Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Иргэд хэвийн боовоо овоо тахилга, хогийн бункер бараадуулан хаяжээ

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
10 минут 49 секунд

Амар мэндийн ерөөлөөр ах дүү, амраг садантайгаа учран золгох сар шинийн баяр хэдийнээ ард хоцорлоо. Хамаг л өнгөтэй, өөдтэй, идтэй, шимтэй идээ, ундаагаа ширээ дүүрэн дэлгэн тавьдаг ч эцэс сүүлд нь "Идэх хүн олдохгүй" хэмээн хаа таарсан газраа хаяад уджээ. Уламжлалаа уландаа гишгэж, ул боовоо хог дээр хаяж, овоо тахилгад хэнэг ч үгүй үлдээх сэтгэл монгол хүнд байхгүй баймаар. Гэвч харамсалтай нь өнөөдөр ч хүртэл хатаж хагарсан, үйрч үймэрсэн тавгийн идээний гол зоог болох хэвийн боов хог дээр хаягджээ.

Нэг хэсэг эл үйлдлийг иргэд, олон нийт шүүмжилж, энэ мэт үйлдэл гаргахыг эрс эсэргүүцэж байсан ч өнөөдөр "муудчихлаа" хэмээн идээний дээд шүүс зоогоо ч хүртэл хог дээр хаясан тохиолдол гарлаа. Тэгвэл UBN.mn сайтын сурвалжлах баг хэвийн боовыг иргэд хэр их хаяж байгаа болон хаяхгүйгээр хэрхэн ашиглах боломжтой талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Нийслэл УЛААНБААТАР ХОТ

ХУД-ийн нутаг дэвсгэр

Нийслэл хотын хаа нэгтээ. Олон ч газраар хэрэн хэсэв. Хогийн бункер, хаягдсан балгас, жалга довоор явсан ч хаягдаж хоцорсон ул боов үл үзэгдэнэ. Гэвч цааш багагүй явсаар овоо тахилга бараадан хэвийн боов өргөсөн байхыг нүдээр үзлээ. Байгалийн юм байгальдаа шингэг хэмээн үлдээсэн эсэхийг үл мэдэх ч үнэхээр байгальдаа шингэх эсэхийг мэдэхгүй юм. Ойр хавийн мал, амьтан идчих юм уу гэхээр идэх амьтан үл үзэгдэнэ.

Ямар сайндаа л Экологийн цагдаагийн албанаас сар шинийн баярын дараа овоо тахилгад хэвийн боов хийгээд идээний тэргүүтэнг өргөж, байгаль орчноо сүйтгэхгүй байх талаар уриалга гаргах авч зарим хүмүүс үүнийг нь юман чинээ тоодоггүй бололтой.

ХУД-ийн нутаг дэвсгэр

Бид сайхан шинэлээрэй хэмээн нэг нэгэндээ ерөөдөг ч сайн идээрэй, хог хаяаарай, ул боов, идээ ундаагаа уул хаданд өргөөрэй гэж захидаггүй байлтай. Харамсалтай нь хаа таарсан газар, уул овоондоо идээ, ундааныхаа тэргүүтэнд эгнүүлэн өргөж, ирээдүйн зам мөрөө даатгалаа хэмээн сүсэглэн бишрэх нь хэр овочтой юм бол хэн мэдэх вэ.

Манай сурвалжлах баг цааш явсаар нэгэн байрны урдхан талд хэдэн ширхэг ул боовыг уутанд хийгээд шидсэн бололтой. Ийш тийш үсэрч, хэдэн хэсэг болон тарсантай таарлаа.

БЗД-ийн нутаг дэвсгэр

Хажуухан талд нь хогийн цэг бий аж. Магад тийш нь шидсэн болов уу. Угтаа хэвийн боовоор идээгээ засаж, хоймроо залдаг атал хэнэг ч үгүй газар шидлэнэ гэдэг байж боломгүй асуудал. Энэ ч яахав. Зарим хогийн цэгүүдэд ч мөн ийм дүр зураг мэр сэр ажиглагдсаар л байв.

