...Бидний хариуцан хамгаалж ажиллах ёстой газар сумын төвд биш. Уул тайга, ус мөрөн, байгаль дэлхий л бидний ажиллах газар...
Амьдралынхаа 30 гаруй жилийг байгаль хамгаалах ажилд зориулж ирсэн нэгэн. Тэр улаан тайгын байгальд "нүд, чих" болж алхана. Хөдөө нутгийн байгаль хамгаалагчийн ажилдаа ч "амтшиж" орхиж. Ж.Төмөрсүх гуай саяхан Монгол Улсын байгаль орчны Гавьяат ажилтан цолоор энгэрээ мялаасан. Түүнийг олон нийт Тос тосон бумбын нуруунд ирвэс болон зэрлэг амьтдын амьдрах байгаль орчин нөхцлийг хамгаалж яваад зуурдаар амиа алдсан ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн аав гэдгээр нь мэдэх буй. Ийнхүү Гавьяат ажилтан цол хүртсэн баярт мөчид нь түүнтэй холбогдож, ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Хэдхэн хоногийн өмнө байгаль орчны Гавьяат ажилтан цол хүртсэн. Юун түрүүнд таньд баяр хүргэе. Байгаль хамгаалах чиглэлд өөрийн амьдралын 30 гаруй жилийг зориулсныг тань төр харжээ?
-Баярлалаа. Монголын төр манай хамт олны тэр дундаа миний хөдөлмөрийг анзаарч үнэлж, төрийн дээд Монгол Улсын байгаль орчны Гавьяат ажилтан цол тэмдгээр шагнасанд туйлын их баярлаж байна. Шагнал авах агшин гэдэг бол торгон агшин байдаг юм билээ. Төрийн дээд шагнал авчхаад зогсож байхдаа их зүйл бодож байлаа. Би гэдэг хүн Хөвсгөлийн хамгийн хойд хэсэг болох байгалийн үзэсгэлэнт Дархад нутагт төрсөн хүн л дээ. Миний төрж өссөн энэ нутаг бол Монголын үзэсгэлэнт унаган байгальтай газар. Төрж өссөн нутгаа хайрлан хамгаалах гэсэн хүсэл миний сэтгэлийг хөглөж, үргэлж энэ ажилд татаж "дурлуулж" байсан. Энэ их буян заяагаар би өдий зэрэгтэй явна даа гэж бодож байлаа.
Байгаль хамгаална гэдэг оффис дотор зангиа зүүгээд сууж байдаг ажил биш шүү дээ. Уул тайгад өөрийн ур чадвар, тэсвэр хатуужлаар өөрийн бор зүрхээрээ явдаг ажил учраас ар амьдралаа бараг л хаяж орхидог. Энэ мөчид арыг минь бат дааж яваа хань ижил, үр хүүхэд, хамт олондоо баярлаж байна даа.
-Та Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын захиргаандаа ажиллаж байгаа юу. Ер нь шагнал авах болсон мэдээгээ хэзээ дуулсан бэ?
-Хөдөөгийн байгаль хамгаалагчийн ажил, хөдөлмөрийг анзаарч төрд хүргэж чадсанд нь баярласан. Хөвсгөлийн улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд 10 жил ажиллаж байгаа. Өмнө Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газарт 20 гаруй жил ажилласан. Арваннэгдүгээр сарын 22-ны өдөр ЕТГ-аас над руу холбогдож, шагналын талаар дуулгасан даа.
-Таны хэлсэнчлэн байгаль хамгаалагч гэх мэргэжлийг сонсоход л амаргүй ажил гэдэг ойлголт толгойд шууд буудаг л даа. Нээрээ л оффист сууж байгаад алсаас хийчихдэг ажил биш шүү дээ?
-Монголын өнцөг булан бүрт байгаль хамгаалагчид олон бий. Байгаль хамгаалах чиглэлд ажиллаж эхэлснээсээ хойш баримталж ирсэн нэг зарчим бол, бидний хариуцан хамгаалж байгаа харах ёстой, явах ёстой газар маань сумын төв биш ээ. Уул тайга, ус мөрөн, говь цөлд л бидний ажил байгаа.
