Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Энхбат: Тэмцээн зохион байгуулах зөвшөөрөл олгох хүртэл УОК-т хүсэлтээ явуулсаар байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 37 секунд
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Сагсан Бөмбөгийн Тамирчдын Холбоо, Монголын Волейболын Холбоо хамтран лигийн тоглолтууд болон бусад чухал тэмцээнүүдээ үзэгчгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулах хүсэлтээ энэ оны 5 сарын 25-ны өдөр УОК, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн. Гэвч УОК зөвшөөрөөгүй юм.  Тус нөхцөл байдлын талаар МХБХ-ны Маркетинг, хэвлэл мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Энхбат,  МҮСБХ-ны Ерөнхий менежер С. Төгсжаргал нараас тодрууллаа. 
-Ч.Энхбат: Тэмцээн явуулах зөвшөөрөл олгох хүртэл нь Сагсан бөмбөг, Волейболын холбоотой хамт УОК-т хүсэлтээ явуулсаар байна-
 
-УОК хөлбөмбөгийн гурван тэмцээнийг үзэгчгүй, хорио цээрийн дэглэмийн хүрээнд зохион байгуулах зөвшөөрөл тавдугаар сарын 18-нд олгосон. Энэ шийдвэрээ хоёр хоногийн дараа цуцалсан.  Шийдвэрээ яагаад цуцалсан талаараа тайлбар хийсэн үү?
 
УОК-оос өгсөн тухайн албан бичиг дээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болон олимп хойшилсонтой холбоотойгоор тэмцээн уралдаан зохион байгуулах боломжгүй тайлбар бүхий бичиг өгсөн. Өөрөөр хоёр хоногийн хугацаанд шийдвэрээ гэнэт цуцалсан талаараа тайлбар мэдэгдэл хийгээгүй байгаа.
 
-Дээд лигт хэдэн баг тамирчид оролцох хүсэлтээ ирүүлсэн бэ? Энэ шийдвэр нь баг тамирчдад хэрхэн нөлөөлж байна вэ?
-Нэг багийн мэдүүлэг дээр ойролцоогоор 30 тамирчин байдаг. Эндээс ойролцоогоор 25 тамирчин тэмцээндээ оролцдог. Дээд лигт  10 баг өрсөлддөг. Дээд лиг нь унах болон дэвших системээр явагддаг байгаа. Яг энэ системээрээ доод лиг буюу нэгдүгээр лиг гэх мэт тэмцээнүүдийг явуулахаар хүсэлтээ хүргүүлсэн байгаа. Нийт дээд лигт 300 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байсан. 
 
