Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 55 секунд

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.01.16/ хуралдаж, гурван асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, Ж.Батжаргал, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл өглөө.

Бүлгийн дэд дарга М.Оюунчимэг “Бүлгийн хуралдаанаар хилийн боомтууд нээгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын эдийн засгийн байдалд үзүүлж байгаа үр нөлөө, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, эдийн засаг хэрхэн сэргэж байгаа талаарх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан, Инфляцын нөхцөл байдлын талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариуллаа.

Мөн Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж байгаатай холбоотойгоор Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

УИХ-ын намрын чуулган завсарлах гэж байна. Гишүүд тойрогтоо ажиллахдаа эдийн засгийн нөхцөл байдал, үнэ ханш, 2023 онд авах арга хэмжээ, үр дүнгийн талаар бодит мэдээлэлтэй байх хэрэгтэй. Гол зүйл нь гадаад нөхцөл байдал сайжирч, олон улсад тээвэр зуучийн үнэ ханш буурах хандлага ажиглагдаж, бонд гаргасантай холбоотой олон улсын зах зээлд манай улсын нэр хүнд өсч байгаа нь давуу талтай, таатай мэдээлэл болж байна” гэв.

Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газраас өргөн барьж буй хуулийн төслийн талаар мэдээлэл өгсөн. Энэхүү хуулийн төслийг хүний эрхийг хангах чиглэлээр боловсруулж байгаа гэдгээрээ чухал гэдгийг салбарын сайд онцоллоо.

Тэрбээр “Монгол Улс “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд Засгийн газар ажиллаж байна. Цахим засаглалыг бий болгоход хувь хүний мэдээллийг хамгаалж, кибер аюулгүй байдлыг бий болгох нь хамгийн чухал юм.

Монгол Улсад өнөөдөр олон нийтийн сүлжээний хэрэглээ бусад орнуудтай харьцуулахад маш өндөр, зөвхөн фэйсбүүкийг гэхэд 2.7 сая хүн идэвхтэй хэрэглэж байгааг хүн амын тоотой харьцуулахад бусад улсаас өндөр хувь гарна.

Цахим орчинд иргэний болон төрийн онц чухал мэдээлэл рүү халдах оролдлого их гарч байна. Нийт халдлагын 80 хувь нь сошиалаар дамжиж байна гэдэг статистик тоо баримт бий.

Монгол Улс Цахим хөгжлийн индексээр 74-р байр, цахим аюулгүй байдлаа хангах чадвараараа 120-р байранд орж байгаа нь бид аюулгүй байдал, зохистой хэрэглээг хангахад анхаарах ёстойг харуулж байна. Цахим орчин дахь гэмт хэргийн тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин өссөн. Үүнд, залилах, заналхийлэх, хөрөнгө завших, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах зэрэг гэмт хэргүүд тасралтгүй өсөж байна. Тухайлбал, 2021-2022 онд хүүхдийг садар самуунд уруу татах гэмт хэрэг 18.5, цахим залилангийн гэмт хэрэг 99.8 хувиар өссөн байна. Өсвөр насны хүүхдийн 70 гаруй хувь нь өдөрт 1-2 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг. Эцэг эхчүүдийн 93 хувь нь хүүхдээ цахим гэмт хэрэгт өртөхөөс хамгаалж чадахгүй зэрэг судалгааны дүгнэлт гарсан.

Иймд цахим аюулгүй байдлыг хамгаалах зохицуулалтыг тодорхой түвшинд зохион байгуулах ёстой гэж үзэж, хуулийн төслийг өргөн барихад бэлэн боллоо. Хуулийн төслийг батласнаар цахим орчинд, олон нийтийн сүлжээн дэх хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг, зөрчилтэй контентыг хязгаарлах, хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг сурталчилахаас урьдчилан сэргийлэх хууль, эрх зүйн орчин бүрдэх юм” гэв.

Хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс бонд гаргаж, олон улсын зах зээлд амжилттай арилжаалж байгаа талаар мэдээлсэн юм. Тэрбээр “Он гарсны дараа гадаад зах зээлд нааштай мэдээллүүд гарсаар байгаа талаар Засгийн газраас мэдээлсэн. Бид 650 сая ам.долларын зорилт бүхий бондыг гадаад зах зээлд гаргасан. Харин дөрвөн тэрбум ам.доллар буюу 8-9 дахин давсан захиалга ирээд байгаа. Шинэ он гарсаар Азийн зах зээлд Хонг-Конг, Филипин, Индонез, Монгол зэрэг дөрвөн улс бонд гаргаад буй. Эдгээр өндөр зэрэглэлтэй зах зээлтэй улстай харьцуулахад манай улсын хувьд маш амжилттай хувьцаагаа арилжаалж байгаа юм” гэв. Бид олон арга хэмжээ авсны үр дүнд гадаад өрийг бууруулж чадлаа. Ингэснээр Монгол Улс дефольт болох эрсдлээс гарлаа” гэсэн юм.

Шинэ автобусууд Ботаник, Яармаг, Сансар гэх мэт 29 чиглэлд явна
Шинэ автобусууд Ботаник, Яармаг, Сансар гэх мэт 29 чиглэлд явна
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.