Цөөн хүн амтай манай улсад инфльюнсерүүдийн орон зай реклам, зар сурталчилгааны салбарт хүчээ авч, бараг л нэг эд эс нь болоотохлоо. Чухамдаа бидний ойлгож, хүлээж авдаг НӨЛӨӨЛӨГЧ хэмээх тодотголтой инфльюнсерүүд бол хэн нэгэн энгийн иргэнээс хавь илүү байр суурьтай учраас тэр юм. Харин одоогийн нөхцөлд цахим хуудсандаа олон мянган дагагчтай хүнийг л бид “нөлөөлөгч” гэж цоллох нь элбэг болжээ. Сайн ажиглавал тэдний нийтлэг төрх ав адил. Үйлдвэрлэл, бүтээгдэхүүний танилцуулга хийнэ. Аль эсвэл арга хэмжээний зарлал, шинэ бизнес сурталчилгаагаа ч танилцуулчихана. Харин сүүлийн үед "хачир" болгоод сугалаа ч явуулдаг болсон харагдана.
Гэтэл манай инфльюнсерүүдийн бий болгосон орон зайгаас олон нийтийн нүдэнд ил харагдах төрх нь сайхан амьдрал, санаа зовох зүйлгүй баяр хөөртэй төрх. Энэ байдлаас олон нийтэд үзүүлэх "нөлөөлөл" гээч нь сэтгэл санааны гутрал. Цаашилбал дутуугийн мэдрэмжтэй болоход хүргэдэг гэхэд ч буруудахгүй. Учир нь тэд хөрсөн дээрээ буусангүй, амьдралтай ойр зүйл ярьсангүй. Өндөр үнэ бүхий барааг танилцуулахдаа ядаж иргэдийнхээ дундаж цалинг ч тооцоолсонгүй.
Гэхдээ зөвхөн үүнийг онцлох гэсэнгүй. Өнөөдөр өсвөр насны хүүхэд залуусын дунд дуучин, бүжигчин аль эсвэл инфльюнсер болох хүсэлтэй нь давамгайлж байна. Хүсэл нь хэтрээд бараг л "мөрөөдөл" шахуу болж байна. Мөрөөдөлдөө хөтлөгдсөн нэгэн нь эхнээсээ сошиал орчинд ихэнх цагаа өнгөрүүлж, инфльюнсерүүдийн "арга барил"-уудаас нь суралцаад эхэлсэн гэхэд ч хилсдэхгүй. Тэгвэл сошиалаар яриад л хийчихдэг ажил руу бүгд хошуурах юм бол бодож сэтгэж, хийж бүтээх мэргэжлийн номыг нь хэн сонсож, ажлыг нь хэн хийх юм бэ. Хими, физикийн хичээлийн багш ч үгүй, оюутан ч үгүй, анги ч үгүй болоод олон жилийн нүүр үзэж байна. Мэдээлэл технологийн мэргэжилтэн, барилгын инженер, архитектор, геологич гэх мэтчилэн эрэлт хэрэгцээ өндөртэй мэргэжлүүд шил шилээ даран байхад эл чиглэлээр суралцах хүсэлтэй залуус жил ирэх тусам багассаар.
Мэдээж хэрэг инфльюнсерүүдийг шууд утгаар буруутгах нь өрөөсгөл. Учир нь тэд сурч боловсорсон, ажиллаж амьдарч буй мэргэжлээ л “рекламдана”. Тэдний мэддэг, чаддаг, хүсэж мөрөөдсөн зүйл учраас сурталчилахаасаа ч эмээхгүй. Харин тэднээс ухамсарлахыг хүсэх хэдхэн зүйл гарч ирж байна. Инфльюнсер гэх нэрээ дан ганц бараа бүтээгдэхүүн сурталчилахад бус хүүхэд өсвөр үеийн залууст хэрэгцээтэй боловсролын чиглэлд мэдээ мэдээллийг хүргэхэд ашиглах хэрэгтэй байна. Хийж бүтээх хүсэлтэй залуус бага байхад гурван сая инфльюнсертэй байгаад ч энэ улсын хөгжилд гар бие оролцож, хувь нэмрээ оруулж чадна бараг л үгүй болов уу. Тиймээс ийм асуудалтай нүүр тулахгүйн тулд хэрэгцээтэй, эрэлттэй байх мэргэжлээ олон нийтэд сурталчилдаг байх хэрэгтэй.
Д.Дөлгөөн