"Цемент Шохой" ТӨХК-д үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн А/28 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байна. Тодруулбал, өнгөрсөн өдрүүдэд “Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн 2022 оны санхүүгийн тайланд аудитын байгуулагаас сөрөг дүгнэлт гаргасан тайлан нь олон нийтэд ил болсон. Ингэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй үргүй зардал гаргасан зэрэг олон асуудлууд сөхөгдсөн юм.
Үүнтэй холбоотойгоор Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар мэдээлэл хийж, тайлбар өгсөн боловч өчигдөр /2023.04.11/ эл компанийн ажилтнууд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын гадна эсэргүүцэл зарлан жагсаж, тодорхой хэд хэдэн шаардлагуудыг тавьсан юм. Тодруулбал, тэдний зүгээс ТУЗ-ийг яаралтай хуралдуулах, аудитаас гаргасан дүгнэлтийн дагуу Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт хариуцлага тооцох, дараагийн захирлыг үйлдвэр дотроос томилох шаардлагуудыг тавьсан юм.
Үүний дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ажилтнуудыг хүлээн авч уулзсан. Ингэхдээ тэдний шаардлагын гурван шаардлагын хоёрыг нь хүлээн авч, ТУЗ-ыг яаралтайгаар хуралдуулаад буй. Харин дараагийн захирлын томилох асуудлыг тусад нь хэлэлцэж, шийдвэрлэхээр гадна ТӨБЗГ-аас үйлдвэрт очиж ажилчидтай уулзана гэдгийг мэдээлээд байсан юм.