Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭРЭГ: Хакухо М.Даваажаргалын хувь эзэмшиж байсан WPL койны татан төвлөрүүлсэн 8.6 тэрбум төгрөгөөс хувьцаа эзэмшигч Х.Эрдэнэбаяр 833 мянган ам.долларыг мөрийтэй тоглоомын сайт руу шилжүүлжээ

Огноо
Унших
9 минут 16 секунд

Өнгөрсөн хугацаанд зах зээлд койн гаргах замаар их хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлсэн нэр бүхий хэд хэдэн койн, токенуудтай холбоотой асуудал олон нийтийн дунд багагүй маргаан, шүүмжлэлийг дагууллаа. Койнд бүхий л хөрөнгөө оруулсан гэх хохирогч нар ч ам нээж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас "Их Бит" ХХК-ийн “IHC” койн, "Ард бит" ХХК-ийн “ARD” койн, “Элф Эдүкейшн” ХХК-ийн “ELFC” , “Ворлд плас дижитал ХХК-ийн WPL зэрэг койнуудыг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэргүүдийг шалгаж байгаа юм. Бид өмнө "Их Бит" ХХК-ийн “IHC” койн, “Элф Эдүкейшн” ХХК-ийн “ELFC” койнуудад холбогдох хэргийн эргэн тойрон дахь мэдээллийг хүргэсэн бол энэ удаад “Ворлд плас дижитал ХХК-ийн WPL койны хэргийн талаар мэдээллийг хүргэж байна.

-WPL койн анхдагч зэх зээлээс 8.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн-

“Ворлд плас дижитал” ХХК нь өнгөрөгч оны 11 дүгээр сарын 1-ний өдөр нийт 180 тэрбум ширхэг World Plus Coin /WPL/ койныг үүсгэж, анхдагч зах зээлийн арилжаанд гаргажээ. Ингэхдээ нийт койны 10 хувь буюу 18 тэрбум ширхэг WPL койныг нийлүүлсэн байдаг. Тус анхдагч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг WPL койныг 1 төгрөгөөр тооцож, нийт 8.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж байжээ.

-WPL койны үнэ анхдагч зах зээлийн үнээс буурсны дараа хувь эзэмшигч Япон улсын иргэд Хакухо М.Даваажаргалын хүргэн Б.Батжаргалд хувьцаагаа шилжүүлсэн-

WPL койныг гаргасан “Ворлд плас дижитал” ХХК-ийг программ хангамжийн үйлчилгээ, мэдээлэл технологийн үйл ажиллагаа зөвлөгөө өгөх, реклам зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Монгол Улсын иргэн Х.Эрдэнэбаяр, С.Пүрэвжав, Япон Улсын иргэн Motoharu Kimura, Sho Hakuho /М.Даваажаргал/ нар үүсгэн байгуулсан байдаг.

“Ворлд плас дижитал” ХХК-ийн хувьцаа эзэмшлийн байдлыг дараах инфографикаас харж болно.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Coinhub”, “Capex”, Кэйманы Аралд бүртгэлтэй “Bitmart” криптовалютын бирж дээр “Ворлд плас дижитал” ХХК-ийн гаргасан WPL койны хоёрдогч зах зээлийн арилжааг хийсэн боловч тус койны үнэ 0.07-0.2 төгрөг хүртэл унасан байна.

Койны үнэ анхдагч зах зээлийн үнээс буурсны дараа дээрх Япон Улсын иргэд нь эзэмшиж байсан компанийн хувьцааг Монгол Улсын иргэн Б.Батжаргал руу шилжүүлсэн байдаг. Б.Батжаргал нь Хакухо М.Даваажаргалын хүргэн юм. Харин одоогийн хоёр хувийн идэвхтэй хувьцаа эзэмшигч С.Пүрэвжав нь АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаагийн хүү юм.

-Хувьцаа эзэмшигч нарыг 2022 оны 11 дүгээр сараас эхлэн залилах, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхлэв-

Эл компанийн хувьцаа эзэмшигч нар нь WPL койн гарган татан төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, бусдыг залилсан байж болзошгүй” гэх үйлдэлд өнгөрөгч оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Ингэхдээ тэдний хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгаж эхэлсэн.