Байгууллага хамт олноо удирдаад явахад бүх байгаль хамгаалагч нартаа хөдөө ажиллахад мундаг том эрдэмтэн аль эсвэл онц дүнтэй диплом ч хэрэггүй. Сэтгэл зүрх чинь л газар дээрээ байх ёстой гэж хэлдэг юм. Тиймээс би залуу байхдаа гэлтгүй одоо ч нэг жилийн 150-280 хоногт хөдөө ажилладаг. Дээр үед бол хөдөө уулын мухарт л хонодог байлаа шүү дээ. Тэр сурсан зангаараа байгаль хамгаалагч нартаа шаардлага тавьдаг юм. Байгаль цаг уурын хүнд хэцүү ямар ч нөхцөл ажиллаад явахад тухайн үед ядарч шантармаар үе олон тохиолддог хэдий ч байгаль дэлхийгээ өдөр бүр харж хандаж явснаараа ажилдаа илүү ихээр сэтгэл нь татагдаж эхэлдэг. Дараагийн удаад хүн хэлсэн, хэлээгүй хийж буй ажилдаа бүр илүү татагдана л гэсэн үг шүү дээ.
-Залуу байгаль хамгаалагчид хэр их ажиллаж байгаа вэ?
-Сүүлийн үед залуу байгаль хамгаалагчдын тоо цөөрч байгаа. Үүнд нөлөөлж буй хэд хэдэн шалтгаан бий. Сургууль төгсөөд ирж байгаа залуус ч байна. Манай улаан тайгад л гэхэд ажиллаж буй 30 гаруй байгаль хамгаалагчийн 60-аад хувь нь 40-өөс дээш насныхан байна. 20-30 насны цөөн хэдэн л байгаль хамгаалагч бий. Залуус яагаад байгаль хамгаалагч хийхээс татгалзаж байна вэ гэдгийг хариултыг хэд хэдэн зүйлтэй холбон тайлбарлаж болно. Тухайлбал, цалин бага. Гар дээрээ 450 мянган төгрөгийн л цалин авч байна. Тухайн залуусын аж амьдрал нь төвхнөөгүй, санхүүгийн хувьд хүндрэлүүд бий шүү дээ. Үүнээс болоод тогтвор суурьшилтай ажиллах тал дээр асуудлууд байна.
-Та байгаль эх дэлхийтэйгээ ойр ажилладаг хүн. Энэ утгаараа та өөрийгөө гэлтгүй гэр бүлээ ч энэ чиглэлд "дурлуулахад" нөлөөлсөн хүн бололтой. Жишээлбэл, таны талийгч хүү Т.Лхагвасүмбэрэлийг Монголын ард түмэн Тос тосон бумбын нуруунд ирвэс, зэрлэг амьтдыг хамгаалахаар ажиллаж байсан гэдгээр нь сайн мэднэ. Баярт мөчөө хуваалцаж буй энэ цаг мөчид хүүгийнхээ талаар дурсвал?
-Би их өвөрмөцөөр амьдарсан хүн гэж өөрийгөө боддог юм. Хүүхдүүд маань 3,4 настай байх үеэсээ байгаль хамгааллын ажил руу бие даан татагдаад орчихсон юм шүү дээ. Энэ нь дараа дараагийн ажил мэргэжлээ эзэмшээд явахад байгальтай ойр харилцаж өссөн ахуй нь их түлхэц үзүүлсэн. Үүнээс улбаалан ажил амьдралдаа үнэнчээр гэр бүлийн хүмүүжлийн зарчмаар үнэнч шударга, сэтгэл гарган ажиллаж яваа.
Хүү маань Тос тосон бумбын нуруунд ирвэс хамгаалахаар 2010 оноос хойш 15-16 жилийн турш зүтгэсэн. Хүү минь зүгээр л нэг яриад явсан юм биш. Зүгээр л нэг ажиллаж, зүгээр л нэг цалин авах бус гэнэн бага залуу байсан хэдий ч сэтгэл гарган ажилласан.
Аав нь тайгад, хүү нь говьд байсан хэдий ч байгаль хамгаалж байгаа гэх сэтгэлийн хэсэгхэн зурваст бид холбогддог байсан юм шиг байгаа юм.
