Өнгөрсөн долоо хоногт МАН-ын дэргэдэх НАМЭХ нэрээ СДМЭХ болгон өөрчилж, холбооны шинэ Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Х.Булгантуяа сонгогдсон билээ. Бид түүнтэй улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, нийгмийн манлайлал сэдвээр ярилцлаа.
"СДМЭХ-ны гишүүд авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон бол гишүүний эрхийг нь шууд түдгэлзүүлэх дүрэмтэй болсон"
-Анх 1994 онд байгуулагдсан МАН-ын дэргэдэх НАМЭХ саяын их хурлаараа нэрээ өөрчилж СДМЭХ боллоо. Цаашид ямар үзэл баримтлалаар үйл ажиллагаагаа явуулах вэ?
-Өнгөрсөн хугацаанд МАН өөрсдийнхөө үзэл баримтлалыг нийгмийн ардчилал гэдэг үзэл баримтлалаас "Социал демократ" болгож шинэчилсэн. Үүнтэй холбоотойгоор намын дэргэдэх дөрвөн ТББ болох НАМЗХ, НАМОХ, НАМЭХ болон Ахмадын холбоо өөрсдийнхөө нэрийг өөрчиллөө. Тухайлбал өнгөрсөн онд НАМЗХ нэрээ өөрчилж СДМЗХ болсон. Үүний адилаар НАМЭХ өнгөрсөн долоо хоногт их хурлаа хуралдуулж СДМЭХ болж, дүрэмдээ өөрчлөлт орууллаа.
-МАН 30 дугаар их хурлаараа намын дүрэмдээ хүний эрхийг дээдлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэж тусгасан байдаг. Намын дэргэдэх СДМЭХ-ны дүрэмд эдгээр зүйлс туссан уу, ямар өөрчлөлтүүд орсон бэ?
-МАН-ын дүрэмд орсон өөрчлөлтүүд намын дэргэдэх байгууллагуудын дүрэмд ч мөн шууд утгаараа туссан гэж ойлгож болно. Тухайлбал, авлига, хээл хахуульд холбогдсон хүмүүсийг намын гишүүнээс шууд түдгэлзүүлэх заалтыг холбооны дүрэмд мөн тусгаж өгсөн. Үүнээс гадна бүтцийг илүү чамбай болгох зорилгоор өдөр тутмын үйл ажиллагааг авч явдаг ЕНБД-ын эрх үүргийг илүү тодорхой зааж өглөө. Мөн холбооны салбар нэгжүүдийн удирдлагуудын эрх, үүргийг илүү тодорхой зааж тусгасан. Эдгээр шинэчилсэн дүрмийн өөрчлөлтүүдийг УДШ-д хүргүүлсэн байгаа. УДШ дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авснаар шинэчилсэн дүрэм албан ёсоор хэрэгжих юм.
-МАХН, МАН-тай нэгдсэнтэй холбоотойгоор СДМЭХ-ны гишүүдийн тоо 60 хүнээр нэмэгдсэн гэж эх сурвалж мэдээлж байсан. Тэгэхээр Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд мөн дагаад өөрчлөлт орсон уу?
-Тийм ээ. Хуучин МАХН-ын дэргэд байсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүдийг нэгтгэж манай ТББ цар хүрээгээ тэлж байна. Ганц манай байгууллага ч гэлтгүй МАН-ын дэргэдэх бусад гурван ТББ ч мөн өргөжсөн байгаа. СДМЭХ-ны хувьд Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 70 орчим хүнтэй болсон. цар хүрээ томрох хэрээр 21 аймаг, 9 дүүрэгт нэгжүүдтэй учраас салбар бүрийн эрх ашгийг харгалзан тэнцвэртэй байлгах гэж хичээж удирдлагын бүрэлдэхүүнийг тэлсэн гэсэн үг.
