Нийслэл хотын иргэд ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадаж байна уу гэвэл бүгд л “ҮГҮЙ” гэдэг хариултыг өгөх байх. Өвөл нь утааны асуудалтай, зун нь борооны асуудалтай, хавар, намар нь хамар цоргийлгэх муу ус, өхийний асуудалтай. Энэ мэт жилийн дөрвөн улирлын алинд ч бай Улаанбаатар хотод олон асуудал ар, араасаа цувран гарна.
Өнөөдөр бол гуравдугаар сарын 31. Товчхондоо, нийслэлчүүд утаанаас түрхэн холдож, угаадастайгаа “ЗОЛГОЖ” буй нь энэ. Хаврын урь хэдийнээ орсон тул нар шарж, гэр хорооллын гудамжаар хөлдөж, хагдсан муу ус хайлж хөрсний бохирдол үүсгэнэ. Өвөлжин хөлдүү байсан тэрхүү муу усны мөсөн дээр хүүхдүүд тоглож, хавар нь муу ус хайлсан шалбаагтай замаар хичээл сургуульдаа явсаар.
Жил бүрийн хавар эхлэхтэй зэрэгцэн хөрсний бохирдлын асуудал газар авдаг ч иргэд төдийлөн анхаарахгүйн дээр муу усаа гудамжинд асгасаар. Тиймээс Ubn.mn сайтын сурвалжлах баг хор уршигаар утаанаас дутах зүйлгүй ч зайлшгүй анхаарах ёстой муу усны асуудал ямар байгаа талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Өдрийн 12:00 цаг. Бид бүгдийн нэрлэж заншсанаар Дэнжийн мянга орчим.Хүмүүсийн хөдөлгөөн бага. Нэг л ил хуль. Нам гүм. Бараг л амьд хүнээс илүүтэй амьгүй хог, асгасан угаадастай таарах нь элбэг. Ойр орчмыг нь ажиглавал, айл бүрийн хашааны буланд хөлдөж, дагтаршсан угаадас дусал, дуслаар хайлж, хааш яаш урсаж буй. Дан ганц Дэнжийн мянга гэлтгүй нийслэл хотын бүхий л гэр хороололд түгээмэл харагдах зураглал.
Дэнжийн мянгын төв хэсэг буюу дөрвөн замын уулзвараас дээш өгсөх зам дагуу далан байрлах бөгөөд хэдийнээ шар усаар дүүрчээ. Харин далангийн тогтуун устай хэсэгт төрөл бүрийн цаас, сав, шил хаягдсан байх ба далангийн хана даган урссан угаадас ч багагүй тааралдах нь тэр.
Бид зам даган явсаар Дэнжийн мянгын эцэст ирэхэд гудамжны үзүүрт хоёр согтуу хүн шалбааган дээр сууж байгаа харагдав. Тэр ч бүү хэл тэндээс хэдхэн алхмын зайд хүүхдүүдийн тоглоомын талбай байрлах бөгөөд сурагчдын амралт хэдийнээ эхэлсэн тул найзуудаараа тоглоомын талбайг зорих бяцхан багачууд ч тааралдав.
Гэр хорооллын нөхцөл байдал нэгэнт ийм гэдгийг хүн бүр мэдэх ч зарим айлууд гэсэж хайлсан шалбааг дээр үнсээ ч мөн асгадаг байна. Шалбаагаа дарах арга гэж түүнийгээ нэрлээд амжиж.
Гэтэл дан ганц үнс асгадаг биш гэнэ. Хайлсан угаадас дээрээ дахин угаадсаа ч хүртэл асгадаг аж. Бид энэ талаар ... тоотод оршин суугч иргэнээс тодруулахад,
Хүмүүс хашаа л цэвэрхэн бол бусад нь яахав гэж битгий бодоосой
Тэрбээр “Цас хайлж, шавар шалбааг хангалттай их байхад нэмж угаадас асгадагаа болих хэрэгтэй. Өдөрт автобусны буудал, худаг, дэлгүүр гээд хамгийн багадаа л дөрвөөс таван удаа энэ замаар явдаг.
