Нүүрсний хулгайн хэрэгт холбогдон АТГ-т шалгуулахаар болоод буй УИХ-ын гишүүдийн нэг, ХХЕГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан шалгахаар зарласан УИХ-ын нэр бүхий гишүүдийн нэг нь та. Хачирхалтай нь, АТГ өөрийг тань гүтгэж, үндэслэлгүйгээр шалгах гэж байна хэмээн та хэллээ шүү дээ. Яагаад тэгж үзэх болов?
-Намайг шалгах болсон талаарх АТГ-ын мэдээллийг би саяхан хэвлэлээс үзлээ. Яг үнэнийг хэлэхэд би гайхаж байна. Ер нь хэргийг шалгахдаа заавал эхэлж шалгагдах гэж байгаа хүнд нь мэдэгддэг байх гэж би боддог. Надад нэг ч удаа АТГ-аас мэдэгдээгүй. Нэг ч удаа дуудаж, байцаагаагүй. Би ер нь нээлттэй хүн. Гэхдээ юм болгонд дуугараад ил гараад явдаг хүн биш.
-Та уул уурхайн компанитай юу, эсвэл хувьцаа эзэмшиж байгаа юу?
-Надад уул уурхай битгий хэл нэг ч компани алга. Хэзээ билээ дээ нэг хэвлэл дээр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн хамаарал бүхий ААН гээд мэдээлэл явж байсан. Би тэр мэдээллийг хараад гайхаж байсан. Учир нь миний огт танихгүй компани байсан. Уг асуудлаар УБЕГ-т албан ёсоор бичиг өгөөд шалгуулсан байдаг. Тэгтэл Цэдэв овогтой Сэргэлэн гэж зургаан хүн байсан. Тэдгээрийн нэгтэй нь намайг андуурчээ гэсэн хариу ирсэн.
Харин АТГ-ын энэ мэдээлэл бол андуурал биш. Яагаад гэвэл Монгол төрийн хариуцлагатай хууль хяналтын байгууллага шүү дээ. Тиймээс би шалгуулахад бэлэн байна. Хоёрдугаарт, надад нүүрстэй холбогдсон ямар нэгэн гэрээ, хэлцэл, машин техник юу ч байхгүй. Хэрвээ би сэтгэцийн өвчинтэй болчхоогүй л бол бодоод үнэхээр юу ч олдохгүй байна. Ядаж янз бүрийн хүн амьтантай нүүрсний талаар ярьсан зүйл байгаа билүү гэж эргэцүүлэн бодоход хүртэл хүргэж байна.
-Таныг шалгана гэсэн мэдээллийн араас та “улс төрийн зорилгоор намайг гүтгэж байна тэд” гэж хэлсэн. Тэд гэдэг нь яг хэн, хэн юм бэ. Таныг ямар зорилгоор гүтгэнэ гэж?
-Би өнгөрсөн хугацаанд тийм зүйл бодож яваагүй хүн л дээ. Одоо л тийм бодол төрж байна. Яагаад ямар ч холбогдолгүй хүнийг нэр холбогдуулж байгаа юм. 1937 оныг давтахгүй байх гэж хуулийн байгууллагууддаа би итгэж байна. Яах вэ, намайг ХХЕГ-ын даргаар ажиллаж байсантай холбон шалгахаар болсон юм болов уу гэсэн таамаг төрж байна.
Сонгуулийн үеэр, дараа нь ч гэсэн олон үйл явдлаар илэрдэг улс төрийн өрсөлдөгч нарын үйлдэл байдаг. Магадгүй намайг гүтгэж, шалан дээр унагаж шороотой хутгаж хаяад 2024 оны сонгуульд замаа засаж байгаа улстөрчид байхыг үгүйсгэхгүй.
Би ерөөсөө ховоор үг хийдэг хүн биш. Нотолгоотой, баталгаатай баримттай зүйл дээр дуугардаг. Тиймээс ч олон асуудал дээр та үүнийг шалгуулж өгөөч, бид хууль хяналтын байгууллагад хандахад авч хэлэлцэхгүй байна. Аймшигтай том гэмт хэргийн бүлэглэл ажиллаж байна зэрэг асуудал надад тавьж байсан юм.
