Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан билээ. Хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квоттой холбоотой өөрчлөлт ч багтаж буй. Тодруулбал, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн өргөн барьсан төсөлд сонгуульд оролцож буй намын нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна гэсэн зохицуулалтыг тусгаад байна. Харин АН-аас боловсруулсан хуулийн төсөлд 40 хүртэлх хувь байхаар тусгажээ. Тэгвэл парламентад эмэгтэй гишүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх хуулийн өөрчлөлт тал дээр эмэгтэй улс төрчдийн байр суурийг тодрууллаа.
-Төлөөллийн квотыг хангах нь улс орны хөгжлийн асуудал-
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Энэ бол дан ганц эмэгтэйчүүдийн асуудал биш. Жендерийн баланс барих тухай л асуудал шүү дээ. Ингэхдээ төлөөллийн квотыг хангах нь улс орны хөгжлийн асуудал.
Одоогийн парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгаа тул Засгийн газрын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл болон УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд ч эмэгтэйчүүдийн квотыг 30-40 хувь гэсэн байдлаар оруулж ирж байгаа. Харин орж ирэхдээ ард түмний төлөөллийн хэмжээнд ажиллаж чадах хүчтэй нэр дэвшигчдийг жагсаах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Парламентад бүх насаараа суугаад нийгэмд дэвшил авч ирдэггүй, өөрчлөлт хийхгүй байгаа хуучны схемийг шахаж гаргах хэрэгтэй-
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа: Тус өөрчлөлтийг дэмжиж байгаа. Парламентад нийгмийн олон бүлгийн төлөөлөл хэрэгтэй байна. Ялангуяа одоогийн нөхцөлд хүйсийн харьцаа маш ялгаатай байгаа шүү дээ. Эмэгтэйчүүдийн квотыг багадаа 30 хувь цаашилбал 40 хувьд хүргэх нийгмийн шаардлага байна гэж харж байгаа. Хүйсийн харьцааг тэнцвэртэй болгосноор УИХ-д бодлого шийдвэрийн чанарт нөлөөлдөг юм байна гэдгийг олон улсын байгууллагын судалгаа, дэлхийн бусад орны жишгүүд нотолж өгсөн. Энэ удаа социологийн судалгаануудын хүрээнд ард түмэн төр барих дээд байгууллагад эмэгтэйчүүд илүүтэй сонгогдоосой гэсэн хүсэлтэй байгаа юм. Энэ байдал дээр УИХ-д суудалтай намууд санаачилга гаргаж Сонгуулийн тухай хуульд холимог тогтолцоог оруулж байгаа энэ үедээ нэг хүйсийн төлөөллийн дээд хязгаарыг өндрөөр тавьж өгч байгаа явдал нь нийгэмд дэвшил авч ирэх өөрчлөлт гэж харж байгаа.
Өмнө эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэж байсан тохиолдол бий. Сүүлд квот буурч 20 хувь болсон нь нийгмийн дэвшлийн хувьд ухралт байсан. УИХ-д нэр дэвших хүсэлтэй, нэр дэвшихээ илэрхийлж байгаа залуус их байна. Тэдгээр залуус парламентад орж ирэх нэг боломж нь нэг хүйсийн төлөөллийн хэмжээг тогтоож өгөх асуудал. Улс төрийн орчин дэх хуйвалдаан, бүлэглэдэг, нийлж хулгай хийдэг асуудлыг арилгахад шинэ үеийн төлөөллүүд маш олноороо орж ирэх шаардлагатай байгаа. 40 хувь гэдэг бол нормальны тоо гэж бодож байгаа. Ийм хэмжээний хүний нөөц, бэлтгэгдсэн боловсон хүчин маш их байна. Энэ хүмүүстээ боломж олгох хэрэгтэй.
Парламентад бүх насаараа суугаад нийгэмд дэвшил авч ирдэггүй, өөрчлөлт хийхгүй байгаа улс төр дэх хуучны схемийг шахаж гаргах хэрэгтэй. Шахаж гаргахад залуу эмэгтэйчүүдийн хувь нэмэр хэрэгтэй.
