“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголд Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал танилцуулга хийсэн.
Тэрбээр "2010-2011 онд улсын хилээр 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй гаргасан байж болзошгүй байна. Мөн, 2013-2017 оны хооронд нүүрс тээвэрлэгч 86 аж ахуйн нэгжийн 2,527 тээврийн хэрэгсэл 17,149 удаа улсын хилээр хоосон гарсан, Тавантолгой ХК-аас экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний хэмжээ тус компанитай байгуулсан 21 аж ахуйн нэгжийн худалдах, худалдан авах гэрээнд заасан хэмжээнээс 1.0 сая тонноор илүү гарсан, 12 аж ахуйн нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортлосон зэрэг асуудлууд тогтоогджээ.
2018-2022 оны дөрөвдүгээр сарыг дуусталх хугацааг хамруулсан шалгалтаар мөн 1748 тээврийн хэрэгслээр 186.4 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа. Эдгээр асуудлыг шалгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд өгсний зэрэгцээ Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг, Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, нягтлан шалгах, эцэслэн тогтоохоор хамтран ажиллаж байна" гэлээ.
Мөн "Монгол Улс 2019-2022 онд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Булган зэрэг боомтуудаар БНХАУ, Их Британи, Сингапур, БНСУ, ОХУ, ХБНГУ, Хонгконг, Испани зэрэг улсууд руу чулуун нүүрс экспортолжээ. Үүний 92.1-98.2 хувийг БНХАУ руу гаргасан байна. Иймд Гаалийн ерөнхий газраас БНХАУ-ын Гаалийн байгууллагатай зарим бараа бүтээгдэхүүний статистик зэрэгцүүлэлтийг жил тутамд хийж, гарч байгаа зөрүүнд нөлөөлсөн хүчин зүйлсэд талуудын уулзалтаар дүн шинжилгээ, тодотгол хийдэг. Гарч буй зөрчил дутагдалд дүн шинжилгээ хийх, тулгамдсан эрсдэлт хүчин зүйлсийг тогтоож, цаг алдалгүй хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, 2019 оноос хойш хэрэгжүүлж буй гаалийн шинэчлэлийг эрчимжүүлж, нүүрсний экспортын бүртгэл, хяналтыг сайжруулах чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байна" гэв.