Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан билээ. Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд төрийн албан хаагчийн ёс зүй, хандлагыг ажлын гүйцэтгэлийн үнэлгээний нэг хэсэг болгох замаар ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэгч төрийн албыг төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлсэн байдаг.
Эдгээртэй уялдуулан Батлан хамгаалах яам, Авлигатай тэмцэх газартай хамтран “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулж, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчдыг хамрууллаа.
Эл сургалтаар “Авлигын хор хөнөөл, шалтгаан нөхцөл”, “Авлигын гэмт хэрэг”, “Ёс зүйтэй шийдвэр гаргалт”, “Хувь хүний хөгжил, манлайлал, харилцаа хандлага” зэрэг сэдвийг хөндөж, илтгэл хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ удаагийн сургалтын зорилго нь Монгол Улсын хөгжлийг боомилон сааруулагч гол хүчин зүйлс болох авлига, албан тушаалын гэмт хэрэг, тус гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үр дагаврыг ойлгох, авлига, хууль бус үйлдэлтэй үл эвлэрэх хандлагыг алба хаагчдадаа таниулах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг сурталчлах, авлигаас урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
Сургалтыг дүгнэж Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар хэлсэн үгэндээ “Өргөсөн тангараг, эрхэлсэн ажилдаа үнэнч, шударга байхыг энэ цаг үе биднээс шаардаж байна. Иймд орон нутгийн захиргааны байгууллагад батлан хамгаалах салбараа төлөөлөн ажиллаж буй та бүхэн сахилга хариуцлагаараа ямагт үлгэрлэгч байх ёстой” хэмээгээд дараах чиглэлийг ажил албандаа мөрдлөг болгохыг үүрэг болголоо.
Тодруулбал, Авлигын эсрэг түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах, авлигатай тэмцэх сургалт, сурталчилгааг алба хаагчдынхаа дунд зохион байгуулах, нууцаас бусад үйл ажиллагаагаа ил тод нээлттэй байлгах, иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хуулийн хүрээнд шударга шийдвэрлэх, шат дамжлагыг цөөрүүлэх,
-Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, энэ талаарх ажил арга хэмжээг орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, цэрэг татах үйл ажиллагааны хяналтыг сайжруулж, авлига, албан тушаалын гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх,
-Авлигатай холбоотой мэдээлэл, авлига өгсөн, авсан үйлдлийг мэдсэн тохиолдолд БХЯ-ны эрх бүхий албан тушаалтанд болон Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх, авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах арга хэмжээ авах,
-Аливаа эрсдэлийг тооцож, гарч болох зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлагад анхаарч, соён гэгээрүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж, удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн ажиллах шаардлагатайг онцолсон юм.
Дэслэгч Ө.НАСАНТОГТОХ