МАН дотор сүүлийн хэдэн сар томилгооны “шуурга” болж өнгөрлөө. Овсгоотой нэг нь аль нэг сайд даргын томилгоонд хавчуулагдаж, овсгоогүй нэг нь томилгоо гээчээс холуур үлдэж хоцров бололтой. Харин эдгээр томилгоодын цаана ямар тохироо явагдаж байна вэ гэх асуудал анхаарал татаж байна.
ҮХНӨ-ийн асуудалд асуултын тэмдэг хэвээр байгаа энэ үед МАН дотор сонгуулийн тогтолцоог хэрхэх асуудлаар хоёр хувилбар яригдаж байна. Сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, намын жагсаалттай болгож пропроционал хэлбэр рүү оруулж ирэх эсвэл одоо байгаа сонгуулийн тогтолцоогоо энэ хэвээр үргэлжлүүлэх хувилбар.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн тогтолцооны асуудал дээр шахаанд орсон гэж хэлж болно. Учир нь, богино хугацаанд бүрдсэн шинэ Засгийн газрын гишүүдийнх нь 70 хувь нь давхар дээлтэй. Давхар дээл өмсүүлснийх нь эсэргүүцэлтэй одоо ч нүүр тулж яваа. Нөхцөл байдал ийм байхад дан дээлтэй сайдуудаа “төрхөмд нь буцааж”, шинэ сайд төрүүлэх агуулгууд ч МАН дотор ажиглагдаж буй. Мэдээж хэрэг сонгууль дөхмөгц сөрөг хүчнийхний МАН руу улс төрийн дайралт хийх БАТ өнцөг нь давхар дээл болно. Харин энэ шахаанаас гарах гарцыг эрх баригч нам сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөөс хайна. Хамгийн гол нь, тэд Үндсэн хуульдаа юу аль эсвэл сонгуулийн хуульдаа тусгах эсэхээ шийдэж таарна.
Харин одоогийн нөхцөлд пропроционал тогтолцоо руу шилжиж, намын жагсаалтыг сэргээх нь улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж эхэлсэн “сонголт” нь. Үүний цаана, Засгийн газарт шингэж, байнгын хороодын даргын албан тушаалд очсон нөхдөд 2024 оны сонгуулиар тогтолцоо өөрчлөгдөж, намын жагсаалт сэргэвэл тэрхүү жагсаалтад багтахгүй, тойрогт очиж тулна гэх аман тохироог удирдлагууд болон намын УЗ-ийн түвшинд хийж, ам мөчгийг нь аваад байгаа юм аж. Өөрөөр хэлбэл, хэрэв тогтолцоогоо өөрчилж пропроционал холимог систем орж ирж намын жагсаалт гарч ирвэл ам мөчгөө өгч албан тушаал “авсан” сайд, дарга нар МАН-ын жагсаалтад багтахгүй магадлал үүсэж байгаа юм байна.
Нөгөө талдаа, сонгуулийн тогтолцоог заавал Үндсэн хуульд гар хүрэхгүйгээр дагалдах хуулиар дамжуулан өөрчлөх асуудал яригдаж буй юм. Энэхүү агуулга нь ҮХЦ-ээс гаргасан шийдвэр гаргаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр харин дагалдах хууль болох сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг нээсэн нь агуулгатай ч уялдаж буй.