Магад нохой, шувуу, муур, хулгана гээд амьтад идэж болох ч идээний тэргүүтэнг ингэж хаяхаа одооноос болих хэрэгтэй мэт санагдаж байлаа.

Бид зарим иргэдээс хэвийн боов болон тавгийн идээний зоогийг хогийн цэг дээр хаях асуудалд хэрхэн ханддаг талаар сэтгэгдлийг нь сонсоход,

Сар шинэ өнгөрөв үү үгүй юу хүндэтгэлийн идээгээ хаана ч хамаагүй хаях нь буруу

Иргэн Н.Батжаргал, "Нэг хэсэг хавсайг хаана ч хамаагүй хаядаг болчихсон байсан нь үнэн шүү. Гэхдээ одоо харьцангуй багассан юм болов уу. Гэхдээ мэр, сэр байгаа байх. Угтаа бол хүндэтгэлийн идээгээ сар шинэ өнгөрөв үү үгүй юу хаана ч хамаагүй хаях нь буруу шүү дээ. Бүр овоо, тахилгад өргөх нь ч буруу юм шиг санагддаг. Цаашид ийм үйлдэл бага гаргаасай гэж хүсэж байна" гэлээ.

Намайг хүүхэд байхад хэвийн боовыг бэлэг болгон өгдөг байсан

Иргэн "Биднийг хүүхэд байхад хэвийн боовоо өөрсдөө гэр гэртээ хийдэг байлаа. Бүр зарим айлууд сар шинийн бэлэг болгон өгдөг ч байсан. Гэхдээ арай ч хог дээр хаяж байгаагүй юм. Одооны хүүхдүүд хэвийн боов идэхгүй, хатчихдаг гээд л хаядаг юм шиг байна. Ер нь бол их муухай зүйл шүү дээ" гэв.

Тэгвэл хэвийн боовыг хог дээр хаяхгүйгээр, хатааж муутгахгүйгээр, овоо тахилгад өргөхгүйгээр хэрхэн ашиглаж болох вэ.

Бидний төсөөлж ч чадахгүй амьдрал энэ нийгэмд бий. Магадгүй өнөөдөр идэх хоолгүй хоосон өнжиж байгаа хүмүүс ч байгаа байх. Бүр ул боов, ууцны мах идэхсэн гэж хүсэн хүлээж буй бяцхан үр байхыг ч үгүйсгэхгүй юм.

Нийслэл Улаанбаатар хот хүн амын төвлөрөл ихтэй. Тэр ч утгаараа зорилтот бүлгийн хүмүүс цөөнгүй бий гэсэн үг. Үүнийг хүн бүр мэддэг ч төдийлөн анхаардаггүй нь харамсалтай.

ХУД-ийн нутаг дэвсгэр

Тэгвэл "Баянзүрх дүүрэг" нэгэн уриалгыг гаргажээ. Тэр юу вэ гэвэл цагаан сарын дараа идэхгүй, хэрэглэхгүй гэсэн идээ ундаа, тавгийн идээ, гурил печениэ хандивлаж, нэг ч гэсэн айл өрхөд хаврын урт өдрүүдийн хэсэгхэн хугацаанд ч болов идэх ундтай байх боломжийг олгохыг хүссэн аж.

Тодруулбал, БЗД-ийн аль ч хороонд оршин суух иргэд та бүхэн өөрийн харъяа хороодын хариуцаж буй хэсгийн ахлагчдаа идээ, ундаагаа хандивлах боломжтой юм. Магадгүй энэ нь овоо тахилгад өргөснөөс илүүтэй сайн үйл болох нь гарцаагүй.

UBN.mn сайтын сурвалжлах баг энэ талаар Баянзүрх дүүргийн хороо хариуцсан мэргэжилтэн н.Чойжилсүрэнгээс тодруулахад,

Иргэдээс ирсэн хандивын ул боов, хүнсний бүтээгдэхүүнүүдийг зорилтот бүлгийн иргэдэд болон зарим ТББ-уудад хандивлана

Тэрбээр, "Сар шинийн баярын дараа айл өрхүүд идээ ундаа тэр дундаа тавгийн идээ, ул боов зэргээ хэрэглэхгүй байх тохиолдол гардаг. Тиймээс манай дүүргээс иргэдийг харъяа хороон дээрээ хэрэглэхгүй байгаа идээ, ундаагаа өгөх уриалгыг гаргасан.

