Хоёр "номер" өчигдөр гэнэтхэн сошиал хуудсаараа дамжуулан нэгэн сонирхол татахуйц улс төрийн мэдэгдэл хийж орхилоо. Бүтэн сайны үдээс хойш байсан болоод ч тэр үү их олон хүн анзаарсангүй. Ерөнхий агуулгыг нь харвал зөвлөлдөх уулзалт болон “Шинэ Үндсэн хууль батлахгүй" гэх мэдэгдэл мэт харагдана.
Харин УИХ-ын даргын байр суурийг улс төр талаас нь харж, углуургаар нь бодоод үзвэл тун ч сонирхолтой улс төр уншигдаж мэдэхээр байна. Ер нь товчхондоо Засгийн газарт хандсан мэдэгдэл гээд ойлгочиход нэг их хол зөрөхгүй.
Өөрөөр хэлбэл, УИХ болон Засгийн газар хоорондын зодоон албан ёсоор эхэллээ гэхэд болно. Гол “тулаан” ирэх дөрөвдүгээр сард л өрнөх бололтой. ҮХНӨ-ийн өөрчлөлтөөс эхлэлтэй уг зөрчлийг эргэн тойрныхон нь 70, 80 оныхны үе хоорондын зодоон болгон өргөжүүлж ч мэднэ.
УИХ-ын дарга мэдэгдэлдээ Шинэ Үндсэн хууль хэлэлцэхгүй гэж хатуухан сануулав. Өнгөрсөн өдрүүдэд Н.Энхбаярын бэлтгэж тараасан шинэ Үндсэн хуулийн талаарх маргаан мэтгэлцээн өрнөөд нэгэнт дууссан. Үүнээс хойш бараг хорь хоног өнгөрсөн. Нийгэм байтугай Н.Энхбаяр хүртэл өөрөө мартах хугацаа өнгөрчихөөд байхад УИХ-ын дарга гэнэтхэн бүтэн сайн өдрийн орой Шинэ Үндсэн хуульд санаа зовно гэж байх уу. Үгүй л болов уу.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдрийн мэдэгдлээрээ дамжуулан Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнэдээ хандаж парламентын хүчгүйдүүлж харагдуулах гэвэл “Үндсэн хуулийн өөрчлөлт хийхгүй" гээд шуудхан хэлчих шиг боллоо. Учир нь Шинэ Үндсэн хуулийн төслийг Засгийн газраас байгуулсан ажлын хэсгээс бичиж, "туурвисан". Ажлын хэсгийн дарга Н.Энхбаярыг нь Ерөнхий сайд томилсон. Тийм байхад Засгийн газрынхаа ажлын хэсгээс хийсэн ажлыг ядаж олон нийтээс асууна гэхгүйгээр шууд хэлэлцэхгүй гэсэн нь цаагуураа Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулахгүй гэж буй улс төрийн дохио юм.
Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл "Олон нийтээс асуугаад Шинэ Үндсэн хууль хийе гэвэл хийцгээе" гэж мэдэгдээд сарын хугацаа л өнгөрч байна.
Ийнхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнөөдрийг хүртэл ярьсан тогтолцооны өөрчлөлт УИХ-ын босгыг давах уу гэдэг эргэлзээтэй болж ирлээ. Нэг талд нь Засгийн газрын гишүүд, намын дарга нь нөгөө талд нь УИХ-ын гишүүд гарчихсан. Гадагшаа байтугай нам дотроо ч ойлголцож чадахгүй байгаа Ардын намынхан энэ их зөрчил дунд энэ хавартаа багтаж ҮХНӨ-ийг явуулж чадахааргүй боллоо.
Ер нь саяын нэгдүгээр сарын улс төрийн үйл явцыг харахад УИХ-ын гишүүд нь нэг хоёроороо биш, нэлээд хэдээрээ яллагдагч болчихлоо. Эргүүлэн татах асуудал орж ирэхээс урьтаж Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар өргөдлөө өгчихсөн. Одоо дахиад ч яллагдагчаар татагдсан, татагдах бичигтэй Хөгжлийн банк, нүүрсний хулгайд шалгагдаж буй арав гаруй гишүүдийн асуудал хүлээгдэж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Магадгүй хавартаа багтаад эдгээр гишүүдийн асуудал ээлж, ээлжээрээ парламент рүү орж ирэх биз.
Дайны хажууд дажин гэгчээр ТЕГ-ын дарга Д.Гэрэл тэргүүтэй Баянхонгорынхны асуудлыг сүүлийн үед хуулийнхан сүрхий судалж эхэлсэн гэх мэдээлэл байна. Сая гэхэд л Д.Гэрэлийн охин ТУЗ-ийн даргаар нь ажилладаг “Шарын гол” ХХК Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад түүнээсээ ББСБ руу 4 тэрбумыг нь шилжүүлчихсэн баримт олны өмнө ил болсон. Хөгжлийн банкны ТУЗ-д байсан дэд сайд М.Баярмагнайгийн хэрэг шүүхэд шилжсэн гэх зэрэг олон асуудал босч, Баянхонгорынхныг "гэзэг ороож" мэдэх төлөвтэй байна.
Г.Лхагвадорж