Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ээж, философич Б.Дулам: Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцах ёстойгоо мэддэг ч яаж харилцахаа мэддэггүй

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
9 минут 7 секунд

Магадгүй хүн бүхэн амьдралд бэлэн биш байдаг байх. Тийм ч учраас амьдрал ч өөрөө зааваргүй ирдэг биз.

Та цахим орчноор нэгэн бяцхан охин ээжээсээ амьдралын олон "ЯАГААД"-д хариулт авч буй цуврал бичлэгийг үзсэн байж болох юм. Тэгвэл энэ удаагийн ярилцлагынхаа зочноор "Амьдралд бэлэн үү" "Хайр өөрөө би" зэрэг номын зохиолч, "Ээж, философич" Б.Дуламыг "Сүрэг" МУСК-ны гол дүр болох Самбайн дүрийг чадварлагаар бүтээсэн бяцхан охин Д.Номин-Эрдэнэтэй хамт урин ярилцлаа.

-Сайн байна уу. Та өөрийгөө болон бяцхан охиноо танилцуулахгүй юу?

-Ээж Б.Дулам: Намайг Б.Дулам гэдэг. Философич мэргэжилтэй. Мөн "Амьдралд бэлэн үү" цуврал эхэлснээс хойш ээж, философич гэдэг нэрээр цувралаа хүргэдэг байсан учраас энэхүү нэрэндээ дасчихсан. Харин охиныг маань Д.Номин-Эрдэнэ гэдэг. "Күнз" сургуулийн нэгдүгээр ангид сурдаг.

-Цахим орчинд та өөрийнхөө пэйж хуудсуудаараа дамжуулан охинтойгоо хамт бичлэг хийж байгаа шүү дээ. Ер нь хэзээнээс эхлэн охинтойгоо хамт бичлэг хийх болсон бэ?

-Ээж Б.Дулам: Охинтойгоо хамт бичлэг хийгээд тийм ч их хугацаа өнгөрөөгүй байна. Одоогоор бид хоёр 23-24 бичлэг хийсэн байна. Анх охинтойгоо бичлэг хийе гэж огт бодоогүй байсан юм. Өмнө нь "Амьдралд бэлэн үү" гурван цуврал номынхоо хэсгээс өөр хүнээр уншуулж, цахим орчинд байршуулдаг байсан юм. Харин сүүлд "Хайр өөрөө би" гэдэг номоо гаргаад энэхүү номынхоо утга агуулгыг хүмүүст энгийн ойлгомжтой хүргэх үүднээс богино бичлэг хийсэн.

Эхний хэдэн бичлэгээ ганцаараа хийсэн байсан юм. Тэгээд дараа нь охинтойгоо хамт харилцан яриа байдлаар бичлэгээ хийвэл илүү сонирхолтой юм байна гэж бодсон. Хүн бүрийн хүлээн авах чадвар өөр, өөр байдаг шүү дээ. Зарим нь уншаад, зарим нь сонсоод ойлгодог. Тиймээс "Хайр өөрөө би" номыг зүгээр уншаад өнгөрөх бус ямар агуулгатай ном болохыг нь ойлгоосой гэж хүссэн.

Тэгээд нэг өдөр охиноосоо хамт бичлэг хийх үү гэж асуухад маш уриалгахнаар хүлээж авсан.

-Харилцан ярианы зохиол бас сэдэв санааг хэрхэн бодож олдог юм бол?

-Ээж Б.Дулам: Номоосоо сэдэвлэж харилцан ярианы сэдвээ бэлддэг. Номон дээр маань өсвөр насныханд болон эцэг, эхчүүдэд зориулан аливаа нэг сэдвийг захидал хэлбэрээр бичсэн байдаг юм. Хүүхдэд хэлэх гэж буй санаагаа маш зөөлөн, ойлгомжтой байдлаар найруулаад, зохиолоо бичдэг.

-Эцэг, эхчүүдийг ажиглаж байхад хүүхэдтэйгээ зөв харилцах талаар төдийлөн мэддэггүй юм шиг санагддаг л даа. Асуулт асуухаар нь төвөгшөөдөг, цааргалдаг. Угтаа бол хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй гэдгийг хүн бүр мэддэг шүү дээ. Таны хувьд үүнийг хэрхэн хардаг юм бол?

-Ээж Б.Дулам: Хүмүүст тэр дундаа эцэг, эхчүүдэд хэлэх гээд байгаа санаа маань хүүхэдтэйгээ чөлөөтэй, нээлттэй ярилцдаг байгаасай. Хүүхдийг жаахан юм чинь юу ч ойлгохгүй гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш. Хүүхдийн дотор маш том ертөнц байдаг.

Би өөрөө амьдрал дээр охинтойгоо аль болохоор нээлттэй ярилцахыг хичээдэг. Үүнтэйгээ адил 1 минут, 30 секундэд энгийн юм шиг хэрнээ маш том агуулгыг илэрхийлэхийг зорьдог.

Хамгийн чухал санаа бол "Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах ёстой гэдгээ мэдээд байдаг. Гэхдээ яаж харилцах ёстойгоо төдийлөн мэддэггүй" мэт санагдсан. Тийм ч учраас үүнийг ойлгуулахын тулд бичлэгээ хийдэг.