-УОК-оос гаргасан шийдвэрийн улмаас клубууд ямар нөхцөл байдалд байна вэ? Ивээн тэтгэгчдээ алдаж магадгүй гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулаач? 
Хөлбөмбөг ивээн тэтгэнэ гэдэг их хэцүү. Тухайн арга замаар эргээд “Тухайн спортоосоо хэрхэн орлого олох вэ? Үр шим нь юу вэ?” гэх мэт яригдах зүйл их байдаг. Зөвшөөрөл олгосны дараа орон нутаг уруу зарим баг тамирчид маань бэлтгэлд гарсан байгаа. Мөн талбай түрээсэлсэн, хувцас хэрэглэлээ захиалчихсан, тамирчдынхаа цалинг хагас болон бүтэн сараар олгосон гэх мэт их зардал гаргасан. Энэ зардлуудыг ивээн тэтгэгч байгууллагууд ерөнхийдөө гаргадаг байгаа. 
-УОК зөвшөөрсөн тохиолдолд тэмцээнээ яаж зохион байгуулахаар бэлдэж байсан бэ?
Яг энэ хорио цээрийн дэглэмийн үед нэгдүгээрт үзэгчгүй зохион байгуулъя. Хоёрдугаарт баг тамирчдад талбайд гарч ирэх мөн МХБХ-ны үүдээр орж ирэхээс эхлээд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталъя. Мөн халуун хэмжих, багийн эмч нар, автобус болон багийн унаандаа үзлэг хийх, албаны хүмүүс талбай дээр тоглолт явагдаж байхад 20 минут тутамд ариутгал хийх, баг тамирчдын зургийг нэгээс хоёр метрийн зайтай авахуулах,  гоолын баярыг тэмдэглэхдээ бие биетэйгээ хүрэхгүй байх гэх мэт олон улсын туршлагатай нийлүүлээд УОК болон ЭМЯ-аас гаргасан зөвлөмжтэй хослуулаад тэмцээнийхээ дүрэм, журмыг гаргаад бэлэн болчихсон байсан.
-УОК-д бусад холбоонуудын хамт дахин хүсэлтээ 5.25-нд хүргүүлсэн. Гэвч УОК-оос зөвшөөрөөгүй. Тэгэхээр дээд лиг болон 1-р лиг, Футзалын Дээд Лиг ингээд зохион байгуулагдахгүй гэсэн үг үү? Цаашдаа яах вэ? 
УОК болоод тухайн дээд албан тушаалтнуудаас хариу хүлээж байгаа. Мэдээж МХБХ УОК, ЭМЯ-аас гаргасан захирамжуудыг хүндэтгэж үзнэ. Одоогоор хоёр удаа бичиг явуулж үзсэн ч татгалзсан хариу авсан. Гэхдээ бид явуулсаар л байх болно.  Дараагийн бичгээ хэзээ явуулахаа арай товлож амжаагүй байна. Харин хэзээ зохион байгуулах зөвшөөрөл олгоно тэр үед шүгэл дуугараад тэмцээн эхлэхэд бэлэн байна.
Гэвч наадам хийх шийдвэр гаргасан. Одоо сонгуулийн ажил гээд хаа сайгүй хүмүүс олноор цуглуулж байна. Үүнд  ямар хандлагатай байна?
Энэ тал дээр Монголын хөлбөмбөгийн холбооны байр суурь гэвэл олон хүн цуглуулж байгаа дээр ямар нэгэн сэтгэгдэл хэлэх эрх байхгүй. Улс өөрөө мэдээд сонгуулийг зохион байгуулна, наадмаа хийнэ гэж байгаа бол тухайн хүмүүсийн шийдвэр. Харин энэ спортын дор амьдралаа залгуулж, ар гэрээ авч явдаг, улс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд авч явдаг тамирчид маань бэлтгэлгүй болчихвий гэж санаа зовж байна. 
 
Одоогийн байдлаар дотооддоо халдвар гараагүй байгаа учраас ийм хүсэлт гаргаад байгаа юм. Бага насны болон өсвөрийн тэмцээнийг эхлүүлэхгүйгээр зөвхөн дэлхийд амжилт үзүүлэх боломжтой баг, тамирчдаа л бэлтгэлтэй байлгах үүднээс тэмцээнээ эхлүүлмээр байна. 
ДАШТ-ний урьдчилсан шатны хоёрдугаар даваанд 3 тоглолт хийх үлдсэн байгаа. Энэ тоглолтууд 10, 11 сард зарлагдсан. Ийм байдалд тоглолтын хангалттай бэлтгэлгүй байвал тамирчид маань бэртэнэ гэх мэт хэцүү асуудлууд гарч ирнэ.  Тиймээс энэхүү шатыг даваад гарч ирсэн дээрээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр өндөр амжилт үзүүлэхийн тулд хангалттай бэлтгэл хийх шаардлагатай.  Тиймээс нэн яаралтай тэмцээнээ эхлүүлмээр байна.
 
