Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг: Дэлхийн медальтан болсон гэдгээ эмээдээ л үзүүлэх байсан юм

Ангилал
Спорт Ярилцлага
Огноо
Унших
26 минут 16 секунд

“Дэлхийн медальтан болсон гэдгээ эмээдээ л үзүүлэх байсан юм” хэмээн ДАШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, ОБЕГ-ын харьяа Аврагч спортын хорооны тамирчин Лутсайханы Алтанцэцэг ярьж байлаа.

Түүний хувьд Монголын боксын спортын нэгэн шинэ түүх бичсэн нь анх удаа монгол бүсгүй дэлхийн дэд аварга болсон явдал билээ. Дорнод аймгийн "Талын бүргэд" клубээс жигүүр дэлгэн ниссээр дэлхийд финалдах хүртэлх түүний тамирчны замнал дардан байгаагүй. Гэвч тэр шантралгүй тэмцсээр ийнхүү түүх бичсэн юм.

-Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэй боксчдын хувьд түүхэн үйл явдал боллоо. Сэтгэгдэл хэр байна вэ?

-Сэтгэгдэл маш өндөр байна.

-Магадгүй энэ медалийг 2018 онд тоглож байгаад авах ч байсан юм билүү. Гэхдээ одоо авч буй нь цаг үеэ олсон ч юм шиг?

-2018 онд би туршлага багатай залуу тамирчин байсан. Харин одоо МУГТ М.Нандинцэцэг эгчийнхээ түвшинд очсон туршлагатай тамирчин болсон гэдгээ харуулж дэлхийн медальтан болсон болов уу гэж бодож байна.

-ДАШТ-ээс медаль хүртээд зогсож байх мөчид ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Үгээр илэрхийлэхийн аргагүй гоё мэдрэмж төрдөг юм билээ.

-Дараагийн тань зорилго олимп уу. 2024 оны Парисын олимп хаяанд ирчихсэн байна шүү дээ. Бэлтгэлдээ орчихсон уу?

-Ирэх намар буюу есдүгээр сараас эхлээд олимпийн эрхийн тэмцээнүүд болно. Хамгийн эхэнд Азийн наадмын тэмцээнд эхний дөрвөн байрт шалгарсан тамирчид олимпт оролцох эрх авна. Дараагаар Европ болон Азийн тэмцээнүүд болох байх. Тэмцээний товууд хараахан гараагүй байгаа болохоор сайн хэлж мэдэхгүй байна.

-Анх боксын спортод хөл тавьсан түүхээс ярилцъя. Дорнодын "Талын бүргэд” клубээс тамирчны гараагаа эхэлсэн шүү дээ?

-Дорнодын "Талын бүргэд” клубын унаган шавь гэж гарч ирж байлаа. Миний хамгийн анхны багш н.Эрдэнэбаяр, зөвлөх багш н.Төмөрбаатар гэж хүн бий. Би анх шатар сонирхож тоглодог хүүхэд байсан юм. Тэгээд боксын дугуйланд явж эхэлсэн. Бокс ч, шатар ч хоёулаа адил гараараа мэдэрч, тархиараа бодож буулгаж авдаг спорт. Боксыг зодоон гэж ярих дургүй л дээ. Тулааны спорт бол урлаг шүү дээ. Тархиараа бодож, мэдрэмжээрээ өрсөлдөгчөө буулгаж авах урлаг. Хүмүүс боксыг гудамжны зодоон шиг л бодоод байдаг юм.

-Эмэгтэй хүн бокс тоглоно гэдэг нэг талаараа их ширүүн зүйл шүү дээ. Асар хүчтэй цохилт аваад эргээд цохино гэдэг бол тэр болгон эмэгтэй хүнээс гараад байдаггүй зүйл ч юм шиг санагддаг?