Удирдлагын багт эрүүл мэнд, боловсрол, хувийн хэвшил, мөн шинэ тутмын технологийн салбарын төлөөллүүд орсон. Тиймээс миний хувьд эдгээр салбарын төлөөллүүдийн сонирхол, үзэл санааг цаашид нэгтгэж, үүгээр дамжуулан холбооны гишүүн бүрийнхээ нийгмийн асуудал, боловсрол, хүний эрхийн асуудалд анхаарч ажиллахыг хичээх болно.
"Эрэгтэй хүн л төрийн жолоог барих ёстой гэсэн хуучны ойлголт ард хоцорсон"
-Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний хүсэл зорилгыг нэгтгэж, төрд дуу хоолойг нь хүргэх, цаашлаад улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах вэ?
-СДМЭХ үндсэн гурван зорилготой. Нэгдүгээрт намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо учраас намын бодлого шийдвэрт эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, Монголын эмэгтэйчүүдийн дуу хоолойг Олон Улсын байгууллагуудад хүргэж, хамтарч ажиллах зорилготой. Тухайлбал, эмэгтэйчүүд улс төрд тийм ч их идэвхтэй биш. Одоогийн 76 гишүүний 13 нь эмэгтэй гишүүд бөгөөд энэ нь нийт гишүүдийн ердөө 17 хувийг эзэлж байна
Сүүлийн хоёр удаагийн парламентын бараг түүхэн дээд амжилт энэ байх. Гэвч энэ нь дэлхийн дунджаас хамаагүй бага. Азийн дунджаас ч гэсэн бага. Тиймээс эмэгтэйчүүдээ системтэйгээр сайн бэлтгэгдэхгүй бол тэд улс төрд оръё гэж зориглодоггүй. Улс төрд байгаа эмэгтэй гишүүд бид хүртэл хэцүү ажил гэж эмээж явдаг. Эмэгтэй хүнд битгий хэл эрэгтэй хүнд хүртэл амаргүй ажил гэж хойшоо суух гээд байдаг тал бий. Монгол Улсын хүн амын 51 хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүд заавал том улстөрч болох албагүй. Гэхдээ улс төрийн шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолой заавал хүрч байх ёстой.
-МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны эмэгтэй гишүүд аль ч яамны сайд хийх чадвартай, аль ч аймгийн засаг даргаар ажиллах бүрэн боломжтой болох тэр боловсон хүчнийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэж та холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо хэлж байсан?
-МАН 100 жилийн дараа анх удаа аймгийн эмэгтэй засаг даргатай болж чадсан. Гэтэл манай эмэгтэйчүүд олон улсад өрсөлдөх хэмжээний компаниуд байгуулаад манлайлж чадаж байна. Төрийн том албан тушаалуудыг ч мөн эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн хашиж чадаж байна. Товчхондоо хувийн амьдралд, нийгэмд, хувийн хэвшилд эмэгтэйчүүдийн байр суурь өндрөөр үнэлэгдэж чадаж байхад яагаад аймаг, орон нутгийг эмэгтэй хүн удирдаж болохгүй гэж. Улс төрийн энэ ойлголт өөрөө эмэгтэйчүүдийн зоригийг мохоодог. Нэг талаас айл гэрт, улс эх оронд эрэгтэйчүүд үргэлж тэргүүнд, манлайлагч байх ёстой гэсэн ази эмэгтэйчүүдийн ёсорхуу соёл ажиглагддаг. Гэвч төрийн жолоог зөвхөн эрэгтэй хүн барих ёстой гэсэн хуучирсан ойлголт одоо цагт ард хоцорсон гэж би боддог.
Тиймээс манай СДМЭХ-ны гишүүд үргэлж хөгжихийг хүсэж, эзэмшсэн мэргэжил боловсролоо үргэлж шинэчилж, сайжруулахыг эрэлхийлж байна. Бидний зүгээс гишүүддээ олон төрлийн сургалтууд зохион байгуулж, мэдлэг олгож, улс төр болон нийгмийн манлайлал үзүүлэхэд хичээж ажиллах болно гэдгийг энэ дашрамд хэлье.
"Эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд нам үл харгалзан ТББ-тай хамтран ажиллана"
-Та мөрийн хөтөлбөртөө эмэгтэйчүүд болоод хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд нам үл харгалзан аль ч ТББ-тай хамтарч ажиллах ёстой гэж тусгасан байсан?
-Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийн асуудал нийгмийн хамгийн том сэдэв. Энэ утгаараа парламентын эмэгтэй гишүүд яг энэ чиглэлд яагаад дорвитой ажил хийж чадахгүй байгаа юм бэ гэж нийгмээс багагүй шүүмжлэл хүлээдэг. Ялангуяа эдийн засгийн хямрал, дайн байлдаан, цар тахал гээд хүчин зүйлсийн нөлөөнд хамгийн их өртөж хохирдог эмзэг хэсэг бол эмэгтэйчүүд ба хүүхдүүд. Шуудхан хэлэхэд эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн асуудал Монголын "ороо бусгаа" энэ цагт хамгийн ихээр хохирч үлдэх гээд байгаа нь үнэн.
Хүн амын 51 хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүд дээр нэмээд хүүхдүүдийн асуудлыг нэмэхээр нийт 70 гаруй хувийнх нь эрх ашийг хамгаалахад дан ганц УИХ-ын эмэгтэй гишүүд дуугарч тэмцэхэд хүч хүрэхгүй. Тиймээс нэгдмэл зорилготой. Нэг үнэт зүйл рүү зорьж байгаа ТББ-уудыг нам үл харгалзан бид дэмжиж хамтран ажиллах ёстой гэж боддог. Хүний эрхийг хамгаалах чиглэлд миний мэдэхгүй зүйлийг энэ чиглэлийн өөр ТББ мэдэж болно шүү дээ.
Ер нь үеийн үед УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхэд хамгааллын чиглэлд идэвхтэй ажиллаж ирсэн. Үүний үр дүнд хүүхэд хамгааллын хуультай болсон. 2016 онд хүүхэд, эмэгтэйчүүдийн тусгайлсан агентлагтай болсон. Жил бүр улсаас төсөв гаргаж санхүүжүүлдэг болсон. Хүүхэд хамгааллын тусгай дугаарыг өмнө нь Олон улсын байгууллагын тусламжаар санхүүжүүлдэг байсан бол үүнийг төр өөрөө санхүүжүүлдэг болсон. Мөн хүүхдийн "үдийн цай" хөтөлбөр "үдийн хоол" болж өргөжиж байна. Эрүүл мэндийн салбарын төсвийг 2019 оныхтой харьцуулбал бараг 2 дахин нэмэгдүүлсэн байна. Боловсролын салбарын төсөв, хууль эрх зүйн орчин боловсронгуй болсон зэрэг үр дүнгүүд АН, МАН гэхээс үл хамаарч бий болсон. Дээр нь нэмээд төр засгаас энэ чиглэлээр ажилладаг ТББ-уудтай хамтран ажиллаж ирсний үр дүн гэж харж байгаа. Тиймээс ийм том ажлыг улстөржихгүйгээр хийх ёстой гэж боддог.
Хүмүүс ойлгохдоо хэсэг бүлэг эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрхийг яриад байгаа юм шиг хүлээж авдаг. Бид эсрэгээрээ нийгмийн дуу хоолойг төрд хүргэж, хуулийг хамтдаа засаж сайжруулахын төлөө зорьж ажилладаг. УИХ дахь эмэгтэй гишүүд өөр өөрсдийн гэсэн эзэмшсэн мэргэжлээрээ дамжуулан асуудалд ул суурьтай хандах ёстой болдог.
Тухайлбал, би санхүүч, эдийн засагч мэргэжилтэй учраас эдийн засгийн асуудлуудыг л түлхүү ярина. Хэдийгээр хүүхэд хамгааллын чиглэлийн, жендерийн чиглэлийн мэргэжлийн хүн биш ч гэлээ УИХ-д төлөөлөл болж байгаагийн хувьд мэргэжлийн хүмүүстэй энэ чиглэлээр тууштай хамтарч ажиллана.
Б.Мягмарсүрэн