Улсын хэмжээнд энэ хавар 5.5 сая үхэр сүргийг эмэгжүүлэх ажлыг ХХААХҮЯ-наас зохион байгуулахаар болсон нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Тиймээс энэ талаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунтай дэлгэрэнгүй ярилцлаа.
-Та саяхан 13 тэрбум төгрөгийн зардлаар 5.5 сая үхэр сүргийг энэ хаварт багтаан ээмэгжүүлнэ гэж мэдээлсэн. Үүний хариуд иргэд, малчдаас багагүй шүүмжлэл авлаа. Үнэхээр энэ ажил цаг үеэ олж чадсан уу гэдгээс яриагаа эхэлье.
-Цаг үеэ олсон шүү дээ. Манай улс шиг үхэр сүргээ индексжүүлж бүртгэлжүүлээгүй улс дэлхийд байхгүй. Бид бүх малаа байг гэхэд ядаж үхэр сүргээ эхний ээлжид ээмэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Малын удмын сангийн тухай хууль 2017 онд батлагдсан байдаг. Уг хуульд малыг бүртгэлжүүлэх асуудлыг тусгасан байдаг бөгөөд манай яам чиг үүргийнхээ дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой. Үхэр сүргийг ээмэгжүүлэхэд төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Дэлхийн банкны санхүүжилтээр Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг дэмжих төслийн хүрээнд хийгдэж ажил юм.
Хүмүүс шүүмжлэхдээ 13 тэрбум төгрөгийг нийгэмд шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихад зарцуулах шаардлагатай гэж хэлээд байгаа юм. Үнэн хэрэгтээ төслийн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулах ямар ч боломж байхгүй л дээ. Олон Улсын байгууллагаас манайд тавьж байгаа нэг шаардлага нь малаа эрүүлжүүлж бүртгэлжүүлэх явдал. Тиймээс энэ жилдээ багтааж хорио цээрийн бүс тогтоогдсон зургаан аймагт үхэр сүргийг ээмэгжүүлэх ажлыг хийнэ.
Цаашид бид үхрийн чанартай махыг экспортод гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулъя гэвэл нэн даруй ээмэгжүүлэх ажлыг хийх л хэрэгтэй. Үүнээс биш ямар ч бүртгэлгүй, хяналтгүй байлгаж байгаад гэнэтхэн экспортод гарал үүсэл нь тодорхойгүй малын мах гаргаад байж болохгүй. Үхэр сүргийг ээмэгжүүлэх ажлын цаана хяналтын тогтолцоо бий болох юм. Өөрөөр хэлбэл, ээмэгжүүлсэн малын гарал үүсэл, тариулсан вакцин, туулгаас авхуулаад бүх мэдээлэл нь цахим бүртгэлд орно.
Хамгийн энгийн жишээ татахад, өмнө нь хоёр үхэр хот руу оруулаад борлуулах болоход заавал сумаасаа гарал үүслийн гэрчилгээ авдаг байсан бол тухайн үхрийг ээмэгжүүлчихвэл цаасны шаардлагагүй буюу товчоогоор тухайн үхэрт суурилуулсан ээмэгний бар кодыг таниулаад л бүх мэдээллийг нь хянах боломжтой болох юм. Мөн малын гоц халдварт өвчлөлөөс сэргийлэх, отор нүүдлийг хянах боломж бүрдэнэ.
-Мал аж ахуйн салбарт нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал ээмэгжүүлэлт биш байх. Тиймдээ ч малчид арьс ширний үйлдвэрлэлийг байгуулах, угаасан ноолуур экспортолдог биш самнаад нэмүү өртөг шингээж гаргадаг болох шаардлагатай гэж ярьж байна. Эдгээр саналуудыг дэмжиж, ажил хэрэг болгох боломж бий юу?
-Тухайлбал, арьс шир боловсруулах үйлдвэр шинээр байгуулах болбол 13 тэрбум төгрөг битгий хэл 130 тэрбум төгрөг байсан ч хүрэхгүй. Товчхондоо 13 тэрбум төгрөгийг 20-30 дахин нэмэгдүүлсэн хэмжээний өртгөөр үйлдвэр байгуулж болно. Харин 13 тэрбум төгрөгөөр эхний ээлжид бид үхэр сүргээ ээмэгжүүлж л болно.
Бид үхрийн махыг экспортод гаргаж чаддаггүй шүү дээ. За яах вэ, БНХАУ руу маш бага хэмжээгээр хагас боловсруулаад гаргаж байна. Тэгэхээр цаашид малаа эрүүлжүүлж, чанартай үхрийн мах экспортод гаргадаг болохын тулд л энэ ажлыг хийх гэж байгаа. Гэхдээ бид малчдаас эргүүлээд ээмэгжүүлсэн зардлын 50 хувийг авч сан бүрдүүлнэ.
