Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Батдулам: Тусгай хэрэгцээт боловсролын багш нар сурагчаа “өмдөндөө гараа хийх“ зэрэг үйлдэл гаргахад хэрхэн туслахаа мэдэхгүй байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
8 минут 40 секунд

Хөгжлийн бэрхшээл гэх хүлээсэнд уягдсан Монголын бяцхан үрс өдөр өдрөөр өсөж торниж байна. Эгэл жирийн биш ч энгийн л хүмүүсийн адил хайрлуулах, энхрийлүүлэх, сурч боловсрох эрхтэй. Гэвч манай улс бодит байдал дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ тийм ч ээлтэй биш. Хамгийн энгийн жишээ бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэдлэг боловсрол олгох тэр дундаа нөхөн үржихүйн цогц мэдлэг олгох нь хүндхэн асуудал.

Иймд бид Хөгжлийн бэрхшээл судлаач, Анагаах ухааны доктор, дэд профессор Т.Батдуламтай "Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад бэлгийн боловсролын мэдлэг" хэрхэн олгох хэрэгтэй талаар ярилцлаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насныхан дунд бэлгийн боловсролын тухай цогц ойлголт тун бага байдаг байх. Таны хувьд яг ЕБС-ийн сурагчдын дунд судалгаа хийсэн шүү дээ. Яг энэ насныхан бэлгийн боловсрол хэр түвшинд байна гэж ажиглагдав?

-Сурагчдаас найман агуулгын хүрээнд судалгаа авсан. Тухайлбал, үнэт зүйл гэж юу вэ, эрхээ хэрхэн хамгаалах вэ, жендер гэж юу вэ, бэлгийн харилцаа гэж юуг хэлэх вэ, нөхөн үржихүйн асуудал гэж юу вэ, БЗДХ-аас хэрхэн сэргийлэх вэ, бие хүний онцлог байдал гэж юу вэ гэх зэрэг найман асуулгын хүрээнд судалгаа авахад тусгай хэрэгцээт хүүхдүүд маань тийм ч сайн ойлголттой биш байгаа нь ажиглагдсан.

-Тусгай хэрэгцээт боловсрол олгодог сургуулиуд гэлтгүй ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлийн цаг маш бага байдаг шүү дээ. Энэ ч мөн нөлөөлж байна уу?

-Мэдээж тийм. Долоо хоногт ганцхан цаг бую 40 минутад л эрүүл мэндийн хичээл ордог. Гэтэл сургалтын агуулга маань энэ цагтаа огт багтдаггүй. Хүүхдүүдэд ойлгомжтой заахын тулд багш нарт ч мөн маш их хугацаа шаардлагатай.

Эрүүл мэндийн хичээл дээр нөхөн үржихүйн болон гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл зэргийг заах гэх мэтчилэн маш их хүндрэлтэй сэдвүүд ордог. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань энэ мэдлэг боловсролыг бүрэн төгс олж авахад нэгхэн цаг багадаж байгаа юм. Бүрэн гүйцэт олйгоход бэрхшээл бүрийн онцлогт тохируулах ч шаардлага үүсдэг.

-Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэдлэг, боловсрол олгож байгаа багш нарт ямар бэрхшээл илүүтэй тулгарч байна?

-Нийслэлийн тусгай зургаан сургуулийн сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийж үзсэн. Бэлгийн цогц боловсролыг олгох олон улсын удирдамжийн дагуу буюу найман агуулгын хүрээнд сургалтын хөтөлбөрөө боловсруулсан эсэхийг шалгасан. Ингэхдээ ЕБС-ийн сургуулиудад ч мөн үнэлгээ хийхэд тэдгээр сургуулиуд маань эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрөө маш сайн боловсруулсан байсан. Түүнээс гадна багш нарт зориулсан гарын авлагыг боловсруулсан. 5-12 дугаар ангид үзэх бүх ном байдаг, заах арга зүйн удирдамж зэргийг ч чанартай гаргасан байсан.

Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуульд ямар байсан бэ гэхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгох бэлгийн боловсролын ном товхимол дутмаг, багш нарын заах арга зүйн гарын авлага байхгүй. Мөн анги буюу нас насны онцлог, хөгжлийн бэрхшээлийн онцлогт тохирсон эрүүл мэндийн болон нөхөн үржихүйн сурах бичиг байхгүй байна. Түүнээс гадна багш нарт зориулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн харилцах, нөхөн үржихүйн мэдлэг хэрхэн олгох зэрэг арга зүйн талаас ямар нэг сургалт ордоггүй нь ажиглагдсан.

