“Нүүрсний хулгай”, иргэдийн жагсаал, олон нийтийн шүүмжлэл, шаардлага, их баривчилгаа, МАН доторх жижиг толхилцоон, нүүрсний хэрэгт шалгагдаж буй хүмүүсийн нэрс гээд маш олон улс төрийн үйл явдлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дахин олны өмнө гарч ирэв. Тодруулбал, авлигын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангалах хуулийн төслөө УИХ-д оруулж ирлээ.
Тэгвэл чуулганы индэр дээрээс хуулийн төслөө танилцуулсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илтгэл дунд улс төрийн ньюанстай хэд хэдэн чухал хэсгүүд байгаа нь анзаарагдлаа. Ингээд тус бүрээр нь ялгаж аль хэсэгт, ямар үгээр чухам юуг илэрхийлэх гэсэн бэ гэдгийг Ерөнхий сайдын үгнээс хамтдаа “шүүрдэцгээе”
Нэг, Сонгодог парламент буюу тогтолцооны өөрчлөлтийг ЯВУУЛНА
Өнөөдрийн Ерөнхий сайдын мэдээллийн хамгийн ач холбогдолтой хэсэг бол энэ байлаа. Засгийн газраас гурван чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх аж. Эхнийх нь орлогын тэгш бус байдлыг арилгах зорилготой “Уул уурхайн биржийн хууль, Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн болгох багц хууль, Баялгийн сангийн тухай хууль, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хууль зэргийг ЗГ-аас оруулж, парламентад хэлэлцүүлнэ. Мөн Эрүүгийн хуулийн авлига албан тушаалтай холбоотой хэрэгт оноох ял, хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж чангалах. Сүүлийнх нь тогтолцооны өөрчлөлт.
Өөрөөр хэлбэл, тогтолцооны өөрчлөлтийг ЗГ-аас манлайлж, УИХ-аар хэлэлцүүлнэ. Үүнд хариуцлагатай хандаж дэмжиж өгөхийг гишүүд, олон нийтээс хүсэв.
Тэрбээр “Сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор үндэсний их зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулж, иргэний төлөөлөх эрх, иргэний хяналт тавих эрхийг өргөтгөх эрхзүйн цогц шинэчлэл хийхийг Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн нийт намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэддээ уриалж байна” гэсэн юм.
Энэ үгээрээ Ерөнхий сайд сонгуулийн тогтолцоо, институт хоорондын алдаа завхралыг арилгаж, хүчтэй Ерөнхий сайд бүхий сонгодог парламентын засаглалыг урьтал болгож байгаагаа илэрхийлэв.
ХОЁР, Шүүх болон хуулийнхныг ШАХНА
Нүүрсний хулгайтай холбоотой хэрэг 2018 онд анх илэрсэн. Гэвч хуулийнхан дээр очоод замхарсан талаар бид өнөөдөр мэдээлсэн. Ч.Хүрэлбаатар сайд ч энэ талаар өмнө нь чуулган дээр мэдээлэл өгч байв. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай тэргүүтэй томоохон хэргүүдийг шийдэхийг хуулийнхнаас шахна шүү гэдгээ өнөөдрийн чуулган дээр шуудхан илэрхийллээ.
Тэрбээр, “Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна” гэв. Үүгээрээ Ерөнхий сайд прокурорын байгууллагынханд “Хэргийг хэрэг биш болгов. Шударга ёс тогтоож чадахгүй бол солино” шүү гэдгээ анхаарууллаа гэж ойлгож болно. Учир нь нүүрсний хулгай ажлын хэсэг байгуулагдах үед НЕП Ц.Ариунболдын хуруундаа том, том алтан бөгж зүүсэн байсан нь цахим сүлжээнд шүүмжлэл нэлээдгүй хүртсэн билээ.
Мөн Ерөнхий сайд “Дуулиант хэргүүд шүүхийн шатанд замхарсан” гэж онцлов. Шүүх дээр очоод замхарсан, хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгасан том хэргүүд маш олон. Эдгээрээр төлөөлүүлж шүүгчдэд ч бас сануулга өглөө.