-Үхэр сүрэгт суулгасан ээмэгний нийт өртгийн 50 хувийг малчдаас эргүүлэн авах юм бол нэг үхэрт суулгах ээмэгний зардлыг хэдэн төгрөг байхаар тооцоолсон бэ?
-Нэг ээмэг дунджаар 2000 орчим төгрөг байхаар тооцоолоод байна. Гэхдээ үүнийг тендерт шалгарсан компанийн бараагаа хэрхэн үнэлж нийлүүлэхээс шалтгаална. Би саяхан орон нутгаар яваад ирсэн. Малчид үхрийнхээ эвэр, ташаанд тэмдэг тавихаас хэтрэхгүй байна. Ээмэгжүүлбэл энэ асуудал шийдэгдэнэ гэж ярьж байна. Тиймээс малын чихнээс унахааргүй сайн чанарын ээмэг л хийх нь хамгийн чухал. Эрс тэс уур амьсгалтай манай оронд-40 хэмийн хүйтнийг давдаг байх шаардлагыг л компаниудад тавина.
Тэрнээс биш сошиал дээр яваад байгаа шиг 1000 төгрөг хүрэхгүй дулаан оронд ашиглах зориулалттай ээмгийг зүүлгэвэл манай орны нөхцөлд таарахгүй байх эрсдэлтэй. Аль болох евро стандартын ээмгийг л үхэрт суулгана. Чих нь л тасраад уначихдаггүй юу бол ээмэг нь унахгүй байх шаардлагыг журамд тусгаад л худалдан авах ажиллагааны газар руу явуулна даа.
-Тендерээ хэзээ зарлах вэ. Ямар компаниудыг судлаад байгаа вэ?
-Тендерийг худалдан авах ажиллагааны газраас зарлаж шалгаруулна. Одоогоор ээмэг нийлүүлдэг компаниудыг сайн судалж амжаагүй байна. Яах вэ, манайд гурван ч ээмэгний үйлдвэр байдаг юм билээ. Үүнээс гадны үйлдвэр ч байна. Бид мэдээж аль болох үндэсний үйлдвэрлэлээ л дэмжих бодлогыг журамдаа тусгана. Хамгийн гол нь ээмэг нь чанарын шаардлага хангах ёстой. Бид нэн түрүүнд үхэр сүргээ бүртгэлжүүлэх шаардлагатай. Гадаад Улсад мал битгий хэл модоо бүртгэлжүүлж байна шүү дээ. Хонконг, Сингапур улсад явж байхад моднууд дээрээ дугаартай пайз хадчихсан байдаг юм билээ. Гэтэл зарим хүмүүс урсгалаараа явах зүйл ярьж байгаа. Хэрвээ бид ийм байдлаасаа салж чадахгүй бол экспорт сайжрахгүй.
Хоёрдугаарт хуулийн дагуу энэ ажил хийгдэнэ. ХХААХҮЯ юм уу, эсвэл яамны нэг сайд үүнийг зохиогоогүй. Таван жилийн өмнө батлагдсан удмын сангийн хуулийн хүрээнд хийгдэх ажил гэдгийг дахин хэлмээр байна.
-5.5 сая үхэр сүргийг ээмэгжүүлэх ажилд зарцуулах 13 тэрбум төгрөгийг ямар жишиг үнэтэй харьцуулж тооцоолсон бэ. Тухайлбал, Олон улсын “ALIBABA.COM” худалдааны сайт дээр нэг ээмэгний үнэ ойролцоогоор 1287 төгрөг байх бөгөөд их хэмжээгээр захиалах тусам үнэ буурдаг гэсэн мэдээлэл бий. Энэ үнээр тооцвол 5.5 сая үхрийг ээмэгжүүлэхэд 4.1 тэрбум төгрөг зарцуулагдахаар байна.
-Нэг үхэрт суулгах ээмгийг 2000 төгрөг гэж тооцвол 11 тэрбум төгрөг болно. Үлдсэн хоёр тэрбум төгрөг нь малын эмчийн ажлын хөлсөнд зарцуулагдахаар тооцоолсон байгаа. Энэ тооцооллыг гаргахдаа ямар нэгэн жишиг үнэтэй харьцуулаагүй байна.
-Үхэр сүргийг ээмэгжүүлэх 13 тэрбум төгрөгийн санхүүжилт Дэлхийн банкнаас ямар хэлбэрээр олгогдох вэ. Зээл үү эсвэл тусламж уу?
-Дэлхийн банкны 13 тэрбум төгрөгийн санхүүжилтийн тодорхой хувь нь тусламжийн хэлбэрээр, үлдсэн дийлэнх нь олон жилийн хугацаатай зээл хэлбэрээр орж ирж байгаа. Жилийн 2 орчим хувийн хүүтэй зээл гэж ойлгож болно.
Ярилцсанд баярлалаа