Төсвийн ил тод байдлыг хангах, олон нийтийн оролцоо хяналтыг бүрдүүлэх, Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг сахилга батыг сайжруулж даган мөрдөхтэй уялдуулан Улсын Их Хурлын нэр бүхий 32 гишүүн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. Тэгвэл төсвийн шинэчлэлийн хүрээнд хийж буй хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Г.Тэмүүлэнтэй ярилцсаныг хүргэж байна.
"Үе үеийн Засгийн газар төсвийн алдагдлын хэмжээ, өрийн хязгаарлалтыг дураараа өөрчилж ирсэн"
-Төсвийн шинэчлэлийг зайлшгүй хийх цаг нь болсон гэж үзэж буй. Судалгаанаас харвал, 2012 оноос хойш Монгол Улсын төсөв нийт 10 удаа батлагдах ёстойгоос 23 удаа батлагдаж хуулиа зөрчсөн.Төсвийн хүрээний мэдэгдэл 13 удаа хийгдэхээс 32 удаа батлагджээ. Энэ нь төсвийн сахилга бат өнгөрсөн хугацаанд ноцтойгоор алдагдаж, хууль өөрөө дархлаагүй болж хувирсныг харуулж байна шүү дээ. Та бүхний боловсруулсан хуулийн төсөлд энэ асуудлыг хэрхэн зохицуулахаар тусгасан вэ?
-Тэгэлгүй яах вэ. Бид бүхний санаачилж, өргөн барьсан хуулийн үндсэн үзэл санаа, үзэл баримтлал нь төсвийн тогтвортой байдлын асуудлыг л ярьж байгаа юм. Тэр дундаа төсвийн тогтвортой байдлыг хэрэгжүүлэхийн тулд бид бүхний мөрдөх ёстой ганцхан хууль нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль юм.
Энэ хууль 2010 онд батлагдаж байсан. 2008, 2009 оны эдийн засгийн их хямралын сургамжаас үүдэж төсөвт бид хамаагүй гар хүрч болохгүй юм байна. Төсвийн бодлогууд нь залгамж чанараараа хадгалагдаж байх ёстой юм байна. Төсвийн үндсэн шалгуур болсон өр зээлийн хязгааруудыг баримтлах хэрэгтэй юм байна гэдгийг анхаарах зайлшгүй шаардлагатай болсон. Засгийн газрын төсвийн алдагдлын хувь хэмжээ, өрийн хязгаарлалтуудыг хуульчилж өгсөн байдаг ч үе үеийн Засгийн газар сүүлийн 15 жилийн хугацаанд дураараа өөрчилж ирсэн.
Өнөөдөр бид яагаад төсвийн сахилга батыг алдагдуулж, хариуцлагагүй болчихсон юм бэ гэдгийг бодох цаг. Яагаад төсөв тогтмол алдагдалтай батлагдаж ирэв. Яагаад заавал гадаад зээлээр санхүүжүүлээд өр нэмэгдээд байна вэ гэх зэрэг асуултад бидний хийсэн судалгаа хариулт нь болох юм. Төсвийн орлого, зарлага сүүлийн таван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэв. Бүр цаашлаад 2005 оноос авч үзвэл 20 дахин нэмэгдсэн байна. Энэ нь өөрөө төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдөхгүй байгаагийн ганц жишээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн анхны концевц нь энэ хуулийг хэлбэрлэлтгүй сахин мөрдөх, онцгой тохиолдол буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас гарцаагүй нөхцөл байдал үүссэн бол парламентын нийт гишүүдийн үнэмлэхүй олонх буюу 4/3-аар шийдэх түгжээг 2015 онд Үндсэн хуулийн цэцэд өгч хэрэгжих боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргуулчихсан байсан.
Түүнээс хойш таны саяын хэлсэн төсвийг 23 удаа, ТХМ-ийг 32 удаа баталсан асуудал үүссэн. Яагаад хуулийг өөрчлөөд байна вэ гэхээр төсвийн алдагдлын хувь хэмжээ, Засгийн газрын өрийн хязгаарлалтын хувь хэмжээний асуудлууд л байгаад учир бий. Төсвийн алдагдал 2 хувиас илүүгүй байх, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 60 хувиас илүүгүй байх гэдэг зохицуулалт байдаг. Тиймээс дураараа орлого, зарлага нэмэгдүүлэх гол түгжээ дээрх хоёр тоонд төвлөрч байгаа болохоор энэ хоёр тоог өөрчлөхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг байн байн өөрчилдөг болсон.Энэ хоёрыг өөрчилж ирснээс болоод хуулийн хэрэгжилт муу түвшинд үнэлэгдэх болсон л доо.
