Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕРӨНХИЙ САЙД: Монголын брэнд бүтээгдэхүүнүүд дэлхийд гарахын төлөө хамтдаа хичээцгээе

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 25 секунд

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Берлин хот дахь “Говь” дэлгүүрт зочиллоо. Тус салбар дэлгүүр нь 2016 онд нээгдсэн бөгөөд 6 жилийн турш Монголын ноолууран бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нийлүүлж байгаа юм.

Ерөнхий сайдыг “Говь” компанийн төлөөллүүд болон “Таван Богд” группын Ерөнхий захирал Ц.Баатарсайхан нар хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд уул уурхайн онцлог давамгайлсан эдийн засгийг солонгоруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлж буй “Говь” компанийн хамт олонд талархал илэрхийлсэн юм.

Ингээд уулзалтын дараагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэмүү өртөг шингээсэн, уул уурхайн бус бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нийлүүлэх чиглэлээр байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Ерөнхий сайдын хувьд Европын холбооны Герман улсад анхныхаа албан айлчлалыг хийж байна. Герман улстай стратегийн түншлэлд хүрэх зорилт тавьж, мөн “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд аж үйлдвэрийн томоохон хэлцэл хийх гол зорилготой. Маргааш илүү тодорхой болох байх. Монголчууд дотроо зах зээл хөгжүүлнэ гэхээр гуравхан сая хүнтэй учир амаргүй. Тиймээс бид дэлхий рүү гарах ёстой. Дэлхий рүү гарч буй Монгол Улсын хамгийн том загвар бол Говь компани. Өнөөдөр Берлиний төвд "Говь" компанийн дэлгүүр байж байна. Цаашдаа 30 дэлгүүрээ Европт нээх том зорилт тавьж байгаа юм байна. Ер нь Монгол Улсын эдийн засгийн экспорт буюу гадагшаа гаргаж, худалдаж байгаа бараа бүтээгдэхүүний 94 хувь нь уул уурхай. Уул уурхай дотроо, нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр гээд тавхан бүтээгдэхүүн байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унавал Монгол Улсын эдийн засаг тэр чигтээ хямардаг. Аль нэг боомтод асуудал болвол Монгол Улсын эдийн засаг тэр чигтээ хөмөрдөг. Хэт хараат байдалтай байна. Тиймээс төрөлжүүлэн хөгжүүлэх зорилтыг яаралтай тавьж байна. 94 хувь гэдэг бол түгшүүрийн харанга дэлдсэн гэж ойлгож болно.

Шулуухан хэлэхэд, ойрын 15-20 жилд хэд хэдэн боломж Монгол Улсад бий. Нэг нь, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн. Хөдөө аж ахуй дотроо Кашмер. Сая "Таванбогд" компанийн захирал Ц.Баатарсайханы ярианаас та бүхэн ойлгосон байх. 20 орчим хувийг Монголчууд бүрэн хангах боломжтой. Энэ тохиолдолд 6-8 орчим тэрбум төгрөгийг жил бүр олох боломжтой. Монгол Улсын нийт эдийн засгийн эргэлт 40 их наяд төгрөг. Энэ нь 10 их наяд төгрөгт хүрэх боломж байна. Энэ бол том хэмжээний экспортын орлогыг бүрдүүлэх боломж байж болно гэсэн үг.

Хоёрдугаарт, Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон аялал жуулчлал. Аялал жуулчлалаар бид маш их мөнгө алддаг. Аялал жуулчлалаар том хэмжээний өөрчлөлтийг хийж байж, Монгол руу зорин очиж, Монголд доллар зарцуулах урсгалыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ нь компаниудын хамтарсан маркетинг, агаарын тээврийн либералчлал, шууд нислэг, Монгол Улсын аюулгүй байдал зэрэг олон зүйлтэй холбоотой.

Энэ утгаараа Ерөнхий сайдын хувьд 2023 оныг аялал жуулчлалын жил болгон зарлаж, өөрөө Үндэсний хороог ахлах шийдвэр гаргасан. Бид энэ хоёр салбарыг л босгож ирэх зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын Засгийн газраас цаашдаа хөнгөлөлттэй зээлийн бодлогыг гадагш бүтээгдэхүүн экспортолж буй компаниуд дээрээ барина. Мөн гадагшаа бүтээгдэхүүнээ гаргаж буй компаниудаа эрх зүйн хувьд бодлогоор дэмжиж, эрх зүйн багц хууль гаргах чиглэлд ажиллаж байна.

ЭЗХЯ байгуулагдсан гол зорилго бол импортоор орж ирж буй бүтээгдэхүүнээ яаж борлуулах вэ, экспортод гарч буй бүтээгдэхүүнд яаж нэгдсэн маркетинг хийх үү гэдэгт анхаарна гэж ойлгож болно. Энэ агуулгаараа өнөөдөр Герман улс Монгол Улсын хувьд туйлын чухал. Ер нь гуравдахь хөршийн бодлогын хүрээнд Азидаа Япон, Солонгос туйлын чухал. Европтой бол Герман, Турк маш чухал. Ингээд стратегийн түнш АНУ болон бусад улсууд ордог. Өнгөрсөн 30 орчим жил бол улстөрийн түвшинд буюу дипломат харилцааны хувьд аль аль түвшиндээ сайн явсан. Одоо үүнийг эдийн засгийн бодитой төслүүд болгох зайлшгүй шаардлагатай.

Ингэж байж, эдийн засгийн хэт нэг талдаа уул уурхайн бүтэц, нөгөө талдаа хоёр хөршөөс хэт хамааралтай байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг өдөр өдрөөр өөрчилнө. Энэ нь Монгол Улсын цаашдын аюулгүй байдалд маш чухал. Мөн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн, иргэдийн амжиргаа тэлэхэд маш чухал. Монголын брэнд бүтээгдэхүүнүүд дэлхийд гарахын төлөө хамтдаа хичээх ёстой. Дотроо өрсөлдөхөөс илүүтэй нэг усан онгоцонд суугаад дэлхийд өрсөлдөх энэ зүйл рүү орж, томоор харах цаг болсон байна. "Говь" компанийнхандаа Монголынхоо нийт иргэдийн өмнөөс "Баялаг бүтээж, Монголд том хувь нэмэр оруулж, Монгол нэртэй бүтээгдэхүүнийг Европт дэлгэрүүлж байгаад Засгийн газрын тэргүүний хувьд чин сэтгэлээсээ талархаж байна" гэлээ.

Г.Лхагвадорж

АЙЛЧЛАЛ: Германы бизнес эрхлэгчид уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, хөрөнгө оруулалт татах асуудлаар Ерөнхий сайдтай ярилцлаа
АЙЛЧЛАЛ: Германы бизнес эрхлэгчид уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, хөрөнгө оруулалт татах асуудлаар Ерөнхий сайдтай ярилцлаа
 
Таарамжгүй харилцааны улмаас бусдыг зодож, онц хэрцгийгээр санаатай хөнөөсөн БНХАУ-ын иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Таарамжгүй харилцааны улмаас бусдыг зодож, онц хэрцгийгээр санаатай хөнөөсөн БНХАУ-ын иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.