгтэй 10 оюутны 50 хувь нь их сургуулиа төгссөн-

Асуудал эхлэхдээ мэргэжилтэн бэлтгэх үйл явцаас эхлэх учиртай. Өөрөөр хэлбэл, их дээд сургуулиудад энэ мэргэжлээр элсэгчдийн дүр зураг ямар байна вэ гэх асуудал. Тэгвэл бид сэтгүүлч мэргэжлээр боловсон хүч бэлтгэж буй гурван их дээд сургуулиас эрэгтэй элсэгчдийн болон төгсөгчдийн тоон мэдээллийг авахад:

Харин МУБИС-ийн сэтгүүлзүйн тэнхимд элсэгчдийн тоон мэдээллийг авахад жил ирэх тусам элсэгчдийн тоо буурч байгааг хэлж байлаа.

Элсэгчдийн хүйсийн байдлыг харвал,

-2022 онд 25 оюутан элссэнээс эрэгтэй 8,

-2021 онд 36 оюутан элссэнээс эрэгтэй 5,

-2020 онд 31 эрэгтэй элссэнээс эрэгтэй 5 байжээ.

Харин төгссөн байдлыг харвал:

-2022 онд сэтгүүлч мэргэжлээр 37 оюутан төгссөний 10 нь эрэгтэй оюутан аж. Харин 2021 он буюу өмнөх онд нь энэ чиглэлээр 46 оюутан төгссөнөөс 8 нь эрэгтэй байжээ. 2020 онд 39 оюутан төгссөнөөс тав нь эрэгтэй оюутан байсан аж. Харин нэг ангийн жишээн дээр авч үзэхэд, 2016 онд 59 оюутан элсэж байсан ангид 10 эрэгтэй оюутан байсан. Харин 2020 онд төгсөхдөө ангийн оюутны тоо 59-өөс 3 болон буурч, эрэгтэй оюутны 50 хувь нь буюу 5 нь төгсчөө.

ендерийн тэгш байдлыг хангах бодол байх нь зөв гэлээ сэтгүүлч мэргэжил өөрөө жендерийн ялгаа мэдрэгддэг ажлын талбар биш-

Тэгвэл мэргэжлийн багш мэргэжилтнүүдийн төлөөлөл болгож ШУС-НУС-ын багш доктор Б.Наранбаатараас салбарын боловсон хүчний жендерийн асуудалд байр суурийг нь тодруулахад “Хүүхдүүдийг элсэлт авахдаа ч тэр эрэгтэй эмэгтэйгээр нь ялгах боломж байхгүй. Элсэлтийн бодлогод хүйсийн тоогоор зааг тогтоодоггүй гэсэн үг. Өнгөрсөн жил манай дээр нэлээд олон залуус төгссөн.

Ажил олгогчдын хувьд эрэгтэй сэтгүүлч авах гээд байдаг шалтгаан нь нэгдүгээрт, хөдөө гадаа сурвалжилгад явах, ачаалал даах, аюулгүй байдлыг нь хариуцах тал дээр эрэгтэй хүүхдийг сонирхдог. Мөн өөр нэг асуудал нь эмэгтэй сэтгүүлчид маань жирэмсэн болдог. Энэ асуудлаас болж эрэгтэй сэтгүүлчдийг л сонирхдог. Гэхдээ жендерийн тэгш байдлыг хангах бодол байх нь зөв гэлээ ч яг сэтгүүлч мэрэгжил өөрөө айхтар жендерийн ялгаа мэдрэгддэг ажлын талбар биш.

Тиймээс механикаар сургуулийн бодлогод хүйсээр ангилж элсэлт авах бодлогожуулах боломжгүй. Механикаар шийдэх гэж оролдох л юм ол эсэргээрээ жендэрийн асуудал үүсгэнэ. Дан эрэгтэй хүүхэд элсүүлнэ гэх юм бол эмэгтэй хүүхдүүдийн эрхийг зөрчих болно. Эрэлт хэрэгцээ болон ажлын байран дахь хүний нөөцийн бодлогоор зохицууулах боломжтой” гэв.

Бид үргэлжлүүлэн Tv8 телевизийн редакцид жендерийн асуудалд ямар бодлогоор хандаж буй талаар тус телевизийн "Эрэл" эрэн сурвалжлах багийн сэтгүүлч Ж.Баттуулаас тодруулсан юм.