-Эхэндээ манай ээж нэлээн дургүйцдэг байсан л даа. Ээж намайг явуулахгүй гээд эсэргүүцэхэд аав маань “Яахав, дуртай юмандаа явж байгаа юм чинь гээд өөрөө л мэдэг" гэдэг байсан. Ээж, эмээ хоёр маань “Яагаад шатраараа явахгүй ийм хүнд спортоор хичээллэх гээд байгаа юм. Толгой тархи чинь гэмтчихвэл яах юм” гэж ярьдаг байсан. Аав, ээжээсээ нууж хоёр тэмцээнд ч орсон. Харин гурав дахь тэмцээндээ орох үед гэр бүлийнхэн маань мэдээд хүлээн зөвшөөрсөн. Багш намайг “Ирээдүйтэй, авьяастай хүүхэд байна” гэж хэлдэг байсан. Анх биеэ хамгаалах зорилгоор боксоор хичээллэж эхэлсэн. Гэтэл миний бодсоноос тэс өөр спорт байсан. Боксоор хүмүүжиж, одоо дэлхийн медальтан болчихоод зогсож байна шүү дээ.

-Эмээ нь “Миний хүү Дэлхийн аварга болно” гэж хэлж байсан гэдэг. Медаль авах тэр мөчид эмээгийн тань хэлсэн үг бодогдож байв уу?

-2020 оны есдүгээр сард тэмцээнд оролцож дуусаад эмээтэйгээ уулзсан. Тэр үедээ эмээтэйгээ сүүлийн удаа уулзаж байна гэдгээ мэдээгүй. Эмээ нэг тийшээ явах гээд байгаа ч юм шиг надад маш их юм ярьсан л даа. “Миний хүү спортоо битгий орхиорой. Энэ спорт чамайг өдий хүртэл хүмүүжүүлсэн шүү. Миний охин мөдхөн олимп, дэлхийн аварга болно. Эмээ нь хүүдээ итгэж байна шүү” гэж хэлсэн. Энэ үгийг сонссон би тэр тэмцээндээ хүрэл медаль авчихаад эмээдээ алтан медаль авч чадаагүйдээ сэтгэл дундуур байсан. Уйлмаар байгаа хэрнээ нэг л чадахгүй яахаа мэдэхгүй тийм үе байдаг даа. Тэр үед эмээ минь байсан бол медалиа аваад л очих байсан даа гэж их бодогдсон.

-Хажууд байгаагүй ч гэсэн тэнгэрээс хараад дэмжиж байсан байх?

-Хүн бүр л дэмжиж байгаа юм чинь бурханаас ч гэсэн эмээ минь намайг хараад дэмжсэн байх. Энэ медалийг ганцаараа аваагүй шүү гэж хэлмээр байна.

-Эзэн орны рингэн дээр айлын хүүхэдтэй алтын төлөө тоглосон шүү дээ. Магадгүй зохион байгуулагч орны тамирчинд давуу эрх үүссэн ч байж болох юм. Тэр тал дээр гомдож бодогдож яваа зүйл бий юу?

-Гомдохоор зүйл гэвэл, миний тоглож байгааг гаргаж өгөлгүй тайлбарласан байсанд бага зэрэг бухимдсан. Яагаад гэвэл зууралдаад тэврэлдээд, ноцолдоод, рингэн дээр унасан тоглолт болсон. Тэгж тоглосондоо санаа зовоод ч гэх юм уу. Багш нар, ард түмнийхээ итгэлийг алдчихлаа гэсэн бодол их төрсөн. Өмнө нь тэгж зууралдаж, залхуу тоглож байгаагүй хэрнээ яагаад тэр үед тэгсэн юм бол гэж их бодогддог. Хүн авсан медальдаа ханана гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Ханахаас гадна эх орондоо алтан медальтай очно гэсэн зорилготой рингэн дээр гарсан. Мөнгөн медаль дээр гарчихаад алтан медаль дээр ханаагүй шүү гэж хэлмээр байна. Би хэдий цохиод яваад байгаа хэрнээ өрсөлдөгч тамирчин маань тэврээд, зууралдаад байсан болохоор тоглоомоо гаргахад хэцүү байсан.

-Ханаагүй шүү гэж хэлж байна. Тамирчин хүн хэзээ медальдаа ханадаг вэ. Магадгүй Парисын олимп дээр гараад ирэхийг үгүйсгэхгүй. Олимп, дэлхийн хос медальтан болчихлоо гэж бодьё. Тэр үед ханах уу?

