Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: УИХ-ын гишүүд бэлэг сэлт тараахаасаа илүүтэй батлуулсан хуулиараа иргэдийг итгэлийг хариулах ёстой

Огноо
Унших
10 минут 13 секунд

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

"Малын махаа үнэгүйдүүлсэн малчид төр засгийг зүхэж байна"

-Намрын чуулган хаасан энэ үеэр УИХ-ын гишүүд тойргийнхоо сонгогчидтой уулзаж байна. Та саяхан Ховд аймагт ажиллаад ирлээ. Иргэд, сонгогчид ямар асуудлуудыг тавьж байна вэ?

-Би хоёр долоо хоногийн турш Ховд аймагт ажиллаад ирлээ. Энэ намар нэлээд олон сумдаар ажилласан болохоор сая явахдаа өвөлжилт хүндэрсэн гурван суманд ажиллаж иргэдтэй уулзалт хийлээ. Мөн энэ УОК-оос үзүүлж байгаа тусламж, дэмжлэгийг өвөлжилт хүндэрсэн дээрх гурван суманд хүлээлгэж өгсөнд баяртай байна.

-Та ер нь тойрогтоо бэлэг тараасан уу, зарим гишүүд бэлэг тарааж багагүй шүүмжлэлд өртөж байгаа шүү дээ?

-Би ер нь бэлэг тараадаггүй. Бэлэг тараахаас илүү миний баталсан хууль тэр айл өрхийн хүн бүрд хүрээсэй гэж хүсдэг. Тухайлбал, Би хуурамч шатахууны хуулийг батлуулсан. Хууль батлагдсанаар иргэд чанартай шатахуун хэрэглэдэг болж, жил бүр машины эд анги нь эвдэрч 200-300 мянган төгрөгөөр засуулдаг байсан байдлыг халсан. Ер нь УИХ-ын гишүүн хүн нийгэмд хэрэгтэй зүйлсийг л хийх ёстой. Миний батлах гэж зорьж байгаа тэтгэврийн хэмжээг тогтоох хугацааг 7 жилийн дунджаар байсныг 5 жилийн дундаж болгож өөрчилж батлуулах гэж хичээж буй энэ хууль ахмадуудад сар бүр 150 мянган төгрөг нэмж олгох ийм л хууль.

Тиймээс УИХ-ын гишүүд нэг удаагийн бэлэг, сэлт өгөхөөс илүү тэр хүмүүсийн насан туршдаа идэх тэр хоолыг нь бэлтгэж өгөхийн төлөө л зүтгэх ёстой. Мэдээж зарим нэг шинэ гишүүд дахин сонгогдохын тулд ийм ажлуудыг хийж магадгүй. Уг нь сонгогчдын итгэлийг авч гарсан УИХ-ын гишүүд батлуулсан хуулиараа хүмүүсийнхээ итгэлийг л хариулах ёстой.

-Өвөлжилт онцгой хүндэрсэн аймгуудын нэг бол Ховд аймаг шүү дээ. Таны ажиллаад ирсэн гурван сумын иргэд төр засагт санаа бодлоо юу гэж уламжилж байх юм?

-Олон удаа ярьсны үр дүнд махны үнэ буурсан асуудлын шалтгааныг малчид мэдсэн байна. Энэ бол төр засаг, улстөрчид, квотоос болсон гэдгийг ард түмэн мэдсэн байна. Өөрөөр хэлбэл, малчны хотноос гарч байгаа хонь тутамд 20 мянган төгрөг, бод тутамд 120 мянган төгрөгийг л тэр квот нэрээр хүмүүст өгч байна. Ийм муухай авлигын системээр бидний олон жил хариулж тордож ирсэн малыг маань луйвардаж авч байгаад харамсаж байгаагаа илэрхийлж байна лээ.

