“Нүүрсний хулгай” зах зухаасаа цухуйж, хэн нь хулгайч, хэн нь хамсаатан гэдгийг монголчууд тун удахгүй мэдэх талдаа оров. Засгийн газар өөрсдөө нүүрсний хулгайг дэлгэсэн биш саарал ордонд орших уу, эс орших уу дээрээ тулав.
Иргэдийн жагсаал тасралтгүй үргэлжилж үе үе Засгийн газрыг огцруулах шаардлага цухуйлгаж, цагаан даавуун дээр “Огцор” гэж бичээд эхэлсэн. Мэдээж Засгийн газрыг огцруулах санаархал тал бүрт бий. Оюутолгой, Эрдэнэт, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс эхлээд ЖДҮ-чид, Хөгжлийн банкны хулгайчид, Нүүрсний хулгайчид хүртэл уртаас урт ашиг сонирхлын дараалал бий. Товчхондоо өнгө өнгийн хулгайчид бүгд нэг эрх ашиг дээр нэгдсэн гэсэн үг.
Хяслантай нь дараагийн ээлжийнхэн МАН дотор “хоолоо” горьдоод туйлын их тачаадаж буй нь ойлгомжтой.
Тиймээс Ерөнхий сайдад одоо танхимаа хамгаалж үлдэхэд, бас “нүүрсний хулгайчид”-тай үргэлжлүүлэн тэмцэхэд хамгийн боломжтой ганц гарц л үлдлээ. Тэр нь өөрийгөө унагах асуудлыг УИХ-аар хэлэлцэгдэхээс урьтаж парламентаас өөртөө итгэл хүлээлгэхийг хүсэх. УИХ бол ард түмэн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд одоо л ийм улс төрийн зориг гаргахгүй бол цаг алдах тусмаа танхимаа ангал руу чирнэ.
Өөрөөр хэлбэл, асуудал гадаа гэртгүй үнэхээр хүндэрч байна. Жагсаал найм хоног зогссонгүй. Иргэдэд ч тэр, хулгайчдад ч тэр “тахилын ямаа” хэрэгтэй байна. Өнгөрсөн хугацаанд хорьсон, явуулсан албан тушаалтнууд чинь жижигдээд байна. Энэ хэвээрээ удвал УИХ-ыг тараах, Ерөнхийлөгчийг эргүүлэн татах, ЗГ-ыг огцруулах гэсэн гурван зам л үлдэнэ. Угаас унах боломжтой гурван субъект нь энэ гурав. Тэгвэл энэ гурваас хамгийн амархан бөгөөд “хямдхан” унадаг нь Засгийн газар. Өнөөдрийг хүртэл тэмцсэн иргэд “цус үзнэ” гэдэг шиг хэн нэгнийг авч хаяж байж л санаа нь амрах нигууртай. Тиймээс танай намын эрх мэдэлтнүүд арьсаа хамгаалахын тулд “нүүрсний хулгай” яриад байгаад ЗГ-ыг огцруулах тийшээ тун удахгүй эргэх нь ойлгомжтой асуудал.
Засаг уначихвал хэнд ашигтай вэ. Нэгдүгээрт, гадаах иргэдийн хилэнг дарна. Хоёрдугаарт, “Нүүрсний хулгайчид” тэргүүтэй дээд хэсэгт өгүүлсэн бүх хулгайчид сэтгэл тайван унтах болно. ЗГ-ыг оноос өмнө тонгорчихвол оны өмнө шинэ засаг байгуулагдах жүжиг эхэлнэ. Ингээд бүгд баярлаж, цэнгээд “нүүрсний хулгай” мартагдана. Дараагийн засаг нь шинэ асуудлыг босгож, нүүрсний хулгайг замруулна.
Тиймээс итгэл хүлээлгэх тогтоолын төслийг нэн яаралтай бага ард түмэн буюу УИХ-даа өргөн барих хэрэгтэй. Ингэсэн цагт УИХ-ын гишүүд чинь хүртэл ус тосоороо хэрхэн ялгарахыг олон нийт харах болно. Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн 1-т Ерөнхий сайд төсөв болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолыг төслийг санаачилж УИХ-д оруулах эрхтэй гэж заасан. УИХ үүнийг нь гурав хоногийн дараа хэлэлцэж эхлээд 10 хоногийн дотор олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж хар дээр цагаанаар бичсэн.
Мөн ЗГ-ын тухай хуулиараа УИХ нэгэнт итгэл хүлээлгэсэн нөхцөлд дахиад 6 сарын дотор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хазайсан дээр нь ЗГ-аа түлхчих тухай яриа хэдийнээ эргэн тойрон дунд чинь гараад эхэлсэн байна.
Хамгийн хорлонтой нь МАН-ынхан “нүүрсний хулгай”-д битүү холбогдсон. Ерөнхийлөгч нь хүртэл Ерөнхий сайд байхдаа ҮАБЗ-ийн гишүүн, ЗГ-ын тэргүүний хувиар төмөр замын бүтээн байгуулалтын гэрээнүүдийг нууцад хамруулсан “ял”-д оногдов. Сүүлийн үед экс Ерөнхийлөгч Х.Баттулгынхан хэний гарын үсэг үлдсэний нягтлаад үз гэдэг мессежийг сошиалоор нэг түгээж байна. УИХ-ын дарга нь хүртэл нууцлах зөвлөмжид гарын үсэг зурсан байж таараа. Учир нь ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа санал нэгдэж гарын үсэг зурахгүй бол зөвлөмж гардаггүй учиртай.
Хэрвээ тогтоолын төсөл батлагдаж, парламент чинь итгэл хүлээлгэвэл “нүүрсний хулгай” тэргүүтэй хулгай бүхэнтэй эцсээ хүртэл тэмцэх чухал ажил албан ёсоор оноогдоно. Үгүй бол өөр улс төр “гүйх” нь байна.
Сүүлд нэг зүйлийг сануулахад, 2015 онд Тавантолгойн асуудлаар Ч.Сайханбилэг итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-д тавих гэж байхад З.Энхболд, “Женко” Х.Баттулга тэргүүтэй нөхдүүд зогсоож байсан түүх бий...
Г.Лхагвадорж