-Магадгүй. Гэхдээ би өөрөө "ханаж" үзээгүй болохоор юунд ханаж байгааг нь ойлгуулж хэлж чадахгүй байна. Гэхдээ тамирчин хүнд медальдаа, амжилтдаа ханана гэсэн юм байдаггүй байх.

-Тамирчны карьер хэзээ нэгэн цагт дуусна. Тэр үед юу хийе гэж бодож байна?

-Эмэгтэй бокс хамгийн дээд талдаа 40 нас хүртлээ тоглодог. Нас заачихсан учраас тэрнээс цааш тоглоно гэсэн зүйл байхгүй. Тоглож дуусаад Онцгой байдалдаа үргэлжлүүлэн ажиллаад, үлдэж байгаа бас шинээр түрэн гарч ирж буй дүү нартаа зааж зөвлөөд явна гэж боддог. Дуртай ажил мэргэжил, дуртай зүйлдээ цаг гаргаж амьдарна л гэж бодож байна.

-Голдуу бэлтгэлийн л хувцастай явдаг болохоор хааяа эмэгтэйлэг хувцаслахаар хүмүүсийн нүд, ам нь орой дээрээ гарчих гээд л байдаг-

-Бокс тоглодог эмэгтэй хүн гэхээр л манайхан бүдүүн баараг гэж ойлгодог. Гэтэл адилхан даашинз дэрвийлгэж өсгийт өмсдөг бүсгүй хүн. Та гадуур хэр өсгийттэй явдаг вэ?

-Би ч нэлээн эршүүд л дээ. Гэхдээ эмэгтэй хүн л болсон хойно өсгийт өмсөж, гоё платье өмсмөөр санагдалгүй л яах вэ. Энэ бол хүн бүрт л бодогддог зүйл. Бид ч баярын үеэр л өмсөх юм. Өдөр тутамдаа өмсөөд удаан явж чадахгүй шүү дээ. Жоохон яваад л хөл өвдөөд гутлаа тайлаад хөл нүцгэн алхчихдаг юм. Тэрнээс биш бидэнд өсгийт өмсмөөр санагдах үе их бий. Тэмцээний бэлтгэлдээ гарсан үед хувцсандаа анхаарах шаардлага бараг л байхгүй шүү дээ. Бэлтгэлийнхээ л хувцастай явж байна. Харин бусад энгийн үед нүүрээ будах, үсээ янзлах, өсгийт өмсөх зэрэг гоёж гангалах үе байна. Голдуу бэлтгэлийн л хувцастай явдаг болохоор хааяа эмэгтэйлэг хувцаслахаар хүмүүсийн нүд, ам нь орой дээрээ гарчих гээд л байдаг юм.

-Хэр ангайлгая гэж бодож байна?

-Ангайлгана, ангайлгана. Спортоор хичээллэсэний хүчинд л бидний бие хаа, жингээ яаж хасах зэргийг дасгалжуулагч багш нар ч анхаардаг болчихдог шүү дээ. Тийм тулдаа ийм цэгцтэй, зөв бие галбиртай байдаг.

-Барилддаг хүний гар нь эвдэрдэг, чих нь хугардаг гэдэг. Боксоор хичээллэхэд бие, гар хуруу эвдрэх зүйл байх уу?

-Миний гар, хуруу "эвдэрсэн" зүйл байхгүй. Тодорхой хэмжээнд бяцрах, хөхөрч хавдах зүйл байдаг. Тэрнээс биш айхтар бие хаа "эвдэрсэн" зүйлгүй.

-Эрүүл саруул хүн л амжилт гаргана. Өвдөж байгаа цагт амжилт гаргахад бэрх-

-Таныг осолд орж байсан гэж сонссон. Ослоос үлдсэн өвдөлтөөс гадна наад зах нь гар, хуруу тулах зэрэг өвдөлтүүд мэдэрч байхдаа шантрах үе байсан уу?