-Хаанаас, хэн?
-Нутгийн иргэдээс.
-Тухайлбал ямар асуудлаар хандаж байв?
-Одоо Дорнод аймагт цахилгаан станцын өргөтгөл хийгдэж байгаа. 50 мвт-аар өргөтгөх ажил. Тус өргөтгөлийн ажлын санхүүжилтийн хүрээнд хамгийн анх нэг сайд 10 сая ам.долларын хахууль авсан гэж яригдах болсноор асуудал томорч эхэлсэн байдаг. Ингээд төслийг хэрэгжүүлэх компанийн сонгон шалгаруулалтаас эхлээд асуудал дагуулж ажил нь явагдахгүй байж байгаад гэнэт эхэлсэн.
Хамгийн хачирхалтай нь Хөгжлийн банкны зээлийн асуудал сөхөгдөж эхэлмэгц тэр дотор Дорнодын ЦС-ын өргөтгөлд зарцуулсан гэх тэрбумаар яригдах өр гараад ирсэн. Яагаад улсын төсвөөс жил бүр мөнгө тавьдаг. Дээр нь БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар өргөтгөлийн ажил явагдаж байгаа шүү дээ. Магадгүй Хөгжлийн банкны өрийн дэвтэр дээр бичигдсэн зээлийг яагаад хууль хяналтын байгууллага нягталж шалгахгүй байна вэ гэсэн асуудлыг надад цөөнгүй хүмүүс ярьж байсан.
Нэг эмэгтэй намайг ХХЕГ-ын даргаар ажиллаж байх үедээ хулгайн нүүрсний тээврийг их хэмжээгээр гаргасан гэж цахим хуудастаа бичсэн байсан. Түүнийг нь зарим сайтууд хуулаад тавьчихсан л байна лээ. Гэтэл тэр мэдээллийг уншиж үзэхэд “хардаж байна” гэсэн өнцөг байна лээ. Хардаж болно. Нуулгүй хэлэхэд тэр эмэгтэйд текстийг нь найруулж бичиж өгсөн хүнийг олсон. Ойрын хүн ар нуруунаас хутгалсан байна лээ.
"Хилийн тагнуулын албыг 2012 онд татан буулгаснаар хил эзгүйрсэн"
-Та ХХЕГ-ын дарга байсан хүн. Таныг ажиллаж байх хугацаанд хилийн шалган нэвтрүүлэх ажил ямар байдлаар явдаг байсан юм. Хяналтыг яаж тавьдаг байв?
-Би хамгийн сүүлд 2016-2019 оны 12 сар хүртэл ХХЕГ-ын даргаар ажиллаж байсан. Намайг байх үед Хилийн шалган нэвтрүүлэх албыг өмнө нь татан буулгаад чиг үүргийг нь энгийн байгууллагад өгсөн байдаг юм. Тодруулж хэлбэл 2012 оны сонгуулиар байгуулагдсан УИХ-ын шийдвэрээр. Үндсэндээ 2012-2016 онд Монгол Улсын хил энэ хугацаанд “эзэнгүй” байсан гэсэн үг. Ингээд 2017 оны 2 дугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хуулиар 2016 онд бүрэлдсэн УИХ Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж дээрх алдааг зассан байдаг. Эндээс тухайн үед яагаад Улсын хилийг эзэнгүй болгосон бэ гэдэг ноцтой асуудал яригдах ёстой.
Өөр нэг ноцтой асуудал нь Хилийн тагнуулын албыг мөн татан буулгасан байдаг. Одоо ч энэ алба байхгүй. 2013 онд гэж санаж байна. Бас л яагаад гэдэг асуулттай үлдсэн.
