“Уг нь X богдын хойд дүр тодорсон тухай мэдээ Энэтхэгийн Дарамсала хотоос биш Монгол Улсын Улаанбаатар хотоос дэлхийд түгсэн бол сайнсан” хэмээн ШУА-ын ОУС-ын хүрээлэнгийн Түүхийн шинжлэх ухааны докmор, Богд судлаач О.Батсайхан ярьж байна.
Түүний хувьд 30 гаруй жил Богдын талаар судалж буй юм. Харин ард түмэн X Богд тодрох нь геополитик, улс төр, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө хэмээн талцаад буй. Тэгвэл энэ бүх асуудалд судлаачид ямар байр суурьтай байгаа талаар ярилцлаа.
-X Богдыг Монгол Улсаас тодруулах нь бурхны шашинд ямар нөлөө үзүүлэх вэ. Эерэг үр дагавар авчрах уу?
-Монгол Улсын түүхэнд X Богд тодорч байна. Сүүлийн 300, 400 жил Монголчуудын 90 гаруй хувь нь бурхны шашныг шүтэж бидний түүх, оюун санаатай зайлшгүй холбоотой болж ирсэн. Бурхны шашны тэргүүн Богдын үүрэг бол Монголчуудын оюун санааны хөгжилд тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, үндэсний дархлаа, үнэт зүйлд тээгч болсноороо онцгой үүрэг гүйцэтгэж байсан. Бурхны шашны тэргүүн Богдын хэлсэн үгийг дагаж байсан гэсэн үг шүү дээ. Дагах гэдэг нь түүнийг тойрч хүрээлж нягтарч байж. Ганцхан Ар Монгол бус Өвөр Монгол, нийт монгол овогтон нэгдсэн. Ромын Пап лам тодордогтой л адилхан зүйл.
Уламжлалын дагуу болж байгаа учраас монголчууд баяртай хүлээж авна байх. Бид өөрсдийгөө пирамид гэж бодвол Богд гэдэг нэг оройтой болчихоор төвлөрч нэгдэнэ биз дээ. Хамгийн гэрэл гэгээтэй сайхан мэдээ гэж хүлээж авах хэрэгтэй. Өвөг дээдсийнхээ үнэт өвийг цаашдаа сэргээх өндийлгөх хэрэгтэй байсан юм.
-Олон улс судлаачийн нүдээр харахад манай улсын гадаад дотоод бодлогод ямар ач холбогдолтой гэж та харж байна?
-1930-аад онд 30 мянган лам нараа цаазалж Монгол, Санскрит хэлээр бичсэн оюун санааныхаа өвийг шатааж, өв соёлоо тараасан ард түмэн шүү дээ. Үүний дараа Монголд Ардчилсан хувьсгал ялж үндэсний гэсэн бүхэн сэргэсэн. Ингэж л бодох хэрэгтэй. Монгол гэдэг зүйлсээ мэдэж, танихад, соёл, түүхийн тээгчийн үүргийг бурхны шашин гүйцэтгэж ирсэн учраас X Богдын асуудал чухал.
Монгол өөрийн гэсэн шашны тэргүүнтэй байх нь гадаадын хэн нэг улсын эрх ашигт муугаар нөлөөлнө гэж бодохгүй байна. Харин ч эерэгээр нөлөөлнө байх. Би дахин хэлье Монгол Улс өөрийн гэсэн шашны тэргүүнтэй байх нь хэн нэгэн улсын эрх ашгийг хөндөхгүй.
2016 оны арваннэгдүгээр сард далай лам ирж X Богдын хойд дүр Монголд төрсөн байна гэдгийг зарласан. Тэр үед БНХАУ эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Мэдээж энэ асуудал бол далай ламтай холбоотой. Далай лам 1959 онд БНХАУ-аас 100 мянган Төвд иргэнийг дагуулан дүрвэн Энэтхэгийн Дарамсала хотод оршин суусан. Энэ үүднээс БНХАУ далай ламтай харьцаж байгаа улсуудад эмзэг ханддаг. Гэхдээ гадаадын улс гүрнүүд Монголчууд өөрсдийн гэсэн шашны тэргүүнтэй болж байгаа энэ үйл явдалд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
ОЛОН УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХАРАХАД X БОГД ТОДОРСОНТОЙ ХОЛБООТОЙГООР БНХАУ ХИЛЭЭ ХААХГҮЙ
-Өмнө нь БНХАУ хилээ хааж байсан удаатай. Энэ удаад ямар байх суурь илэрхийлэх бол гэж та бодож байна?