Мөн бидний зүгээс ирсэн бүх хүнсийг шууд авахгүй. Мэдээж эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг нь сайтар шалгаж байж авна. Учир нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн хүний биед сөрөг нөлөө үзүүлэх учраас тэр шүү дээ. Ингээд хороо бүрт хариуцсан хэсгийн ахлагч нар бүтээгдэхүүнүүдийг хураан авч, зохих нөхцөлд хадгалаад тухайн хороонд бүртгэлтэй байгаа зорилтот бүлгийн өрхүүдээсээ хэвийн боов, хүнсний бүтээгдэхүүн авах эсэх саналыг авч, түүний дараа тараана.

Үүнээс гадна илүү гарсан ул боов зэргийг дүүрэг рүү авч, халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудад хандивлах юм" хэмээсэн юм.

Түүнээс гадна "Инээдэг байшин" ТББ ч мөн хэвийн боов хандиваар авч зорилтот бүлгийн иргэд болон бяцхан хүүхдүүдэд хандивлахаар болсон аж.

Тэгвэл хэвийн боовыг өөрөөр хэрхэн ашиглах боломжтой вэ

Хэвийн боовоор амтат бялуу хийж болох юм. Мэдээж гарын доорх материалыг ашиглан амттай, өнгө үзэмжтэй, бага насын хүүхдүүд идэхэд тохиромжтой кекс хийх хялбар аргаас хуваалцъя. Мэдээж танд дараах жорууд хэрэгтэй. Үүнд,

  • 1 ширхэг- ул боов
  • 2-4 ширхэг- өндөг
  • 200 гр- сүү
  • 100 гр- сахар
  • 1 уут- бялууны исгэгч
  • 2 цайны халбага- ванил пуддинг хэрэгтэй.

Бялуу хийх арга: Хэвийн боовоо жижиглэж бутлаад миксердэх хэрэгтэй. Түүний дараа 2 ширхэг өндөгөө 100 гр сахартай хольж, хутгаад дээр нь бутласан хэвийн боовоо хийж дээр нь сүү болон хөөлгөгч, ванил пуддингээс 2 халбага нэмж гар холигчоороо сайтар хутгана. Хамгийн сүүлд шарах шүүгээндээ хийгээд 180 хэмд 35-45 минут жигнэхэд амтат бялуу бэлэн болох юм.

Түүнээс гадна талх, шокладтай торт, алимтай кекс зэргийг хийх боломжтой.

БЗД-ийн нутаг дэвсгэр

Бид дээрх сурвалжилгаараа монгол хүн бүр сар шинийн баярын дараа идээ ундаагаа хаа хамаагүй газар бүү хаяасай, хэрэгтэй нэгэндээ бэлэглэж, тус дэм болоосой хэмээх уриалгыг дэвшүүлэхийг зорив. Мэдээж уламжлалаа уландаа гишгэлж, ул боовоо хог дээр хаях нь тийм ч сайн зүйл биш. Түүнээс гадна уул, овоонд өргөж байгаль дэлхийд нь үлдээхээс илүүтэй идэх хоолгүй, өлсөж байгаа бяцхан үрс, эцэг эхчүүдэд хандивлаж өөртөө хийгээд өөрөөлд ч тус дэм болох нь нэг ёсны буян болох биз. Хүнд өгдөггүй юм аа гэхэд амтат бялуу хийгээд үр хүүхэд, гэр бүлдээ бэлэг барьж болох нь.

Магад та бүхэн цаашид ул боов хийгээд идээ ундааны тэргүүтэнг хоймроо залсныхаа эцэст хог дээр хаяхгүй байхын учрыг ойлгох нь хамгийн чухал хэмээн бодож байна.

11 приус, 3 хонда фит машин хулгайлсан бүлэг этгээдийг саатуулжээ
11 приус, 3 хонда фит машин хулгайлсан бүлэг этгээдийг саатуулжээ
 
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.