-Эрэгтэй сэтгүүлчдийн тоо бага байгаа нь цалин мөнгөний асуудалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй-

-Салбар бүрд жендерийг тэгш байлгах талаар анхаарлаа хандуулдаг. Сэтгүүлчдийн хувьд эмэгтэй хүйсийн хүмүүс илүү давамгай байдаг. Тэгэээр та энэ асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ. Сэтгүүл зүйн салбар өөрөө жендерийн эрх тэгш байдлыг хангасан байх ёстой юу?

-Манай салбар өөрөө их онцлогтой. Хөндлөнгөөс өөр салбарын хүмүүс харахад их амархан харагддаг байж магадгүй. Түүнээс шалтгаалаад хүний нөөц, жендэрийн асуудал яригдаж байж магадгүй. Хоёрдугаарт цалин мөнгөний асуудалтай холбоотойгоор манай салбарт ажилладаг эрэгтэй сэтгүүлчдийн тоо бага байж магадгүй. Намайг анх сэтгүүл зүйд орж ирэхэд эрэгтэй хүмүүс бага байгаагүй. Одоо харин цөөхөн болсон байна. Яг энэ үед сэтгүүлч мэргэжлийг сонгох сонирхол нь буураад байгаа байх.

-Сонирхол буурч байгаа нь ямар үр дагавартай вэ. Жендерийн эрх тэгш байдал үүссэнээрээ ямар нэг сөрөг үр дагавар гарах уу?

-Ганц сэтгүүл зүй гэлтгүй бүх салбар хүний нөөцийн хомстолд орж байна шүү дээ. Энэ ч бас нөлөөлж байгаа байх. Мөн салбарын нэр хүнд тийм ч таатай биш байгаа нь нөлөөлж байж мэднэ. Бусдаар шууд сөрөг үр дагавар гарна гэж хэлж болхооргүй байна.

-Сэтгүүлч мэргэжлийг сонгоод ажиллаж буй цөөн хэдэн эрэгтэй сэтгүүлчид бол мэргэжилдээ үнэнхүү хайртай учраас л түүгээрээ "амьдарч" яваа хүмүүс-

Харин бид жендерийн асуудалд залуу сэтгүүлчийн байр суурь ямар байгааг сонирхлоо. Хэвлэл мэдээллийн салбарт гурав дахь жилдээ ажиллаж буй Eguur.mn сайтын залуу сэтгүүлч Д.Мөнхбат дараах байр суурийг илэрхийлсэн юм. Түүний хувьд салбарт эрэгтэй сэтгүүлч цөөн байгааг нийгэмтэйгээ холбон харах хэрэгтэй талаар хэлж байлаа.

Тэрбээр "Салбар бүрт жендер хангагдах ёстой гэдэг нь хэт явцуу ойлголт мэт санагддаг. Салбар бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Би МҮОНРТ-д нэг жилийн хугацаанд ажиллахад яалт ч үгүй эрэгтэй боловсон хүчин бага гэдэг нь ажиглагдсан. Телевизэд сонин, сайттай харьцуулахад эрэгтэй сэтгүүлч арай их ажилладаг. Харин залуу сэтгүүлчид маш бага. Нас тогтсон, олон цагаар сууж ажилладаг хүмүүсийн тухайд илүү телевиз, сонинд их харагддаг. Миний харж байгаагаар залуу сэтгүүлчид дийлэнхдээ сайтад ажиллаж байна. Гэхдээ энэ нь хангалттай үзүүлэлт биш.

Хэвлэл мэдээллийн салбарт эрэгтэй сэтгүүлчдийн эзлэх хувь багасаж байгааг нийгэмтэйгээ холбож хардаг. Жишээлбэл, би л гэхэд сэтгүүлч гэх мэргэжилд үнэнхүү дуртай учраас ажиллаад явж байгаа. Тэгвэл эрэгтэй хүнд сэтгүүлч мэргэжлээр суралцах боломж нь байхад сонгохгүй байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд нийгмийн асуудал гэх зүйл гарч ирдэг. Нийгмийн статусын хувьд авч үзэхэд, эрэгтэй хүн гэр бүл зохиож, нуруун дээрээ үүрч авч явна зэргээр "ачаа" ирдэг учраас шаардлагаар эдийн засгийн хэрэгцээ гарч ирнэ. Гэтэл манай салбарын цалин хөлснөөс авхуулаад сонгохгүй байх шалтгаанд нөлөөлөх хүчин зүйл их байна. Сэтгүүлч мэргэжлийг сонгоод ажиллаж буй цөөн хэдэн эрэгтэй сэтгүүлчид бол мэргэжилдээ үнэнхүү хайртай учраас л түүгээрээ "амьдарч" яваа хүмүүс гэж хардаг. Хүйсийн харьцаа тал дээр асуудалтай байгаа. Гэхдээ үүнээс илүүтэйгээр залуу сэтгүүлчид ажлаасаа халшраад өөр салбар руу орж байгааг харах харамсалтай санагддаг" гэлээ.