"Монгол Улс жилийн хугацаанд зөвхөн зээлийн үйлчилгээний зардалд 800 тэрбум төгрөгөөс нэг их наяд төгрөг зарцуулж байна"
-Судлаачдын хэлж байгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд зөвхөн Засгийн газрын өр ДНБ-ний 60 хувьтай тэнцсэн байна. Цаашид төсөвт тодорхой дарамт учруулж буй Засгийн газрын өрийн асуудалд хязгаар тогтоох боломж бий юу?
-Бид нийт 14 хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байна. Үндсэн төсвийн хуульд өөрчлөлт оруулахаас гадна Тогтвортой байдлын тухай хуульд эргэж гар хүрэхгүйгээр түгжээ хийх хязгаарлалтуудаар тодорхой хоригуудыг тавьж өгч байгаа. Мөн үүнд нэмээд таны асуусан Засгийн газрын өр, гадаад зээлийн хэмжээнд хязгаарлалт тогтоох асуудлыг тусгасан.
2018 оноос хойш авч үзэхэд гадаадаас авч байгаа зээл, тусламжийн хувь хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байдаг. 10 их наяд төгрөгөөс 30 их наяд төгрөг болчихсон байна. Зөвхөн нэг жилд өрийн үйлчилгээнд буюу зээлийн хүүгийн төлбөрт төлж байгаа зардал 800 тэрбум төгрөгөөс нэг их наяд төгрөгт хүрчихсэн. 2012 оноос хойших хугацаанд өрийн үйлчилгээний зардалд төлсөн мөнгөн дүн 8.2 их наяд төгрөг болсон байна. Бараг нэг жилийн төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг зөвхөн гадагшаа бонд болон гадаад санхүүжилттэй зээлийн төлбөрт явуулсан гэсэн үг шүү дээ.
Зардал талаас нь авч үзвэл хамгийн үр ашиггүй буюу хамгийн хүсэшгүй зардал бол өрийн үйлчилгээний зардал. Тэгэхээр эндээс төсвийн зарцуулалт өөрөө эрүүл бус болсныг харж болохоор байна.
Бид Өрийн удирдлагын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр гадаад зээл, санхүүжилттэй холбоотой хязгаарлалтыг тусгаж өгсөн. Цаашид бид ямар нэгэн байдлаар гадаад бонд, зээл тусламж авах гэж байгаа бол түүнийг эрэмбэлдэг байх заалтыг оруулсан. Засгийн газар бөгөөд тэр дундаа Эдийн засаг, хөгжлийн яам түүнийг эрэмбэлээд УИХ-д оруулж танилцуулдаг болно. Цаашдаа үнэхээр гадаадын зээл, тусламж авах шаардлагатай байгаа бол түүгээр санхүүжүүлэх төслийн үр өгөөжийг тооцоолдог байх асуудлыг гаргаж ирж байгаа.
Мөн төсөв өргөн баригдах үед гадаад өр, зээлийн тоонуудыг төслийн бүрэлдэхүүн хэсэг болгож оруулах зохицуулалтыг тусгасан. Хэрвээ алдагдлыг гадаад бондоор санхүүжүүлэх гэж байгаа бол түүнийгээ тодорхой тусгадаг байх. Хариуцлага хүлээдэг байх зохицуулалтуудыг хуулийн давхар оруулсан.
Уг нь гадаад өр зээлийн асуудлыг нэг бүрэлдэхүүн хэсэг болгож оруулж ирэхээс илүүтэй эсрэгээрээ төсөв алдагдалгүй, өр зээлгүй байсан бол эерэг үр дагавар нь хуримтлал үүсэх ёстой байсан. Засгийн газарт хадгаламж бий болох юм. Ирээдүй өв сан болон, тогтворжуулалтын сангийн хуримтлалуудыг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгоно гэсэн үг. Алдагдалтай байвал тухайн жил бүрийн төсөв олон нийтэд нээлттэй байна. Зарцуулалтыг хянах. Хариуцлага нэхэх боломжтой болно.
"Хуулийн төсөлд аудитын чиг үүргийг хариуцлагажуулах зохицуулалт орсон"
-2022 оны Монгол улсын хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааны дүнг харахад 17 яамнаас нэг нь ч 90 хувийн гүйцэтгэлд хүрч чадаагүй байсан. Үр дүнд суурилсан санхүүжилтийн системийг хуулийн төсөлд хэрхэн уялдуулж тусгасан бэ?