-Квот бол зөвхөн эмэгтэйчүүдийг улс төрд дэмжих гэж байгаа зүйл биш. Сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн зөв харьцааг бий болгохын тулд гаргаж ирж буй шийдэл юм-
ХҮН намын УЗ-ийн гишүүн, Эдийн засагч Б.Мөнхсоёл: Улс төрд тэгш боломж, тэгш төлөөллийг хангахын тулд квотын асуудал зөвхөн манай улсад гэлтгүй олон улсад ч яригддаг. Зөвхөн Монгол Улсад биш. Бодит байдал дээр улс төрийн хэт их мөнгөнөөс хамаарсан гишүүнчлэл, сүлжээ, царцаа нүүдэл ихтэй орчинд эмэгтэйчүүд өөрийн чадлаараа өрсөлдөхөд маш их саад бэрхшээлтэй нүүр тулдаг тул хууль эрх зүйн орчиндоо олон улсын туршлагыг нэвтрүүлэх замаар квотоор дэмжих гэж байгаа зүйл юм. Сонгуульд хүйс үл хамааран өрсөлдөж, сонгогчдын тавьсан шалгуурт "шигшигдэж" түүнээс шилдгүүд нь л сонгогдох ёстой.
Гэтэл бодит байдал дээр шилдэг гэхээсээ илүү арга заль хэрэглэсэн, мөнгө тараасан гэх мэт "бохир тоглодог" хүмүүс дунд эмэгтэйчүүд нэр дэвшин, өрсөлдөхөд хүндрэлтэй тул квотын асуудал яригдаж буй юм.
Квот бол зөвхөн эмэгтэйчүүдийг улс төрд дэмжих тухай яриа биш юм. Тухайн сонгуульд өрсөлдөх гэж байгаа нэр дэвшигчдийн хүйсийн зөв харьцааг бий болгохын тулд гаргаж ирж буй шийдэл юм. Жишээлбэл, ХҮН намын хувьд ХҮН 50:50 бодлогоо зарласан. Бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд дэмжих зорилготой бөгөөд үүний тулд олон эмэгтэйчүүд улс төрд орж хүчээ сорих хэрэгтэй байгаа. Түүнээс шилдгүүд нь гарч ирнэ гэсэн үг.
-Эмэгтэйчүүдээ системтэйгээр сайн бэлтгэхгүй бол тэд улс төрд оръё гэж зориглодоггүй-
УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд Х.Булгантуяа: Эмэгтэйчүүд улс төрд тийм ч их идэвхтэй биш. Одоогийн 76 гишүүний 13 нь эмэгтэй гишүүд бөгөөд энэ нь нийт гишүүдийн ердөө 17 хувийг эзэлж байна. Сүүлийн хоёр удаагийн парламентын бараг түүхэн дээд амжилт энэ байх. Гэвч энэ нь дэлхийн дунджаас хамаагүй бага. Азийн дунджаас ч гэсэн бага. Тиймээс эмэгтэйчүүдээ системтэйгээр сайн бэлтгэхгүй бол тэд улс төрд оръё гэж зориглодоггүй. Улс төрд байгаа эмэгтэй гишүүд бид хүртэл хэцүү ажил гэж эмээж явдаг. Эмэгтэй хүнд битгий хэл эрэгтэй хүнд хүртэл амаргүй ажил гэж хойшоо суух гээд байдаг тал бий.
Монгол Улсын хүн амын 51 хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүд заавал том улстөрч болох албагүй. Гэхдээ улс төрийн шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолой заавал хүрч байх ёстой.