-Салбарт хүйсийн харьцааг хангаснаар нийгэм, эдийн засаг, хуваарилалтын шинж чанартай аливаа маргаантай асуудлыг оновчтой шийдвэрлэж чадна-

Тэгвэл аливаа нэг салбарт жендерийн харьцаа алдагдах нь ямар нөхцөл байдлыг бий болгодог талаар Жендэрийн үндэсний шинжээч, МУИС-ийн багш, доктор, профессор А.Солонгоос тодруулсан юм.

-Салбарт хүйсийн харьцааг хангах яагаад чухал вэ?

-Тухайн салбарын онцлогоос хамаарч нийт ажиллагсдын хүйсийн харьцаа, тэр дундаа инженер техникийн мэргэжлийн болон шийдвэр гаргах удирдах албан тушаалд хүйсийн тэнцвэртэй харьцааг хангах нь хувь хүний, байгууллага хамт олны цаашлаад улс орны хөгжилд чухал ач холбогдолтой. Учир нь хүйсийн харьцааг хангаснаар боловсрол, ур чадвар, цалин хөлс, урамшуулал, цаг, биет болон биет бус капитал, өмч хөрөнгө, орлого, баялаг зэрэг бүхий л нөөцийн хүртээмж дэх жендэрийн тэгш бус байдлыг бууруулах боломжууд нээгдэж, аль нэг хүйсээс хамаарсан субьектив нөлөөг бууруулдаг. Улмаар салбарын болон байгууллага, хамт олны дунд байгаа голдуу эрх мэдлээс үүдэлтэй нийгэм, эдийн засаг, хуваарилалтын шинж чанартай аливаа маргаантай асуудлыг оновчтой шийдвэрлэж чадна.

2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай Монгол Улсын хуульд төрийн байгуулал, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах баталгааг хуульчлан, хүйсийн харьцааг шийдвэр гаргах бүх шатны түвшинд заасан байгаа.

-Хүйсийн харьцаа хангагдахгүй байх нь байгууллагад ямар сул талтай вэ?

-Хамгийн түрүүнд байгууллагын удирдлага, менежментийн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг. Байгууллагын тулгамдсан асуудлыг дан нэг хүйс давамгайлсан олонхийн шийдвэрээр гаргах, цөөнхийг үл ойшоох, ялгаварлан гадуурхах, ажлын байранд жендэрт суурилсан хүчирхийлэл бий болох гэх мэт. Мөн шийдвэрүүд зөвхөн нэг хүйст илүү ээлтэй байдлаар гарах, эсвэл аль нэг хүйст илүү ачаа үүрүүлж, түүнийг нь үнэлэхгүй орхидог явдал нийтлэг байдаг.

Гэхдээ байгууллагын бүхий л үйл ажиллагаанд эмэгтэй, эрэгтэйчүүд яг ижил тоогоор эсвэл 50:50 хувь тэнцүү оролцоно гэсэн үг биш. Харин байгууллагын ажиллагсад өөрийн биологийн хүйсээс үл хамааран өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажил эрхлэх, хийсэн ажлаа шударгаар үнэлүүлэх, албан тушаал ахиж дэвших, хамт олны ажлуудад оролцох, байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих, бодлого, шийдвэрт дуу хоолойгоо оруулах нь хамгийн чухал. Хэрвээ хүйсийн харьцаа алдагдсан бол дээрх боломжууд бүгд хумигдана гэсэн үг.

Х.Умаахан

Ц.Янжиндулам

Сэтгүүлч Э.Дагиймаа: Дараагийн 30 жилийн шилжилтийн үе таарч байгаа учраас залуу сэтгүүлчиддээ анхаарах, хамгаалах шаардлага тулгарч байна
Сэтгүүлч Э.Дагиймаа: Дараагийн 30 жилийн шилжилтийн үе таарч байгаа учраас залуу сэтгүүлчиддээ анхаарах, хамгаалах шаардлага тулгарч байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.