Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Баяраа: “АСМОС“ компани нийслэлийн 173 уурын зуухыг утаагүй түлшээр хангах эрхийг авчихаад алдаа гаргаснаас болж, зарим цэгүүдэд баяжуулсан нүүрс түлж байна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
10 минут 3 секунд

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр томилогдоод удаагүй байгаа М.Баяраатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Юуны өмнө та Хотын Ерөнхий менежерээр томилогдоод удаагүй байна. Хамгийн түрүүнд юунаас ажлаа эхлэхээр төлөвлөж байна вэ?

-Би ажлаа аваад дөрөв л хонож байна. Хотод хийх ажил маш их юм. Юунаас ажлаа эхлэх талаар бодох сөхөөгүй ажлаа аваад шууд л гадаа цас орсон л бол мөстсөн гудамжаа цэвэрлэхээс авахуулаад ажил мундахгүй байна. Хамгийн түрүүнд зохицуулах асуудал замын хальтиргаа гулгаа болж байна. Үүний дараа зайлшгүй анхаарах ёстой зүйл нь стандартын шаардлага хангахгүй байгаа явган зам. Эдгээрийг шинэчлэх хэрэгтэй байгаа. Тэгж байтал цас ханзарч хавар болно. Хур хог, шар усны үерийн асуудлууд үүснэ. Ийм ажлуудыг эхний ээлжинд нэн яаралтай хийхээр зорьж байгаа.

-Хотод тулгамддаг бас нэг асуудал бол золбин муур, нохдын асуудал байдаг. Энэ ажлыг хэрхэн эрчимжүүлэх вэ?

-Муур, нохой устгалыг хийхдээ төв суурьшлын бүс дунд айлуудын гудамж, хашаанд шууд буудаж устгадаг байдал маш том эрсдэл дагуулж ирсэн. Метрополис хотод хуучны уламжлалт аргаар буу гаргаад амьтан буудаж устгадаг үе өнгөрчихсөн шүү дээ. Үүнийг орчин үеийн дэвшилтэд аргаар өөрчлөх шаардлагатай байна. Мөн хотын ойролцоох хөдөө орон нутгийн бүс нутгаас мал орж ирдэг. Энэ нь нөгөө талаасаа малын гоц халдварт өвчнийг тархаах үндэс болж байдаг. Тиймээс эдгээр асуудлуудыг зэрэг шийдэж явахаас өөр аргагүй.

Мөн хотын агентлагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах ёстой. Тамгын газар, дүүрэг хороод нэг нэгийгээ дэмжээд явбал болохгүй зүйл гэж байхгүй.

-Та байнгын хорооны хуралдаан дээр "Цас цэвэрлэгч хоёр машин солих дугуйгүй зогсоод 2 жил болж байна" гэлээ. Энэ тухайн ААН-ийн алдаа юу, эсвэл нийслэл менежмент хийж чадаагүйгээс ажил явахгүй саатаж байгаа юу?

-Улаанбаатар хот хоёрхон цас цэвэрлэдэг машинтай. Тэр нь эвдэрчихсэн мэт буруу ойлголт өгөхөөр ярьчихсан байна лээ. Асуудал бол зөндөө. Зөвхөн жишээ авч ярьсан нь дээрх хоёр техникийн асуудал байсан юм. Хот тохижилтын газарт цас хусаж цэвэрлэдэг, урдаа тосгууртай хоёр машин байдаг. Тэр нь ажиллах боломжгүй болоод дугуй байхгүй гэдэг шалтгаанаар хоёр жил тоосонд даруулаад хэвтэж байна. Парк шинэчлэл 10 жил хийгдээгүй юм билээ. Тиймээс цаашид энэ уламжлалт аргыг хална.

100 метр газрыг хоёр хүн хүрз бариад цэвэрлэдэг аргаас татгалзах шаардлагатай байна. Нийт 18 байгууллага энэ чиглэлээр ажиллаж байна. Хувийн ААН-үүд техникээ шинэчлээд ажлын нөхцлөө сайжруулаад болоод байдаг. Орон нутгийн төсөвд болон улсын байгууллагууд менежмент дээрээ анхаарах шаардлагатай байна.