-Бид квот батлагдсаны дараа тайвшраад сууж болохгүй. Ялахын төлөөх дараагийн улс төрийн тэмцэл эхэлнэ-
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Манай намыг төлөөлж өргөн барьсан хуулийн төсөлд 40 хүртэлх хувь хэмээн тусгаж өгсөн юм билээ. Гэхдээ хуулиараа аль нэг хүйсийн төлөөлөл гэж ордог. МАН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд 30 хувь байхаар тусгагдсан. Ер нь холимог систем бол эмэгтэйчүүдэд ээлтэй систем. Үүний төлөө би сүүлийн нэг жил ажиллаж байна. Мэдээж хэрэг улс төрийн намаас дэвшүүлэх нэг өөр. Огт дэвшүүлэхгүй бол ялахгүй. Дэвшүүлж байна гэдэг нь ялах магадлалыг өсгөж байдаг. Бид квот батлагдсаны дараа тайвшраад сууж болохгүй. Ялахын төлөөх дараагийн улс төрийн тэмцэл эхэлнэ.
-Квот бол дэвшилттэй шийдэл. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд цөөнх төлөөллийг дэмжих хангалттай үндэс болж чадахгүй-
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Сонгуулийн тухай хууль болон улс төрийн намын тухай хуульд эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тусгай арга хэмжээнүүдийг илүү өргөн хүрээтэй зааж өгөх шаардлагатай. Судлаачдын зүгээс харахад, квот бол дэвшилттэй шийдэл. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд төлөөлөл цөөнх байгаа нөхдүүдийг дэмжих хангалттай үндэс болж чадахгүй. Тиймээс эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн заалтуудыг хуульчилж өгөх хэрэгтэй байна. Тухайлбал, намуудад олгож байгаа төсвийн санхүүжилтийн тодорхой хэсгийг эмэгтэйчүүд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн тодорхой бүлгүүд рүү зарцуулах, улс төрд сурган бэлтгэх, тэдгээрийн эрх ашгийг парламентад хүргэх хэрэгтэй гэх үүрэг даалгаврыг өгч байгаа.
Хамгийн гол зорилт бол улс төрийн нам дотооддоо нэр дэвших бүхий л үйл ажиллагаа болон зарчим нь жендерийн эрх тэгш байдалтай, ардчилсан зарчмаар нэр дэвшигчээ тодруулдаг, нэр дэвшигч нараас ямарваа нэгэн байдлаар хөрөнгө мөнгө дэнчин нэхдэггүй зэрэг санхүүгийн болон дотоод ардчиллын сайн механизм байх нь чухал. Үүнийг улс төрийн намын тухай хуулиар зохицуулж өгч байгаа.
Дотоод шийдвэр гаргах түвшин дэх жендерийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хангах, залуус ахмадын дуу хоолойг сонсох эргээгээд нам нь ардчиллыг хангасан тэгш эрхийнхээ төлөө тодорхой үүрэг хүлээдэг байх ёстой.
Хэрвээ тус үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн намд тодорхой хэмжээний шийтгэл, сахилгын болон санхүүгийн торгууль ногдуулдаг систем рүү орох нь зөв.
-Зөвхөн мөнгөн дээр тогтсон сонгууль яваад байх л юм бол илүү бизнестэй, хөрөнгөтэй хүмүүсийн сонгууль болох магадлалтай байдаг-
МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа: Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд оролцоо бага байдаг учраас бусад улс орнууд үүнийг хэрхэн яаж шийдвэрлэдэг вэ гэхээр квотууд байдаг. Хоёр дахь нь сонгуулийн пропорциональ систем байж хөрөнгө чинээ бага хүмүүс орж ирэх боломж байна гэдэг дотор эмэгтэйчүүд бас ордог. Өнөөдөр бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэр байгаа билээ. Ер нь зөвхөн мөнгөн дээр тогтсон сонгууль яваад байх л юм бол илүү бизнестэй, хөрөнгөтэй хүмүүсийн сонгууль болох магадлалтай байдаг.
Тиймээс эмэгтэйчүүдэд боломж олгох нэг хэлбэр нь сонгуулийн пропорциональ систем хэрэгтэй. Нөгөө талаараа эмэгтэйчүүд өөрсдөө нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой гэсэн асуудлууд ч давхар хөндөгдөх хэрэгтэй болно.