-Тэгвэл таны бодлоор эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа юу вэ?

-Ээж Б.Дулам: Эцэг, эхчүүд бид хүүхдийнхээ юу хүсэж байгааг өөрсдийнхөө өнцгөөс л хараад байдаг. Гэтэл хүүхдүүдийн өнцгөөс мөнгө гэж юу болохыг, хайр гэж юу болохыг, хариуцлага гэж юу хэлдгийг хэрхэн ойлгож байгаа вэ гэдгийг хүүхдийн өнцгөөс харахаар арай өөр байгаад байдаг юм.

Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ ажиглаж, анзаарах л хэрэгтэй байгаа юм.

-Охиноос нь асууя. Ээж нь хэзээ чамд бичлэг хийх санал тавьсан бэ. Эгчийн дүү яаж хүлээж авав?

-Охин Д.Номин-Эрдэнэ: Мэдэхгүй ээ. Нэг орой хоёулаа бичлэг хийх үү гэж асуусан. Тэгээд ээжээсээ яаж бичлэг хийх юм бэ, влог юм уу энгийн бичлэг үү гэж асуусан чинь надад нэг бичлэг үзүүлсэн.

-Ээж нь чамтай бичлэгийнхээ сэдэв, санааг ярилцдаг уу?

-Охин Д.Номин-Эрдэнэ: Ээж номоосоо эсвэл бодож байгаад сэдвээ сонгодог юм шиг байна лээ. Тэгээд л "Үгээ бэлдчихсэн шүү. Хоёулаа бичлэгээ хийе" гээд дууддаг. Заримдаа үгээ бэлдээд, заримдаа асуумаар байгаа зүйлээ асуугаад л бичлэгээ хийдэг дээ.

-Ээжтэйгээ хамт бичлэг хийж байхдаа мэдэхгүй зүйл гардаг уу?

-Охин Д.Номин-Эрдэнэ: Заримдаа ойлгохгүй зүйл гардаг. Түүнийгээ ээжээсээ энэ яг юу гэсэн үг вэ гэж асуугаад юу гэдгийг нь ойлгочихдог. Харин заримдаа өөрийнхөө ойлгох юмаа шууд ойлгочихдог юм.

-Таны хувьд "Сүрэг" МУСК-ны продюсероор ажилласан. Мөн охин нь ч бас гол дүр болох Самбайгийн дүрд тоглосон юм билээ. Угтаа Самбайгийн дүр бол эрэгтэй хүүхдийн дүр шүү дээ. Гэтэл ийм хөөрхөн охин тоглосон гэдгийг саяхан мэдлээ?

-Ээж Б.Дулам: "Сүрэг" МУСК-д охин маань маш санамсаргүй байдлаар тоглосон юм. Кино зурагт гарахаас хэдхэн хоногийн өмнө найруулагч маань охинтой минь уулзаад тоглож болох юм байна гээд гол дүрд тоглохоор болсон. Гэхдээ хамгийн гол нь эрэгтэй хүүхдийн дүрд тоглоно гэж огт төлөвлөөгүй байсан юм.

Тухайн үед охин маань ч маш жаахан байсан. Гол нь эрэгтэй хүүхдийн дүрд тоглохын тулд үсээ хусах шаардлага гарсан. Тэгээд охиноосоо чадах уу, үсээ хусуулах юм байна гээд асуухад охин маань "Зүгээр шүү дээ дараа нь ургачих юм чинь" гээд л хариулсан юм.

Тэгээд л охин маань өөрөө дуртай байна, чадах юм байна гээд кино зураг руугаа авч явж байсан юм. Харин сая бичлэг хийж эхлэхэд өмнө нь кинонд тоглочихсон байсан учраас камерын өмнө нээлттэй, айж сандрах зүйлгүй, нүүр хагарчихсан байсан. Заримдаа надаас хэзээ бичлэгээ хийх юм, өнөөдөр хийх юм уу гээд л асуудаг болчихсон.

-Тэгвэл Д.Номин-Эрдэнэ эгчийн дүү эрэгтэй хүүхдийн дүр бүтээхэд ямар санагдсан бэ?

-Охин Д.Номин-Эрдэнэ: Анх би кинонд тоглох юм болов уу гээд итгэж чадахгүй байсан. Гэтэл хөдөө зурган дээр очсон чинь намайг эрэгтэй хүүхэд болно шүү гэж хэлэхэд нь "Эрэгтэй хүүхэд ээ" гээд маш их гайхсан.

Самбайгийн дүрд тоглоход бол огт хэцүү байгаагүй. Гэхдээ юм ярихгүй байхад л жаахан хэцүү санагдсан.

Манай аав зохиолч Тодко Самсон, ээж маань продюсер хийсэн. Тийм болохоор аав, ээж хоёртойгоо хамт байсан учраас хэцүү санагдаагүй.

-Эгчийн дүү том болоод ямар мэргэжилтэй хүн болъё гэж боддог вэ?

-Охин Д.Номин-Эрдэнэ: Би том болоод жүжигчин болъё гэж боддог. Яагаад гэвэл жүжигчин болох их гоё юм билээ. Яг юу нь гоё гэдгийг мэдэхгүй ч гоё санагдсан.

-Ярилцсан баярлалаа.

Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.