НЭМЭЛТ: Холбогдуулан шалгаж буй зүйл анги /Эрүүгийн хууль/

17.3 дугаар зүйл.Залилах

1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.6 дугаар зүйл.Мөнгө угаах

1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-WPL Whitepaper-

WPL койны нийлүүлэлтийг койны танилцуулга /Whitepaper/-д дараах байдлаар тусгасан байна. Үүнд:

-Татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 88 хувийн хувьцаа эзэмшигч Х.Эрдэнэбаярын дансаар Bet 365 веб сайт руу 833 мянган ам.долларыг шилжүүлжээ-

Тус компанийн койн гаргаж, хөрөнгө татан төвлөрүүлсэн арилжааны банкны данснаас тус компанийн гүйцэтгэх захирал Х.Эрдэнэбаярын хувийн ам.долларын харилцах данс руу 525 мянган ам.доллар, 1 сая 33 мянган төгрөгийг тус тус шилжүүлжээ. Х.Эрдэнэбаярын тухайн данснаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй спорт бооцооны үйлчилгээ үзүүлэгч Bet 365 веб сайт руу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд нийт 833 мянган ам.долларыг олон улсын эрхтэй картаар хийгджээ.

-Х.Эрдэнэбаяр өнгөрөгч оны долдугаар сард АНУ руу хилээр гарчээ-

“Ворлд плас дижитал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Эрдэнэбаяр нь 2022 оны долдугаар сарын 11-ний өдөр АНУ руу хилээр гарсан, хувьцаа эзэмшигч Б.Батжаргал, С.Пүрэвжав нар нь Монгол Улсад одоогоор байна.

Эл хэргийн холбогдогч нар койн худалдан авсан иргэдийн мөнгийг анхны шаардлагаар гарган өгөх санхүүгийн чадавхитай эсэхийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас ажиллаж байгаа аж.

-WPL койны хохирогч С.Бат-Очир: Хакухо М.Даваажаргал нар “World Plus” койноо ямар ч нөхцөлгүйгээр буцаан худалдаж авна гэсэн боловч худалдаж аваагүй. Хакухо аварга хариуцлага хүлээх ёстой-

WPL койны хохирогч С.Бат-Очир манай сайтад дараах ярилцлагыг өгсөн юм.

Мөн тэрбээр хэвлэлийн хурлын үеэр "WPL койныг "Wordl plus digital" компани гаргасан. Эцсийн өмчлөгчөөр Хакухо М.Даваажаргал мөн Японы парламентын гишүүн байсан Япон хүн байсан. Тиймээс бид Хакухо аваргад итгэж, койн худалдан авсан. Энэ койн нь бусад койноос өөр.

Учир нь "Койн худалдаж ав, түүний дараа бид ямар нэг нөхцөлгүйгээр буцаан худалдаж авна. Мөн жилийн 24 хувийн өгөөж өгнө" гэдэг зүйлийг хэлж байсан боловч буцааж авах өдөр нь болсон ч худалдаж аваагүй. Ямар нэг шалтаг, шалтгаан хэлдэг ийм нөхцөл байдал бүрдсэн. Гэтэл үйл ажиллагаа явуулж байсан байр нь хаагдсан. Хаалгаа лацадсан нөхцөл байдалтай байна.

Энэ койны ханш 50 дахин унасан. Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгөөр койн авсан хүн 20 мянган төгрөгтэй үлдэнэ гэсэн үг.

Түүнээс гадна Хакухо аварга болон Японы парламентын гишүүн эцсийн өмчлөгч биш болсон. Оронд нь өөр хүмүүсийн нэр дээр шилжсэн байна. Тиймээс энэ койны асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж өгөхийг хүсэж байна. Мөн Хакухо аварга хариуцлага хүлээх ёстой" гэсэн юм.

SOCIAL POP: Ч.Ундрам гишүүний бот хаяг Ерөнхий сайд, Генсек, Х.Булгантуяа, Л.Энх-Амгалан, Б.Цогтгэрэл нарыг “ГӨВДӨГ“ байжээ
SOCIAL POP: Ч.Ундрам гишүүний бот хаяг Ерөнхий сайд, Генсек, Х.Булгантуяа, Л.Энх-Амгалан, Б.Цогтгэрэл нарыг “ГӨВДӨГ“ байжээ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.