Цаашид хот дангаараа засаж янзалж чадахгүй байгаа газруудаа хувийн хэвшилд шилжүүлэх талаар ярилцаж байгаа. Одоогоор 8 ААН хотын хэмжээнд цас, мөс цэвэрлэх ажлыг гэрээгээр хийдэг. Ингээд шаардлага хангасан компаниуд дээр сонгон шалгаруулалт зарлах төлөвлөгөөтэй байгаа.

-Нэг жилийн хугацаанд хэрэглэх ёстой байсан давсыг хоёр сарын дотор цацаад дуусчихсан гэж ярьж байсан. Өвлийн бэлтгэл ажлаа хот хэр хангасан гэж та харж байна. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд нийт 13 удаагийн давтамжтай цас орсон байна. Цас, мөс хайлуулах бодис, давсыг их хэмжээгээр цацаж хэрэглэж байгаа. Сайн нөөц бүрдүүлж чадахгүй байна. Одоо нөөцөд 1450 гаруй тонн бодис, 3600 гаруй тонн давс байна. Бүр шаардлагатай тохиолдолд засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаж давс, бодисоо авна. Ер нь жил тутам бодис, давс ашигладаг үе 10 сараас 4 сарын хооронд байдаг. Тэгэхээр тэр хугацаанд хэрэглэдэг байсан давс бодисоо өнгөрөгч 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хоёр сарын хугацаанд хэрэглэчихсэн гэж ойлгож болно.

Харин чанар дээр эргэж судлах зүйл бий. Хэдийгээр ОХУ-аас чанарын баталгаатай, лабораторийн дүгнэлттэй давс, бодис орж ирж байгаа хэдий ч дотооддоо давхар шинжлэх шаардлага үүссэн. Үүн дээр нэмж технологид анхаарах шаардлагатай. Ямар газар давсаа цацах, ямар газар нь бодисоо цацах талаар оновчтой хуваарилалтыг хийх хэрэгтэй байна.

Гэхдээ сайн ажиллаж байгаа газрууд бий. Налайх, Чингэлтэй, Нисэх, Найрамдалын замуудад хальтиргаа гулгаанаас сэргийлж ажлаа сайн хийж байгаа компаниуд байна. Тэгэхээр асуудал үүсээд байгаа хэсэгт менежментийн алдаа л гарч байна гэсэн үг.

-Хот утааны хяналтаа алдчихсан юм биш үү. Засгийн газрын 62 дугаар тогтоол гарч түүхий нүүрс түлэхийг хориглосон цагаас хойш сайжруулсан түлш хэрэглэх болсон. Агаарын бохирдол ч буурч байна гэж мэдээлдэг байсан. Гэтэл өнөөдөр утааны асуудал эргээд хурцаар яригдаж эхэллээ. Нийслэлээс зарим байгууламжуудад түүхий нүүрс түлэх зөвшөөрөл олгосон нь үнэн үү?

-Уг асуудлыг хотын зөвлөл дээр ярилцаад явж байгаа байх. Түүхий нүүрс түлэх асуудал нь дан ганц хотын шийдэх асуудал биш л дээ. Би энэ талаар тодорхой мэдээлэл аваагүй байна. Ер нь цаашид аль нэг компанид асуудлыг хариуцуулаад явж болохгүй юм билээ. Миний авсан мэдээллээр "АСМОС" гэдэг компани нийслэлд байгаа 173 уурын зуухыг утаагүй түлшээр хангана гэж эрхээ авчихаад дунд нь алдаа гаргаж, Нийслэлийн прокурорын газраас үйл ажиллагаа явуулах эрхийг нь түтгэлзүүлсэн байгаа юм. Ажил цааш явах боломжгүй болсноос болж зарим цэгүүд өнөөдрийг хүртэл баяжуулсан нүүрс түлж байна.

