Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЗЭН КЛУБ: “Сээр цохих” наадгай спортын төрөл болон хөгжсөнөөр бидний үр хойч үе, үеийн өв тээгч болон үлдэнэ

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
9 минут 1 секунд

Монголчууд эрт дээр үеэсээ өвлөгдөн ирсэн олон сайхан түүх соёлтой ард түмэн. Тэр ч утгаараа хэсэг хугацаанд мартагдаад байсан өв соёлынхоо нэгээхэн хэсэг болох "Сээр цохих" наадгайг эргэн сэргээж, тоглоом наадгайн төрөл гэхээсээ илүүтэй спортын нэгэн төрөл болгохоор зүтгэж буй хэсэг залуус бий. Тэд бүгдийн нэгээхэн төлөөлөл бол "Эзэн" клубийн залуус бөгөөд үндэснийхээ өв соёл, түүхийн нэгэн гэрч болон мөн сээр цохих наадгайг улам олон залууст хүргэхийн төлөө өдөр бүр зүтгэсээр яваа юм.

Мөн сүүлийн үед мэргэжлийн эмч нар сээр цохисноос үүдэн гараа гэмтээх тохиолдол их байна хэмээн сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байгаа бөгөөд "Эзэн" клубийн залуустай энэ асуудлаар хийгээд сээр цохих наадгайн онцлог, уламжлалыг нь ярилцлаа.

-Юун түрүүнд урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. "Эзэн клуб" хэзээ үүсэн байгуулагдав?

-Манай клуб Монголын хамгийн анхны ууган клубийн нэг. 2020 онд үүсгэн байгуулагдсан. Өдгөө гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат, "ЭЗЭН" клубийн тэргүүн Б.Цэвэлдорж

-Сээр цохих наадгай нэг хэсэгтээ мартагдсан байсан гэхэд хэлсдэхгүй. Гэтэл сүүлийн жилүүдээс эхлэн залуус маань мартагдаж байсан соёлын өвөө, уламжлалт тоглоом наадгайгаа сэргээж, хоорондоо өрсөлдөх болсон. Тиймээс сээр цохих наадгайн түүх, уламжлалын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ясны төрлийн тоглоомыг эрт дээр үеэсээ уламжлал болгон тоглож наадсаар ирсэн. Шагайгаар тоглох, богт, шаант мушгих эр бяраа шалгах наадгайнууд их бий. Хуучин цаг сээр цохих нь наадгай хэлбэрээр тоглодог байсан бол орчин цагт спорт болон хөгжиж байгаа. Бид энэ наадгайг спорт болгон хөгжүүлж, өөрийн гэсэн спортын цол хэргэмтэй болгохыг зорьж байгаа.

Эрт үед бидний өвөг эцэг хүргэн болох залуугаа эр хүн болсон уу, охиныг маань авч суух чадалтай болсон уу гэдгийг нь шалгахаар шагай мултлуулдаг, сээр хугалуулдаг байсан гэх зэрэг яриа бий.

-Сээр цохиход ямар нэгэн учир шалтгаан бий юу. Эрт үеэс уламжлагдан ирсэн аливаа зүйлс бүгд өөрийн гэсэн утга учир, мөн чанартай байдаг шүү дээ?

-Өнөөг хүртэл бид буянт малынхаа үр шимийг хүртэж амьдарч байна. Үүнтэй адил эрт үед өвөг эцэг маань өвлийн идшээ гаргахдаа эцэг малынхаа сээрийг хугалж, тухайн жилийнхээ өнгийг шинждэг байсан. Түүнээс гадна эцэг сээрийг хугалснаар буянт малынхаа сүнсийг амирлуулж байна гэж үздэг ёс заншилтай.

Ингэхдээ сээр хугарахдаа час хийсэн чимээ гаргаж байвал тухайн жил нь ган гачигтай, зуд зурхантай жил болох нь хэмээн шинждэг байсан.

-Сүүлийн үед эрчүүд гэхээсээ илүүтэй охид эмэгтэйчүүд ч мөн сээр цохих болсон шүү дээ. Уламжлал талаасаа мөн ёс заншил талаасаа эмэгтэй хүн сээр хагалж болохгүй гэдэг зүйл байдаг уу?

-Эрчүүдийн наадгай гэж эрт үеэс яригдан, уламжлагдан ирсэн. Гэхдээ орчин цагт спорт болон хөгжүүлж байгаа учраас эмэгтэй хүн тоглож болохгүй гэж хориг тавьсан зүйл байхгүй. Аль ч насны хүн тоглох боломж нээлттэй байна.

-Сээрийг анхлан цохиж буй залууст хандаж хэлэх зүйл бий юу?

-Анхлан сээр цохиж буй мөн сонирхож буй залууст хамгийн түрүүнд гараа заавал хамгаалахыг зөвлөдөг. Тухайлбал, гараа даавуугаар боох, аль болох өөрийгөө гэмтэхгүй байх талаасаа анхаарах хэрэгтэй. Сээр цохих хэд хэдэн техник бий. Гэтэл ямар ч техникгүй хэрнэ хамаг чадлаараа, хүчээрээ сээр цохисноор гараа гэмтээх магадлал нэмэгддэг. Тиймээс сээр цохихоор сонирхож буй залуус маань мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах, техникийг нт заалгаж байгаад сээр цохих хэрэгтэй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Мөн “Сээр цохих” наадгай спортын төрөл болон хөгжсөнөөр бидний үр хойч үе, үеийн өв тээгч болон үлдэнэ.