- УИХ-ын онцгой бүрэн эрх нь төсөв, санхүүтэй холбоотой хоёр зүйл бий. Төсөв гэдэг харилцаа нэг талдаа орлого, зарлагын л нийлбэр. Эргээд ард түмнээс үл маргах журмаар татвараар бүрдүүлсэн орлогыг захиран зарцуулахдаа УИХ ард түмнийг төлөөлж бүрэн эрхийнхээ хүрээнд төсвийг баталдаг.
Бидний хувьд төсвийг батлахаас нь өмнө олон нийтэд ил тод, хяналттай болгох асуудлыг хуульд зааж өгч байгаа юм. Хоёрдугаарт, нэгэнт баталсан төсөв гүйцэтгэл дээрээ үр дүнтэй байж чадаж байна уу гэдэг асуудал хөндөгдөх ёстой. Үүнийг хянахын тулд гүйцэтгэлийн аудитын ажлыг сайжруулах нь чухал. Одоогийн хуулиар зургаадугаар сарын 31-нээр УИХ-д гүйцэтгэлүүдийг хүргүүлдэг.
Өнгөрсөн хугацаанд УИХ ч мөн гүйцэтгэлийн хяналтын эрхийг хэрэгжүүлэхдээ учир дутагдалтай хандаж ирсэн байна. Өөрөөр хэлбэл гүйцэтгэлийн аудитын тайлан дээр хариуцлага тооцсон шийдвэр гаргаж байсан түүх бараг байхгүй. Тиймээс аудитын дүгнэлт, зөвлөмжийг заавал мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьдаг байх шаардлагатай. Одоогийн боловсруулсан хуулийн төсөлд аудитын зөвлөмжийг заавал хэрэгжүүл. Хэрэгжүүлсэн талаараа тайлагна. Төлөвлөгөөгөө гарга гэсэн чиглэлийг тусгаж өгч байгаа.
"Хуульд гар дүрэх замаар төсвийн хулгай хийж байна"
-Төрийн өмчийн компаниудын санхүүгийн алдагдал, үр ашиггүй зарцуулалт, авлига, хулгайн асуудлууд сүүлийн үед өндрийг авсан. Эдгээрээс хамгийн том эрчээ авсан нь нүүрсний хулгай. Үүн шиг төсөвт хулгай бий юу?
-Сүүлийн үед бараг бүх салбарт хулгайгүй юм гэж байхаа байчихсан байна. Нүүрсний хулгай гэж баахан гарлаа. Сая Хөгжлийн банкны хэрэгт холбоотой асуудлууд гарч ирсэн. Энэ асуудлууд нэг талдаа юуг харуулж байна вэ гэхээр хяналт хариуцлагын тогтолцоо алдагдаж, мэдээллийн ил тод байдал байхгүй болсон гэсэн үг. Хяналтын үүргийг гүйцэтгэх ёстой аудитын байгууллагууд, олон нийт нь оролцож чадахгүй. Мэдээллээ авч чадахгүй байна гэдгийн бодит илэрхийлэл болж байна шүү дээ.
Төсөвтэй холбоотой хулгай гэж хэлэхэд төсвийн хуулийн хүрээнд хийгдэж байгаа хулгайн асуудлууд байгаа. Яагаад энэ олон хуулиудыг өөрчлөөд байна вэ. Яагаад тогтвортой байдлын тухай хуульд гар дүрээд байна вэ. Яагаад төсвийн хуулийг жил болгон өөрчлөөд, төсвийн хүрээний мэдэгдлийг 13 удаа батлах ёстой байтал 32 удаа өөрчлөөд баталчихсан байна вэ гэдэг чинь нэг талдаа хуулийн хүрээнд төсвийн хулгайг хийж нэг хэлбэр.
Төсвийн хулгай гэдэг нь нэг талдаа ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох боломжгүй болчхоод байгаа зүйл шүү дээ. Тиймээс энийг таслан зогсоохын тулд одоогийн боловсруулсан хуулиар хариуцлагын асуудлыг чангатгаж оруулж ирж байна. Хэрвээ бид энэ хуулийг батлаад дагаж мөрдөөд эхэлбэл манай төсөв дээр маш том орон зай бий болох юм. Экспортын орлого нэмэгдээд ирвэл бид заавал татвар нэмэгдүүлээд байх шаардлагагүй. Тэр хэмжээгээр татварын бааз суурийг нэмэгдүүлэх хүрээнд тодорхой иргэн, ААН-үүдэд дарамт болж буй татварын ачааллыг хувь, хэмжээгээр бууруулж болно гэж харж байгаа.