-Тийм үе байлгүй яах вэ. Ялангуяа осолд орчихоод бэлтгэл сургуулилтаа хийж чадахгүй байхад Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар сайд, МБХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх болон багш нар, бусад баг тамирчид маань надад маш их сэтгэлийн дэм, эрч хүч өгсөн. Бэртлээ эдгээх чиглэлд эмчилгээндээ хоёр сарын хугацааг зарцуулсан. Тэр хугацаа их хурдан өнгөрсөн. Түүний дараа дахиад жилийн хугацаанд завсарласан. Буцаж ороод өөрийнхөө барианд очно гэдэг хэцүү зүйл шүү дээ. Бэлтгэл сургуулилтаа сайн хийж, багшийнхаа үгийг сайн дагаж явъя гэж өөртөө зорилго тавьсаны хүчинд л эргэж боссон доо.

-Хоёр сарын хугацаа богинохон хэрнээ хүнд их зүйл бодогдуулах хугацаа шүү дээ. Юун дээр алдчихав, яав гээд л. Тэр үед танд ямар санагдсан бэ?

-Одоо цаашдаа яанаа гэх бодол их төрсөн. Энэ спортоор амьдарч, хоолоо залгуулж байгаа. Миний нэг гэр бүл гэсэн үг шүү дээ. Сүүлд бас бэлтгэлээ хийж байх үедээ гэнэт л таргалаад эсвэл тураад жин хэлбэлзээд байсан. Өмнөх бэртэл нь сэдрээд ч байгаа юм билүү. Ингэж жин нь огцом өөрчлөгдөнө гэдэг чинь хүний биед байхгүй зүйл шүү дээ. Өөрөө ч мэдэхгүй бие нь өвдөөд байхад бэлтгэлээ хийгээд яваа юм болов уу гэж бодсон. Тэр үед холбооноос болон багш нар “Нэг жил ч гэсэн завсарлаад биеэ эмчлүүлчих. Тэгээд эргээд спортдоо ороод ир. Харин эргэж орж ирэх үедээ ямар хүн болох чинь чамаас л шалтгаална шүү” гэж хэлж байсан. Яг л тийм. Эрүүл саруул хүн л амжилт гаргана. Өвдөж байгаа хүн яагаад ч амжилт гаргахад бэрх.

-Эрүүл хүн л өөрийгөө ялан дийлдэг гэдэг шүү дээ. Бэртэл гэмтлээ ялан дийлээд медаль авч байсан үе ч таньд бий. Гараа хугалчихсан байхдаа тоглосон гэж сонссон. Тэр хэдэн оны, ямар тэмцээн байсан юм бэ?

-2010 онд Эрдэнэт хотод болсон Хүүхдийн их наадам. Тэр үед би өөрөө саваагүй зангаасаа болж бэлтгэл дээрээ гараа гэмтээгээд багшдаа хэлэлгүй нууж тэмцээнд орсон юм. Тоглох болоод гараа гэмтээсэн талаараа багшдаа хэлтэл “Яагаад эрт хэлээгүй юм. Ийм гэмтэлтэй орохгүй байсан юм” гэхэд нь гуйсаар байгаад тэмцээндээ орсон. Финальд үлдээд тоглох гэхэд багш намайг тоглуулахгүй гэсэн ч хөлдөөгөөд тоглоё, тэмцээнээ дуусгая гээд гүрийсэн. Гэхдээ хэчнээн хөлдөөгөөд ч нэмэргүй болчихсон байсан л даа. Миний гар арай дэндүү хавдаад аймар болчихсон байсан.

Гүрийж дуусгаад тэр тэмцээнээс алтан медаль авч байсан. Тийм үед зориг гаргаад жоохон хичээчих юм бол ямар ч зүйлийн ард гарч чадна гэж боддог юм билээ. Зөндөө л асуудал гарч түүнийгээ даван туулж хичээсний үр дүнд Дэлхийн аваргын медалиар шагнасан юм болов уу гэж бодож байна.

