Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай холбоотой хууль бус үйлдлүүдийг АТГ-д шалгуулахаар хандаж байгаа талаараа өнөөдөр иргэн О.Цэрэнтогтох мэдээлэл хийлээ. Тэрбээр "ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нь Дорнод аймгийн Дорнод эрчим хүчний станцтай салшгүй холбоотой гэдэг нь баримтуудаар нотлогдож байна. Тус станцын дарга нь түүний худ ургийн холбоотой хүн. 2018 оноос хойш төрсөн болон зээ дүү зэрэг хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулж 18 тендер авсан байна. Мөн төрсөн дүгээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд багтаасан нь нүүрсний хулгайн хэрэгт холбоотой байж болзошгүй гэж хардлага байгаа. Миний хувьд ямар нэгэн улс төрийн шинж чанартай зорилго агуулаагүй. Иргэний зүгээс энэ гомдлыг гаргаж байна. Авлигатай тэмцэх газарт зохих баримтуудыг холбогдох албан бичиг, хуулбарын хамт хавсарч шалгуулахаар өгч байна.
Х.Болорчулуун сайдын хувьд 2021 он хүртэл Дорнод гурилын үйлдвэрийг 100 хувь эзэмшдэг байсан. Гэтэл сайдаар томилогдсоны дараагаар гурилын үнэ 50 хүртэлх хувиар нэмэгдсэн. Энэ мэт асуудлууд нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэх хардлагыг бий болгож байна" гэлээ.