Тэгэхээр төр засаг бол ялангуяа квот болон Хятад руу мах гаргах зөвшөөрөлтэй компаниудыг цэгцлээд шат дамжлагыг нь багасгаж, авлига, хахуулгүйгээр махны экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тиймээс энэ асуудал дээр яаралтай арга хэмжээ авахыг надаар дамжуулж уламжиллаа.

-Иргэдийн амьжиргаа ямар түвшинд хүндэрсэн гэж та харж байна бэ?

-Эрх ямбатан бүрийн амьдрал өсөж байгаа. Яагаад гэвэл тэд авлигаар өөрсдийн хөрөнгийг зузаалж байгаа. Иргэдээ зовж явахад зоолж байгаа хүмүүс. Гэтэл бодит байдал дээр иргэдийн амьдралд хатуугаар тусч байна. Авлигын төлбөрт өндөр үнэтэй борлуулагдаж байгаа тэр бараа бүтээгдэхүүнийг эгэл жирийн малчин, суман дээр хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, тэтгэврийн ахмадууд авч чадахгүй байна. Тиймээс бараа бүтээгдэхүүний үнэ ингэж их өссөн нь өнөөдрийн төр засаг. Хөдөө орон нутгийн иргэд тэр чигээрээ төр засгийг зүхэж байна.

"Шоронд байгаа Б.Ганхуяг гэдэг хүн нүүрсний хулгайтай холбоотой 19 УИХ-ын гишүүн, хоёр сайдын нэрийг мэдүүлэгтээ хэлсэн"

-Нүүрсний хулгайн хэрэг аль өнгөрсөн оны аравдугаар сараас хойш яригдаж, олны анхааралд аль хэдийн орчихсон хэрнээ үр дүн хангалтгүй, удаашралтай байна гэж нийгмээс шүүмжлэх болсон. Үүнтэй санал нэгдэх үү?

-Ер нь ганц нүүрсний хулгай ч биш. ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын хулгай гээд бүх зүйл дээр өнөөгийн эрх баригч нар аалзны төр шиг сүлжигдчихсэн. Ийм хүмүүс нэг нэгэндээ хариуцлага тооцох боломж өнөөдөр лав байхгүй. Шоронд орсон Б.Ганхуяг гэдэг хүн УИХ-ын 19 гишүүн, хоёр сайдын нэрийг хэлээд "энэ нүүрсний хулгайтай холбоотой" гээд шууд мэдүүлэг өгсөн. Тэрнээс хойш ийм их олон гишүүний асуудал гараад ирэнгүүт нүүрсний хулгайгаа "цурамд оруулах" арга хэмжээ явуулж байна.

Нүүрсний хулгайг өнөөдөр дарахын тулд койны асуудлыг гаргаж ирж байна. Монголын ард түмэн асуудлаа хурдан марчихдаг учраас койнд дарагдаж байна. Нэг хэсэг ЖДҮ гэж баахан шуугиж байгаад түүнд 49 УИХ-ын гишүүн холбогдсон байснаас 30 хэдийг нь дахиад сонгочихсон. Тиймээс Монголын ард түмэн сэрэмжтэй байх ёстой. Хулгайд оролцдог гишүүдийг дахин сонгож болохгүй гэдгийг санаж явах учиртай.

"30 жил Монгол Улсыг адагт тулгасан хүмүүс Үндсэн хууль өөрчлөх нэрээр бүх насаараа ИХ ХУРЛЫН гишүүн болохыг санаархаж байгаа"

-ҮХНӨ-ийн сэдэв улс төрийн хүрээнд халуун сэдэв болж хувирч байна. Уг нь Засгийн газраас ҮХНӨ оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх ёстой байсан шүү дээ. Гэтэл Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шинэчлэн боловсруулсан Үндсэн хуулийн төслийг боловсруулчихснаас асуудал үүсэж эхэлсэн. Та УИХ-ын гишүүний хувьд ҮХНӨ-ийг дэмжиж байгаа юу?