-Би яг одоогийн, өөрийн амьдралдаа жаргалтай байна-

-ДАШТ-ий медальд хүрэх хүртэл асуудал бишгүйдээ л их байсан гэж байна. Энэ бүхнийг давж гарч чадаагүй бол ямар байх байсан бол гэж боддог уу?

-Тэр бүхнийг давж чадаагүй бол би хэн ч биш байх байсан. Өдийд хүнтэй суугаад хүүхэдтэй болчихсон байх. Боксоор хичээллээгүй бол өдийд ямар амьдралтай байх байснаа төсөөлж чадахгүй байна.

-Хүнтэй суух, хүүхэдтэй болох бол хүний амьдралын зайлшгүй зүйл шүү дээ. Хэзээ гэр бүлтэй болно гэж төлөвлөж байна?

-Одоогоор хувийн амьдралдаа төлөвлөсөн зүйл байхгүй. Ойрын зорилго бол Парисын олимпоос медаль авах. Хүн хүний өөрийн амьдрал өөр шүү дээ. Заавал бусадтай адилхан амьдрах албагүй. Үеийнхэн дунд ч гэсэн иймэрхүү шахалт байдаг. Хүний өөрийн ухамсрын асуудал гэж боддог учраас зайгаа бариад үлдчихдэг. 30 хүрлээ, хүүхэд чинь оройтлоо гэдэг дарамт их ирдэг. Гэхдээ би яг одоогийн, өөрийн амьдралдаа жаргалтай байна. Яагаад заавал нэгнийхээ дээр гарах гэж дайрдагийг ойлгодоггүй. Хүн өөрийнхөө л амьдралд жаргалтай амьдрах хэрэгтэй. Цаашдаа илүү амжилт гаргаад ирэхэд арай өөр болох ч юм билүү. Тэр асуудлыг нэг их ойшоож тоодоггүй.

-Нууц биш бол боксын шигшээ багийн тамирчны цалин ганц бие хүний амьдралд хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Шигшээ багийн тамирчин мөн ОБЕГ-аас цалинждаг. Хүний л амьдрал юм чинь өр шир, өвчин зовлон тохиолдолгүй л яах вэ. Надад энэ хоёр байгууллагын цалин болоод л байдаг юм.

-Түүх бүтээгээд ирж буй боксын эмэгтэй тамирчдаа анхаарахгүй, ойшоохгүй байх шиг санагдсан л даа. Өмнө нь жудогийнхон ирэхэд яадаг байлаа даа. Энэ тал дээр таны бодол?

-Холбооны зүгээс эмэгтэй тамирчдадаа их анхаардаг. Анхны медалийг 2018 онд МУГТ М.Нандинцэцэг эгч маань авч байхад эмэгтэй тамирчдад боломж бий, чаддаг гэдгийг харуулсан болохоор холбооны зүгээс дэмжлэг сайн байдаг.

-Намайг ринген дээр гарч тоглоход ээж маань харж чаддаггүй уйлаад суучихдаг гэсэн-

-Холбооны зүгээс ийм байж. Гэрийнхэн нь хэр дэмждэг вэ. Тэмцээнд нууцаар ордог байсан гэсэн шүү дээ. Одоо тэр байдал хэр өөрчлөгдсөн бэ?

-Одоо бол аав, ээж маань сайн дэмждэг. Ах эгч, хамаатан садан гээд бүгд л хүлээн зөвшөөрсөн. Дэмжихээс ч өөр юу хийх вэ дээ.

-Рингэн дээр гараад тоглож байгаа хүүхдээ хараад өөрөө цохиулж байгаа юм шиг санагддаг учраас тамирчдын эцэг, эхчүүд нь харж чаддаггүй нүд хальтирдаг гэсэн. Энэ талаар ээж, эмээ нь таньд ярьж байв уу?

-Манай ээж намайг харж чаддаггүй уйлаад суучихдаг гэсэн. Тэрийг нь би өөрөө харж байгаагүй л дээ. Манай аав, эмээ хоёр надад ярьж байсан юм. Тэрнээс биш яг өөрөө асууж байгаагүй юм байна. Аав намайг рингэн дээр тоглож байх үед “Аятайхан гаргаач дээ” л гээд байдаг юм. Би чинь ер нь гэрийнхнээсээ хол байдаг хүн шүү дээ. Би энд, аав ээж хоёр Дорнодод байдаг юм. Хол болохоор уулзах нь ч ховор.

