Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зурхайч Г.Батсуурь: Билгийн тоолол болон аргын тооллын зөрүүнээс үүдэн гурван жилд нэг удаа илүү сар гардаг. Тиймээс Хятадын цагаан сар Монголын цагаан сар зөрдөг

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
6 минут 16 секунд

XVII жарны Харагчин туулай жил энэ жил гарч байна. Энэ ч утгаараа өвгөд хөгшид зөөлөн жил гарч байна хэмээн ам сайтай байгаа. Түүнээс гадна хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 22-ны өдөр Азийн зарим орнууд буюу тэр дундаа Хятадын цагаан сар боллоо. Үүнтэй зэрэгцэн хэсэг Монголчууд ч сар шинийн баяраа тэмдэглэн, золголт хийв. Тийм ч учир үүний учир шалтгаан юу болох, мөн энэ жилийн төлөв байдлын талаар Гандантэгчэнлийн хийдийн Гэвш, зурхайч Г.Батсуурьтай ярилцлаа.

-Энэ жил Монгол тооллоор хэдэн сарын хэдэнд мөн ямар өдөр шинэлж байгаа вэ?

-XVII жарны 36 дахь жил буюу "Усан туулай" жил гарч байна. Энэ жил аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 21-ний мягмар гарагт хаврын эхэн сарын шинийн нэгэн тохиож байгаа. Цагаан нохой өдөр.

-Харагчин буюу усан туулай жилийн ерөнхий шинж, төлөв нь хэрхэн буусан байна?

-Энэ жил бол зөөлөн жил гарч байна. Шороон үхрийн зурлагаар, өвгөд, хөгшдөд ээлтэй, залууст ердийн, нялхсыг тойглох, нялхсаа анхаарах хэрэгтэй хэмээн зурхайн гол шинж гарсан байгаа. Улирлын эхүүдээр хур тунадастай, хур цагтаа бууж, үр жимс дэлгэрнэ хэмээн айлдсан.

-Энэ жил туулай жилтнүүдийн хувьд жил нь орж байна. Түүнээс гадна ямар жилтэй хүмүүст ээлтэй, ямар жилтэй хүмүүст хатуу жил гарч байна. Эдгээр хүмүүс маань засал номоо хэрхэн хийлгэх вэ?

-Жил орж байгаа буюу туулай жилтнүүдийн хувьд эрэгтэй хүн жилээ угтаж заслаа хийлгэдэг. Эмэгтэй хүн жилээ үдэж дагадаг гэдэг учраас жилээ гаргаад засал номоо хийлгэвэл сайн. Гэхдээ иргэд өөрсдийн боломж бололцоо, цаг заваараа заслаа хийлгэж болно. 13, 25, 37, 49, 61, 73, 85, 91 насны жил орж байгаа.

Түүнээс гадна энэ жил тахиа жилтэй хүмүүсийн хувьд харш жил гарч байна. Харин морь, хулгана жилтнүүдэд бага харш жил гарч байгаа.

Билгийн тооллын 33, 54, 55 насны хүмүүс засал ном хийлгэнэ. Мөн мэнгэ голлох насны буюу 18, 19, 27, 28, 36, 37, 45, 46 насны хүмүүс засалтай байна.

-Эдгээр засалтай иргэд маань заслаа хэзээ хийлгэх хэрэгтэй вэ. Иргэдийн дунд шинийн 15-ны дотор амжиж заслаа хийлгэх ёстой гэх мэт яриа байдаг шүү дээ?

-Мөн шинийн нэгнээс 15-ны хооронд Бурхан багшийн их дүйчин таардаг. Шинийн 14-нд Өндөр гэгээний дүйчин таардаг. Ард иргэд заавал шинийн 15-ны дотор заслаа хийлгэх шаардлага байдаггүй. Тухайн сардаа эсвэл өөрсдийн цаг, заваараа заслаа хийлгэж, буян номдоо шамдаж болно.

Гандантэгчэнлин хийд маань билгийн тооллын 24, 25-наас эхлээд том номнуудаа хурдаг. Мөн 27, 28, 29-нд тухайн жилийнхээ муу муухайг үдэх ном айлддаг.

-Түүнээс гадна одоогоор Хятад Солонгосын гэдэг ч юм уу Азийн орнуудын цагаан сар болж байгаа шүү дээ. Мөн зарим иргэд маань ч гэсэн өнгөрсөн ням гараг буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр шинэлсэн. Гэтэл Монгол тооллоор шинийн нэгэн ирэх сарын 21-нд тохиож байгаа. Энэ юутай холбоотой байдаг юм бол. Яагаад зөрүү гардаг юм бэ?

-Монгол тооллоор хаврын эхэн сарын шинийн нэгэн нь тодорхой хэмжээнд урь орсон, хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилсан үе тохиодог. Хоёрдугаар сарын 21-нд мөн урь орсон байх болов уу гэж бодож байна.

Харин Азийн орнуудын тооллоор өдөртөө -30 хэмийн хүйтэн байна. Миний ажиглаж байгаагаар Монгол зурхайн тоолол маань манай орны цаг уур, уур амьсгалтай их тохирсон гэж бодож байгаа. Далайн орнуудын хувьд дулаахан байдаг бол манайд хүйтэн байдгаараа зөрүүтэй.

Мөн энэ жил зуны дөрвөн сартай буюу илүү сартай байсан. Ерөнхийдөө сар, нарны тооллоос буюу нарны 30, 31 хоног, сарны 29, 30 хоногоос үүдэн зөрүү гарч байгаа. Алтайн салбар уулс, уртраг, өргөрөг, монгол цаг уурын амьсгал ч үүнд хамааралтай. Энэ жил илүү сартай байсан учир Азийн зарим орнуудын цагаан сартай зөрсөн юм.

Манай орны хувьд нар болон сарны тооллыг зэрэг хослуулдаг. Сарны тооллоо гол болгож цагаан сараа хийдэг. Монгол зурхайн тоолол билгийн тооллын 29, 30 хоног, аргын тооллын 30, 31 хоногоос үүдэн жилд 8 буюу бутархайтай зөрүү гардаг. Эдгээр нь нийлээд 3 жилд нэг сар болдог. Ингээд гурван жилд нэг сар илүү гарахаар Хятадын зурхайгаас зөрж байгаа юм. Билигийн тоолол болон аргын тооллын зөрүүнээс үүдэн гурван жилд нэг удаа илүү сар гардаг. Энэ тохиолдолд Хятадын цагаан сараас зөрдөг гэсэн үг юм.

Гэхдээ Хятад ч мөн илүү сартай. Ирэх жил илүү сартай байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

ТАНИЛЦ: Хөгжлийн банкны НОТЛОХ БАРИМТЫГ шинжлэн судлах сонсголоос “ЗУГТСАН“ албан тушаалтан, улстөрчид
ТАНИЛЦ: Хөгжлийн банкны НОТЛОХ БАРИМТЫГ шинжлэн судлах сонсголоос “ЗУГТСАН“ албан тушаалтан, улстөрчид
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.