-Өвлийн хүйтний оргил үе одоо л болж байна шүү дээ. Гэтэл хотын зам мөсөн гулгуурын талбай шиг л болчихсон. Чанаргүй ч бай давс, бодисын нөөц хомс байгаа юм байна. Техникийн хүрэлцээгүй байдал асуудлыг томруулаад байгаа юм биш үү гэсэн иргэдийн шүүмж байна?

-Тэр үнэн. 10 жил парк шинэчлэл хийгдээгүй байгаа юм чинь аргагүй шүү дээ. Асуудлын гол нь асуудал дагуулж байгаа 138 км замыг хот тохижилтын газар хариуцаад явж байгаа. Газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан. Янз бүрийн улс орноос техникүүдийг цуглуулсан, түүнийгээ янз бүрийн цаг хугацаанд нийлүүлчихсэн байгаа юм билээ. Улмаар сэлбэгүүд нь хоорондоо таарч тохирохгүй, нөөцөд техник хангамж байхгүй, зарим нь олон жилийн өмнө үйлдвэрээсээ орж ирсэн учраас сэлбэгийн тоног төхөөрөмж нь олддоггүй зэрэг асуудал үүссэн.

Яах вэ, мэдээж хорио цээр, хил гаалийн асуудлууд бий л байх. Гэхдээ анхнаасаа тоног төхөөрөмж авахдаа сэлбэгийн нөөцийг бүрдүүлэх ёстой байсан гэж харж байгаа.

Тухайлбал, замын хажуугийн хайс, хашлагууд байгаа. Үйлдвэрээс нь 100 метр хайс, хашлага авлаа гэхэд нөөцгүй авчихдаг. Гэтэл нэг машин ирээд мөргөчихдөг. Солиод тавих сэлбэг байдаггүй. Өөр өнгийн, олон стандарттай хайс, хашаанууд сэлгэж тавих болдог. Тиймээс анхнаасаа бид нөөцтэй худалдан авалтыг хийх ёстой. Нэг ашиглаад дуусна гэдэг менежментээр явбал хэзээ ч цааш хөгжихгүй. Цаашид нэгдсэн нэг стандартыг ААН-үүдэд мөрдүүлж ажиллах ёстой гэж үзэж байна.

-Та асуудлаар дүүрэн Хотын Ерөнхий менежерээр томилогдлоо. Түгжрэлийг бууруулах чиглэлд яаж ажиллавал зохистой гэж харж байна?

-Олон Улсын стандартыг хэрэгжүүлэх ёстой. Жишээ нь, Японы Токио хот бол түгжрэлийнхээ 50 хувийг хөнгөн галт тэрэг, метрогоор шийдсэн байдаг. Гэтэл манай улсад зорчиж байгаа дийлэнх авто машин хувийнх. Хүн амын 10 хүрэхгүй хувь нь гэрийнхээ ойролцоох газруудад алхаж байна. Судалгаа гарчихсан байгаа. Гол нь ажил хэрэг болгох нь чухал. Зам нөхдөг шиг асуудалд хандаж болохгүй. Үндэс сууриар нь шинэчлэх л шаардлагатай гэж үздэг.

Ярилцсанд баярлалаа

УЦУОШГ: 4 уулын дунд хургасан хүйтэн агаарыг түрж гаргах хэмжээний дулаан агаар байхгүй байгаа нь агаарын бохирдолд нөлөөлж байна
УЦУОШГ: 4 уулын дунд хургасан хүйтэн агаарыг түрж гаргах хэмжээний дулаан агаар байхгүй байгаа нь агаарын бохирдолд нөлөөлж байна
 
Д.Ангар: Төрийн албан хаагчид цалингүй, төсвийн байгууллагууд цахилгаан, дулааны мөнгөө ч төлж чадахгүйд хүрэх нь
Д.Ангар: Төрийн албан хаагчид цалингүй, төсвийн байгууллагууд цахилгаан, дулааны мөнгөө ч төлж чадахгүйд хүрэх нь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.