30 жилийн түүхэнд ийм олон гишүүнээ ЯЛЛАГДАГЧААР татуулсан парламент байсангүй. Цаашдаа ч яллагдагчдын “тоо, толгой” нэмэгдэх нигууртай. Нүүрсний хэргээр багадаа 12 гишүүний бүрэн эрх яригдах магадлалтайг эх сурвалж онцолж байгаа юм.
Одоо парламент яллагдагчаар татагдаж, бүрэн эрхээ алдах эрсдэлд орсон гишүүдээ хамгаалах уу, явуулах уу гэх сонголтын өмнө тулж ирлээ. Засгийн газрын зүгээс хийх ёстой ажиллагаагаа хийж, адаг сүүлд нь АТГ нь гурван гишүүний бүрэн эрхийн асуудлыг нээлттэй хөндөв. Үүнээс цааших асуудлыг УИХ шийдэх учиртай.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан гадаад томилолттой байсан тул чуулган эхлэхтэй зэрэгцэж уг асуудал боссонгүй. Магадгүй энэ долоо хоногт гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг прокуророос орж ирнэ гэдэг хүлээлттэй байна. Яагаад гэвэл нэгэнт бүх зүйл тодорхой болчихоод байхад Ерөнхий прокурор асуудлыг өөр дээрээ удааж “гал” дуудахгүй нь лавтай. Тиймээс ойрын өдрүүдэд түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын даргад өгч, парламентад бүх “ачаа”-г үүрүүлэх нь ойлгомжтой.
Тэгвэл эндээс л гол улс төр эхэлнэ. Нэгэнт намын даргаасаа хамгаалалт авахгүй болсон МАН-ынхан, гүйцэтгэх засагт “цавуулах” болсон АН, МАН-ын яллагдагчид бүгдээрээ ангийн “андууддаа” л түшихээс өөр гарцгүй. Өөрөөр хэлбэл, бүх тохироо гишүүд дунд өрнөнө. Эхний байдлаар “хамгаалъя” гэдэг зүйл яригдаад эхэллээ. Ер нь ч тэртээ 90-ээд оны үеийн казиногийн хэргээс хойш прокурорын саналаар гишүүд, гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж байсан удаагүй. Тиймээс л Т.Аюурсайхан хүртэл гишүүнээс татгалзах өргөдлөө “дарж” үлдсэн. Мөн хамгийн хүнд байдалд байгаа “Ажнай” Д.Бат-Эрдэнэ хүртэл чуулганы нээлтийн өдөр гарч ирээд “Заавал гишүүнээс чөлөөлөгдөх шаардлагагүй гэж үзэж байна” хэмээн хариулж зогсоо байх.
"Үхлийн гогцоо"-той Т.Аюурсайхан ба “гишүүдээ хамгаалъя” гэдэг АН-ын бүлгийн улс төрийн шийдвэр
Өөрөөр хэлбэл, гишүүний бүрэн эрхтэйгээ үлдэх асар өндөр сонирхол Т.Аюурсайханд байгаа. Нөгөө талаас түүнийг Д.Сарангэрэл шиг хамаагүй “хөөх” зориг Ардын намынханд алга. Сайдаас нь болиулах гэж хүртэл бүтэн сарыг зарцууллаа. Хэрвээ Т.Аюурсайханд хамаагүй хатуурхвал жинхэнэ бөмбөг тэсэрч, жинхэнэ хулгайчдын талаар тэр дуугарч мэднэ. Ерөнхийдөө Т.Аюурсайханыг тун “жинхэнэдүү” сэжигтэн гэж ойлгох нь зүйтэй. Хэрвээ “нүүрсний хулгай”-г гүнзгий ухвал 2016-2021 он хүртэлх МАН-ын удирдлагууд бараг бүгд холбогдож мэднэ. Тиймээс л намын дарга нь өөрчлөгдтөл нүүрсний хулгай “нуувчинд” хадгалагдсан юм. Товчхондоо, Т.Аюурсайханы гарт “үхлийн гогцоо” байгаа тул МАН-ынхан түүнийг хамаагүй оролдож дөнгөхгүй. Наанаа муулсан ч, цаанаа айж байгаа нь чин үнэн.