Одоо би хэлчихье. Ямар зорилгоор Монгол Улсын хилийн боомт дээр ажилладаг төрийн хоёр тусгай институтыг байхгүй болгосон юм. Би ХХЕГ-ын даргаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөхдөө хилийн тагнуулын албыг өргөтгөөд бүх боомтууд дээр хилийн тагнуулын тасаг байгуулж өгсөн. Хилийн тагнуулын жинхэнэ үүрэг нь хил дээр гарч байгаа хил дамнасан гэмт хэрэг, эрүүгийн хэрэг, хууль бус бусад үйл ажиллагаануудыг илрүүлэх, үүрэгтэй төрийн тусгай алба. Харамсалтай нь одоо энэ байгууллага байхгүй. Одоо бол зүгээр л ТЕГ чиг үүргийнхээ хүрээнд хариуцаж байгаа төдий. Үүнийг би улс төрийн зорилгоор санаатай хийсэн ажил гэж би бодож байна. Ингээд хилийг эзэнгүй болгох том нарийн зохион байгуулалттай ажлууд өнгөрсөн хугацаанд тодорхой явагдаж ирсэн.
Би маш ноцтой нэг зүйл хэлье. Монгол улсын хилээр жилд дунджаар нэг сая галт тэрэг өнгөрдөг. Тэрийг улсын хилийн шугаман дээр зогсоож байгаад хил хамгаалах байгууллагын албан хаагчид үзлэг шалгалт хийдэг. Энэ үйл ажиллагаа боомтын хууль баталж, хилийн шалган нэвтрүүлэх албыг байхгүй болгосон үеэс хойш 2017 оны 2 дугаар сарын нэгэн хүртэл явагдаагүй.
-Хилээр нэвтрэх галт тэрэг, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх ажил тэр үед эзэнгүй хаягдчихсан байсан гэх гээд байна уу?
-Яг тийм. Товчхондоо хилийн шалган нэвтрүүлэх албаны үндсэн чиг үүрэг нь хилээр гарч байгаа галт тэрэг бүрийг нэг бүрчлэн үзлэг хийж тэр дотор хил зөрчигч нуугдсан эсэх, хууль бусаар юм нуусан эсэх үзлэгийг хийж зөрчилгүй бол галт тэрэгний машинистын паспорт дээр нь штампыг нь дарж өгөөд явуулдаг. Энэ ажил 2012-2017 он хүртэл зогссон байсан гэсэн үг. Тэр үед алтыг хууль бусаар хил давуулсан асуудал нийгэмд эд яригдаж байсан үе шүү.
Яагаад гэвэл Монголд олборлосон алт нь Монголбанканд тушаасан алтны дүнтэй зөрсөн асуудал үүссэн. Энэ хугацаанд алтыг тэр олон галт тэрэгний хаана ч юм нуугаад гаргаад байсныг үгүйсгэх аргагүй.
"Нүүрсний хулгайн хэрэгт намайг холбогдуулсан нь ГҮТГЭЛЭГ"
-Та нүүрсний асуудлаар нэр холбогдсондоо ихэд эмзэглэж байх шиг. АТГ-аас таныг шалгахаа мэдэгдмэгц хэвлэлд няцаалт хийсэн. Өөрөөр хэлбэл зүгээр байхад зүү шидээд байвал, би зүгээр хараад суух хүн биш гэж...?
-Миний нэр төрийг харлуулах гэж оролдсон этгээдүүдийн явуулга гэж би бодож байна. Энэ асуудлаар би удахгүй “шүгэл” үлээнэ. Энэ бол бузар гүтгэлэг гэж хэлмээр байна.
-Нүүрсний хулгайн мөрөөр хуулийнхан ажиллаж хэд хэдэн нотлох баримтуудыг цуглуулаад байна. Тухайлбал, хилээр хоосон тээврийн хэрэгсэл хэдэн мянгаар нь нэвтрүүлсэн асуудал байна. Мөн хил дээр бүртгэлтэй хэр нь гаалийн байгууллага бүртгэлгүй нүүрс гаргасан асуудал ч байна шүү дээ. Хил хамгаалах салбарт мэргэшсэн хүний хувьд хянан шалгах ажил яаж явагддагийг тайлбарлаж өгөөч, нүүрсний хулгай гарахад хил, гаалийнхан ямар процессын алдаа гаргасан гэж харж байна вэ?