Сая би сүүлийн таван жилийн хугацаанд төсөв 2 дахин нэмэгдсэн гэж хэлсэн. Гэтэл энэ хугацаанд татвар буурсан тохиолдол бараг байхгүй. Эсрэгээрээ нэмэгдсэн. Энэ нь өөрөө эрүүл бус тогтолцоо, татварын бодлого байна л гэж харах ёстой.
"Засгийн газар 2022 онд төсвийн хуулийг дагалдуулж огт хамааралгүй 100 гаруй хуулийн төсөл оруулсан нь төсөвт хүндрэл учруулсан"
-Хуулийн төслийг боловсруулах явцад зарим нэр бүхий гишүүдтэй санал зөрөлдөж, шүүмжлүүлж байсан. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуульд Төсвийн хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тусгах шаардлагагүй гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар удаа дараа хэлж эсэргүүцсэн байдаг?
-Бидний баримтлах ёстой Үндсэн хуулийн дайтай суурь хууль бол Төсвийн тогтвортой байдлын тухай хууль юм л даа. Хууль зүйн талаас нь авч үзвэл хууль боловсруулахад мөрдөх ёстой бас нэг Үндсэн хууль шахуу зүйл нь Хууль тогтоомжийн тухай хууль байхгүй юу.
Тэгтэл Монгол Улсад өнөөдөр батлагдсан хуулиуд. Ирээдүйд шинээр батлагдах хуулиуд Хууль тогтоомжийн хуулийн дагуу л батлагдах ёстой. Үүнд тухайн хуулийг боловсруулахад тооцоо судалгааг хийсэн байх. Бодитоор хэрэгжих хуулийн төслийг боловсруулсан байх. Түүнийгээ олон нийтэд танилцуулж санал авсан байх. Мэргэжлийн байгууллага болоод эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоонуудын санал ч мөн тэнд бодитоор тусгагдаж байж амьдралд хэрэгжих хууль гарсан байх ёстой гэдэг суурь зарчмыг Хууль тогтоомжийн хууль тодотгож өгдөг. Энэ утгаараа хуулийн дээд нь гэсэн үг.
Гэтэл Хууль тогтоомжийн хуульд Төсвийн тухай хууль орохгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль орохгүй гэдэгт маргаан үүссэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль харин бүр эсрэгээрээ заавал Хууль тогтоомжийн хуульд орж олон нийтийн хяналтад орох ёстой.
Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиуд чинь ард түмнээс үл маргах журмаар төвлөрүүлсэн татварыг яаж зөв зүйлд зарцуулах вэ гэдэг харьцааг зохицуулж байгаа л харилцааны асуудал. Тэгэхээр төсөвтэй холбоотой бүх мэдээлэл ил тод байх ёстой. Энэ утгаараа зайлшгүй байх ёстой хууль юм.
-Тэгвэл Засгийн газрын зарим гишүүд яагаад заавал үүнийг эсэргүүцээд байгаа юм бэ?
-Сүүлийн үед төсөв дагалдуулж маш олон хуулиудыг оруулж ирдэг болчхоод байгаа. Тухайлбал өнгөрсөн жилийн төсвийг та бүхэн санаж байгаа байх. Зөвхөн төсвийн хуулийг дагалдуулаад төсөвт хамааралтай хууль гээд 100 гаруй хууль орж ирсэн. Түүн дотор Төрийн хяналт шалгалтын тухай хууль орж ирээд Мэргэжлийн хяналтыг татан буулгахтай холбоотой ч асуудлууд орж ирсэн.
Төсөвт огт хамааралгүй асуудлуудыг төсөвтэй уяад оруулж ирж хуулийн өөрчлөлтүүдийг хийдэг жишгийг бий болгож байгаа юм. Энэ нь төсөвт маш хортой үзэгдэл. Нэг талдаа хууль бол Хууль тогтоомжийн хуулиар явах ёстой. Үүнээс гадуур хуулийн ямар нэг цоорхойг бид гаргах ёсгүй. Нөгөөтээгүүр сахилга хариуцлагын асуудлыг хөндөж байгаа гэж хэлж болно.
-Хуульд хяналт тавих, сахилга хариуцлагыг сайжруулахад хэрхэн анхаарч байгаа вэ?
