АТГ-аас өнөөдөр нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 17 хүний нэрийг зарлав. Энэ дунд нэг экс Ерөнхийлөгчөөс эхлээд энэ цаг үед гишүүнээр саарал ордонд суугаа 7 хүн багтаадхав. АТГ-ны мэдээллийн дараагаар МАН-ын "гарзгүй тав" нэг, нэгээрээ үсэрч гарч ирээд арьсаа хамгаалсан марзандуу тайлбарыг хэвлэлийн хуудсаар өөд уруугүй шахаж гарлаа.
АТГ-аас нэрлэсэн 17 хүний нэрсийг Б.Ганхуягийн 72 цагийн мэдүүлгээр хэрэгт татсан
Тэгвэл “Нүүрсний хулгайн” хэрэгт сэжигтэн, яллагдагчаа татагдах гишүүд, улс төрийн өндөр албан тушаалтнуудын нэр эдгээр 17 хүнээр зогсохгүй аж. Учир нь өнөөдөр АТГ-аас зарласан 17 хүнийг нэрийг зөвхөн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн экс захирал Б.Ганхуягийн 72 цагийн турш өгсөн мэдүүлгээр л хэрэгт татсан гэдгийг эх сурвалжийн мэдээлж онцоллоо.
Товчоор хэлбэл, ердөө гуравхан хоногийн дотор Б.Ганхуяг мэдүүлэг өгч, "хамсаатнуудаа" нэрлэж эхэлсэн гэсэн үг.
Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөс урьтаж хэргээ хялбаршуулан шийдэх гэсэн Б.Ганхуяг экс Ерөнхийлөгчийн талаар дэлгэрэнгүй мэдүүлж эхэлжээ
Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Ганхуяг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар маш тодорхой мэдүүлгүүд өгч байгаа аж. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга өрөөндөө дууддаг байсан, гавьяат цол өгөхдөө хэлсэн үгс гэх зэргээр өөд уруугүй хэргээ улааж эхэлсэн гэнэ. Мөн Тавантолгой төмөр зам ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын тухай болон эдгээр компаниуд дээр явагдсан томилгоонуудын талаар дэлгэрэнгүй ярьж байгаа юм байна.
Харин Б.Ганхуягийг ямар шалтгаанаар бүх асуудлаа баруун солгойгүй уудалж эхэлсэн бэ гэдэг асуулт юун түрүүнд гарч нь ирэх нь ойлгомжтой. Тэгвэл жагсагчдын шаардлагаар Эрүүгийн хуулийн тодорхой зүйл заалт болох 22.1 дэх хэсгийг өөрчилж, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдэд өгөх ялын бодлогыг чангалах тухай Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ЗГ-аас энэ долоо хоногт УИХ-д өргөн барина. Улмаар үүнийг яаралтай горимоор хэлэлцэж батлах юм. Тиймээс үүнээс урьтаж хуулийн байгууллагатай ял наймаалцаж, хэргээ хүлээн мэдүүлэг өгөөд хөнгөрүүлсэн журмаар хэргээ шийдүүлэх зорилготой байгаа гэнэ.
Хэрвээ ойрын хугацаанд ийм арга хэмжээ авч чадахгүй бол УИХ яаралтай горимоор батлагдсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа маш хүнд ял авах юм.
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдох улстөрчдийн нэрс 17-гоор зогсохгүй...
Төгсгөлд нь нэмж сануулахад эдгээр 17 хүний нэрс бол зүгээр трейллэр төдий нэрс байж болзошгүй. Одоо цагдан саатуулагдсан зургаан этгээд Б.Ганхуяг шиг сэтгэж, мэдүүлгээ өгч эхэлбэл нөхцөл байдал нүүрсний хулгайчдын хувьд улам хүндэрнэ. Илүү олон сайд, УИХ-ын гишүүд хүртэл уг хэрэгт татагдан орж ирэх "аюултай". Дээр нь өнөөдөр сэжигтнээр татагдсан 17 хүн дотроос мэдүүлэг өгөх хүн гарч эхэлнэ. Ингээд нүүрсний хулгайчдын хэрэг жинхэнээсээ дааж давшихгүй олон болж, жинхэнээсээ улс төрд "бөмбөг дэлбэрэх" зам руугаа орж байна.
Нүүрсний хэрэг, Эрдэнэтийн 49, Хөгжлийн банкны хэргүүдийг ойрын хугацаанд шат дараатайгаар шүүхэд шилжүүлж шийдүүлнэ
Мөн Засгийн газар, хуулийнхны зүгээс иргэд шударга ёс, хариуцлага шаардсан энэ цаг үед нүүрсний хулгай хэргээс гадна ойрын өдрүүдэд Эрдэнэтийн 49 хувийн хэрэг, Хөгжлийн банкны бүх хэргүүдийг шүүх рүү шилжүүлэх бодлого баримталж буй юм байна.
Ингэснээр олон жил төрийн өмч, төр мөнгө тойрсон хулгай, авлигын хэргүүдийн ард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цагаан сараас урьтаж гарах төлөвтэй. Одоо харин прокурор дээр "боогдож" дуусаад шүүх рүү орсон томоохон хэргүүдийн араас жинхэнээсээ хэвлэл олон нийт, жагсагчид шаардаж, шүүх дээр замхрахаас нь сэргийлэх л үлдлээ.
Г.Лхагвадорж