Үүнийг мэдэрсэн Т.Аюурсайхан нэгдүгээрт хамгаалалт хүсч, хоёрдугаарт гишүүний бүрэн эрхтэй үлдэх сонирхол тээж яваа гэдгээ гишүүдэд өгүүлсэн талаар саарал ордны тамхины цэг дээр яригдаад эхэлсэн.
Нүүрсний хулгайд МАН-аас гадна АН-ын А.Адъяасүрэн, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ яллагдагчаар татагдчихсан. Эхний ээлжинд “Ажнай”-г намнах ажиллагаа эд өрнөж буй.
Тиймээс АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдаж, “гишүүдээ авч үлдэнэ” гэх улс төрийн шийдэлд хүрсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Албан ёсоор 11 гишүүнтэй байгаа тэд энэ хоёроороо “тахил” өргөчихвөл араас нь Б.Бейсенээс эхлээд хэдэн гишүүнээ ч алдаж мэдэх аюултай. Хэдий нууц санал хураалттай ч гэсэн “Ажнай”-г авч үлдэх кноп дарчихаад, МАН-ын хоёрын явуулах кноп дарна гэдэг бараг л боломжгүй зүйл. Тиймээс АН-ын бүлэг эхлээд “Ажнай” Б.Бат-Эрдэнийг, дараа нь А.Адъяасүрэнг хамгаалахын тулд МАН-ын гишүүдийг ч гэсэн хамгаалах үүрэг хүлээнэ.
Үүнээс гадна бүрэн эрхээ яриулж буй гурав. Тун удахгүй яриулж мэдэх Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, А.Адъяасүрэн нар нэмэгдээд нүүрсний хулгайд холбогдсон долоон гишүүн дор бүрнээ 5 гишүүн “барих” аянд морджээ. Эдгээр дээр нэмэгдээд Ж.Мөнхбат Архангайн төлөөллүүдээ, хуучин “60 тэрбумынхан”, 70 оны төлөөллүүдээ хөдөлгөчихвөл нүүрсний хулгайд холбогдсон гишүүд бүгд бат арааны үлдэнэ гэж тооцоолжээ. Жишээлбэл, Н.Наранбаатар гэхэд л “засаг дарга нарын фракц”-аа “бариад” ороход өөрөөсөө гадна 4 кноптой гэсэн үг. Дээр нь тойргийн хэд нь муу ч сайн ч хамгаална. Өөрөөр хэлбэл, АН-ын 11 кноп дээр дор бүрнээ 5 гишүүн “барьчихвал” багадаа 40 гаруй кноптой болно. Дээр нь өөрсдөө нэмэгдвэл 50 дөхнө гэсэн үг. Яг цагаа тулахад зарим гишүүд санал хураалтаас зугтаж албаартана. За, ингээд бүрэн эрхээ яриулах эхний гурван гишүүн лав явахгүй замдаа орчих нь тэр.. Эхний гурав нь яваагүй цагт дараагийн хэд нь ч явахгүй шүү дээ.
Ерөнхий сайд, намын дарга нь л бүдүүн бүлгээ дарамталдаггүй юм бол “аваргууд” ийнхүү үлдэх тохироогоо хэдийнээ “зуурчээ”. Мянга дарамталлаа ч гэсэн нэгдүгээрт, санал өгөх эрх нь гишүүдийнх. Хоёрдугаарт, санал хураалт нь нууц. Гуравдугаарт, бүрэн эрх яригдсан нөхцөлд гишүүд нам харгалзахгүйгээр парламент нэг талдаа гардаг гашуун түүх бий...