-ДАШТ-ээс ирэхэд аав, ээж маань хоёр тосож авахад их баярласан-

-Гэр бүлээсээ хол вакум бэлтгэлд гарах үед ээж, ааваа санах юм уу. Таны хувьд хэнийг нь бодож бясалгаж, сэтгэл санаагаа тайвшруулдаг вэ?

-Тэмцээн уралдааны бэлтгэлд гарсан байх үедээ гэрийнхэнтэйгээ ярьдаггүй. Хэнтэй ч холбоо барьдаггүй. Вакум орчинд байлгачихдаг. Яагаад гэвэл, амьдралд юу ч тохиолдож болно. Гэнэтийн зүйл тохиолдоод сэтгэл санаа хямарлаа гэхэд би тийм ч хурдан тайвширч чаддаггүй. Баярын үе таарвал залгаад мэнд хүргэчихнэ. Гэхдээ хүн л юм чинь санаж бэтгэрэх үе зөндөө байна. Тэр болгонд ээж, аавдаа хэлээд туниад байдаггүй. Гадагшаа тэмцээнд яваад ирэхэд гэр бүлийнхэн нь тосож авахад нь атаархдаг л байсан. Яагаад манай аав, ээж хоёр ирдэггүй юм бол гэж бодогддог байсан. Сая ДАШТ-ээс ирэхэд аав, ээж хоёр ирээгүй байх даа, Дорнодод л очоод уулзах байх даа гэж бодож байсан. Аав ээж хоёр тосож авахад их баярласан. Гоё л мэдрэмж төрдөг юм билээ.

-Анх удаа тосуулахад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Орилох гэхээр хүн нулимсаа барьчихдаг юм билээ. Би ч нулимсаа нэлээн барьдаг хүн. Тийм учраас дотогшоо уйлаад л өнгөрсөн дөө. Би ч нэг их аав ээжээ санаад байдаггүй. Энд манай найзын аав ээж нь миний аав, ээжээс өөрцгүй харж ханддаг. Манай эгч ч бас байдаг. Өөрийн хүүхэд шигээ л хандана. Тэр хоёртоо санаж байна гээд хэлчихвэл зовчихно шүү дээ. Санааг нь зовоохгүй гээд бэртэл гэмтэл авсан үедээ ч ярьдаггүй. Сая тэмцээн дуустал гэхээр бараг хоёр сар гэрийнхэнтэйгээ яриагүй. Анх удаа тэгж удаан таг чиг алга болж үзлээ.

-Хэдий та санааг нь зовоохгүй гэж бодож байгаа ч айлын охин хүүхэд хоёр сараар холбоогүй алга болчихоор эцэг эх, найз нөхөд нь гомдох юм уу?

-Явахдаа хэлчихдэг болохоор гайгүй болов уу гэж боддог. Би ч өөрөө айхтар гомдоохоор зүйл хийж байгаагүй. Заримдаа ч гомдоож байгаа үгүйгээ мэдэхгүй шүү дээ. Тэмцээн уралдаан гээд л яваад байдаг. Аав ээж, ах эгч нар хүнтэй суу гэж шахдаг нь надад их залхуутай санагддаг. Яагаад би өөрийнхөө хүссэнээр амьдарч болохгүй гэж. Яагаад та нарын хүслээр болох гэж боддог. Тэр асуудалд л миний гэдэн хөдлөөд байдаг юм. Сүүлийн үед амжилттай яваа болохоор хэлэхгүй байна. Бэлтгэлээ хийх гээд байхад өөдөөс өөр юм яриад байх надад хэцүү байдаг болохоор энэ талаар гэрийнхэндээ шуудхан хэлчихдэг. Хэзээ нэг цагт дагуулаад л ирэхээс хойш ахиад энэ тухай битгий яриарай гэдэг.