Монголын ард түмэн хүүг минь өөрийн хүү мэтээ хайрласан. Хийж буй ажлыг нь ойлгосон явдал бол монголын байгаль хамгааллын салбарыг олон нийтэд таниулах, аливаа сургамж санамжийг зүтгүүр болсон. Тийм сайхан хүүгээ алдсан хүний хувьд зүгээр сууж болохгүй юм шиг санагддаг, одоо ч. Нэг хүн хоёр хүний ажил хийнэ гэж юу байхав. Гэхдээ өөрийн ажлаа хоёр хүний дайтай хийж, сэтгэл зүрхээ зориулах ёстой гэж бодож явдаг.
Хөдөөгийн байгаль хамгаалагчийн ажил эрсдэлтэй, хүнд боловч ажиллах нөхцөл нь онцлог тал ихтэй байдаг гэдгийг талийгч хүү бид хоёр бусдад харуулж яваа гэж боддог юм.
-Та хүүтэйгээ цуг шагнуулсан юм шиг мэдрэмж төрсөн үү?
-Тэгэлгүй яах вэ. Энэ шагнал бол байгаль хамгаалал чиглэлд ажилласан хүү бид хоёрын зүрх сэтгэлийг үргэлжлүүлж байгаа шагнал. Бид хоёроор дамжуулан Монголын ард түмэн өөрсдийгөө шагнасан юм шиг сайхан мэдрэмж төрж байна. Талийгч хүүгийн минь хийхийг хүссэн, зорьсон ажил тэр “гавьяа” нь аавынхаа энгэрт гялалзаж байна гэж бодож сууна даа. Шагналын сураг сонссон цагаасаа эхлэн хүүгээ бодсон.
-Баярт мөчид нь өнгөрснийг сануулж асууж буйд хүлцэл өчье. Талийгч хүүгийн тань хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа юу. Сүүлд хэрэг түр хаагдсан гэх мэдээлэл гарч байсан?
-Тодорхойгүй л болсон шүү дээ. Хууль хяналтын байгууллага дээр хойшлогдох хэргийн тоонд ороод л явж байгаа. Гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдоогүй.
-Хүүгийн тань үйл хэрэг Тос тосон бумбын нуруунд олон өөрчлөлтийг авч ирсэн. Тусгай хамгаалалттай газар болгож, уул уурхайн компаниудын үйл ажиллагаа ч цэгцэрсэн гэх юм билээ?
-Тийм ээ. Тос тосон бумбын нуруу болон Монголын байгаль хамгаалалд тэр үйл явц олон том сургамжийг өгсөн гэж боддог. Аливаа асуудлыг удаан хугацаагаар гацаах, эрх ашгийн үүднээс хандах нь ямар их муу үр дагаврыг дагуулдаг болохыг харуулсан. Тос тосон бумбын нуруу тэр дуулианаар асар их үнэ цэнэтэй газар нутаг ирвэс, зэрлэг амьтдын ирээдүйн хувь заяа нааштайгаар эргэсэн гэж боддог.
-Сүүлд тэнд ирвэсийн тоо толгой нэмэгдэж байгаа юу?
-Тэнд манай Ирвэс хамгаалах сангийнхан маань ажиллаж байгаа. Камераа тавиад ирвэсийнхээ тоо толгойг хянаад явж байгаа. Манай гэр бүлийн зүгээс энэ зун Тос тосон бумын нуруунд очиж тусгай хамгаалалтад орсонд нь баярлаж, олон нийтэд таниулах зорилгоор үндсэн гол зам дээр нь тусгайлсан хаягуудыг хийж өгсөн.
Манай талийгч хүүгийн оюутан байхдаа байрлаж байсан, ирвэст ус зөөж байсан газруудаар нь гэр бүлээрээ очиж үзээд, сэтгэл хоргодоостой л явсан. Өнгөрсөн зун ган гачиг болж зарим амьтад харангадаж байна гэдэг сургаар ус зөөж, давс хужир тавьж амьдрах орчинд нь бага ч болтугай сааруулахыг хичээсэн. Мөн хадан дээр хүүгийнхээ байгалиа хамгаалах гэсэн хүсэл зоригийг нь илэрхийлсэн чулуун дээр зураг зурж, хөшөө болгон мөнхжүүлж тавьсан.
Ярилцсанд баярлалаа.