Гурав, Авлигын асуудлаар намынхантайгаа тэмцэнэ гэдгээ “Гарзгүй тав”-д ХАЯГЛАВ
Сүүлийн 7 жил, өнгөрсөн гучин жилийн 20 гаруйд нь МАН засагласан. Энэ утгаараа хулгай бүрийн үзүүр МАН руу чиглэх нь ойлгомжтой. Саяхны “нүүрсний хулгай” бол АН гэхээс илүүтэй МАН-ынхны хулгай билээ. Үүнийг ч гэрчлэх мэт УИХ-ын 7 гишүүнийг нүүрсний хулгайтай холбогдуулж шалгаж эхлэхэд 5 нь эрх баригчдаас байх жишээтэй.
Тэгвэл Ерөнхий сайд, “Миний бие өнгөрсөн долдугаар сард “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгээ, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ. Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй” гэв.
Энэ үгээрээ тэр сая зарлагдсан 5 гишүүний уурлаж, бухимдсан хариу реакцийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлэв. Мөн УИХ-ын гишүүн биш намын жирийн гишүүдэд ч хамаатай гэж ойлгоход болно. Дашрамд сануулахад, дараагийн ээлжинд нүүрсний хулгайн хэрэгт нэмж нэрс нь зарлагдах гишүүд, зарим сайд нар ч байгаа гэж мэдээлсээр байгаа юм.
ДӨРӨВ, Ерөнхий сайдын хэлсэн үгэндээ С.Баярцогтыг “хавчуулав”
Ерөнхий сайдын хэлсэн үг дунд анхааралтай ажиглавал АН-ын зарим нэг хүнд хамааралтай нэг хэсэг байсан нь сонирхол татаж буй юм. Тэрбээр, “Шүүхээр эцэслэн шийдэгдсэн хэргүүд гадны өмгөөллийн компани дээр задарч, тэрбумаар хулгайлсан луйварчид хялбаршуулсан журмаар ял завшиж, гавьяа байгуулсан мэт олон нийтийн сүлжээнд тааваараа тарвалзаж байгаад ард түмэн хилэгнэн уурсаж байна” гэв.
Мэдээж түүний энэ үг өнгөрсөн 10 дугаар сард гарч ирж хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэдгээ зарлаж сошиал сүлжээнд “од” болсон С.Баярцогт юм. С.Баярцогтын хэрэг гурван шатны шүүхээр шийдэгдсэн ч тусгай саналаар прокурорт буцааж, түүнийг прокурор хэрэгсэхгүй болгосон. Мөн С.Баярцогт өөрт нь холбогдуулж нээсэн хэргийг Швейцарийн Холбооны Улс хэрэгсэхгүй болгосон гэдгийг зарласан юм.
Ер нь том агуулгаараа Ерөнхий сайдын энэ үг С.Баярцогтод найр тавиад буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхдээ тааламжгүй хандаж байгаагийн л илрэл. Улс төрийн хүрээнд У.Хүрэлсүх, С.Баярцогт нарын улс төрийн дэмжлэгийн талаар яригдаад хэдийнээ удсан.
ТАВ, Дарханы төмөрлөг, Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай бүгдийг нь шүүхээр шийдүүлнэ
Ер нь аль ч үедээ авлига, албан тушаалын хэрэг хуулийн байгууллага болон шүүх дээр очоод уддаг, “унтдаг”, бас замхардаг. Тэгвэл энэ удаад олон нийт авлигачдыг илрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж тасралтгүй 10 гаруй хоног жагссан. Өөрөөр хэлбэл, нийгэм тэр чигтээ авлига албан тушаалын хэргийг хэн, хаана удаашруулах вэ. Хэн, яаж сугарч үлдэх вэ. Шүүх, АТГ, прокурор тэргүүтэй хууль, шүүхийн байгууллагуудыг хэрхэн ажиллахыг нүд цавчихгүй ажиглаж байна. Хэвлэл ч энд өөрийн гэсэн үүргээ дор бүрнээ чадах чинээгээрээ гүйцэтгэж буй.
Тэгвэл Ерөнхий сайд яг энэ алтан цагийг алдахыг хүсэхгүй байгаа бололтой. Тиймээс шүүх рүү томоохон бүх хэргүүд шилжих нь гэж ойлгогдож байна. Эх сурвалжууд ч энэ талаарх мэдээллийг өгсөн талаар өчигдөр бид мэдээлсэн билээ.
Г.Лхагвадорж