-Би өмнөх шигээ хандана гэж бодохгүй байна. Зөвхөн БНХАУ ч гэлтгүй ОХУ, АНУ гэх мэт том гүрнүүд Монгол Улс өөрийн гэсэн шашны тэргүүнтэй болж байгаа энэ үйл явдалд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Манай улс бол ардчилсан, тусгаар тогтносон улс. Шашин шүтэх эрх чөлөөтэй учир бид хэнээс ч асуухгүйгээр асуудлаа шийднэ. Одоо хилээ хаасан ч бид дэлхий нийтэд хандах эрхтэй. Олон улсын нөхцөл байдлыг харахад тэгж хандахгүй байх. Яагаад тусгаар тогтносон, ардчилсан улсын бүрэн эрхэд халдах бүдүүлэг зүйл хийнэ гэж.
-X Богд тодорсоноороо Монгол Улс соёлын зөөлөн хүчний бодлого явуулах боломжтой юу?
-Зөөлөн хүчний бодлого явуулах эсэх нь манай өөрийн л асуудал. Гэхдээ энэ бодлого их гүрнүүдийн л явуулдаг зүйл. Өөрийн бодлыг тулган хүлээлгэх гэж ярьдаг даа. БНХАУ гэхэд Күнзийн сургаалаар дамжуулдаг. Юутай ч гэсэн Монгол овогтны цөм гал голомт нь Монгол Улс мөн. Тийм учраас бид өөрийн шашин, өв соёлоо дээдэлнэ. Харин зөөлөн хүчний бодлого явуулах эсэх нь хоёр дахь ээлжийн асуудал. Эхлээд шашинтайгаа болох, түүх соёлоо мэдэх нь чухал.
МӨНГӨӨР БОГДЫГ ТОДРУУЛНА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ
-X Богдыг УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын зээ хүү гэх мэдээлэл гарлаа. Үүнтэй холбоотойгоор мөн л ард түмэн талцаж эхлэв. Тэгэхээр Богдыг ямар журам, шалгуураар тодруулдаг нь сонин байна?
-IX Богд миний хойд дүр Монголд төрнө гэж гэрээслэл үлдээсэн шүү дээ. Ямартай ч 267 жилийн дараа Монгол хүн бурхны шашны тэргүүнээр өргөмжлөгдөж байна. 2012 оны Ц.Элбэгдоржийн зарлиг гарсан байдаг. Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч гэсэн үүнд анхаарал хандуулах байх.
Нийт есөн Богд тодрох процессийг үзэж байхад маш олон хүүхдийн жил нас төөрөг төрсөн газрыг нь хүртэл сонгож авдаг. Цаашлаад хүүхдүүдийг хумьсаар байгаад Далай лам үзэж мадаггүй энэ мөн гэж зарлиг лүндэн буулгадаг юм билээ. Аль ч Богдын үед тодорсоных нь дараа эргэлзээ төрж байгаагүй. Өөрийн үүрэг, үйлээрээ нотолно гэсэн үг.
Гэтэл зарим хүмүүс мөнгө төгрөг өгөөд тодруулна. Манай хамаатнаас тодруулах хэрэгтэй гэж яриад байх юм. Үе үеийн Богдуудыг харахад тийм зүйл байхгүй.
Монгол үндэстэн өөрийн шашны тэргүүнийг тодруулаад аваад явах хэрэгтэй болохоос талцах шаардлагагүй. Шашингүй хүн бол эцсийн эцэст буу барьсан хүнээс дор гэж үг бий шүү дээ.
-Түрүүн та одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ч гэсэн энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн?
-Монгол Улсын үндэсний эрх ашгийг онцгой хөндсөн асуудал учир анхаарлаа хандуулах хэрэгтэй. Уламжлалын дагуу батламжлах үйл явц болно байх. Төр сүм хийдийн харилцааны хуульд Буддын шашин бол Монголчуудын зонхилох шашин мөн гэсэн зүйл ч байгаа. Тиймээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үүднээс ҮАБЗ-ийн тэргүүн батламжлах учиртай.