Өвлийн улиралд хөлдсөн угаадас дээр нь халтирч унах гээд их хүндрэлтэй байсан. Одоо гэсээд ирэхээрээ их муухай үнэртэй болчихдог. Хаашаа л харна хог, шалбааг, үнс. Мэдээж эдгээрийг энэ хавьд байгаа айлууд л завааруулж байгаа шүү дээ. Түүнээс биш өөр хүмүүс энд ирж хогоо хаяж, угаадас асгана гэж байхгүй байх. Манай хашаа л цэвэрхэн бол бусад нь хамаагүй гэсэн сэтгэлээр битгий хандаасай л гэж хүсч байна” гэлээ.
Харин өөр нэгэн иргэн,
Айлууд бие биенээ дагаад угаадас, үнсээ асгадаг. Имй орчинд хүүхэд битгий хэл томчууд ч яаж эрүүл амьдрах билээ
“Эл задгай хогоо хаях, угаадасаа асгах нь жилээс жилд яг ийм л байдаг. Шаардлага тавих гэхээр аль айл асгасан нь мэдэгддэггүй. Нэг айл нь асгахаар бусад нь ч бас дагаж асгаад угаадас асгах цэг шиг л овоорсон их угаадас болчихдог. Одоо тэр мөс нь хайлаад уруу замаар гол шиг л урсаж байна. Дээр нь пургисан их үнс, тоос. Ийм нөхцөлд хүүхэд тоглож ч чадахгүй, эрүүл байх ч боломжгүй. Иргэд дор бүрнээ цэвэр байвал ийм заваан байдал бий болохгүй л байх” гэв.
Гэрт амьдардаг өрхийн бохир зайлуулалтын талаар 2020 оны харьцуулсан судалгаагаар Нийслэл Улаанбаатар хотын нийт гэрт амьдрагсадын 86,5 хувь буюу 78904 өрх цооногтой бол 12345 өрх задгай асгадаг аж. Бохир усаа задгай асгадаг өрхийн эзлэх хувь 2010 оноос хойш 3,5 пунктээр буурчээ. Үүнээс үзэхэд хотын агаар, хөрсний бохирдол нэмэгдэх, улмаар орчны эрүүл ахуйн нөхцөл доройтоход гэрт амьдарч байгаа өрхүүд анхаарлаа хандуулах шаардлагатай, мөн холбогдох байгууллагууд ч тодорхой арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна.
Ийн нийслэлчүүд бохир агаараар амьсгалж, бохир хөрсөн дээр амьдарсаар, үл ойшоосоор. Гэтэл иргэдийн тоохгүй өнгөрч буй муу ус, үнснээс, хөрсний бохирдлоос үүдэн олон төрлийн өвчин эмгэг хаврын улиралд нэмэгддэг.
Тухайлбал, цусан, суулга, балнад, халдварт шар, амьсгалын замын өвчин, сүрьеэ зэрэг өвчнийг үүсгэх нэг хүчин зүйл нь энэхүү хөрсний бохирдол, муу ус юм. Өдөр тутамдаа иргэдийн гишгэлэж, гэртээ, ажилдаа, хичээлдээ орох уг бохирдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-500 хоног хадгалагддаг байна. Үүнээс харвал вирусын хадгалагдах хугацаа дуусаагүй байхад хүйтний улирал эхэлж, дахин муу усаа асган вирусын хадгалагдах хугацаа нэмэгдсээр байдаг гэсэн үг. Мөн уг халдварыг дамжуулагч хачиг, нохой, бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин ч ийнхүү бүрддэг аж.
Иймд хөрсний бохирдлын эсрэг хүн бүр, өрх бүрийн оролцоо хэрэгтэй байна. Хэрэв өөрийн ухамсраар хувь нэмрээ оруулж, эрүүл хөрсийг бий болгохгүй бол хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ хатуу арга хэмжээг авах нь зүй ёсных. Тодруулбал, Иргэн, аж ахуйн нэгж хог хаягдлыг зөвшөөрөлгүй газар асгасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 100-300 нэгжээр торгодог заалттай. Тиймээс үнс, угаадсаа ил задгай хаяж байгаа зөрчлийг харьяа хороо, хэсгийн ахлагч, цагдаад мэдэгдэж таслан зогсоох боломжтой учир эрүүл орчинд аж төрөхийн төлөө иргэд хяналт тавьж, хариуцлага нэхдэг болцгооё.
Д.Дөлгөөн