Судалгаа хийж байх үед нэг сургуулийн эрүүл мэндийн залуу багш бидэнд бодит кейсээ хуваалцаж байсан. Тодруулбал, "Нэг суралцагч маань үргэлж бэлэг эрхтэнээрээ оролдох, өмдөндөө гараа хийх зэрэг үйлдлийг хийдэг. Энэ нь маш хүндрэлтэй байдаг. Энэ үед ямар арга хэмжээ авах, хэрхэн тусламж үзүүлэх зэргээ төдийлөн сайн мэддэггүй" гэдгээ илэрхийлж байсан.

Залуу багш нарын хувьд бол энэ асуудал маш хүнд. Харин нэлээдгүй олон жил ажилласан туршлагатай багш нарын хувьд өөрийнхөө олон жилийн туршлагаараа зааж, зохицуулдаг.

-Та бүхний зүгээс маш том судалгаа хийсэн юм байна. Судалгаандаа нийт хичнээн багшийг хамруулав?

-Эрүүл мэндийн хичээл болон бэлгийн цогц боловсролыг заадаг 113 багшаас судалгаа авч үзсэн. Гэтэл багш нарын зүгээс "Хүүхдүүд энэ төрлийн хичээлдээ дуртай байдаг. Гэхдээ бид эрүүл мэндийн хичээл заахад харааны бэрхшээлтэй хүүхэд, оюуны бэрхшээлтэй хүүхэд, сонсголын бэрхшээлтэй хүүхэд зэрэг хүүхэд бүрийн бэрхшээлийн онцлогт тохируулан фрактик дээр хичээл заахад хүндрэл үүсдэг" гэх тайлбарыг өгсөн.

Энэ нь юутай холбоотой вэ гэвэл багш нарыг чадвахжуулах арга зүйн сургалт ордоггүйтэй, фрактик дээр ажиллах нөхцөл боломж муу, эрүүл мэндийн кабинет, бэлгийн цогц боловсрол олгох стандартын кабинет байдаггүй мөн сурах бичиг гарын авлага байдаггүйтэй холбоотой. Яахав эрүүл мэндийн багш нарт зориулсан мэргэжлийн сургалт явагддаг ч яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тохирсон арга барил заадаг сургалт байдаггүй гэсэн үг юм.

-Тэгвэл эцэг эх, асран хамгаалагчдад ямар асуудал тулгарч байна?

-Эцэг эхчүүдийн хувьд хүүхдэд нь нөхөн үржихүйн ямар нэг асуудал тулгарахад хүүхдэд хэрхэн зөв туслах арга зүй дутмаг, зарим тохиолдолд огт мэддэггүй зэрэг байдал ажиглагдсан. Учир нь эцэг эхчүүдэд ч мөн багш нартай адил энэ чиглэлийн мэдлэг олгох сургалт байдаггүй, зөвлөгөө авах боловсон хүчин дутмаг. Үүнээс үүдэн эцэг эхчүүд маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцахаа төдийлөн сайн мэдэхгүй байгаа юм.

-Та бүхний судалгаан дээрээс маш олон тохиолдол ялангуяа манай улсад тулгамдаж байгаа олон төрлийн асуудал гарч ирсэн байна. Харин одоо үүнийг бодит ажил болгох нь чухал шүү дээ?

-Судалгааны үр дүнгээс хамааран Засгийн газарт зөвлөмж боловсруулан гаргасан байгаа. Үүнд,

  • Хамгийн чухал зүйл нь багш нарт зориулсан арга зүйн сургалтыг зохион байгуулах,
  • Хоёрдугаарт, багш нарт зориулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хэрхэн бэлгийн боловсролын цогц мэдлэг олгох тухай гарын авлага гаргах. Үүнтэй холбогдуулан тухайн хичээлтэй тохируулсан бусад төрлийн сургалтын материалыг бэлтгэх. Үүнд, /Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан гараараа мэдрэх боломжтой биет, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан дүрс хэлбэр, видео, жүжигчилсэн тоглолтууд бэлтгэх, оюуны эрхшээлтэй хүүхдүүдэд зориулан маш энгийн, ойлгомжтойгоор мөн олон дахин давтаж, бодитоор заавал илүү үр дүнтэй/
  • Гуравдугаарт, сургалтын орчин нөхцөл, анги тамхимын стандартыг бүрдүүлэх,
  • Сургалтын цагийг нэмэгдүүлэх. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн хичээлийн цагийг уртасгах.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань насанд хүрээд өөрийгөө болзошгүй эрсдэлээс хамгаалах, хүсээгүй жирэмслэлтэд өртөхгүй байх, БЗДХ-ээс урьдчилан сэргийлэх бага ч болов мэдлэгтэй болж чадна. Үүний улмаас багш нарын ур чадвар хийгээд эцэг эхчүүдийн мэдлэгт онцгойлон анхаарах хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн аав Ж.Төмөрсүх: Хүүгийн минь “гавьяа” аавынхаа энгэрт гялалзаж байна
Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн аав Ж.Төмөрсүх: Хүүгийн минь “гавьяа” аавынхаа энгэрт гялалзаж байна
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.