-Хил хамгаалах байгууллага, гааль гээд хоёр өөр төрийн байгууллага хилийн боомт бүр дээр ажиллаж байгаа. Цаад талдаа буюу хөрш орны хилийн боомт дээр мөн адилхан. Хилийн шалган нэвтрүүлэх алба юу хийдэг вэ гэхээр боомтоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд үзлэг хийдэг. Үзлэг хийхдээ зорчигчийн бичиг баримтыг шалгана. Хилээр гарахыг хориглосон бүртгэлд тухайн зорчигчийн нэр байгаа эсэх, олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа хүн эсэхийг паспортын мэдээллээр шалгадаг.
Харин тээврийн хэрэгслийг шалгахдаа жолоочоос гадна хилийг хууль бусаар нэвтрэхийг завдаж хүн нуугдсан эсэхийг илрүүлэх зорилгоор тээвэрт үзлэг хийдэг. Үзлэг хийх явцад хэрвээ улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хууль бус зүйл илэрвэл тэр дор нь гааль, тагнуулын байгууллагат мэдэгдэж хамтарсан шалгалт хийдэг.
Гаалийн байгууллага бол тухайн тээврийн хэрэгсэл дээр нүүрс ачсан бол хэдэн тонныг, гаалийн татвараа төлсөн эсэхийг шалгахаас гадна хүлээсэн чиг үүргийн дагуу бүрдүүлэлтээ хийдэг. Ингээд эхэлж гаалийн шалгалт дуусаж, бүрдүүлэлт хийгдсэний дараа хил хамгаалах байгууллага гаалийн явуулсан машины жолооч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийгээд улсын дугаараар нь бүртгэнэ.
Товчхондоо тээврийн хэрэгсэл дээр нүүрс ачиж хилээр нэвтэрч байгаа асуудал гаалийн байгууллагад шууд хамаарна. Хилээр гарах болон орох чиглэлд хуулиараа эхлээд гаалийн байгууллага бүртгэлээ хийсний дараа хил хамгаалах байгууллага зөвхөн заагдсан чиг үүргийнхээ хүрээнд үзлэг хийдэг. Тэгэхээр нүүрсний асуудал бол гаалийн байгууллагын бүрдүүлэлтээр статистик нь явна. Гаалийн байгууллагын статистик мэдээ Хятадын талын гаалийн байгууллагын бүртгэлтэй таарч байгаа эсэх дээр л асуудал тодорхой болох юм.
-Нүүрсний хулгайн хэрэгт гаалийн байгууллагын нэр бүхий хүмүүс холбогдон шалгагдаж байгаагаас гадна хил хамгаалах газрын хоёр ч хүнийг давхар шалгаж эхэлсэн шүү дээ. Үүнийг юу гэж харж байгаа вэ?
-Би энэ мэдээллийг сонссон. Хилийн шалган нэвтрүүлэх албанд ажилладаг хоёр хүнийг нүүрсний хэрэгт хамаатуулан шалгаж байгааг ойлгосон. ГЕГ-ын дарга асан Асралт нэг удаа мэдээлэл хийхдээ хэлж байсан. Нийтдээ 10 машин бүртгэлгүй хилээр гарсан асуудлыг хөндсөн. Магадгүй тэр хүмүүс гаалийн байгууллагын тухайн үед хил дээр гарч байсан ээлжийнхэнтэй хуйвалдсан гэдэг үндэслэлээр шалгагдаж байгааг үгүйсгэхгүй.
- Та УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласнаас хойш хэдэн хууль дээр ажиллаж, хэдийг нь батлуулав. Хилийн тагнуулын албыг дахин сэргээх асуудлыг яагаад оруулж болоогүй юм бэ?