"ЭЗЭН" клубийн гишүүн М.Хүдэрмөнх

-Сүүлийн үед сээр цохисноос үүдэн залуус гараа гэмтээх нь их болж байгаа талаар мэргэжлийн эмч нар анхааруулж байгаа шүү дээ. Үнэхээр сээр цохисноор гараа гэмтээх, улмаар гараа тайруулах эрсдэл үүсдэг хэрэг үү?

-Сүүлийн үед залуус согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, бэлэн бүтээгдэхүүн, гар утас, компютерийн хэрэглээ зэргээс татгалзан нүүдэлчин өвөг дээдсээс улбаалагдан ирсэн уламжлалт наадгайгаар хичээллэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байгаа. Гэвч үүнээсээ болоод нийгэмд ад үзэгдэж байх шиг байна. Гэхдээ юун түрүүнд ГССҮТ-ийн эмч нартаа маш их баярлалаа гэж хэлье.

Гэвч гараа тайруултлаа сээр цохиод, тэмцээн дээрээс гар хуруугаа хугалаад эмнэлэгт ачаалал үүсгээд байгаа зүйл байхгүй байна.

Гар яагаад гэмтээд байна вэ гэвэл, ямар нэг техникгүйгээр мөн гарынхаа алганы махыг хөгжүүлэхгүйгээр сээр цохиод гараа гэмтээгээд байгаа юм. Сээр цохих нь маш нарийн. Хаанаас нь яаж барих вэ, гарынхаа аль хэсгээр цохих вэ гэх мэтчилэн нарийн ур чадвар шаарддаг.

Сээр цохихдоо гарынхаа дотор махаар цохьдог. Түүнээс биш ясаараа цохидоггүй. Хүмүүс ясаараа цохидог гэж ойлгоод байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш. Ясыг ясаар цохивол мэдээж гэмтэнэ, өвдөнө.

-Манай улсын төр засгаас та бүхэнд ямар нэг дэмжлэг, туслалцаа үзүүлдэг үү?

-Үгүй. Бид ч туслаад өгөөч ээ гэж гуйдаггүй. Хамгийн гол нь бид өв соёлоо түгээн дэлгэрүүлье, улмаар соёлын өвд бүртгүүлье. Спортын төрөл зүйл болгон хөгжүүлье гэсэн зорилгыг тээж яваа.

-Ямар ямар сээр цохидог юм бол?

-Үхэр, сарлаг, тэмээний сээрийг цохидог. Бүгд өөр өөрсдийн гэсэн онцлог, хатуулаг чанартай байдаг. Ихэвчлэн тэмцээн уралдаанд үхрийн сээрийг ашигладаг.

"ЭЗЭН" клубийн гишүүн Б.Батхүрэл

-Яагаад сээр цохих наадгайгаар хичээллэх болсон бэ. Энэ талаараа ярьж өгөөч?

-Би өмнө нь гар утасны тоглоом, компютер тоглоом их тоглодог байсан. Нэг өдөр утсаа цэнэглээд, хэсэг амраах зуураа фэйсбүүкээр сээр цохиж байгаа бичлэг, лайв үзсэн юм. Тэгэхэд энэ спорт надад маш их таалагдаад, "Эзэн" клуб рүү холбогдоод, гишүүнээр нь элсэж, ах нараасаа техникийг нь заалгаад хичээллэж эхэлсэн.

-Ээж, аав нь хэрхэн хүлээж авч байв?

-Анх бол сээр цохиж эхлэхэд дургүйцэж байсан. Тухайн үед нь би ч нэг их тоогоогүй улам өөрийгөө хөгжүүлээд, хичээллээд байсан. Гэтэл улам сайжраад, тэмцээн уралдаанд ороод амжилт гаргаж эхэлснээс хойш ээж, аав маань дэмжээд, ойгоод ирсэн.

-Сээр цохихын онцлог, ач холбогдол нь юу юм бэ?

-Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн наадгайг үр хойч нь өвөлж авч байна. Миний үеийн хүүхэд залуус уламжлалт тоглоом наадгаагаа сайн мэддэггүй. Гэтэл бид энэхүү наадгайг улам хөгжүүлснээр залуус мэддэг, хичээллэдэг болж эхэлнэ.

Мөн хүнийг маш их анхааралтай, аливаад ул суурьтай хандах, нягт нямбай болгох, мэдрэмжтэй болгох зэрэг маш олон ач холбогдолтой.

-Та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.

Дэлгэрэнгүй ярилцлагыг үзэх,

SOCIAL POP: Л.Гүндалай “Эмэгтэй дарга гэвэл З.Нарантуяаг, шуналгүй улс төрч гэвэл намайг дэмжих юм даа“ гэв
SOCIAL POP: Л.Гүндалай “Эмэгтэй дарга гэвэл З.Нарантуяаг, шуналгүй улс төрч гэвэл намайг дэмжих юм даа“ гэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.