Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баярболд: ӨЭМТ-үүдийн 11 дүгээр сарын шалгуур үзүүлэлтүүд хянагдаж байгаа, энэ сардаа багтаж санхүүжилт нь орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 28 секунд

ЭМДЕГ: Швейцарын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай гэрээ  байгуулан ажиллаж байнаӨрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч ажилчид өнөөдөр ЭМЯ-ны гадна жагсаж, 11,12 дугаар саруудын нэг иргэнээр тооцож олгох санхүүжилтийг олгохыг шаардсан. Тэгвэл санхүүжилт яагаад өнөөдрийг хүртэл олгогдохгүй байгаа талаар ЭМДЕГ-ын тусламж үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баярболдоос тодрууллаа.

-ӨЭМТ-үүдээс санхүүжилт олгогдоогүй гацсан гэх асуудлыг хөндөн тавьж байна. Санхүүжилт яагаад өнөөдрийг хүртэл ийм удаашралтай, олгогдоогүй байгаа юм бэ?

-Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны тавдугаар тогтоол нь мөн оны тавдугаар сард батлагдсан. Энэ тогтоолоор анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ямар хэлбэрийн аргаар тооцож, санхүүжилт олгох вэ, түүнд яаж хяналт тавьж санхүүжүүлэх вэ гэдгийг зохицуулж баталсан. Уг тогтоолоор өрхийн эрүүл мэндийн төвүүд нэг иргэнээр тооцсон санхүүжилтийнхээ 80 хувийг урьдчилгаа хэлбэрээр авч, үлдсэн 20 хувийг ЭМД-аас хяналт хийсний үндсэн дээр гэрээнд заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бол олгохоор зохицуулсан байдаг. ЭМДЕГ-аас тухайн ehospital гэх цахим системээр өөрсдийнхөө тусламж үйлчилгээний мэдээллийг оруулах шаардлагыг тавьдаг.

Нэг иргэнд дунджаар 30 мянган төгрөг бодогдож олгогддог байсан бол одоо 60 мянган төгрөг болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, манай гэр бүл ӨЭМТ-д гурван хүнээр бүртгүүлсэн байлаа гэхэд улсаас 180 мянган төгрөг сар бүр шилждэг гэсэн үг.

Цахим системд нь асуудал байгаа юм байна гэдгийг хараад Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн хоёр ч удаагийн шийдвэр гаргуулж, 2022 оны аравдугаар сар хүртэл нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг нь олгосон. Харин 11 болон 12 дугаар сарын үлдсэн 20 хувийн санхүүжилтийг яриад байгаа юм. Тухайн 20 хувийг хянахын тулд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудтай байгуулсан гэрээнүүдэд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэсэн. 14 шалгуур үзүүлэлт байдаг. Үүнээс одоогоор дүгнэх боломжтой гэж үзэж байгаа нь 6 төрлийн шалгуур үзүүлэлт дээр үнэлгээг нь гаргасан байгаа. Эдгээр шалгуур үзүүлэлтийг өмнө цаасан дээр бүртгэгддэг байсныг цахимаар авья гэсэн. Энэ нь тодорхой чанарын шалгуур гэсэн үг шүү дээ.

Улсын хэмжээнд 207 ӨЭМТ-тэй нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн гэрээтэй ажиллаж байгаа. Гэтэл одоогийн байдлаар дүгнэсэн 6 шалгуураар 35 ӨЭМТ-ийн байгууллага нь л шаардлага хангасан байна гэдэг шийдвэр гарсан. Энэ дээр зарим ӨЭМТ-үүд нь санал зөрж, 20 хувийн санхүүжилтээ авья гэх асуудал гаргаад буй юм.

-Тэгэхээр шалгуур үзүүлэлтүүдээр нь хянаад явж байгаа гэсэн үг үү. Ер нь нэг иргэнээр тооцсон санхүүжилтэд ямар үзүүлэлтийг багтааж байгаа юм бэ?

-Тийм ээ. ӨЭМТ зөвхөн өвчтэй хүнд үйлчилдэг байгууллага биш. Тухайн иргэнийг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгодог байгууллага байх ёстой гэдэг утгаараа 2011 оноос нэрийг нь хүртэл өөрчилж, ӨЭМТ болгосон байдаг шүү дээ.

Нэг иргэнээр тооцсон санхүүжилт гэдэгт, тухайн өрхийн харъяалалд байгаа хүн амынхаа хэдэн хүүхдийг вакцинд хамруулсан бэ, ахмад настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон жирэмсэн эхэд тусламж үйлчилгээ үзүүлсэн байдал зэрэг багтдаг. Иймээс ӨЭМТ-үүдийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Засгийн газраас нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлж олгож байгаа.

Ер нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд маань бүртгэлийн ажлаа сайжруулах шаардлагатай. Анхан шатанд иргэдийн итгэх итгэл хангалтгүй, хүний нөөц хангалтгүй, урьдчилан сэргийлэх ажлууд хангалтгүй хийгдэж байгаа зэрэг судалгаанууд байгаад байгаа шүү дээ.

-Өнөөдөр эмч, ажилчдын зүгээс 11,12 сараас гадна 2022 оны 1,2,3 дугаар саруудын санхүүжилт ч олгогдоогүй гэдэг зүйл ярьж байна. Гэтэл та дөнгөж сая 10 дугаар сар хүртэл 80 хувийн санхүүжилт нь бүрэн олгогдсон гэлээ?

-Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тавдугаар тогтоол өөрөө дөрөвдүгээр сарын сүүлээр батлагдсан. Тэгэхээр хуулийн хүрээнд түүнээс өмнөх гурван сарын санхүүжилт олгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдгийг эмч нар маань ойлгох хэрэгтэй.

-20 хувийн санхүүжилт хэзээ орно гэдэг дээр тодорхой хугацаа хэлж болох уу?

-11 дүгээр сарын гүйцэтгэл нь хянагдаж байгаа. 12 сарын гүйцэтгэл нь энэ сардаа хянагдаж дуусаад орно.

“Буянт-Ухаа-2” цогцолборт 1200 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад ороход бэлэн болжээ
“Буянт-Ухаа-2” цогцолборт 1200 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад ороход бэлэн болжээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.