2023 оны төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
-Төсвийг ерөнхийлөн зарцуулах 32 багц бий. Хамгийн өндөр дүнтэй нь аль яамных байна вэ?
-Харилцан адилгүй. Нийгмийн чиглэлийн гурван гол салбар яамдууд буюу БШУЯ, ЭМЯ, ХНХЯ хамгийн том урсгал зардалтай байдаг. Тухайлбал, ХНХЯ-нд нийгмийн даатгалын бүх багц байна. Мөн хүүхдийн мөнгө, халамжийн хуулинд орж шинэчлэгдсэнээр нийтдээ 5.4 их наядын багц урсгал байх жишээтэй. Хөрөнгө оруулалтын хувьд БШУЯ-нд нэлээн томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэнэ. Түүнчлэн дэд бүтцийн салбар болох ЗТХЯ-нд энэ онд болон өмнөх онд эхэлсэн замын хөрөнгө оруулалтууд шилжих байдлаар үргэлжилнэ. Тиймээс 2022 онд аль болох хөгжлийн эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтыг баталсан. Ажил үндсэндээ дуусч байна. Энэ онд эхлүүлсэн боомтын бүтээн байгуулалтууд болон боомт хүрэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтууд ирэх онуудад үргэлжилж явна. Хөрөнгө оруулалтын бодлогын хувьд ирэх жил нэлээн томоохон тохиргоо хийсэн жил байх болно. Шинэ хөрөнгө оруулалтууд байхгүй. Өөрөөр хэлбэл, 2018-2019 оноос хойш дуусаагүй өнөөдрийг хүртэл явж байгаа хөрөнгө оруулалтуудыг дуусгана. Тэгэхгүй бол үнийн нэмэгдэл бусад эрсдэлд өртөж болзошгүй.
-Төлбөрийн тэнцлийн алдагдлыг хязгаарлах талаар талаар?
-Энэ жилийн бидний нүүр тулж буй хамгийн том эрсдэл бол төлбөрийн тэнцэл. Сүүлийн хоёр жил ковидын нөхцөл байдлаас болж хил хаалттай, импортоор бараа бүтээгдэхүүн гаргах нь хязгаарлагдмал байлаа. Өөрөөр хэлбэл, төлбөрийн тэнцэл дээр хоёр жил алдагдал хүлээсэн. Энэ алдагдлууд нэлээн хуримтлагдлаа. Энэ жил гуравдугаар улирлаас эхлэн 2019 онд гарч байсан экспортын хэмжээнд хүрч чадсан. Энэ нэмэгдсэн хурдаар 2023 онд экспорт гаргаж чадвал зорьсон хэмжээндээ хүрэх боломжтой. Тухайлбал, 36 сая тонн нүүрс гаргая гэж байгаа. Энэ бол нэг талаар Засгийн газрын авч буй үүрэг, хариуцлага гэсэн үг. Ингэж чадвал алдагдлаа нөхөх бүрэн боломж бий. Ирэх оны төсвийн хувьд 5 зүйлийг онцолж хэлмээр байна.
Нэгдүгээрт, Төрийн хэмнэлтийн хуулийг батлаад энэ хуулийн дагуу үргэлжлэх бүтэн жилийн анхны төсөв байгаа. Ковидын хууль энэ жил дуусна. Үргэлжлээд хэмнэлтийн горим руу шилжинэ. Төрийн хэмнэлтийн хуулиар энэ жил ч нэлээн хэмнэлт хийлээ. Мөн өргөн барьсан төсөв дээрээ дор хаяж, 1 их наяд төгрөгийн төсвийн хэмнэлт хийж, өргөн барьсан. Батлагдсан.
Хоёрдугаарт, Төсвийн тэнцэл буюу алдагдлын хэмжээ. Бид 2022 оноос хойш жил бүр томоохон алдагдалтай төсөв баталж ирсэн. Энэ нь ковидтой холбоотой. 2020 онд 4.4 их наяд, 2021 онд 3.6 их наядын алдагдалтай. Энэ жил 2.9 их наядын алдагдалтай төсөв баталсан. Гэхдээ бид алдагдлаа 1.4 их наяд болгож бууруулж чадсан. 2024 онд алдагдлыг 1 их наядаас доош буулгаж, алдагдалгүй батлах бодлого барьж байна.
Гуравдугаарт, Хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжил тэр дундаа Улаанбаатар хотын хүн амын бөөгнөрөл, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр 2022 онд хэрэгжүүлж байгаа бодлогыг үргэлжлүүлнэ. Хотоос хөдөөд шилжихийг дэмжсэн татвар, цалин хөлсний бодлогыг хэрэгжүүлнэ. нийтийн тээврийн парк шинэчлэл хийнэ.
Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулна.
Тавдугаарт, Хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих, эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг эрчимжүүлнэ.
-Хүүхдийн мөнгийг хэрхэн олгохоор шийдсэн бэ?
-Хүүхдийн мөнгийг аль болох зорилтот бүлэг рүү буюу илүү хэрэгцээтэй байгаа тэр хэсэг рүү өгөх шинэчлэлийг эхлүүлсэн. Өндөр орлоготой хэсэг нь эхнээсээ татгалзаад 90 хувьд нь 100 мянган төгрөгөөр нь олгоно. Ингэснээр өмнөх жилээс 120-оод тэрбум төгрөгөөр багасна. Өрхийн орлого дунджаар нийслэлд 1.9 сая , орон нутагт 1.5 сая гэж гарсан. Үүнийг хоёр дахин илүү авахаар 3.5 сая гэж гарч байгаа. Тэгэхээр 8.8 хувь нь 3.5 саяас дээш орлоготой гэж үзсэн.
-Цалингийн тухайд?
-Боловсрол, эрүүл мэндийн салбарын том багц зардалдаа шингээд явж байгаа.