-Төсвийн тухай хуульд одоо хэр нь ямар нэг хариуцлагын санкц байхгүй. Төрийн албаны тухай хуулиар л явж байгаа. Хэрэв төсвийн үр ашиггүй зарцуулалт гаргасан ч юм уу эсвэл зориулалтын бусаар зарцуулсан байх. бүр төслийг төсөвлөхдөө тооцоо судалгааг буруу тооцоолж хийх. Зориудаар алдаатай төсөв оруулж ирсэн зэрэг асуудлууд гарсан тохиолдолд одоогийн мөрдөгдөж байгаа хуульд ямар ч хариуцлагыг тусгаагүй байгаа.
Тиймээс бидний өргөн барьсан хуулийн төсөлд сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэхэд татварын харилцаа, төсөвтэй холбоотой харилцаа, үр ашиггүй зарцуулсан, ангилал зөрүүлсэн, зориулалтын бусаар зарцуулж хариуцлага алдсан төсвийг ерөнхийлөн захирагч болгоныг ажил албан тушаалаас нь чөлөөлөх хариуцлагын санкцыг анх удаагаа оруулж өгч байна.
Өнөөдөр төрийн албаны тухай хуулиар дээрх алдаа зөрчлийг гаргасан тохиолдолд сануулах, анхааруулах, цалинг тодорхой хэмжээгээр бууруулах шийтгэлийг оноодог. Алдаа давтагдсан тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлдөг. Тиймээс бид анх удаа төсвийн ерөнхийлөн захирагчид ноогдох хариуцлагын асуудлыг төсвийн хуулийн хүрээнд оруулж өгсөн гэдгээрээ онцлогтой.
"Төсвийн цагалбарт УИХ-ын гишүүдийн төсөлтэй танилцах хугацааг 75 хоног болгож нэмэгдүүлсэн"
-Төсөв батлах үеэр УИХ-ын гишүүд төсвийн төсөлтэй бүрэн танилцаж анализ хийх хугацаа хэтэрхий богино байгааг шүүмжилдэг. Энэ байдал нь эргээд яарч баталсан төсвийн чанарт нөлөөлдөг. Төсөлтэй танилцах хугацааг хэрхэн зохицуулж өгсөн бэ?
-Өнгөрсөн жилийн төсвийг тооцвол Засгийн газар тулгаж байгаад 10-р сарын 1-нд төсвөө өргөн барьсан. Гэтэл түүнд хяналт тавих ёстой аудитын байгууллагууд, тогтвортой байдлын зөвлөл гэсэн хуулийн зөрчил дээр шүгэл үлээх ёстой энэ хоёр байгууллага ажлын зургаахан хоног төсвийн төсөл дээр ажилласан байх жишээтэй. Ийм байдлаар УИХ хяналтын эрхийг хэрэгжүүлж байгаа нь харагдаж байгаа юм.
Мөн бүтэн жилийн хугацаанд Засгийн газрын боловсруулсан төсвийн төслийг 45 хоногт үзэж байгаа.Харамсалтай нь энэ хугацаанд төр салбар бүр рүү, төслийн нэгж бүртэй танилцаж, шалгах боломжгүй болчхоод байгаа юм. Иймд төсвийн цагалбарт өөрчлөлт оруулсан. Тодруулбал Засгийн газар 10 дугаар сарын 01-нд УИХ-д оруулсан төсвийг 45 хоногт гүйлгэж үздэг байдлыг халж 9 дүгээр сарын нэгнээс УИХ-д төсвөө заавал өргөн барих зохицуулалтыг оруулж өгч байна.
Үүний дараа тогтвортой байдлын зөвлөл болон аудитын байгууллагуудыг доод тал нь 20-25 хоног төсвийн хяналтаа хийж төслийн алдаа, хуул зөрчсөн эсэх асуудлыг олон нийтэд нээлттэй мэдээлж хариуцлагын арга хэмжээг авдаг байх асуудлыг оруулж байгаа. Тэгэхээр хяналтын байгууллагын үйл ажиллагаа сайжирна гэсэн үг.
УИХ-д өргөн барьсан төслийг 75 хоногт үзэж танилцах боломжтой болно. Ингээд 10-р сарын нэгэн гэхэд олон нийтэд танилцуулсан. Эрдэмтэн судлаачдын санал шүүмжийг тусгасан. Түүнийг нь хяналтын зөвлөл бүрэн танилцаж дүгнэлтээ гаргасан байна гэсэн үг.
Ярилцсанд баярлалаа
-