Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “Махны үнэ нэмэгдэж 18000-20000 төгрөгт хүрлээ. Мах худалдаж авч чадахгүй иргэд шулсан ясаар өдөр хоногийг өнгөрөөж байна” гэсэн гарчигтай нийтлэлийг байршуулж, олон нийтийг бухимдуулсан үндэслэлгүй мэдээлэл түгээжээ. Энэ мэдээллийг зарим иргэд нийгмийн сүлжээгээр дамжуулан түгээсэн байна.
Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/899 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэх, нөөцлөх, худалдан борлуулах хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар ахлуулан ажиллуулж байна.
Энэ ажлын хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргүүдийн үйлдвэр, худалдаа, үйлчилгээний хэлтэс болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан, мах бэлтгэх, нөөцлөх, худалдан борлуулах арга хэмжээг хамтран зохион байгуулж байна.
Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тн махыг нөөцөлсөн бөгөөд бэлтгэж нөөцөлсөн махыг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлэн Нийслэлийн 9 дүүргийн 169 хорооны 413 хүнсний дэлгүүрээр борлуулж байна.
Нөөцийн махны худалдаагаар 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 7662.7 тн махыг хонины ястай мах 6700 төг/кг, үхрийн ястай мах 7700 төг/кг, ямааны мах 6200 төг/кг үнээр борлуулсан байна. Нөөцийн махны чанар, эрүүл ахуйн шаардлагад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газар байнга хяналт тавьж, зөрчил дутагдал гарахаас сэргийлж байна.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг Баянзүрх дүүргийн Скай худалдааны төвийн гадна талбайд, 16-р хорооллын Цайз худалдааны төвийн гадна талбайд, Чингэлтэй дүүргийн Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд, Баянгол дүүргийн Хархорин худалдааны төвийн гадна талбайд, 25-р эмийн сан буюу 6-р хорооны гадна талбайд, 6-р бичил хорооллын Баян тахилт төвийн урд талд, Сонгинохайрхан дүүргийн Орбитын тойрог, Тунгалаг төвийн гадна талбайд, Содон хороолол зэрэг байршилд зохион байгуулж, хонь, ямааны махыг гулуузаар худалдан борлуулж байна. Өргөтгөсөн худалдаа 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас холбогдох төрийн байгууллагуудтай хамтран Үндэсний статистикийн хорооны 7 хоног тутмын албан ёсны үнийн дундаж мэдээнд үндэслэн дүн шинжилгээ хийн ажиллаж байна. Статистик дүнгээр 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод махны үнийн хувьд өмнөх 5 сартай харьцуулахад хонины ястай махны үнэ 1.0 хувиар, үхрийн ястай болон цул махны үнэ 3.3-3.7 хувиар, адууны мах 2.2 хувиар, ямааны мах 7.4 хувиар тус тус нэмэгдсэн байна. Энэ өсөлт нь шинэ мах хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэнтэй холбоотой байна.
Махны үнэ нь тухайн махны төрөл, ангиллаас шууд хамаардаг. Тухайлбал, үхрийн цул мах нь ангилж ялгасан дээд зэргийн мах бөгөөд ястай мах буюу ангилж ялгаагүй махнаас үнийн хувьд өндөр байдаг. Энэ нь цул мах булчин эдэд агуулагдах төгс уургийн агууламж болон нэгж бүтээгдэхүүн дэх шим тэжээлийн үзүүлэлт өндөр байдагтай холбоотой. Ангилж ялгасан цул мах, эсхүл ангилж ялгаагүй ястай мах хэрэглэх, мөн бэлтгэж нөөцөлсөн мах болон шинэ мах худалдан авч хэрэглэх хэрэглэгчийн сонголт чөлөөтэй байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