-Стресстсэн үед бэлтгэл хийчихээр сэтгэл санаа тайвшраад сайхан болчихдог-

-Стресстэж ядарсан үедээ бэлтгэл хийчихээр сэтгэл санаа гоё болчихдог гэдэг шүү дээ?

-Стресстсэн үед бэлтгэл хийчихээр сэтгэл санаа тайвшраад сайхан болчихдог гэдэг ч үнэн шүү. Доторх бүх юм алга болчихсон юм шиг л санагддаг. Спорт хүнийг ингэж тайвшруулж байгаа юм даа.

-Шатрын спортоор хичээллэсэн хүн тун сайн сууж сурдаг гэдэг. Төлөвшүүлдэг спорт шүү дээ. Магадгүй боксоор хичээллэхэд шатраар хичээллэж байсан нь давуу тал болсон ч юм бил үү?

-Шатар бол гурван нүүдлийн цаана байгааг бодож тоглодог спорт. Бокс ч мөн гурван цохилтын дараа ингэж цохих уу, үгүй юу гэж боддог. Гол нь хурдан байх. Хурдан бодож бултах хэрэгтэй. Хааяа хүн чинь хоёр, гурав цохиулаад яахаа мэдэхгүй паникт орчихдог шүү дээ. Тэр үед толгойгоороо бодохгүй шууд л гар юу хийнэ тэрийг л дагана. Дараа нь юу хийснээ ч санахгүй.

-Боксын тамирчины чадвараа энгийн үед гаргаж байв уу. Найзуудтайгаа сууж байхдаа хэн нэгнийг нь цохиод авдаг ч юм уу. Тийм тохиол байхгүй байх л даа. Гэхдээ таньд тохиолдож байв уу?

-Тийм юм манайхан дунд байдаггүй байх. Би оюутан байхдаа нэг хүүхдийн хамрыг хугалж байсан юм. Тэрнээс хойш ер нь хүнд гар хүрч үзээгүй. Тэр ч санамсаргүй юм болсон л доо. Тэрнээс хойш айдаг болсон.

-Энэ медаль ганц минийх биш-

-Таны хувьд боксоос ямар таашаал, мэдрэмж авдаг вэ?

-Боксын спортсоос хамгийн их хайрладаг зүйл нь оюун ухаан. Бодно шүү дээ. Зодоон гэж яагаад яриад байдгийг л ойлгодоггүй. Харагдах нь л тийм шүү дээ. Нөгөө талаас нь яагаад шатар шиг гэж бодож болохгүй гэж. Рингэн дээр гараад шатар тоглож байгаатай адилхан. Бээлий өмсөөд зодолдохыг хэн ч чадна. Боксын ялгаа нь бодож байгаа юм шүү дээ.

-ДАШТ-д сэтгэл зүйчтэй явсан. Өмнө нь сэтгэл зүйчтэй тэмцээнд оролцож байгаагүй гэсэн?

-Тийм ээ. Анх удаа сэтгэл зүйчтэйгээ тэмцээнд явсан. Маш тайван мэдрэмж төрсөн. Тэмцээний үеэр тамирчин огшино, сандарна гээд зөндөө юм болно шүү дээ. Энэ удаад тийм зүйл мэдрэгдээгүй. Өрсөлдөгч тамирчины бичлэг юу ч үзээгүй болохоор рингэн дээр гарахад маш тайван байсан. Яагаад гэвэл миний тархи амарсан.

-Шинээр түрэн гарч ирж буй залуус дүү нартаа хандаж юу хэлэх вэ?

-Та нар минь бүгд чадна. Бэлтгэлээ сайн хийгээд өөртөө анхаарал хандуулаарай. Энэ медаль ганц минийх биш шүү. Та нарын бүгдийн чинь хүч хөдөлмөр шүү гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Э.Ариунтуяа

СУРВАЛЖИЛГА: Өвөлжин хөлдөж дагтаршсан угаадас хайлж, орчны бохирдол үүсгэж байна
СУРВАЛЖИЛГА: Өвөлжин хөлдөж дагтаршсан угаадас хайлж, орчны бохирдол үүсгэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.