Цагдаагийн байгууллагаас "Их Бит" ХХК-ийн “IHC” койн, "Ард бит" ХХК-ийн “ARD” койн, “Элф Эдүкейшн” ХХК-ийн “ELFC” койнуудыг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн. Бид өмнөх нийтлэлээрээ 24 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн "Их Бит" ХХК-ийн “IHC” койны зарцуулалттай холбоотой мэдээллийг хүргэсэн. Тэгвэл анхдагч зах зээлээс 45 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн “Элф Эдүкейшн” ХХК-ийн “ELFC” койны хэргийн эргэн тойрон дахь мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
-ЭЛФ: Олон нийтэд 105 тэрбум койныг, хөрөнгө оруулагч нарт 45 тэрбум койныг 0.30 төгрөгөөр санал болгосон-
“Элф Эдүкэйшн” ХХК нь “ЭЛФ” виртуал хөрөнгийн анхдагч зах зээлийн арилжааг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бус /ICO/-аар хоёр жилийн өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-28-ны өдрийн 17:00 цагийн хооронд зохион байгуулж байжээ. Ингэхдээ виртуал хөрөнгийн 35 хувь буюу 105 тэрбум койныг олон нийтэд, 15 хувь буюу 45 тэрбум койныг хувийн хөрөнгө оруулагч нарт 0.30 төгрөгөөр санал болгож нийт 45 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байдаг.
-“ELFC” койны хэрэгт “Элф Эдүкэйшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батжин, дэд захирал А.Сумъяабат нарыг шалгаж байна-
Эл компанийн хувьцааг нийт таван хүн эзэмшдэг бөгөөд цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдуулан хоёр хувьцаа эзэмшигч болох Гүйцэтгэх захирал Б.Батжин, дэд захирал А.Сумъяабат нарыг шалгаж байгаа юм. Тэдний хувьцаа эзэмшлийн байдлыг харуулбал, эл компанийн хувьцааг нийт таван хүн эзэмшдэг.
-“Элф Эдүкэйшн” ХХК-ний удирдлагуудыг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа-
Тэгвэл “Элф Эдүкэйшн” ХХК-ний удирдлагуудыг яг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байна вэ гэх асуулт үүснэ. Тэднийг өөрсдийн гаргасан виртуал хөрөнгийн танилцуулгад заагдсанаас илүү хэмжээтэй койныг өөрсдийн “Койнхаб” ХХК-ийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дээр эзэмшдэг хувийн дансандаа хүлээн авсан болон илүү хэмжээгээр хүлээн авсан тус бүрийн 6,666,666,667 виртуал хөрөнгөнөөс хоёрдогч зах зээлийн арилжаанд худалдан борлуулсан.
Түүнээс олсон ашгийн 1,2 тэрбум төгрөгөөрөө анхдагч зах зээлийн арилжаанд оролцсон нийт 4700 гаруй иргэнийг хууран мэхэлж, гэмт хэргийн замаар олсон орлогын эх үүсвэрийг хувирган өөрчилж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй аж.
-Хувьцаа эзэмшигч ТАВ тус бүр 6 тэрбум, нийт 33 тэрбум койныг хүлээн авсан-
“Элф Эдүкэйшн” ХХК-ний гаргасан “Элф” виртуал хөрөнгийн танилцуулгад нийт гаргасан 300 тэрбум “Элф” виртуал хөрөнгийн 1 хувь буюу 3 тэрбум койныг хувь эзэмшигч 5 гишүүд гурван жилийн хугацаатай цоожтой хэлбэрээр хүлээн авна гэж заасан. Гэвч “Койнхаб” ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тухайн таван хувьцаа эзэмшигч тус бүр 6,666,666,667 ширхэг “Элф” койныг хуваарилахаар тусгасан байна. Ийнхүү тэд нийт 33,333,333,335 ширхэг /ELFC/ виртуал хөрөнгийг хүлээн авсан байна.
-Хүлээн авсан 33 тэрбум койноосоо 12 тэрбумыг нь хоёрдогч зах зээлд 1.2 тэрбум төгрөгөөр арилжиж, хувийн данс руу шилжүүлсэн-
“Элф Эдүкэйшн” ХХК-ний хувьцаа эзэмшигч таван гишүүн хүлээн авсан нийт 33 тэрбум койноос 12 тэрбумыг нь хоёрдогч зах зээлийн арилжаанд 1,2 төгрөгөөр худалдан борлуулсан байна. Түүнийгээ арилжааны банканд эзэмшдэг хувийн данс руу шилжүүлжээ. Ийнхүү “Койнхаб” виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дээр эзэмшиж байгаа дансанд 21 тэрбум виртуал хөрөнгөө үлдээжээ.
-Б.Батжин 1 тэрбум төгрөгийг, түүний эхнэр 356 сая төгрөгөөр үнэлэгдэх койноо худалдаж, хувийн данс руугаа шилжүүлэн авчээ-
Хувьцаа эзэмшигч таван гишүүнээс Гүйцэтгэх захирал Б.Батжин нь өөрийн нэр дээрх данс руугаа 1 тэрбум 39 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Мөн түүний эхнэр А.Энхжин нь 3 тэрбум /ELFC/ виртуал хөрөнгийг хүлээн авч, хоёрдогч зах зээлийн арилжаанд 356 сая төгрөгөөр худалдан борлуулсан байна. Улмаар арилжааны банканд эзэмшдэг хувийн данс руу шилжүүлжээ.
-Дэд захирал А.Сумъяабат нь виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашигласан байж болзошгүй-
Дэд захирал А.Сумъяабат нь “Койнхаб” ХХК виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дээр эзэмшдэг хувийн дансаар дамжуулан өөрсдийн гаргасан ЭЛФ /ELFC/ виртуал хөрөнгийн арилжаанд тогтмол оролцдог аж. Тодруулбал, түүний хувьд 71 удаа виртуал хөрөнгө авах, 176 удаагийн зарах захиалгыг хийж байсан байна. Түүнээсээ нийт 67 тэрбум төгрөгийн ашиг олсон аж. Түүнийгээ өөрийн хувийн данс руу шилжүүлсэн аж. А.Сумъяабатыг виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй зэрэг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл ангиар хэрэг үүсгэсэн нь энэ аж.
-"БИЕЛЭЭГҮЙ" ТАНИЛЦУУЛГА: Технологи хөгжүүлэлтэд 9 тэрбум, хөтөлбөр хөгжүүлэлтэд 11 тэрбум төгрөгийг зарцуулна-
“Элф Эдүкэйшн” ХХК нь Элф койны анхдагч зах зээлийн арилжаанаас татан төвлөрүүлсэн 45 тэрбум төгрөгөөр нийт дараах 7 ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж танилцуулгадаа тусгаж байжээ.
-ХЭРЭГЖСЭН ТӨСӨЛ БАЙХГҮЙ БӨГӨӨД 45 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРЦУУЛАЛТ ТОДОРХОЙГҮЙ ТУЛ ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА-
Иргэдээс анхдагч зах зээлийн арилжаагаар татан төвлөрүүлсэн 45 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх ёстой дээрх ажил, арга хэмжээнээс хэрэгжсэн төсөл одоогоор байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, 45 тэрбум төгрөгийн зарцуулалт тодорхойгүй байгаа тул шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.