-Хилийн тагнуулын асуудлыг өнгөрсөн 2021 онд Засгийн газраас өргөн бариад байнгын хороогоор ороод хэлэлцэх эсэх нь дэмжигдээд Хилийн тагнуулыг Хил хамгаалах байгууллагын харьяанд эргүүлэн байгуулах асуудлыг тусгасан байсан. Ингээд УИХ дээр хэлэлцэх асуудлыг дэмжсэний дараа Засгийн газар хуулиа буцаагаад татчихсан.
Би бол УИХ-ын гишүүний хувьд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн л дээ. Дээрээс шууд томилчихсон юм. Тэгээхээс ч аргагүй болов уу гэж би боддог. Миний мэргэжил, туршлага тэр чигээрээ улс төр, нийгмийн аюулгүй байдлыг хангах онолыг нь үзээд хоёр шатны сургуулийг нь төгссөн хүн.
Би 18 насандаа Гашуун сухайт дээр байлдагч цолтой хил хамгаалагч байсан. Дараа нь хилийн цэргийн дээд сургууль төгсөөд Хилийн заставын орлогчоор анх ажлын гараагаа ахлах дэслэгч цолтойгоор эхлүүлж байлаа. Түүнээс хойш хил хамгаалах байгууллагын бүх шатанд ажиллаж байсан даа. Одоо би Дорнодынхоо иргэдийн итгэлийг хүлээж гишүүнээр сонгогдсон хүн. Нүүрсний асуудалд холбогдсондоо Дорнодчуудаасаа уучлалт гуйж байна. Гэхдээ энэ бол бузар гүтгэлэг. Нүүрсний хулгайгаар хөрөнгөжсөн этгээдүүд өнөөдөр хуль хүчний байгууллагат хүмүүсээ шургуулчихсан байгааг үгүйсгэхгүй.
-Хууль, хүчний байгууллагад хулгайчдын хүмүүс шургачихсан юм бол нүүрсний хэрэг шударгаар шийдэгдэж чадахгүй юм биш үү. Тэд зүгээр хараад суухгүй нь мэдээж шүү дээ.
-Мань мэтийгээ ингэж зарлачхаад цаана нь зүгээр өнгөрнө гэж байхгүй шүү гэж хэлье. Иргэд тэмцлээ эрчимжүүлэх хэрэгтэй. Надад хэлэх үг бий. УИХ-ын гишүүн болсон хүнд хоёрхон зам байдаг юм байна. Эсвэл хулгайч болох, үгүй бол гуйлгачин болох. Би бол гуйлгачин болсон хүн. Байсан бүх хөрөнгөө ломбардад тавиад дуусгасан. Өдөр бүр тойргийн сонгогчид маань зовлон жаргалаа ярина. Байгаа юмаа тэдэнтэй хуваачихдаг. Орон гэргүй хоосон байна гэсэн хүнд цалингаа өгчхөөд авгайдаа загнуулаад сууж байсан үе бий. Манай эхнэр намайг Замын-Үүдэд заставын даргаар ажиллаж байх үед төмөр замд агентаар ажиллаж байсан. Тэр үед ганзагын наймаа эд хийгдэж байсан үе. Эхнэр ч наймаа хийдэг байгаад амьдралдаа хүрэлцэхүйц хэмжээний мөнгө олсон. Харамсалтай нь би тэр мөнгийг нь сонгуульд зарцуулчихсан. Гэхдээ надад түмэн олон их тус болсон доо.
-Та тэгвэл юуны тулд хамаг хөрөнгөө баран байж УИХ-ын гишүүн болсон юм бэ?
-Энгийнээр тайлбарлавал миний олж авсан онолын мэдлэг, ажлын туршлага Монгол төрийн үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэхэд хэрэг болох юм болов уу гэж зүтгэсэн дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Сануулахад, АТГ-аас зарласан 17 нэрсийг цагдан хоригдоод буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн мэдүүлгээр шалгаж эхэлсэн байна. Уг мэдээллийг энд дарж уншина уу.
Б.Мягмарсүрэн