-МҮСБХ-ны Ерөнхий менежер Төгсжаргал: Үзэгчгүй тэмцээн явуулах зөвшөөрөл олгохгүй байж сонгуулиар өөрсдийн гаргасан бүх шийдвэр, журмаа зөрчиж байна-
-Одоогоор сагсан-бөмбөгийн ямар тэмцээнүүд цуцлагдаад байна вэ?
Цар тахлын улмаас олон нийтийн арга хэмжээнүүдийг 1 сараас хорьсон. Үүнээс хойш нөхцөл байдалд тааруулж олон арга хэмжээ, шийдвэрүүдийг төрөөс гаргаад явж байгаа. Спорт заланд тоглохыг зөвшөөрсөн, бар рестораныг 10 хүртэл ажиллуулж байгаа гэх мэт. Энэ шийдвэрүүдийн дараа үзэгчгүй, УОК-ээс гаргасан бүх дүрэм, журмуудыг нарийн чанд баримтлан лигийн тэмцээнүүдийг явуулах боломжтой юм байна, зөвшөөрөл олгох байх гээд хүсэлтээ өгсөн.
Гэвч  олон спорт сонирхогчид, тамирчдын бухимдлыг төрүүлсэн зүйл нь спортын уралдаан тэмцээнийг ялгавартай үзэж зохион байгуулахыг зөвшөөрөөгүй явдал. 
Сагсан бөмбөгчдийн хувьд эд тэмцээн уралдаан, лигээ явуулдаг хугацаа нь таарч лигүүд ид үргэлжилж байгаад голоосоо бүгд зогссон. Энэ нь спортын залуучуудаа дэмждэг спонсор, багийн эздийн хөрөнгө оруулалтыг салхинд хийсгэж, сагсан бөмбөгийн тамирчдын орлогыг зогсоож, сагсан бөмбөгийн спортыг даган орлого олж үйл ажиллагаа явуулдаг олон газруудын үйл ажиллагаанд хүндээр тусч байгаа. 
Манай Үндэсний лиг, сонирхогчдын MGL G лиг, Спрайт Супер лиг зэрэг тэмцээнүүд ид үргэлжилж байгаад бүгд талаасаа зогссон. 
 
Дархлааг хамгийн сайн дэмжих зүйл бол спортоор хичээллэх гэж байнга мэдээлэлж, уриалж байгаа ч түүнийгээ хориод, нэг гаргасан шийдвэрээ 2 хоногийн дараа өөрчилж, спортын арга хэмжээг хориод байгаад зөвхөн тамирчид гэлтгүй тэмцээн уралдааныг шууд дамжуулалтаар үзэхийг хүсч буй үзэгчид ч бидэнд байнга бухимдлаа илэрхийлж, тэмцээн уралдаанаа хурдан явуулах хүсэлтийг их ирүүлж байгаа.
Спортын уралдаан тэмцээнтэй ижил төрлийн үйл ажиллагаануудыг явуулахыг зөвшөөрсөн шигээ тэмцээн зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байгаа нь ойлгомжгүй байна.
-Гэвч наадам хийх шийдвэр гаргасан. Одоо сонгуулийн ажил гээд хаа сайгүй хүмүүс олноор цуглуулж байна. Үүнд ямар хандлагатай байна? 
-Наадам Монгол үндэстнийг дэлхийн бусад улсуудаас ялгах гол соёлуудын нэг учраас дүрэм, журмаа баримтлаад хийхийг эсэргүүцэхгүй ээ. Гол нь бусад спортын тэмцээн, уралдааныг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан журмыг даган хийх зөвшөөрөл олгохыг л хүсч байна. 
Үзэгчид, тамирчид, дасгалжуулагчдын бас хамгийн их бухимдал төрүүлж байгаа явдал бол үзэгчгүй тэмцээн явуулах зөвшөөрөл олгохгүй байж сонгуулиар өөрсдийн гаргасан бүх шийдвэр, журмаа зөрчиж олноороо цуглаж байгаа явдал. Өдөр бүр олноороо цуглан багшралдаж байгаа зургийг бид бүхэн сошиалоос харж байгаа шүү дээ.
Н.Золзаяа, А.Содномдаржаа
Тусгаарлалтад байгаа иргэд талхан дотор тамхи, усны саванд архи хийж нэвтрүүлж байна
Тусгаарлалтад байгаа иргэд талхан дотор тамхи, усны саванд архи хийж нэвтрүүлж байна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.