-Мэдээж Засгийн газраас уг хуулийн төслийг УИХ-д оруулж ирэх ёстой. Бусдаар хаанаас батлагдсан нь тодорхойгүй хэн нэгэн ажлын хэсэг гаргаад шинэ Үндсэн хууль хийх тухай ярьж байгаа асуудлын цаана хамгийн их эгдүүцэл хүргэж байгаа зүйл бол өнгөрсөн олон жилийн хугацаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хийсэн хүмүүс дахин бүх насаараа УИХ-ын гишүүн болох хувилбарыг оруулж ирсэн явдал.

Өнгөрсөн 30 жилийн турш Монгол Улсыг хамгийн адагт нь тулгаж хаячхаад өнөөдөр дахиад тэр хүмүүсийг иргэдийн сонголтгүйгээр дээрээ туг мэт тахих гэж байгаа ийм хачин зүйлийг хуульд оруулж ирж байгаад ард түмэн харамсаж гайхаж байна.

"УДШ, АН-ын аль нэг даргыг бүртгэхгүй бол бид нам дотроо ХУВЬСГАЛТ тэмцлийг хийж намаа цэвэрлэнэ"

-Ярианы төгсгөлд танай намын шинэ даргыг албан ёсоор бүртгэх эсэхтэй холбоотой асуудлаар тодруулъя. АН өнгөрсөн нэгдүгээр сард ҮБХ-ны ээлжит бус хурлаа хийж мөн намын их хурлаа хуралдуулж, намын шинэ даргад Лу.Гантөмөрийг сонгож батламжилсан. УДШ-д намын даргыг бүртгүүлэх хүсэлтээ гаргасан байдаг. Үүнтэй зэрэгцээд С.Эрдэнийн талын АН даргын сунгаа зарлаж УИХ-ын гишүүн Д.Ганбатыг батламжилж мөн материалыг нь УДШ-д саяхан хүргүүллээ. Хэнийг нь албан ёсоор бүртгэх байх гэж бодож байгаа вэ?

-УДШ нэг зүйлийг л хэлж байгаа. Тодруулж хэлбэл, нэг албан бичгээр нэг тамгатай нэг хүний нэрийг бидэнд ирүүлчих ээ. Тэгэх юм бол бүртгээд өгье л гэсэн. Харамсалтай нь, өнөөдөр энэ намыг өөрийн өмч мэт үздэг тэр нөхдүүд Л.Гантөмөр гэдэг хүний нэр явуулангуут араас нь Д.Ганбат гэдэг хүнийг сонгоод явуулж байна. Маргааш магадгүй Х.Баттулга гэдэг хүн "би 117 мянган хүнээс сонгогдсон" гэсэн бичгийг УДШ рүү явуулж магадгүй юм. Ингэхээр УДШ дээр дахиад л өмнө нь болсон явдал давтагдаж хэнийг нь ч бүртгэхгүй байх магадлалтай. Тэгэхээр намаа унагааж байгаа хүмүүс өнөөдрийн эрх баригчидтай сүлбэлдэж тал талдаа Ардчилсан намыг татаж чангааж унагааж байгаад үнэхээр харамсалтай байна.

-Ирэх онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Үүнээс өмнө Ардчилсан нам дотоод асуудлаа шийдэж чадах болов уу?

-УДШ манай намын аль нэг даргыг сонгохгүй бол хавар бид нам дотроо "хувьсгалт тэмцлийг" хийж намын асуудлаа МАН-ын харахгүйгээр шийдвэрлэх ёстой. Намыг хувийн өмч шиг өмчилдөг нөхдүүдээс салахын тулд бид "хувьсгалт" тэмцлийг хийнэ.

Б.Мягмарсүрэн

Оны эхний нэг сарын байдлаар 519.8 кг алт худалдан авчээ
Оны эхний нэг сарын байдлаар 519.8 кг алт худалдан авчээ
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.